Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0089

 

2016 оны 1 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2016/0089

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Х*****н овогт Пү******вын Цэ******а /ЧП********09/-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ад*****н овогт Пү*******нгийн Со**********д /УШ*******1/,

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргад Захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цэ******а, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.На********р, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******н-Э*****э, Б.Ба******г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Цэ******а шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Цэ******а миний бие Баянзүрх дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт амьдардаг ба Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хашааны газраа эзэмших хүсэлтээ Дүүргийн өмч газрын харилцааны албанд гаргасан боловч дүүргийн Засаг даргаас миний газар эзэмших асуудлыг шийдвэрлэж захирамж гаргахгүй, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаагаас миний хуулиар олгогдсон эрх ашиг сонирхол зөрчигдсөөр байна.

Энэхүү асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг даргад удаа дараа өргөдөл гаргасны эцэст "... Өргөдөлд дурдсан байршилд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжаар иргэн П.Со**********дод газар өмчлөх эрх үүссэн байх тул танд давхардуулан олгох боломжгүй" тухай 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1123 дугаар албан тоотоор мэдэгдсэн билээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагдах газарт тэр тусмаа миний хашааны газрыг Нийслэлийн Засаг дарга мэдэж бусдад шууд өмчлүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга миний өөрийн хүч хөдөлмөрөөр хашаа барьж гэр бүлээрээ амьдарч байгаа 23 хорооны 1902Г тоот хаягт байрлах газрыг мөн хорооны 1701А тоот хаягт оршин сууж байсан П.Со**********дод өмчлөх эрхийг олгож 2014 онд 985 дугаар захирамж гаргасан нь андуурч олгосон гэж үзээд Дүүргийн өмчийн харилцааны газарт мэдэгдэхэд "Та нар учраа олоод зохиц, нэгэнт олгосон нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүх л хүчингүй болгох ёстой гэсэн хариу хэлсээр өдий хүрч аргагүйн эрхэнд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан.

Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад ...тус газрын Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжаар иргэн П.Со**********дод өмчлүүлсэн байна. Шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариуг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3/5563 дугаар албан бичгээр өгснийг 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд хандаж байна.

Миний эзэмшин ашиглаж байгаа газар дээр П.Со**********д амьдарч байгаагүй, газрын талаар П.Со**********д надтай ямар нэгэн маргаан гаргаагүй зөвхөн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай хууль бус үйлдлээс болж миний эзэмшлийн газарт П.Со**********дод газар өмчлүүлэх Нийслэлийн Засаг даргын 985 дугаар захирамж гарснаас үүдэн миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Мөн дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллах үүргээ биелүүлээгүй байгаагаас өнөөдрийг хүртэл өөрийн амьдарч байгаа газраа эзэмших эрхийн гэрчилгээгээ авч чадахгүй хохирч байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамж илт хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргад Захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү  гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар, Д.На********р нар нь шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн Сургуулийн гудамжны 1701А тоот, 700 м.кв хашааны газрыг иргэн П.Со**********дод Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 000521390 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ дагуу эзэмшүүлж шийдвэрлэсэн уг захирамжид үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар иргэн П.Со**********дод уг газрыг нь өмчлүүлж шийдвэрлэсэн байна.

Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зурагт 18652311865847 нэгж талбарын дугаартай маргаан бүхий хашааны газар нь иргэн Пү*******н овогтой Со**********дын нэр дээр байгаа бөгөөд ямар нэгэн давхцалгүй байна.

Иргэн П.Со**********д нь Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг эзэмших, өмчлөх тухай гаргасан хүсэлтийг үндэслэж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/429 дүгээр захирамжаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжаар өмчлүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны дагуу байгаа тул иргэн П.Цэ******агийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******н-Э*****э, Б.Ба******г нар нь шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

...Иргэн П.Со**********д нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн газрын албанд 23 дугаар хороо, 4 хэсэг, Сургуулийн 1701а тоот /2012 оноос амьдарч буй хашаа гэх/ газартаа газар эзэмшихээр хүсэлт гаргасан ба судалгаа хийхэд кадастрын мэдээллийн санд хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн, нэр дээр бүртгэлгүй, эрх зүйн харилцаа үүсээгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардагыг хангаж байсан тул дүүргийн Засаг даргын 2014 оны А/429 дүгээр захирамжаар Газар эзэмших эрхийг олгон, 000521390 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээлгэж өгсөн байдаг.

Харин нэхэмжлэгч П.Цэ******а нь дүүргийн Газрын албанд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 23 дугаар хороонд газар эзэмшихээр хүсэлт гаргахад тухайн байршилд иргэн П.Соронболд нь газар эзэмшсэн улмаар өмчилсөн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэснийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Мөн энэхүү нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хянан шийдвэрлэхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-т заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд П.Со**********д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие П.Со**********д нь 2014 онд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд газар өмчилж авсан. /Бүх бичиг баримт нь бүрэн/ Гэтэл 2014 онд нэг эмэгтэй гарч ирэн над руу ярьсан. Би бичиг баримт бүрэн ч гэсэн Кадастрын зураг хийлгэсэн газартаа очтол ямар нэгэн давхцалгүй байсан. Тэгээд судалтал гомдол гаргасан эмэгтэйн газар нь ямар нэгэн бичиг баримтгүй, ямар ч зөвшөөрөлгүй мөн манай газар Баатархайрханы урд талд тэр айлын газар уулын ард байсан. Мөн манайх зөвшөөрөлтэй одоогоор амьдарч байгаа. Ямар учраас гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна.

Уулын урд ард байгаа газруудын дунд Баатархайрхан уул байгаа ямар ч давхацсан зүйл байхгүй. Иймд би гомдолтой байна. Надад ямар ч цаг зав алга. Миний буруу байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Цэ******а нь Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд газар эзэмшихээр 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1123 дугаар албан бичгээр Өргөдөлд дурдсан байршилд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжаар иргэн П.Со**********дод газар өмчлөх эрх үүссэн байна. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасны дагуу холбогдох шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх тань нээлттэй байна гэх хариуг өгчээ.

Үүний дагуу урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3/5563 дугаар албан бичгээр ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчинтөгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг: Та одоогоор газар эзэмших зөвшөөрөл аваагүй байх бөгөөд тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжаар иргэн П.Со**********дод өмчлүүлсэн байна. Иймд та маргаантай асуудлаараа шүүхэд хандах нь зүйтэй гэх хариуг өгчээ.

Гуравдагч этгээд П.Со**********д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/429 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4 хэсэг Сургуулийн 1701а тоот хаягт нэгж талбарын 18652311865847 дугаар бүхий 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатай иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ 000521390 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргад 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар дээрх газрыг өмчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь ...Миний эзэмшин ашиглаж байгаа газар дээр П.Со**********д амьдарч байгаагүй, газрын талаар П.Со**********д надтай ямар нэгэн маргаан гаргаагүй зөвхөн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай хууль бус үйлдлээс болж миний эзэмшлийн газарт П.Со**********дод газар өмчлүүлэх Нийслэлийн Засаг даргын 985 дугаар захирамж гарснаас үүдэн миний эрх зөрчигдсөн гэж үзэж байна. гэж маргажээ.

Нэхэмжлэгч П.Цэ******а нь гуравдагч этгээд П.Со**********дын газар болон өөрийнхөө газрын кадастрын зургийг Галт багана ХХК-аар хийлгэсэн байх бөгөөд энэхүү газар нь тусдаа 2 өөр газар, ямар нэгэн маргаан болон давхцал байхгүй гэдэг нь шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн маргаан бүхий газрын үзлэгээр тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны үед гуравдагч этгээд П.Со**********дын өмчилж авсан газрын кадастрын зураг нь П.Цэ******агийн газар эзэмшихээр хүсэлт гаргасан газрын байршилд гарсан, П.Со**********дын одоогийн хашаалан оршин сууж байгаа газар нь биш, кадастрын зураг нь солигдож гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т ...Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан шийдвэрээ зөвтгөн гаргах боломжтой гэж үзэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжийн П.Со**********дод холбогдох хэсгийг дахин шинэ акт түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 61 дүгээр зүйлийн 61.1-т тус тус заасныг баримтлан захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 985 дугаар захирамжийн П.Со**********долд холбогдох хэсгийг тус тус түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Цэ******агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус бүр 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА