Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2016/0094

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н******х ц*****н х****а” ХХК /РД: 5******8/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжийн 10999 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эн******р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ба*********й, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****р, А.А******ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М*****й-Э****э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  өмгөөлөгч П.Ба*********й нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Н******х ц*****н х****а" ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/563 дугаар захирамжаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэх сонсголонгийн замын уулзварт хуучин нисэхийн цагаан хаалганы зүүн хойд талд 10000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмших эрх авсан. 

Тухайн газрыг анх 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анх компанийн гүйцэтгэх захирал С.Бо********р нээлттэй дуудлага худалдаагаар ялагч болж авч байсан.

Ингээд тухайн газарт барилга барих болсон учир "Н******х ц*****н х****а" ХХК-ийн эзэмших эрхийг шилжүүлж тухайн газрыг дуудлага худалдаагаар авч байсан зориулалт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор баталсан "Буянт-Ухаа" орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгын ажил эхлүүлэх зураг төслөө батлуулж холбогдох зөвшөөрлийг авч барилгын ажлаа эхлүүлээд байна.

Гэтэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамж 8027/5066 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Эрх чөлөөний хонх" цогцолбор барих 12000 м.кв газрыг олгосон байх бөгөөд энэхүү олгосон газарт манай компаний орон сууц үйлчилгээний барилга барих газарт орох гарах гарцыг хааж нийтийн эзэмшлийн талбайд давхардуулан газар олгосон байна.

Дээрх А/488 дугаар захирамжаар олгосон 12000 м.кв газар нь 1900 м.кв, 10099 м.кв гэсэн тусдаа солбилцол бүхий байршилтай газрууд байгаа бөгөөд 10099 м.кв газар нь анх биднийг дуудлага худалдаанд оролцох гэж байхад нийтийн эзэмшлийн талбай буюу авто машины зогсоол барихаар төлөвлөгдсөн газар байсан.      

Тус газрыг тухайн үед дуудлага худалдаагаар авах үед нийтийн эзэмшлийн авто зогсоол төлөвлөсөн байсан учир бид маш их ач холбогдол өгч дуудлага худалдаанд оролцож байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаас үзэхэд дуудлага худалдаагаар авсан газартаа орон сууц, үйлчилгээний зориулалтаар барилга барихад "Буянт-Ухаа” ерөнхий төлөвлөгөөний дагуу болон манай компаний батлагдсан зураг төслийн дагуу ашиглах ямар ч боломжгүй болж байна. /Орц гарц байхгүй, манай газар болон үйлчилгээний төвд нэгч сантиметр зай үлдээлгүй тулгаж газар олгосон/.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Буянт-Ухаа" орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд авто зогсоол барихаар батлагдсан газарт эрх хэмжээгээ хэтрүүлэн газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.4 дахь хэсгийг зөрчиж гаргасан эрхийн акт байгаа.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт "Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна" гэж заасан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар шийдвэртээ 2 өөр байршилд байгаа газарт нэг гэрчилгээгээр газар олгосон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байгаа.

Манай компаний зүгээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргад дээрх захирамжийг хүчингүй болгож өгөх талаар гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзаад байна.

Харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас манай компаний нэр дээр ирүүлсэн  2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/3138 тоот албан бичигт "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө баталсан газарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журмыг зөрчин дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газар нь тус журмын 2.1, 2.2, 2.2.1, 2.3 дахь заалтыг зөрчсөн байна" гэж дурджээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нар танай компаний эрх ашиг зөрчигдөөгүй байна гэж үзэж байгаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны А/488 дугаар захирамжид дурдагдсан "Эрх чөлөөний хонх" барих төсөл нь 1900 м.кв талбайд баригдахаар төлөвлөгдсөн байтал энэ төсөлд хамааралгүй 10099 м.кв газрыг дээрх төсөлд хамруулан газар эзэмшүүлэх нэг гэрчилгээгээр олгосныг манай компани хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар шийдвэрийн10099 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О****р нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тус дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаар дүүргийн Тамгын газарт "Эрх чөлөөний хонх"-ы цогцолбор барих зориулалтаар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж шийдвэрлсэн.

Дээрх цогцолбор барихаар төлөвлөгдсөн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зогсоолын зориулалтаар ашиглахаар төсөлд тусгагдсан байгаа болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд "Н******х ц*****н х****а" ХХК-ний орц, гарцыг эзэмшиж буй газрын баруун талаар төлөвлөсөн байх тул дүүргийн Засаг даргын 2014 оны А/488 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж орц, гарцыг хаасан гэх үндэслэлгүй байна.

Иймд "Н******х ц*****н х****а" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

Гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Манлай-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“..Тус дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаар "Эрх чөлөөний хонх" цогцолбор барих зориулалтаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Дээрх цогцолбор барихаар төлөвлөгдсөн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зогсоолын зориулалтаар ашиглахаар төсөлд тусгагдсан байгаа болно.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд "Н******х ц*****н х****а" ХХК-ийн орц, гарцыг эзэмшиж буй газрын баруун талаар төлөвлөсөн байх тул дүүргийн Засаг даргын 2014 оны А/488 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж орц, гарцыг хаасан гэх үндэслэлгүй байна.

Иймд "Н******х ц*****н х****а" ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 417 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийн дахин дуудлага худалдаа явуулах” тухай захирамжаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Буянт-Ухаа” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, Пе*******с ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд байршуулан худалдаа үйлчилгээний зориулалтаар 1.0 га газрыг дахин дуудлага худалдаанд оруулан иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 504 дүгээр захирамжаар 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны комиссын тэмдэглэлийн дагуу уг газрыг иргэн С.Бо********рт 15 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г иргэн С.Бо********ртай байгуулж, шилжүүлэн авах хүсэлт гаргасан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/563 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 504 дүгээр захирамжийн иргэн С.Бо********рт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-д  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Буянт-Ухаа” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, Пе*******с ХХК-ийн шатахуун түгээх станцын хойд талд байршуулан худалдаа үйлчилгээний зориулалтаар 1.0 га газрыг Худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 000300254 дугаар гэрчилгээ олгож, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулжээ. 

Нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК нь дээрх захирамжийг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1028 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны цогцолборыг эскиз зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар 2014 онд батлуулан, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 0001273 №76/2015 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.

Харин гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, Эрх чөлөөний хонх цогцолборын зориулалтаар олгож, 000434818 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг олгож, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актын 10099 м.кв-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, орц гарцыг хаасан, маргаан бүхий газарт эрх чөлөөний хонх цогцолбор биш нийтийн эзэмшлийн автозогсоол баригдахаар төлөвлөгдсөн байсан, Хан-Уул дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн захирамж гаргасан гэж тус тус маргажээ.

Гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Хан-уул дүүргийн Засаг даргын 2014 оны А/488 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол, хүсэлт гаргасан бөгөөд түүний хариуд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/3138 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид “...Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан газарт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг зөрчин дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газар нь тус журмын 2.1, 2.2, 2.2.1, 2.3-ыг зөрчсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бичиг баримтыг хянуулах албан шаардлага хүргүүлсэн” талаар хариу өгчээ.

Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02/3051 дүгээр албан бичгээр “...дээрх газарт дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн тус байршил дээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, уг газар нь авто зогсоол буюу нийтийн эзэмшлийн зам талбайгаар төлөвлөгдсөн, ...хийгдэж буй ажил нь батлагдсан зураг төсөлгүй тул холбогдох бичиг баримтаа шалгуулах” талаар тус тус Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж, мэдэгдэж байжээ.

Мөн нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-ийн хүсэлтэд хариу өгсөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/4396 дугаар албан бичигт “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Аюулгүйн шинэ тойрог болон түүний баруун хойно тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/488 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт эзэмшүүлсэн 10099 м.кв газар нь Буянт-Ухаа орон сууцны хорооллын 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар дээрээ орон сууц, үйлчилгээний барилгуудын ногоон байгууламж болон нэгдсэн авто зогсоол, газар доороо дулаан, цэвэр, бохир, цахилгаан, холбоо зэргийн үндсэн шугам явахаар төлөвлөгдсөн ба одоо байгаа дулаан, цэвэр, цахилгаан, холбооны шугамын хамгаалалтын зурвастай давхцаж байгаа” талаар дурдсан зэргээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.1-т “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасантай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “...Дүүргийн Засаг дарга нь энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус зааснаар хариуцагч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлэхдээ төлөвлөгөөнд тусгагдсан зориулалт болон шугам сүлжээ болон түүний хамгаалалтын зурвасыг зөрчсөн болох нотлогдож байна. 

Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан бөгөөд маргаан бүхий 10099 м.кв газар нь гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт зайлшгүй хэрэгцээтэй газар гэж үзэх үндэслэлгүй нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10/933 дугаар албан бичигт “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Сонсголон, Нисэх, Яармагийн авто замын тусгаарлах зурваст “Эрх чөлөөний хонх” байрлуулах асуудлаар 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудал эрхэлсэн комисс хуралдаж ... саналыг дэмжих боломжгүй” гэж үзсэн зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын хоёрдугаар бүлгийн 2.1, 2.2, 2.2.1, 2.3-т зааснаар төсөвт байгууллагад болон барилга байгууламж /эрх чөлөөний хонх/ барих зориулалтаар газар олгох, түүн дээр барилга байгууламж барих зөвшөөрлийг зөвхөн Нийслэлийн Засаг даргаас олгохоор заасныг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь зөрчсөн байхын зэрэгцээ маргаан бүхий захиргааны актаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газрын зориулалтыг зөрчиж, тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.  

Гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 12000 м.кв газар нь 1900, 10099 м.кв хэмжээтэй 2 тусдаа байрлалтай бөгөөд үүний 10099 м.кв хэмжээтэй газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээрээ барих гэж байгаа орон сууцны цогцолборын дэргэд авто зогсоолын зориулалттай төлөвлөгдсөн хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн орц гарцыг хааж байгаа болох нь тогтоогдож байхын зэрэгцээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” гэж заасныг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журам, 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тус тус зөрчиж олгогдсон байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байх тул “Н******х ц*****н х****а” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1,  70.2.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 21.2, 21.2.3, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/488 дугаар захирамжийн 10099 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Н******х ц*****н х****а” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн  81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОДМАА