Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 16

 

                                             

   2022          05           17                                      2022/ДШМ/16

Г.Төрбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.Алтансолонго

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Г.Төрбаяр

Нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Төрбаяр түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Төрбаярт холбогдох эрүүгийн 2036000000146 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав ээж, дүү нарын хамт амьдрах, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүргийн 26 дугар хорооны Мандал овоо 25 дугаар гудамжны 31 тоотод оршин суух хаягтай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Жанжинхүү ургийн овогт Ганхуягийн Төрбаяр нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 3 дугаар гудамжны 5 тоотод байрлах иргэн М.Отгонжаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2020 оны 6 дугаар сарын 13-ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан,

мөн Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэр 3 дугаар гудамжны 5 тоотод байрлах иргэн М.Отгонжаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2020 оны 6 дугаар сарын 13-ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад шөнийн 23 цаг 40 минутын орчимд гэрийн эзэн Н.Үүлэнсолонго гэртээ ирсний улмаас өөрийн үйлдлээ төгсгөж чадалгүй түүнтэй хамт явсан хохирогч Ц.Идэрсайханы биед хутга хэрэглэн халдаж, цээж хэсэг 1 удаа, зүүн гарын шуу, хэвлий хэсэгт 2 удаа баруун талын суга хэсэгт 1 удаа, дал хэсэгт 1 удаа тус тус дүрж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэр 15 дугаар гудамжны 45 тоотод байрлах иргэн Н.Батзулын эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2020 оны 6 дугаар сарын 12-ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1906000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 12 гудамжны 19 тоотод байрлах иргэн Г.Мөнхтөрийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2020 оны 6 дугаар сарын 12-ны орой нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1580000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Олзвойн 3 гудамжны 10 тоот хашаанд байрлах П.Жаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэр 02 дугаар гудамжны 17 тоот хашаанд амьдрах Г.Хандсүрэнгийн байшингийн цонхыг түлхэж онгойлгон, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 100750  төгрөгийн хохирол учруулсан зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.   

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Г.Төрбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 –д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жанжинхүү ургийн овогт Ганхуягийн Төрбаярыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ганхуягийн Төрбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн  түүний нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Төрбаярт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 176 /нэг зуун далан зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Г.Төрбаярт урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

Шүүгдэгч нь хохирогч Ц.Идэрсайханд 4000000 төгрөгийн хор уршгийг нөхөн төлсөн, хохирогч нь бусад хор уршгийг нэхэмжлэхгүй гэснийг болон хохирогч Г.Мөнхтөр, Н.Батзул, Г.Хандсүрэн, П.Жаргал, Н.Үүлэнсолонго нар нь хулгайлагдсан эд зүйлсийг биет байдлаар буцаан авсан, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Г.Төрбаяр түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Төрбаярт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсан.

2017 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх заалтуудыг анхан шатны шүүх нь хэрэглээгүй зөрчиж 8 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Урьд нь гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн дуудсан цагт ирээгүй гэдэг нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй байх шалтгаан биш юм.

Шүүгдэгч Г.Төрбаяр нь хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан, мөн мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч н.Идэрсайханы биед гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирсан. Эмнэлгийн тусламж авсан тул хохирогчийн амь нас аврагдсан. Хохирогчид 4,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогчид учирсан хохирол 4,000,000 төгрөгөөр тогтохгүй. Хохирогч нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж ямар нэгэн гомдол гаргаагүй. Анхан шатны шийтгэх тогтоолд бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзаж үзэх нь зүйтэй. Г.Төрбаяр нь хулгайн үйлдлийн улмаас шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхийг хөндөж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан обьектэд халдсан байна.Шүүгдэгчийн хулгайн үйлдлийн улмаас хохирогч нарт бага хэмжээнээс дээш хохирол учирсан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй тухай Эрүүгийн хуулийн тайлбарт тайлбарласан боловч хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан шинжийг Г.Төрбаярын үйлдэл хангаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг шүүгдэгч Г.Төрбаяр өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн давж заалдах журмаар гаргасан   гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. 

2.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Төрбаяр холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

4.Шүүгдэгч Г.Төрбаярын үйлдсэн хэргийн талаар:

4.1.Шүүгдэгч Г.Төрбаяр нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Г.Мөнхтөрийн эзэмшлийн байшингийн буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч бөгж 3 ширхэг, цагаан өнгийн ээмэг 6 ширхэг, гоёлын ээмэг 2 ширхэг, кулонтай цагаан өнгийн зүүлт 1 ширхэг, төмөр ээмэг 4 ширхэг, төмөр бөгж 2 ширхэг, даалин 4 ширхэг,  2 ширхэг дунд, жижиг гарын хөөрөг,  мөнгөн аяга 1 ширхэг,  эмэгтэй хүний хар өнгийн гутал 1 хос, хуурай шоколад 2 ширхэг, газан плитка 1 ширхэг,  хоолны халбага 1 ширхэг, шанага 1 ширхэг, өмд 1 ширхэг, хэтэвч 1 ширхэг, бор чемодан  1 ширхэг, чононы шагай 1 ширхэг, бэлэн 770 төгрөг, төмөр аяга 1 ширхэг, амны халбага сэрээ 2 ширхэг, гэртэй хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүй авч хохирогчид 1580000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнхтөрийн дахин өгсөн “Би эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг (2-хх-ийн 41-43),  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зураг, (1- хх-ийн 239-246), Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-хх-ийн 250-251),Эд зүйлд үзлэг хийж, хохирогч Г.Мөнхтөрд хүлээлгэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-хх-ийн 2-3 ), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (2-хх-ийн 34-37),Шүүхийн  Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-хх-ийн 18-27 ), эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт (2-хх-ийн 14,31),зэрэг нотлох баримтуудаар,

4.2. шүүгдэгч Г.Төрбаяр нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны орой хохирогч Н.Батзулын эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байраны цонхоор нэвтрэн орж,  мөнгөн бөгж 7 ширхэг, мөнгөн ээмэг 8 ширхэг, зүүлтний кулон 3 ширхэг, мөнгөн зүүлт 2 ширхэг, төмөр бөгж 4 ширхэг, төмөр ээмэг 10 ширхэг, төмөр кулон 2 ширхэг, төмөр хүзүүний зүүлт 1 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, бугуйвч 3 ширхэг, шар өнгийн бал 1 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, даалин 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй гутал 2 ширхэг, хар цүнх 1 ширхэг,  эрэгтэй малгай 1 ширхэг, үүргэвчтэй цүнх 1 ширхэг, ээмэг зүүлтний хайрцаг, бэлэн мөнгө 45000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогчид 1906500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн   болох нь  хохирогч Н.Батзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-хх-ийн 200-201),хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1-хх-ийн 191-195),Эд зүйлд үзлэг хийж хохирогч Н.Батзулд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 196-197), Эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт (1-хх-ийн 205), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх-ийн 215-221), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх-ийн 224-226)   зэрэг нотлох баримтуудаар,

4.3. шүүгдэгч Г.Төрбаяр нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны орой   хохирогч Г.Хандсүрэнгийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг түлхэж онгойлгон нэвтэрч орж  сувдан зүүлт 44 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, шаргал гинж 1 ширхэг, шүр 4 ширхэг, ээмэг 1 хос, саарал гинж 1 ширхэг, сувд задгай 22 ширхэг, зүрхэн хэлбэртэй хайрцаг 1 ширхэг, ээмэгний түгжээ үсний хавчаар 6 ширхэг, чулуун зүүлт 17 ширхэг, бор хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 100750  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч Г.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-хх-ийн 94-95),  хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн   тэмдэглэл (2-хх-ийн 89-90), Эд зүйлд үзлэг хийж, хохирогч Г.Хандсүрэнд хүлээлгэн өгсөн   мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-хх-ийн 90-92), Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт (2-хх-ийн 105), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн   дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-хх-ийн 119-129),Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-хх-ийн 132-135),  зэрэг нотлох баримтуудаар,

4.4. Мөн шүүгдэгч Г.Төрбаяр нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны орой    хохирогч  П.Жаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 600000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Жаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-хх-ийн 58-59), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл (2-хх-ийн 63-69),Эд зүйлд үзлэг хийж хохирогч П.Жаргалд хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-хх-ийн 54-55), Эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт (2-хх-ийн 63), зэрэг нотлох баримтуудаар,

4.5. Шүүгдэгч Г.Төрбаяр нь 2020 оны 6 дугаар сарын 13-ны орой иргэн М.Отгонжаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 8 ширхэг 3100000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эд зүйлд үзлэг хийж хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл (1-хх-ийн 41-44, 45-46),эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон тухай  шинжээчийн   дүгнэлт (1-хх-ийн),гэрч Н.Үүлэнсолонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-хх-ийн 97-98), мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх-ийн174-179) зэрэг нотлох баримтаар,

4.6.Мөн шүүгдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23 цаг 40 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 3 дугаар гудамжны 5 тоотод байрлах иргэн М.Отгонжаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт үйлдлээ хэрэгжүүлэхийг завдах явцад гэрт хохирогч Н.Үүлэнсолонгын хамт  орж ирсэн хохирогч Ц.Идэрсайханы биед  зэвсэг  хэрэглэн халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Идэрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...саравчтай малгайтай залуу гарч ирээд шууд над руу дайраад миний цээж хэсэгт цохих шиг болсон. Тэгтэл цээж халуу оргиод явчихсан. Тэгээд би хутга барьсныг нь мэдсэн. Тэр үед миний гар, хэвлий хэсэгт хутгалж байсан. Тэгээд би цааш эргээд зугтах гээд жоохон хөдлөхөд нөгөө залуу хашааны жижиг хаалгаар гараад зугтсан.” гэсэн мэдүүлэг (1-хх-ийн 100-101), Гэрч Н.Үүлэнсолонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Идэрсайхан хашааны хаалга руу явж байгаад намайг хутгалчихлаа ш дээ, цагдаа эмч дууд гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-хх-ийн 97-98),Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 3 дугаар гудамжны 05 тоотод буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-хх-ийн 2-6), Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ховд аймгийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн  2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 505 дугаартай  дүгнэлт, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаар  дүгнэлт, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх-ийн 48-49,72-83,88-93), хохирогч Ц.Идэрсайханы Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай 7033 дугаартай өвчний түүх, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас (1-хх-ийн 53-65), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (1-хх-ийн 10-30,34-44), Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-хх-ийн 174-179) шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

5. Шүүгдэгч Г.Төрбаяр нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бусдын эд хөрөнгийг хулгайлах болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 6.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Төрбаярыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж, орон байранд нэвтэрч орж нууцаар өөрийнхөө эзэмшилд үнэ төлбөргүй шилжүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах шинжийг хангасан, харин хохирогч Н.Отгонжаргалын орон байранд нэвтэрч 8 ширхэг, мөнгөн аяга, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар бэлдэж уутанд хийж байх үед гаднаас  Н.Үүлэнсолонго, Ц.Идэрсайхан нар гэрт орж ирснээр тэрээр зугтан гарч,  бусдын үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэх санаагаа зорилгоо туйлд нь хүргэж чадаагүй  гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Түүнчлэн шүүх 2020 оны 06 дугаар сарын 12-13 өдрүүдэд шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Төрбаярын хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувьд урьд бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан, хувийн байдлыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар тус бүр оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 8 /найман/ жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг агуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хуулийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.Шүүгдэгч Г.Төрбаярын бусдын гэрт буюу орон байранд нэвтрэн нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр эд хөрөнгө хулгайлсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг, гэмт үйлдлээ хэрэгжүүлэх явцад гэрт орж ирсэн хохирогчийн биед хутга хэрэглэн халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

8.Прокуророос шүүгдэгч Г.Төрбаярын дээрх үйлдлүүдийн талаар тус бүр яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх түүний уг үйлдэл холбогдлыг яллах дүгнэлтэд зааснаар буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д зааснаар журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан   хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож   шийдвэрлэсэн нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тогтоох, мөн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны болон гэм буруугийн зарчмуудад бүрэн нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

9.Шүүгдэгч Г.Төрбаяр болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3,1.4 дэх заалтуудыг анхан шатны шүүх хэрэглээгүй зөрчиж 8 жилийн хорих ял оногдуулсан” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан зохицуулалт нь шүүхэд  үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд шүүх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хувийн байдлыг харгалзан  хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах эсэхийг    шийдвэрлэхээр зохицуулжээ.

             Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Төрбаярыг хэдийгээр  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх хохиролгүй боловч түүний зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээ ухамсарлахгүй байгаа байдал болон удаа дараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасныг тус тус хэрэглээгүй үндэслэлээ тодорхой тайлбарласан байна.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заалтыг хэрэглэхгүйгээр шүүгдэгч Г.Төрбаярт хорих ял оногдуулсан үндэслэлийг үгүйсгэх   үндэслэл тогтоогдохгүй байна.

11.Иймд шүүгдэгч Г.Төрбаяр болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Төрбаяр болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

                       

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

 

                                               ШҮҮГЧ                                              Д.КӨБЕШ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Н.ТУЯА