Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2024/00096/И |
Дугаар | 141/ШШ2024/00119 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2024/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Нарийн бичгийн даргаар О.Отгонжаргалыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хаягтай Г овогт Ж.Б ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1964 онд төрсөн. 1980 онд 08 дугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамарын Техник мэргэжлийн сургуульд суралцан төгсөж ирээд Завхан аймгийн Нэгдэл дундын “Хүрэн тал” хоршоололд 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл механикжуулагчаар ажиллаж байгаад цэрэгт алба хаахаар явсан. Иймд холбогдох баримтыг үндэслэн намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч Ж.Б нь Завхан аймгийн Тэлмэн суманд байрлах Нэгдэл дундын “Хүрэн тал” хоршоололд механикжуулагчаар 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:
Шаамар сургуулийн комбинатаас 1989 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ж Б нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Нэгдэл дундын Хүрэн тал хоршоололд механикжуулагч ажилчнаар авч ажиллуулав. Хоршооллын даргын 1981 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тушаалаар, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ардын цэргийн албанд татагдан явсан тул механикжуулагчийн ажлаас чөлөөлөв. Хоршооны даргын 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаалаар гэж бичиж тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Завхан аймгаас цэргийн жинхэнэ албанд татагдагчдын “...Цэргийн батлахын дугаар 515829 дугаартай Ж.Б, 1964 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, цэрэгт ирэхээс өмнө 1980 оноос Хүрэн тал хоршоололд тракторчин ажил хийж байсан...” гэсэн түүний зургийг наасан анкетын хуулбар,
Гэрч Д.Б “...Ж.Б бид хоёр нэг ангийн хүүхдүүд бөгөөд 1972-1980 оны хугацаанд нэг ангид суралцаж 8 дугаар анги төгссөн. Бид хоёр 8 дугаар анги төгсөөд хоёулаа Сэлэнгэ аймгийн Шаамарын техник мэргэжлийн сургууль суралцаж тракторын жолооч болоод Завхан аймгийн Тэлмэн сумын Хүрэн тал хоршоонд тракторын жолоочоор хийж эхэлсэн. Бид хоёр хамтдаа 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч хийж байгаад цэргийн албанд татагдаж цэрэгт явсан. Манай Хүрэн тал хоршооллын даргаар Дорлиг гэдэг хүн байсан бөгөөд газар тариалан үйл ажиллагаа явуулж байсан. Манай хоршоололд 10 гаруй жолоочтой, сард 200 гаруй төгрөгийн цалинтай байсан юм. Бид хоёр нэг ангийн хүүхдүүд, ажлынхаа гарааг хамтдаа эхэлсэн найз нөхөд хүмүүс. Хамт ажиллаж байсан үнэн юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
4. Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/783 дугаартай “...Ж.Б нь 1981-1982 онд Хүрэн тал хоршоололд тракторчоор ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1981-1982 оны баримт архивд шилжигдэн ирээгүй байна,...” гэсэн лавлагаа нь тухайн байгууллага нь архивт баримтаа өгөөгүй болохыг нотолж байна.
5. Иймд нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Г овогт Ж.Б Завхан аймгийн Нэгдэл дундын “Хүрэн тал” хоршоололд механикжуулагчаар 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ