Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 120

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 

Улсын яллагчаар С.Сугар,

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Х.Э холбогдох эрүүгийн 1730000060049 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1980 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х.Э 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Х.Э нь 2017.07.03-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Э.А-ын эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюунг маркийн мотоциклыг Баруун-Урт сумын 7 дугаар баг, Хишиг дэлгүүрийн гадна тавьсан байхад нь хулгайлан авч Оч хур дэлгүүрийн эзэн Ж.С-д худалдаж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

 - Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би А гэдэг залуутай найзууд юм. 2017 оны 07 сарын 01-ний өдөр А-тай таараад мотоциклийг нь гуйж унаад хөдөө явчихаад ирсэн. Тэгээд хөдөөнөөс ирээд мотоциклийг нь өгөх гэхэд олдохгүй байсан. Мотоциклыг Оч хур дэлгүүрийн эзэнд 700.000 төгрөгөөр зараад хүнээс зээлсэн 100000 төгрөг өгч, 200.000 төгрөгийг хүнд зээлүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь  архи уугаад дуусгасан гэв. 

 

- Хохирогч Э.А-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Э нь миний мотоциклыг Хишиг дэлгүүрийн гаднаас хулгайлан авч яваад Оч хур хүнсний дэлгүүрийн эзэн С гэх хүнд 750.000 төгрөгөөр зарсан байсан. Уг мотоциклыг 2017 оны 4 дүгээр сард Дээж худалдааны төвийн арын хашаанаас 1.750.000 төгрөгөөр худалдаж аваад бичиг баримтаа аваагүй байсан. Би мотоциклоо авчихвал гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-6-7/,  

 

- Гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 07 сарын эхээр намайг гэртээ байхад Х.Э орж ирсэн. Манай ээж надад шинэ мотоцикл авч өгсөн юм. Би уг мотоциклоо зараад хүмүүсийн өр зээлийг дарах гэсэн юм, чи надад үйлчлээд өг гэсэн юм. Оч хур дэлгүүрийн эзэн залууд уг мотоциклыг нь 680.000 төгрөгөөр зараад Ж-гийн аавд 100.000 төгрөгийг нь өгч гэрт нь хүргэж өгсөн. Надад 50.000 төгрөгийн бензин хийж өгсөн ...гэх мэдүүлэг / хх-н 20-21 /,

- Гэрч С.С-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Х.Э Даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклыг Оч хур дэлгүүрийн эзэнд зараад  надад 100.000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / хх-н 8-9 х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Ж.С-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын эхээр би дэлгүүр дээрээ ирсэн чинь дэлгүүрт өвгөн залуу хоёр зогсож байсан. Тэр хоёр хүн надад хэлэхдээ мотоциклоо зарах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Шинэвтэр даюун маркийн мотоциклыг 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ... гэх мэдүүлэг / хх-н 46 х  /,

 

         - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 173000006 дугаартай тогтоол / хх-н 1 х /, 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл / хх-н 9-10 х /

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. 2017.09.21. /хх-3- 9 /

 

-   Х.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 13 х / 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ/ хх-н 41 х / 

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2017.10.11-ний өдрийн 5/06 дугаартай тогтоол, тэмдэглэл,  / хх-н 47 х /

 

- Шүүгдэгч Х.Э-ын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.11.09-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-н 60 х  / 

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2017.11.09-ний өдрийн 5/32 дугаартай тогтоол /хх-н 61 х/ 

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний тухай 2017.11.09-ний өдрийн 33 дугаартай Прокурорын санал/ хх-н 62 х / зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Х.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

  Шүүгдэгч Х.Э 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах Хишиг дэлгүүрийн гаднаас иргэн Э.А-ын өмчлөлийн улсын дугааргүй,  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Н6074127 дугаартай мотор, 7GPCKIY2H1029527 арлын дугаартай, ногоон өнгийн Даюунг маркийн мотоциклыг хулгайлан, бусдад зарж  борлуулан 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Э-ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Э.А, иргэний нэхэмжлэгч Ж.С, гэрч С.С, Х.М, иргэний нэхэмжлэгч Ж.С нарын мэдүүлгүүд, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх- 09/, Гэрэл зураг /хх- 35/, Нарны буман гэрэл ХХК-ны албан бичиг,мотоциклийн гаалийн бичиг/ хх- 36-39/, Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээ.2017.9.27, Эд хөрөнгө битүүмжлэх 5/06 дугаартай тогтоол, тэмдэглэл /хх- 47-48/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Х.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

         Хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Х.Э нь зарж борлуулан ашиг олох зорилгоор, шунахай сэдэлтээр дэлгүүрийн гадна түр орхисон Э.А-ын эзэмшлийн мотоциклыг нууцаар, хууль бусаар авч, иргэн Ж.С-д 700.000 төгрөгөөр зарж борлуулсан байх бөгөөд энэ нь хохирогч Э.А-ын “Э нь миний мотоциклыг Хишиг дэлгүүрийн гаднаас хулгайлан авч яваад Оч хур хүнсний дэлгүүрийн эзэн С гэх хүнд 750.000 төгрөгөөр зарсан байсан. Уг мотоциклыг 2017 оны 4 дүгээр сард Дээж худалдааны төвийн арын хашаанаас 1.750.000 төгрөгөөр худалдаж аваад бичиг баримтаа аваагүй байсан. Би мотоциклоо авчихвал гомдолгүй ” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.С-н  “2017 оны 07 дугаар сарын эхээр би дэлгүүр дээрээ ирсэн чинь дэлгүүрт өвгөн залуу хоёр зогсож байсан. Тэр хоёр хүн надад хэлэхдээ мотоциклоо зарах гэсэн юм, мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Шинэвтэр даюун маркийн мотоциклыг 700.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ “ гэх, гэрч С.С-ын “Х.Э Даюун маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклыг Оч хур дэлгүүрийн эзэнд зараад  надад 100.000 төгрөг өгсөн “ гэх, Х.М-ын “2017 оны 07 сарын эхээр намайг гэртээ байхад Х.Э орж ирсэн. Манай ээж надад шинэ мотоцикл авч өгсөн юм. Би уг мотоциклоо зараад хүмүүсийн өр зээлийг дарах гэсэн юм, чи надад үйлчлээд өг гэсэн юм. Оч хур дэлгүүрийн эзэн залууд уг мотоциклыг нь 680.000 төгрөгөөр зараад Жгийн аавд 100.000 төгрөгийг нь өгч гэрт нь хүргэж өгсөн. Надад 50.000 төгрөгийн бензин хийж өгсөн “ гэх мэдүүлгүүд, СД бичлэг зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.

 

Х.Э дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авах, захиран зарцуулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа мотоциклыг хулгайлан бусдад зарж борлуулан, иргэн Э.А, Ж.С нарын өмчлөх эрхэнд хохирол учруулжээ. 

 

Шүүгдэгч Х.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          

Иймд шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Х.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-д учирсан “ мотоцикль”-ийн хохирол арилаагүй, мотоцикль иргэний нэхэмжлэгч Ж.С-н нэр дээр битүүмжлэгдсэн байх тул Н6074127 дугаартай мотор, 7GPCKIY2H1029527 арлын дугаартай Даюунг маркийн мотоциклыг битүүмжилсэн 2017.10.11-ний өдрийн 5/06 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мотоциклыг хохирогч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Э.А-д буцаан олгож, иргэний нэхэмжлэгч Ж.С-д учирсан 700.000 төгрөгийг шүүгдэгч Х.Э-аас гаргуулан олгох нь зүйтэй байна. 

 

          Шүүгдэгч Х.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээний хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтоолоо. 

    Х.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдая.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 4  минут, 49 секундын бичлэгтэй deli /4.7GB,120 min/16X DVD-R / маркийн СД-ийг хэрэгт хадгална.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Х.Эыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Н6074127 дугаартай мотор, 7GPCKIY2H1029527 арлын дугаартай Даюунг маркийн мотоциклыг битүүмжилсэн 2017.10.11-ний өдрийн 5/06 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг хохирогч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн иргэн Э.А-д, мөн  Х.Э-аас 700.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Ж.С-д тус тус олгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасаныг баримтлан эд мөрийн баримтаар ирүүлсэн ирүүлсэн  4 минут  49 секундын бичлэгтэй deli /4.7GB,120 min/16X DVD-R / маркийн СД-г хэрэгт хадгалсугай.

5. Ялтан Х.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй. 

 

 7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН