Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00074/И |
Дугаар | 141/ШШ2024/00118 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2024/00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нэхэмжлэгч Р.Э
Нарийн бичгийн дарга О.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хаягтай Ц овогт Р.Э ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга Угсралтын конторт заслын ажилчнаар ажиллаж байсан. Гэтэл архивд ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
2. Нэхэмжлэгч Р.Э нь Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга Угсралтын конторт заслын ажилчнаар 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
БНМАУ-ын Улсын Барилгын хорооны харьяа Тосонцэнгэл хотын барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаартай “...Улсын барилгын хорооны хуваариар Завхан аймгийн ТМС-иас хуваарилагдаж ирсэн засал чимэглэлийн ажилчдыг мэргэжлийн ажилд авч тэтгэмж олгох нь зүйтэй гэж үзэж БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн 23-р зүйлийг үндэслэн тушаах нь: 1. ...*******, ...нарыг 1988 оны 08 дугаар сарын 22-ноос ажилчнаар авч ажиллуулсугай. 2. Нэр бүхий 7 ажилчныг хийснээр нь цалинжуулж, тус бүрт 300 төгрөгийн тэтгэмж олгосугай...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Завхан барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд 1988 оны 08 дугаар сарын 22-ны УБХ АБЯ-ны тушаалаар Эрдэнэт хотод ажиллах хугацаа дуусаж үндсэн хуваарилж дагуу ирсэн учир БУК-д заслын ажилчнаар авч ажиллуулав,
1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөр газар шилжих болсон учир ажлаас чөлөөлөв...” гэсэн бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Р Э эрэгтэй, РД:, 1968 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, Улаан туг нэгдлийн будгийн цехэд будагчин ажилтай, ажилд орсон 1988 он, 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
Гэрч Ж.Б “...Намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт ажиллаж байхад Р.Э 1988 оноос 1991 он хүртэл заслын ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед барилгын ажилчид сум тойрч ажилладаг байсан. Би Цэцэн-Уулд нь *******ыг заслын ажил хийж байхад нь хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан учраас Р.Э 1988 оноос 1991 он хүртэл тасралтгүй барилгынхаа бригадтай засал хийж байсан талаар сайн мэдэж байгаа юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Э “...Р.Э бид хамт 1985 оноос 1988 он хүртэл хамт Барилгын техник мэргэжлийн дунд сургууль сургалцаж би өрөгч угсрагчаар, ******* засал чимэглэлчнээр тус тус суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд бид хоёр 1988 оноос Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Барилга угсралтын конторт би өрөгч угсрагчаараа Р.Э засал чимэглэлчнээр 1991 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед бригад болж сумдаар барилга барьж ажилладаг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
3. Иймд нэхэмжлэгч Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц овогт Р.Э Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Барилга Угсралтын конторт заслын ажилчнаар 1988 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ