Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг

улсын яллагч Б.Ботакөз

шүүгдэгч Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шунгуур иргид овогт Б-гийн Б-д холбогдох 1713000960050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шунгуур иргид овогт Б-гийн Б-д. РД:БЛ88032995.

Шүүгдэгч Б-гий холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Бнь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын үед согтуугаар тус сумын иргэн Б.Б-тэй хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүнийг чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Бнь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 30 минутын үед тус сумын иргэн Б.Б нь согтуугаар архи нэхсэний улмаас хэрүүл маргаан үүсгэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Б рүү санаатайгаар 1 удаа чулуу шидэсний улмаас түүний зүүн талын чихэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 

- Шүүгдэгч Б.Б-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, 

- Гэрч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

- Гэрч Д.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

- Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

- Б-гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, мэдүүлэг /хх-ийн 31-37-р хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 364 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ 

- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б-гий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар хор уршгийн хэмжээг тогтоох боломжгүй ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. 

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул Б-ны өмчлөлийн 1 сая төгрөгний үнэтэй, нас бие гүйцсэн нэг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б- хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Шунгуур иргид овогт Б-гийн Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэргийн хамт ирүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Б-ны 1 сая төгрөгийн үнэтэй, нас бие гүйцсэн нэг морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ