Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 141/ШШ2024/00125

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

 Нарийн бичгийн даргаар О.Отгонжаргалыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар оршин суух хаягтай Я овогт Г.Н ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний 1988 онд Архангай аймгийн Багшийн сургууль төгсөж, 1988 оны 07 дугаар 01-ний өдөр Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байгаад 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн дунд сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж бага ангийн багшаар тус тус ажилласан ба тэтгэвэрт гарах болоход дээрх жилүүдийн тушаал, шийдвэр олдохгүй байна. Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Иймд Улаангом хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал,

Улаангом хотын 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл,

Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал,

Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажилласан болохыг тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.Н нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Г.Н нь Улаангом хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал,

Улаангом хотын 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл,

Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал,

Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:

Архангай дахь багшийн сургуулийн 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Г.Н нээн олгож, түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан тэмдэг дарж, ажлын тухай мэдээлэлд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Архангай багшийн сургуулийн оюутнаар элсүүлэн сургав, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс багшийн сургуулийг төгссөн тул Увс аймгийн АБХ-ын мэдэлд шилжүүлэв,

1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаангом хотын 8-жилийн 1-р дунд сургуульд бага ангийн багшаар ажиллуулав,

1989 оны 11 дүгэр сарын 09-ний өдөр 8 жилийн 1-р дунд сургуулийн бага ангийн багшийн ажлаас чөлөөлж 10 жилийн 3-р дунд сургуульд бага ангийн багшаар ажиллуулав,

1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 3-р сургуулийн бага ангийн багшийн ажлаас чөлөөлөв,

1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн дунд сургуульд байрны  хүмүүжүүлэгч багшаар томилон ажиллуулав,

1991 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Байрны хүмүүжүүлэгч багшийн үүрэгт ажлаас чөлөөлж бага ангийн багшаар томилон ажиллуулав,

1995 онд даатгалын дэвтэрт шилжсэн учир хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгов гэж бичиж тэмдэглэн байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Увс аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай “...Г Н, Улаангом 8 жилийн 1-р сургууль 1989 он 2629,88 төгрөг 9-12 сар, 1989 он 3834,24 төгрөг, 1-6, 8-9 сар...” гэсэн цалингийн лавлагаа, цалингийн тооцооны карт дахь мэдээлэл,

Увс аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128 дугаартай “...Г Н Улаангом 10 жилийн 3-р сургууль 1989 он 737,22 төгрөг 11-12 сар, 1990 он 3329,48 төгрөг, 1-6, 8 сар...” гэсэн цалингийн лавлагаа, цалингийн тооцооны карт дахь мэдээлэл,

Завхан аймаг Булнай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 03 дугаартай “...Багш сурган хүмүүжүүлэгчдийн 1991 оны сүүлийн 4 сарын ажил, үр дүн, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг үндэслэн 1992 оны 1-3 сард мөрдөх үндсэн цалингийн жишгийг хавсралтаар баталсугай. Тушаалын хавсралтад 1992 онд мөрдөх багш нарт олгох үндсэн цалингийн тогтоомж. 29. ******* мэргэжил тусгай дунд багш, тогтоосон үндсэн цалин 1980 төгрөг,...” гэсэн цалин тогтоох тухай тушаалын хуулбар,

Булнай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай “...Ардын боловсролын яам, сангийн яамны сайдын хамтарсан 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 268/154-р тушаалыг үндэслэн тушаах нь: 1. Тус сургуулийн нийт багш хүмүүжүүлэгчдийн цалинг ажилласан жил, ажлын бүтээл үр дүнг харгалзан тогтоож хамт олонд хэлэлцүүлэн хурлын шийдвэрийг үндэслэн хавсралт 1-р тогтоосугай. Тушаалын хавсралтын ...33. Г.Н, тусгай дунд, ажилласан жил 4, цалин 1100 төгрөг...” гэсэн цалин тогтоох тухай тушаалын хуулбар,

“...Булнай 8 жилийн багш Г.Н, 1990 он 8-12 сар, 1991 он 1-12 сар, 1992 он 1-12 сар, 1993 он 1-10 сар, 1994 он 1-12 саруудад авсан цалин хөлсийг бичиж тэмдэглэж гарын үсэг зурсан...” цалингийн картын хуулбар дахь мэдээлэл

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б.Г Увс аймгийн Улаангом аймагт 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн, эцэг Банзрагчийн Батцэнгэл, эх Гүнтэвийн Нямдаваа 8 жилийн сургуульд багш ажилтай,...” гэж тэмдэглэсэн төрснийг бүртгэх анкетын хуулбар,

Гэрч Б.Д “...Би Г.Н хамт ажиллаж байсан учраас Г.Н багшийн талаар мэднэ. Намайг тус сургуульд байрны тогоочоор ажиллаж байхад Г.Н нь байрны багшаар анх 1990 онд ажилд орж байсан. Тухайн үед 1988 онд Увс аймагт ажиллаж байгаад манай нутагт бэр болж ирсэн байсан. Тэгээд байрны багшаар 1 жил ажиллаж байгаад Завхан аймгийн Булнай сумын 3-р сургуульд багшаар 1991 оноос эхлэн бага ангийн багшаар ажиллах болсон. Г.Н багш нь одоо ч тус сургуульдаа ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Г.Р “...Би Г.Н хамт ажиллаж байсан учраас Г.Н багшийн талаар мэднэ. Намайг тус Завхан аймгийн Булнай сумын 3-р сургуульд багшаар ажиллаж байхад 1990 онд байрны багшаар ажилд орж байсан. Тэгээд 1 жил байрны багшаар ажиллаад 1991 оноос тус сургуульд бага ангийн багшаар надтай хамт 2005 он хүртэл ажиллаж байсан. Г.Н нь одоо ч тус сургуульдаа ажиллаж байгаа...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Я овогт Г.Н Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд бага ангийн багшаар 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал,

Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 3 дугаар сургуульд бага ангийн багшаар 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл,

Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн сургуульд байрын хүмүүжүүлэгч багшаар 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал,

Завхан аймгийн Булнай сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ