Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 14

 

 

                                               2022          04           19                                      2022/ДШМ/14

Х.Тэмиржанд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор: Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Очирбат

Шүүгдэгч Х.Тэмиржан

нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Тэмиржан түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Тэмиржанд холбогдох эрүүгийн 2136000000273 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, урьд Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял, Ховд аймгийн сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих ял, мөн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүлйин 1-т зааснаар 1 жилийн хорих ял, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоосон,  хэрэг хариуцах чадвартай, Шантуу хотан ургийн овогт Хадырын Тэмиржан /ПЛ80090411/ регистрийн дугаартай,

2.Шүүгдэгч Х.Тэмиржан нь 2021 оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг “Мөрт” гэх газраас бэлчээрт байсан хохирогч А.Тилеуханы 4 тооны үхэр, хохирогч У.Тажибахын 1 тооны үхэр, нийт 5 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж, хохирогч А.Тилеуханд 2,900,000 төгрөг, хохирогч У.Тажибахытад 800000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 03-04 өдрийн хооронд Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа  багийн Долоогийн газраас иргэн Б.Галхүүгийн эзэмшлийн зөв талын гуяндаа чандмань тамгатай, 4 настай, хонгор зүсмийн, 1 тооны адуу хулгайлж, хохирогч Б.Галхүүд 1000000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Х.Тэмиржаны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Шантуу хотан овогт Хадырын Тэмжиржаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнтэй нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Шантуу хотан овогт Хадырын Тэмиржаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 08 сарын хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Тэмиржанд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Х.Тэмиржанаас 850000/найман зуун тавин мянган/ төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

Шүүгдэгч Х.Тэмиржан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохиролгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, 2136000000273 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг үхрийн шир, 1 ширхэг үхрийн толгой, 1 ширхэг үхрийн шийр зэргийг шийтгэх тогтоолоор хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Тэмиржанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Х.Тэмиржан түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Х.Тэмиржаны хувьд олон тооны мал хулгайлсан үйлдэл, өөрийн гэм буруугийн асуудал дээр мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад ямар нэгэн байдлаар маргадаггүй. Хохирогч нарт хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Эхнэр нь жирэмсэн олон хүүхэдтэй.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой.

Х.Тэмиржан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 850,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн аргагүй байдал зэргийг харгалзан үзэж хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял халдаасан байдаг. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг шүүгдэгч Х.Тэмиржан түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Н.Очирбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

2.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Тэмиржанд холбогдох эрүүгийн 2136000000273 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

4. Шүүгдэгч Х.Тэмиржан нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг Долоогийн газраас хохирогч Б.Галхүүгийн 4 настай хонгор зүсмийн байдсан гүүг хулгайлж, А.Нурбекийн адуунд нийлүүлсэн, мөн 2021 оны 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн Мөрт гэх газар бэлчээрт байсан А.Тилеуханы 4 тооны үхэр, У.Тажибахытын 1 тооны үхрийг хулгайлж 1 үхрийг нь нядалж идшиндээ хэрэглэсэн, 2 тооны үхрийг Д.Эрдэнэжаргалд өгч мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч А.Тилеуханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай үхэр 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Мөрт гэх газар Хагийн худгаас ус уугаад гарсан. Маргааш өглөө нь манайх өвөлжөө рүүгээ нүүх гээд үхэр лүүгээ очтол 6 тооны үхэр алга болсон байсан. Энэ талаар хүргэн У.Тажибахытад хэлсэн. Манайх 7,8-ны өдрүүдэд үхрээ хайгаад олоогүй. Уг 6 үхэрний 2 нь манай хүргэн ах У.Тажибахытынх, 4 нь манайх. Би алдсан 6 тооны үхрийн нэг болох алаг гунжин эм үхрийг Хаг гэх газар ганцаараа явж байхад нь олж авсан ... гэх мэдүүлэг / хх-50-51х/

Хохирогч У.Тажибахытын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Ховд сумын Баруун салаа багийн Мөрт гэх газраас үхрээ услаад гаргасан. 11 сарын 7-ны өдөр манайх өвөлжөө рүү нүүх гээд үхрээ хураагаад А.Тилеухан дээр очтол үхрээс 6 тооны үхэр алга болсон байсан. 4 тооны үхэр нь манай эхнэрийн дүү А.Тилеуханых, 2 нь манай үхэр байгаа юм.11 сарын 8-ны өдөр бас үхрээ хайгаад олоогүй... Би 3 тооны үхрээ олж авсан. Миний хар халзан зүсмийн үхрийг Х.Тэмиржан гэх хүн нядалсан байсан...” гэх мэдүүлэг / хх- 54,59х/

Гэрч Д.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Х.Тэмиржан над руу яриад “ чи надад мотоциклио зарчих, оронд нь 2 үхэр аваарай” гэсэн. Би найзынхаа Вонго маркийн машиныг гуйж унаж яваад тэднийд очиход хашаан дотор байсан хар халзан хязаалан насны бух, бүс алаг шүдлэн эр үхэр хоёрыг ачиж өгсөн. Би маргааш нь улаан алаг үхрээ Буянт сумын Нарийн гол багийн Шар харгана гэх газар төрсөн ах Адъяагийн гэрт аваачиж нядалсан, бухаа тэнд байлгаж байтал 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х.Тэмиржан ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг / хх- 68-69х/

Гэрч А.Нурбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Х.Тэмиржаны ахын гэрт очиж идэшний үхрийг нь нядлалцаад байж байтал цагаан Портер машинтай хүн ирээд хашаанд байсан бүс алаг эр үхэр, хар халзан бух хоёрыг ачаад аваад явсан. Х.Тэмиржан ах тэр машины араас мотоцикльтойгоо дагаад явсан...”  гэх мэдүүлэг /хх- 70х/

Гэрч О.Давааханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Х.Тэмиржан ах залгаад Буянт сумын Шар харгана гэх газраас 1 үхэр ачиж авчраад өгөөч гэсэн. Би машин барьж чаддаггүй болохоор дүү О.Женисханаар бариулаад өөрөө хамт явсан. Тэгээд миний Портер машинаар Шар харгана гэх газарт байх  нэг танихгүй айлаас хязаалан насны байж магадгүй бух ачиж Алагт гэх газарт авчирсан... “ гэх мэдүүлэг / хх 72-73х/

Гэрч Д.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай дүү Д.Эрдэнэжаргал эхнэрийн хамт манайд ирээд эхнэр нь аргал түүхээр үлдээд Д.Эрдэнэжаргал цагаан өнгийн Портер унаад явсан. Орой нь Д.Эрдэнэжаргал 2 үхэр ачиж ирээд нэгийг нь нядалж аваад явсан...”  гэх мэдүүлэг /хх-78х/

Гэмт хэрэг үйлдсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх- 6х/

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг Алагтын хаяа гэх газар 2 монгол гэр байв. Гэрээс 10 орчим метрийн зайд малын сэвс хатсан байдалтай дээр нь үнс асгасан байна. Уг хонхор газар нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Жижиг гэрт үзлэг хийхэд гэрийн баруунаас зүүн тийш 3-4 түмпэнд хийсэн мах, гэрийн зүүн талын хананд 2 давхар шургааг модонд эвдсэн шинэ мах байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх- 7-13х/

-Эд зүйлд / үхрийн арьс, толгойд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17х/

3 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-19-23х/

Үхрийн толгой таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх- 24-26х/

Үхэр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 27-30-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх- 31-37х/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 40-43х/

Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд “ ....хар халзан эр гунан үхэр-800000 төгрөг,шар алаг эм гунжин үхэр-700000 төгрөг, хар эр гунан үхэр-800000 төгрөг, хар халзан бух-500000 төгрөг, эр гунан үхэр -800000 төгрөг, эр гунан үхэр-800000 төгрөг, нийт -4400000 төгрөг” гэх дүгнэлт / хх- 93-94х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5.Прокуророос шүүгдэгч Х.Тэмиржаны хохирогч А.Тилеухан, У.Тажибахыт нарын 5 тооны үхэр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заанаар, хохирогч Б.Галхүүгийн 1 тооны байдсан гүү хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

6.Анхан шатны шүүх нь  Прокурор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөнгөн гэмт хэргийг аль хүнд гэмт хэрэгт нь нэгтгэсэн /1хх-183х/ атлаа үйлдэл тус бүрт ял оногдуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”гэсний дагуу шүүгдэгч Х.Тэмиржан нь мал хулгайлах үйлдлийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн буюу үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэрэгт нэгтгэн зүйлчилж шүүгдэгч Х.Тэмиржаныг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Тэмиржаны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувьд урьд бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, хувийн байдлыг харгалзан  түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн  гэмт хэрэг,гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй  гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг  агуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хуулийн хариуцлагын зорилгод  нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 7.Шүүгдэгч Х.Тэмиржан болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар “...Өндөр настай ээж, эхнэр бага насны 3 хүүхэдтэй, эхнэр өвчтэй тул хөдөлмөр эрхэлдэггүй, ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг бууруулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргасан байна.

 Шүүгдэгч Х.Тэмиржан нь амар хялбар аргаар амьдрах хүсэл зорилгоор бэлчээрт байсан бусдын өмчлөлийн олон тооны малыг 2 удаагийн үйлдлээр хулгайлж заримыг нь өөрөө идшиндээ хэрэглэж, заримыг бусдад өгч байгаа үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Тэмиржан болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

  

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                                        ШҮҮГЧ                                              Д.КӨБЕШ

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА