| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00198/И |
| Дугаар | 148/ШШ2024/00323 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2024/00323
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 148/ШШ2024/00323 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг 2 дугаар хэсэг, 1-13 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг ******* сумын 7 дугаар баг 16-13 тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох
Нэр төр алдар хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийж олон нийтэд мэдээлэх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Тамир, хариуцагч О.*******, иргэдийн төлөөлөгч , гэрч , , , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
... О.******* нь фейсбүүк хуудсаар 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдээ мэдээллийн чөлөөт сайт ******* аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргэж байна гэсэн гарчигтай 1:36:47 видео бичлэгийг олон нийтэд түгээсэн. Уг бичлэгт миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллүүдийг ярьсан ба 2100 хүн бичлэгийг үзжээ. Миний нэр төр, алдар хүндийг гутаасан дараах мэдээг тараасан. Үүнд:
1. Видео бичлэгийн 17:25 сек М.******* мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөний гэдсийг цоолсон. 18:47 сек мэс заслын алдаа гаргасан гээд хүлээн зөвшөөрсөн, 37:42 сек миний үеэлийн хагалгаанд гэдсийг нь цоолдог нөхөр, 40:41 сек ажлын хариуцлага алдаж хагалгаанд алдаа гаргасан гэж,
2. 34:20 сек үйлдвэрчний татварын мөнгийг хувь дансандаа авсан асуудлаа хамаарал бүхий цагдаа дээрээ шалгуулаад хаалгуулсан,
3. 50:15 сек буруу зөрүү хагалгаа хийгээд хүн үхээд байна, 1:32:40 сек М.******* эмч наркоз хэтрүүлж хийгээд үс нь халзарч унасан,
4. 29:13 сек М.******* хамаарал бүхий хүн, ойр дотны хүн, үйлдвэрчний даргаар сонгосон, томилуулсан, гараа өргө гэж хэлүүлсэн, 29:56 сек н.Эрдэнэчимэг лоббидож байгаад сонгуулсан гэж тус тус илт худал мэдээлэл түгээсэн.
М.******* би ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч албан тушаалтай ба надтай холбоотой мэргэжлийн алдаа гаргаж хүний эрүүл мэнд, амь нас хохирсон шүүхийн шийдвэр болон дүгнэлт ажлын хариуцлага хүлээж байсан зүйл огт байхгүй,
Үйлдвэрчний эвлэлийн даргаар намайг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сонгоход нийт ажилчдын хурлаар санал хураалтаар сонгосон бөгөөд би н.Эрдэнэчимэгтэй хамаарал бүхий хүн биш юм. Мөн надад хамаарал бүхий цагдаагаар хэрэг хаалгуулсан тохиолдол байхгүй. О.******* болон редакцын алба нь өөрсдийн мэдээний үнэн зөвийг нягтлан шалгаагүйгээр мэдээллэсэн нь М.******* миний нэр төр, алдар хүндийг гутаасан тул миний нэр төр, алдар хүндийг гутаасан болохыг тогтоож, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж олон нийтэд мэдээлэх уучлалт гуйлгахыг даалгах, О.******* болон редакцын албанд даалгаж өгнө үү. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр яаралтай мэс засал хийх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна! гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...******* аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч М.******* нь иргэн О.******* миний нэр дээр нэхэмжлэл гаргажээ.
Иймд миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний ярьсан хэлсэн зүйл баримттай тул шүүх хуралдаан дээр нотлох баримт болон гэрчүүдийн хамтаар оролцож нотлох болно гэх.
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:
- Нэхэмжлэгч талаас гаргасан: ******* аймгийн прокурорын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Эрүүгийн хэргийн төв архив /27 салбар/ 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөний 12 дугаартай тасалбар, Пийк ОМ Аудит ХХК-ний 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 104 дугаартай хараат бус аудиторын дүгнэлт, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаартай албан бичиг, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн зарлагын мэдээлэл, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны регистрийн дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний даргын нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын тэмдэглэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн тооллогын комиссын 2019 оны 01 дугаартай Тоолгын комиссын дарга, нарийн бичгийн даргыг сонгох тухай тогтоол, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 05 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчээр сонгосон тухай тогтоол, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тооллогын комиссын 2 дугаартай санал тоолсон тухай тогтоол, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 03 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгосон тухай тогтоол, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хуралдааны 2019 оны 08 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын хорооны гишүүнээр сонгосон тухай тогтоол, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 03 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол,
- Хариуцагч талаас гаргасан: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Монголын эмнэлгүүдийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, Үйлдвэрчний эвлэлийн хорооны сан дүн 6,797,050, 2019 оны 03 дугаар сарын 11-нд бэлнээр хүлээлгэн өгсөн мөнгө дэвсгэртээр гэх бичвэр бүхий гар бичмэлүүдийн хуулбар, ******* нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажил хүлээлцсэн акт, өвчтөн фото зураг, Монгол улсын эрүүл мэндийн яамны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9/336-ө дугаартай албан бичиг, Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар,
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн
-******* аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай тус шүүхэд өнөөдрийн байдлаар Минжбадгар овогтой *******од холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэхээр ирээгүй болно гэх бичвэр бүхий албан бичиг, сайтад 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн О.*******гийн ******* аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлын талаар тодруулга нэртэй мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн: ******* аймгийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 477 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, ******* аймгийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, ******* аймгийн эрүүл мэндийн газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 4443 тоот албан бичиг, түүний хавсралт болох ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 438 тоот албан бичиг, Ч.ийн эрчимтийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эрчимт эмчилгээний хяналтын хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, шинжилгээний хариу, мэс засал /мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, сувилгааны тэмдэглэл, өвдөлт хянах хуудас, эмнэлгээс гарах үеийн эпиркриз, хэвтэн эмчлүүлэхэд төлсөн төлбөрийн баримт, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/870 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт Ч.ийн мэдрэлийн төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, мэдрэлийн эмчийн үзлэг, шинжилгээний хариу, үзлэгийн тэмдэглэл, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз,
Гэрч ын: ... он сар өдрийг сайн санахгүй байна. гэх хүн ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт цөсний хүүдий авах төлөвлөгөөт хагалгаанд орсон нь үнэн. Би ар гэртэй нь уулзаагүй. М.******* эмч нөхөртэй нь уулзсан. Эмчлэгч эмчээс давж мэдээлэл өгөх эрх надад байхгүй. Биеийн байдал хүнд байсан учраас шилжүүлсэн. Шилжүүлсэн баримт нь байгаа, бүгдийг нь тэр нь тийм байсан гэж хэлж мэдэхгүй байна. Шаардлагын хувьд би тодорхой санахгүй байна. Манай эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн баримтууд болон мэс засал, сувилахуй, чанарын албаны баримт зэрэг 10 төрлийн бичиг баримт гаргаж өгөх шаардлага байсан. Хүний өвчний түүхийг өгөх боломжгүй, санхүүгийн баримт өгөх боломжгүй зохих журмын дагуу гаргуулж ав гэсэн. Хагалгаа хийхдээ багажаа оруулахдаа мэс заслын ажиллагаа болж байх явцад цоолсон гэж хэлсэн хэлээгүй, би хагалгаа хийсэн эмч биш тул эмчлэгч эмчээс давж мэдээлэл өгсөн ёсгүй. Хүндрэл гарсан гэж ар гэрт нь хэлсэн. Гэдэс цоорсон, түүнээс шалтгаалсан хүндрэлүүд гарсан. 3,000,000 төгрөгийг манайхаас өгөөгүй, бидэнтэй ярилцаагүй, Нийгмийн бодлогын хэлтсээс өгсөн юм шиг байсан. нь эхлээд цөсний хүүдий авах хагалгаанд орсон. Маргааш нь давтан эмнэлгийн эхо хардаг, тус эхогоор харахад шингэн үүссэн байсан тул давтан хагалгаанд орсон. Тус хагалгаагаар гэдэс цоорсон байна гээд гэдсийг оёсон. Ар гэрт нь мэс заслын эмч нь ийм байдалтай байсан байна гэдгийг тайлбарлаад хэлсэн. Түүний дараа өвчтөний биеийн байдал хүнд байсан тул Нэгдүгээр эмнэлэгт шилжүүлээд буцаж манай эмнэлэгт ирээд эмчлэгдэж байгаад гарсан.Цоорсон нь олон шалтгаантай байж болно. Багаж оруулаад цоолсон уу? мэс заслын үед цоорсон уу? гэдгийг эргээд мэдэхэд хэцүү.Миний хувьд би хийх ёстой ажлаа хийсэн. Тухайн хагалгаанд унтуулгын эмчээр 2 удаа орсон. Мэдээгүйжүүлгийн 4, 5 төрлийн тариа байдаг. Тус тариа нь тухайн хүний килограмм жинд бодож хийдэг, 30 минутын үйлчилгээтэй байдаг. Бүх тариа 30 минут болоод үйлчилгээ нь гараад дараагийн тунг давтаж хийдэг учраас тариа хүний биед удаад, хүндрэл гарах асуудал байхгүй. Миний уншсан номд тийм хүндрэл гардаг гэсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг,
Гэрч ийн: ... Миний ээж 09 дүгээр сарын 04-ний өдөр цөсний хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээгээ хийлгэж байгаад төлөвлөгөөт хагалгаанд орсон. 09 дүгээр сарын 13-ны өдөр төлөвлөгөөт дурангийн хагалгаанд орсон. Хагалгааны дараа маш их зовуурьтай байж байгаад эхогоор үзэхэд нарийн гэдсэнд цоорол үүсэж, гэдсэнд шингэн хуримтлагдсан байна гээд 09 дүгээр сарын 15-ны өдөр хагалгаанд орсон. Тус өдрөөс хойш сэхээний тасагт эмчилгээ хийлгэсээр байгаад 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл ухаангүй болсон, харвалт өгсөн, бөөр нь ажиллагаагүй болсон, 2 уушги нь битүү хатгаатай болсон, дээшээ севс гэх зүйл болж бүх эрхтэн систем алдагдаж, эндээс бид нар ухаангүй авч явсан. *******дээ 11 дүгээр сард ирсэн. Тэр үед хөл дээрээ явдаг байгаагүй. *******эс эмнэлгийн машин ирж авсан. 103 дээр байж байгаад мэдрэлийн тасагт хэвтэж сар гаран эмчлүүлж байж дөнгөн данган хөл дээрээ тэрэгтэй явдаг болж, Гуравдугаар эмнэлгийн сэргээн засах тасаг руу явсан. Дахин Улаанбаатарт очиход аль ч эмнэлэг хүлээж авахгүйгээр эмчилгээ байхгүй гээд Эрдэнэт рүү явсан. Бидний зүгээс хийх зүйл байхгүй гэсэн. Бактериологи шинжилгээ өгөхөд өтгөнд нь цус илэрсэн. Тэр шинжилгээгээ өгөх шаардлагатай болоход эмч бид тэр шинжилгээг хийлгэж өгнө. Эрдэнэтдээ аваад оччих. Бид араас нь шинжилгээг нь хийлгэж өгнө. Болно, бүтнэ гээд би Эрдэнэт рүү аваад явсан. Эргээд холбоо барих гэхэд холбоогүй болсон. Бид ээжийгээ үзүүлээд бүдүүн гэдэсний шинжилгээ болон ходоодны дурангийн шинжилгээг Эрдэнэтэд оруулсан. Түүнээс хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй, асууж байгаагүй. Биеийн байдал сайн байна гэж яаж мэдэж байна вэ? Би өөрөө асаргаатай хүүхэдтэй, дээрээс нь ээж маань асаргаанд орсон. 2 хүн асардаг болсон. Одоо хөл дээрээ гүйцэт босоод явж чадахгүй байна. Хөдөлмөр хийгээд манай ээж өөрийгөө аваад явдаг байсан одоо бүрэн хүний асаргаанд байдаг болсон. Эмчийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Шийдвэр С.******* эмчийн талд гарсан юм шиг байсан. Би өөрөө шийдвэрийг аваагүй болохоор сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
Гэрч ы: ... Би 2 жилийн өмнө Үйлдвэрчний эвлэлийн хорооны хуралтай холбоотой асуудлаар ярилцаж болох уу? гэж би анх асууж О.*******тай утсаар ярьж байсан нь үнэн. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар М.*******ыг сонгох ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх талаар та өрсөлдөж байсны хувьд 300 гаруй ажилтантай газар тул дараа нь ярьж сонсож байхад зохион байгуулалттай зүйлд Дээгий эмч та урд орой нь Нэгдсэн эмнэлгийн дарга, мэс заслын тасгийнхан болон ажилчдыг цуглуулаад маргааш М.******* эмчид санал өгөөрэй гэж зохион байгуулсан зүйлд нэрээ оруулаад ялагдчихлаа. Дэмий орсон байна гэж хүмүүсээс сонссон. Тэрнээс биш албан ёсны зүйл биш. Үйлдвэрчний эвлэлийн хороог нийт ажилчдын бүрэлдэхүүнээс санал хураалтаар сонгож байгуулсан. М.******* эмч хамаарал бүхий хүн, н.Эрдэнэчимэг лоббидож байгаад сонгуулсан гэж илт худал мэдээлэл түгээсэн гэж гомдол гаргасан талаарх яриа манай ажилчдын дунд байдаг. Үүнийг нотлох баримт нь хэцүү. 300 гаруй ажилтантай газрын 240 гаруй нь эмэгтэй хүүхнүүд байдаг. Ам дамжсан ярианаас тийм яриа гардаг. Тэрнээс биш батлах баримт байхгүй. Урд орой мэс заслын тасгийнхныг цуглуулаад М.******* эмчдээ гар өргөөрэй гэсэн. Бид ч гэсэн ухаан муутай байсан байна. Яагаад тооллогын комиссын даргыг эхнэрээр нь тавьж байдаг билээ гэдэг асуудал гардаг. Хүмүүсийн хоорондын яриа болохоос биш би үнэн яриа гэж батлах боломж байхгүй.
М.*******оос болоод 3 жилээр манай 300 гаруй ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна. Учир нь 2019 оноос 2021 он хүртэлх 3 жилд 300 гаруй ажилтны 70,000,000 төгрөгийн тайлан тавихгүй, үйл ажиллагаагаа нийтэд зарлахгүй, хяналт байхгүй байна. Яагаад бид нар цагдаад гомдол өгөөд байгаа юм. Яагаад бид нар татвараа төлөхгүй 3 жил болж байгаа юм. Энэ хүний үйл ажиллагаатай л холбоотой.
Би 1994 онд Анагаах ухааны их сургууль төгсөж ирэхэд Үйлдвэрчний эвлэлийн хороо байсан. Манай эмнэлэгт үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйл ажиллагаагаа цалгардуулалгүй олон жил явуулж ирсэн. Сүүлийн 3 жилд цалгардаад үйл ажиллагаа явахгүй байна. 2019 оны 1-4 дүгээр сарын Үйлдвэрчний эвлэлийн хорооны татварын мөнгийг хаашаа шилжүүлснийг мэдэхгүй. Нягтлан бодогч надад хаашаа шилжүүлснийг хэлээгүй. Тайлангаа өгөөгүй болохоор би мэдэхгүй. 70 сая төгрөгийг би хувьдаа завшсан гэж хэзээ ч, нэг ч үг гаргаж байгаагүй.
Энэ мэдээллийг О.*******д хэлээгүй. Би энэ мэдээллийг Цагдаагийн газрын Санхүүгийн хэлтэст шалгуулахдаа тайлангаа өгөхгүй байна гэж хэлсэн болохоос биш М.******* Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга 70,000,000 төгрөг хувьдаа завшчихлаа гэж хэлээгүй. Бид нар Цагдаагийн газарт болон аудитын байгууллага Нэгдсэн эмнэлгийн санхүүд өгсөн 3 албан тоотод хүртэл тийм үг байхгүй.
М.******* хувьдаа завшсан гэдэг нь Цагдаагийн газрын дүгнэлтээр нотлогдоогүй. М.******* эмч нэг өвчтөнд хагалгаа хийхдээ гэдсийг нь цоолсон гэдэг асуудал эмнэлэгээр ярьж байсан. Би хүнээс сонсож байсан. Би мэс заслын тасгийн үйл ажиллагаатай холбогдолтой хүн биш учраас мэдэхгүй гэх мэдүүлэг
Гэрч ийн: ... Үйлдвэрчний эвлэлийн хороо хийсэн ажил нь тодорхой бус болохоор тайлангаа тавиач гэж удаа дараа хэлж байсан. Тухайн үед ковид гарч байсан учраас тайлангаа нэг удаа онлайнаар тавьж байсныг би харж байсан. Түүнээс хойш дахин шаардлага тавихад тайлангаа тавиагүй. Ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байсан. Тухайн үед гэх нягтлан байгаа гэсэн боловч ажилладаггүй юм шиг Хяналтын хороонд харагдаж байсан. Бид тайлангаараа 300 ажилчдадаа ингээд эрх ашгийг нь хамгаалсан тайлангаа тавиач гэсэн. Жишээ нь би гэхэд 33 жил ажилласан. 33 жил татвараа төлсөн учир эрх ашгаа хамгаалуулмаар байна. Хохироод л явж байна. Янз бүрийн асуудал гарахад Үйлдвэрчний эвлэлдээ хандаж чадахгүй байна. нягтлангаас М.******* эмч хувь данс руугаа мөнгө шилжүүлж авсан баримт нь Хяналтын хорооны 3 гишүүн харж байсан. 6,000,000 гаруй төгрөг хувь данс руу нь орсон баримт байсан гэх мэдүүлэг
Гэрч ийн: ... Би өнгөрсөн оны 06 дугаар сард ажлаасаа халагдсан. Нэгдсэн эмнэлгийн олон ажилчид О.*******д намайг халсан асуудал шударга биш зүйл байна гэж мэдээлсэн. Тэр цагаас хойш таних болсон. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Нэгдсэн эмнэлгийн нийт ажилчдын хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга төлөөлөгчийг сонгох үед миний бие Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Тухайн үед тооллогын комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй томилсон. Тэр 3 хүний нэг нь М.******* эмчийн эхнэр н.Золжаргал эмчийг сонгоод н.Золжаргал эмчийг тооллогын бүрэлдэхүүний комиссын даргаар томилсон. Нөгөө хоёрын би тухайн үед санахгүй байсан. Энэ тухай бид дараа нь ярьж байхад мэс заслын тасгийн ахлах сувилагч н.Должин, одоо үйлчилгээний албаны дарга хийж байгаа н.Отгонбат нарыг тооллогын комиссоор сонгосон. Тухайн үед тэр хурал дээр Нэгдсэн эмнэлгийн цалин хөлсний нягтлан Эрдэнэчимэг гэдэг хүнийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлангаар томилсон боловч томилогдсон цагаасаа хойш нэг ч удаа үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүг бариагүй. М.******* дансыг нь ганцаараа эзэмшээд бүх зарцуулалтыг нь ганцаараа хийсэн. Ковидын үед бид Хяналтын зөвлөлөөс шаардсаны дагуу дотоод сүлжээгээр нэг удаа тавьсан боловч сүлжээ нь гацаад, харуулж байгаа тоо баримт нь харагдахгүй, шаардлага хангаагүй зүйл нэг удаа болсон. Түүнээс хойш бид удаа дараа Үйлдвэрчний эвлэлийн хороог тайлан тавих тухай асуудлыг шаардсан 3 жилийн 70,000,000 төгрөгийн татварынхаа тайлангаа тавь гэдэг шаардлага тавьсан боловч 2 удаа ажилчдаа цуглуулаад хурал хийгээд харамсалтай нь хурлын ирц 51 хувьд хүрээгүй учраас хийж чадаагүй. Яагаад гэхээр Нэгдсэн эмнэлгийн дарга энэ хурлын ирцийг гүйцээхгүйгээр эмнэлгийн эмч нарыг энэ хуралд битгий ор гэдэг зарыг тараасан учраас ороогүй. Одоо эмч бид хоёр хоёулаа тэр хурал дээр бүх хүмүүс рүү, тасаг руу утасдаад хүмүүс нь ирээгүй. Ийм шалтгааны улмаас 2 удаагийн хурлаар тайлангаа тавиулж чадаагүй. Дээрээс нь тухайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч 4 хүн сонгосны 2 хүн нь ажлаасаа халагдсан 2 нь үлдсэн байсан учраас Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлыг цааш явах боломжгүй юм байна гэж тэр 2 хүнийг нөхөн сонгох тухай асуудал байсан боловч харамсалтай нь энэ сонгуулиа бас хийж чадаагүй асуудал болсон. 2019 оны 01 дүгээр сард хурал болоод сонгогдсон 2020 оны эхээр Ковид гарсан. Ковидын үед бөөн асуудал болж байгаад тайлангаа ажилчдад тавьсан. Хяналтын зөвлөл Цагдаагийн газрын Санхүүгийн тасагт шалгуулахаар өгсөн. Санхүүгийн тасаг нь аудитад өгсөн. Аудитын дүгнэлт хэрхэн гарсныг бид нараас нуугаад харуулаагүй. Харин 2024 оны эхэнд намайг ажлаасаа халагдсанаас хойш эмч хөөцөлдөж байгаад Прокуророос аудитын дүгнэлтийг олж авсан. Түүнд нь танай хяналтын зөвлөл муу ажилласан байна. Аудитын дүгнэлтээр бүгд баримтгүй, гүйлгээ хийсэн баримтгүй, тооцоогүй баримт байна гэдгийг шалгаад гаргаад өгсөн байхад яагаад энэ асуудал дээр ажиллахгүй өнөөдрийг хүртэл явсан бэ? гэдэг зүйлийг хэлсэн гэсэн. Гэхдээ би ажлаасаа түр түдгэлзчихсэн байсан учраас үүнд оролцох боломж надад байгаагүй.М.******* дарга гэдгээрээ тухайн үед мөнгийг өөрийнхөө дансыг өгөөд шилжүүлж авсан. Бид Хяналтын зөвлөл учраас бүгдийг нь сайн мэдэж байна. Бараг 6,790,000 төгрөг. Н.Буяндэлгэр өмнө нь эмнэлгийн нягтлан, Үйлдвэрчний эвлэлийн хорооны нягтлангийн ажлыг давхар хийж байгаад ажлаа өгөхдөө 3 хуруу зузаан санхүүгийн баримт үдээд бүх мөнгийг нь өгсөн баримтаа үдээд бүх зүйлийг цэгцлээд хүлээлгэж өгсөн. н.Эрдэнэчимэг нэг ч өргөдөл аваагүй. Цохсон өргөдөлтэй харьцаагүй, Үйлдвэрчний үйл ажиллагаанд ямар ч оролцоо байгаагүй. Би сүүлд эмчээс сонссон. Бид нэг байранд амьдардаг учраас орж гарахдаа таараад ийм зүйл болоод прокурор тэгж хэлсэн гэдгийг сонссон. Гэхдээ би ажлаасаа халагдсан учраас би оролцох боломжгүй. Нуулгүй хэлэхэд намайг эмнэлгийн гадаа зогсож байхад эмч н.Цогтбаяр сувилагч 2 зогсож байхдаа М.******* Үйлдвэрчний эвлэлийн мөнгөө өсгөх гэж койн авч байгаа гэдэг яриа гарсан байсан. Гэхдээ үнэн эсэхийг би мэдэхгүй. Нягтлангаараа дамжуулахгүйгээр ганцаараа данс бариад байгаа нь хардлага төрүүлж байна. Би ганцаараа ингэж бодоогүй, Нэгдсэн эмнэлгийн 300 ажилтан ийм бодолтой байдаг. Хуралд ороход М.******* эмчийг дэмжээрэй гэсэн яриа ажилчдын дунд байсан. Гэхдээ би үүнд ач холбогдол өгөөгүй. Хуралд би М.*******ын төлөө өөрөө саналаа өгсөн. Хурал дээр М.*******оос гадна 2 эмч нэр дэвшсэн. эмч гэрчийн мэдүүлэг өгсөн, нөгөө нь эмч байсан. Хурлын дараа эмч, эмч 2 хоёулаа ...Бид энэ зохион байгуулалттай, эд нарын тоглосон жүжиг дээр орсон байна, эд нар тохирсон байсан гэдэг зүйл ярьж байсан. Би 33 жил Нэгдсэн эмнэлэгт Үйлдвэрчний хорооны татвараа төлчхөөд эрх ашгаа хамгаалуулж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна. М.******* гэдэг хүн Үйлдвэрчний эвлэлийн хорооны ажлыг авснаас хойш хорооны ажил газар унасан. Нэгдсэн эмнэлэг 300 ажилтантай, ******* аймагт хамгийн том байгууллага. М.******* хариуцаж байгаа Үйлдвэрчнийхээ эвлэлийн хорооны үйл ажиллагааг таслан зогсоочхоод ажилчид эсэргүүцээд татвараа өгөхөө болиод 2 жил 6 сар болсон байхад хувийнхаа нэр төр, эрх ашиг яриад яваад байна...гэх мэдүүлэг, нэхэмжлэл, зохигч тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлах,
Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: М.*******ын нэхэмжлэл үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч , О.*******д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, түүнийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэх, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: хариуцагч О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр сайтад ******* аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргүүлж байна гэсэн гарчигтай 1:36:47 видео бичлэгийг олон нийтэд түгээсэн. Уг бичлэгт миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллүүдийг ярьсан ба 2100 хүн үзсэн. бичлэгт М.******* мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөний гэдсийг цоолсон. мэс заслын алдаа гаргасан гээд хүлээн зөвшөөрсөн, миний үеэлийн хагалгаанд гэдсийг нь цоолдог нөхөр, ажлын хариуцлага алдаж хагалгаанд алдаа гаргасан, үйлдвэрчний татварын мөнгийг хувь дансандаа авсан асуудлаа хамаарал бүхий цагдаа дээрээ шалгуулаад хаалгуулсан, буруу зөрүү хагалгаа хийгээд хүн үхээд байна, ******* эмч наркоз хэтрүүлж хийгээд үс нь халзарч унасан, М.******* хамаарал бүхий хүн, ойр дотны хүн, үйлдвэрчний даргаар сонгосон, томилуулсан, гараа өргө гэж хэлүүлсэн, н.Эрдэнэчимэг лоббидож байгаад сонгуулсан гэж тус тус илт худал мэдээлэл түгээж миний үйлчлүүлэгч М.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагч О.*******д даалгуулахаар шаардаж байгаа гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь: хариуцагч О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр өөрийн эрхэлдэг сайт гэсэн нэртэй хуудсаараа ******* аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргүүлж байна гэсэн гарчигтай ярилцлага өгсөн болох нь зохигчийн тайлбар, тухайн өдрийн бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.
Харин нэхэмжлэгчээс энэ бичлэгт дурдсан мэдээлэл нь бодит байдалд огт нийцээгүй, М.******* эмчийг ажил хэргийн хувьд бусдын итгэх итгэлийг сулруулсан мэдээлэл хийсэн. Гэдэс цоолсон, 70,000,000 төгрөг хувьдаа завшсан зэрэг мэдээлэл хийсэн. Уг бичлэгийн 2100 хүн үзсэн. ******* сумын бүх хүмүүс тийм ойлголттой болсон. Магадгүй эмнэлгийн тусламж авахаас зайлсхийх, айдастай болох сөрөг үр дагавар үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайбарлаж,
Хариуцагчаас О.******* нь миний ярьсан зүйл үнэн, баримттай тул хүлээн зөвшөөрөхгүй. миний хэлсэн үг үйлдэл бүгд шударга. Би 5 гэрч авч ирсэн. Мөн эмнэлгийн 300 гаруй үйлдвэрчний эвлэлийн гишүүд эрх зүйн байдлыг минь хангаж өгөөрэй гэж надад нотлох баримттай мэдээ мэдээлэл өгсөн. Би түүндээ итгэлтэй байна. Би хийсэн лайвтаа эзэн болж чадна, түүнийгээ нотолно гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд үгүйсгэж маргаж байна.
Нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдоогүй, тэдгээрийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ийнхүү тогтоогдсон мэтээр олон нийтийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. гэсэн хүний үндсэн эрхэд халдсан буруутай үйлдэл юм.
Тухайлбал: Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл нь худал мэдээг амаар, бичгээр, элдэв дүрс бичлэг, хуурцаг болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байхыг ойлгоно.
Энэ нь уг хүний нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг доройтуулан, гажуудуулсан ойлголтыг олон нийтэд тараахад чиглэгдсэн мэдээлэл байх бөгөөд тарааж байгаа мэдээ нь уг хүний зан төлөв, үйл ажиллагааны үнэн бодит байдалд нийцэхгүй байхыг ойлгоно.
Түүнчлэн О.*******гийн ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч М.*******ын талаар видео бичлэгийн 17:25 сек М.******* мэс заслын эмч хагалгаа хийж байхдаа өвчтөний гэдсийг цоолсон. 18:47 сек мэс заслын алдаа гаргасан гээд хүлээн зөвшөөрсөн, 37:42 сек миний үеэлийн хагалгаанд гэдсийг нь цоолдог нөхөр, 40:41 сек ажлын хариуцлага алдаж хагалгаанд алдаа гаргасан гэж,
-34:20 сек үйлдвэрчний татварын мөнгийг хувь дансандаа авсан асуудлаа хамаарал бүхий цагдаа дээрээ шалгуулаад хаалгуулсан,
-50:15 сек буруу зөрүү хагалгаа хийгээд хүн үхээд байна, 1:32:40 сек М.******* эмч наркоз хэтрүүлж хийгээд үс нь халзарч унасан,
-29:13 сек М.******* хамаарал бүхий хүн, ойр дотны хүн, үйлдвэрчний даргаар сонгосон, томилуулсан, гараа өргө гэж хэлүүлсэн, 29:56 сек н.Эрдэнэчимэг лоббидож байгаад сонгуулсан гэж гэж ярилцлага өгсөн байх ба эдгээр мэдээллээс үзвэл ажилдаа хариуцлагагүй хандсан, хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, шударга бус байдлаар давуу эрхийг олж авч, үүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гэх агуулга бүхий байгаа нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийн талаарх олон нийтийн үнэлэмжид сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хариуцагч нь дээрх ярилцлагынхаа бодит байдалд нийцсэн, үнэн зөвийг, цаашлаад нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг нь зөрчөөгүй болохыг нотлоогүй, татгалзлаа баримтаар өөрөө нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасан нотлох, няцаах үүргээ хэрэгжүүлээгүй нь уг мэдээг тарааснаар *******ын ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй юм.
Иргэний хуулийн 21 дүгээр 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж заажээ
Хэдийгээр хариуцагчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ч эмнэлгээс ирүүлсэн Ч.ийн өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, эрчимт эмчилгээний хяналтын хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, шинжилгээний хариу, мэс засал /мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, сувилгааны тэмдэглэл, эмчийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтууд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзнэ.
Дээрхээс дүгнэхэд: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.*******ын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагч О.*******д даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул түүний хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэдийн төлөлөгч нь М.******* нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох хэргийн талаар дүгнэж үзэхэд М.*******ын нэхэмжлэл үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргасан ба шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад дээрх дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.*******ын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, олон нийтэд мэдээлэхийг хариуцагч О.*******д даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эрхэлдэг сайт гэсэн нэртэй хуудсаараа ******* аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж буй шударга бус асуудлаар тодруулга ярилцлагыг хүргүүлж байна гэсэн гарчигтай ярилцлага өгөхдөө нэхэмжлэгч М.*******ын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр буюу сайт гэсэн нэртэй хуудсаараа нэхэмжлэлийн шаардлага дурдсан 4 агуулгын хүрээнд няцаалт хийж, нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагч О.*******д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, төлсөн хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН
Б.БАЯРСАЙХАН