Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 13

 

 

                                              2022          04           19                                      2022/ДШМ/13

 

Б.*******, М.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.*******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Д.Нямдорж

нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн 2136001410194 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 1956 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн Буянт сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /*******/ регистрийн дугаартай,

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт багт оршин суух, урьд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, өмнө нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон, тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаартай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын 19 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг1 жил 5 сарын хугацаагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт гийн ******* // регистрийн дугаартай,

3. Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах тулга ХХК –ийн бетон цехийн агуулахын хаалганы цоожийг эвдэн орж 6 ширхэг торыг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан эд зүйлүүдээ тус багт байрлах Их буян худалдааны төвөөс Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоол хүртэл иргэн В.*******гийн эзэмшлийн УБМ улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, хохирогчид 840000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч М.******* нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах тулга ХХК –ийн бетон цехийн агуулахын цонхны тоосгыг нурааж нэвтрэн орж 11 боодол хучилтын нүхтэй хавтангийн ул сеткийг нууцаар, хууль бусаар авч улмаар тухайн хулгайлсан эд зүйлийг иргэн К.*******гийн эзэмшлийн ХОА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэж, хохирогчид 330000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

5.Ховд аймгийн Прокурорын газраас Б.*******, М.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

6. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газраас шүүгдэгч Б.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч Б.*******, М.******* нарын болон шүүгдэгч М.*******гийн хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болож,

Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, шүүгдэгч ургийн овогт гийн ******* нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч гийн *******г 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ныы өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 21 хоногийн хори ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 3/гурав/ жил 8/найм/ сарын 21/хорих нэг/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлин 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.*******д оногдуулсан 3 жил 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч Б.*******гаас 25000/хорин таван мянга/ төгрөг, шүүгдэгч М.*******гээс 105000/нэг зуун таван мянга/ төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчинтөгөлдөр болтол цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгч Б.******* нь иргэний нэхэмжлэгч А.Гульдарид 50000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

7.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч К.*******гийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр М.******* нь гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогддог.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд этгээд өөрөө бусдын эд зүйлсийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог. Гэхдээ гэмт этгээдийн нууцаар авч байгаа арга нь субьектив ойлголт юм.

Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуй нэгж, байгууллага, эзэмшигч, тэгдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгодогоор тайлбарлагдана.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцно.

М.*******, Б.******* нарыг яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэсэн болох, шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан тухай хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэгт тооцохгүй болсон тухайгаа хуулийн үндэслэл бүхий тайлбарлаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Б.*******, М.******* нар нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Тухайлбал

А. Хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь “гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байсан эд зүйлийг хулгайлж, тухайн эд зүйлээ өөрийн эд хөрөнгө мэтээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлснээр” энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог. 

Гэтэл шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бүлэглэн тулга ХХК-ийн бетон цехийн агуулгын хаалганы цоожийг эвдэн орж хулгайлсан 6 ширхэг торыг, шүүгдэгч М.******* нь тулга ХХК-ийн бетон цехийн агуулгын цонхны тоосгыг нурааж нэвтрэн орж хулгайлсан 11 боодол торыг хадгалагдаж байсан агуулахаас нь гаргаж нуусан боловч өөрийн эд зүйлийн адил захиран зарцуулах бодит боломж нөхцөл бүрдээгүй байжээ.

Гэрч К.******* мэдүүлэгтээ “Тэгтэл тэр залуу миний машинд суугаад Их буян зах руу дотогшоо хашаа руу ороод цааш яваад нэг улаан контейнерын хажуу талын нарийн заагаар цааш овоолсон шороотой цементэн хашаанд дотроос дөрвөлжин нүхтэй, хучилтын нүхтэй хавтангийн ул сетка төмөр тор миний машины арын тээшинд ачсан” гэж мэдүүлсэн байхад шүүх “хулгайн гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.

Б.Гэмт үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор машин механизм ашигласан талаар: Гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч нар нь “анхнаасаа биеэр авч явах боломжгүй, овор хэмжээ ихтэй, бусдын анхааралд өртөх боломжтой эд хөрөнгийг /хуйлаастай торыг/ хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх зорилгоор машин механизм /такси/ ашиглах санаа зорилготой байсан” ба ийнхүү машин механизм /такси/ ашиглахгүйгээр гэмт санаа зорилгодоо хүрч чадахгүй гэдгээ бүрэн ухамсарласан байжээ.

Иймд “хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс өмнө машин механизмыг урьдчилан бэлтгээгүй байсан, хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг буруу тайлбарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Б.******* нарын цагдан хоригдсон нийт 63 хоногийн хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.*******, М.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                                      ШҮҮГЧ                                         Д.КӨБЕШ

 

                                                       ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР