Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 17

 

 

    2022          05           17                                      2022/ДШМ/17

 

Х.Батмягмарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Х.Батмягмарт холбогдох эрүүгийн 2236000000028 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ээж дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг 2-10 тоотод оршин суух,  урьд 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай, Тольтон бургууд ургийн овогт Хишигтын Батмягмар /ПЮ79041774/ регистрийн дугаартай,

2. Тольтон бургууд ургийн овогт Хишигтын Батмягмар нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Алтантуяад Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зарна, урьдчилгаа мөнгө шилжүүл гэж 2 удаагийн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, хохирогч Б.Алтантуяад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Х.Батмягмарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/120 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус ноцтой зөрчиж шийдвэр гаргасан байна.

Дээрх заалтуудаас дүгнэхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэх ба шүүгдэгчийг гэм буруутай бол Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэж байхаар хуульчилсан байхад шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор өөрийн дотоод итгэл үнэмшлийн дагуу дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг нь шүүхэд эргэлзээтэй байдлыг бий болгож байгаа. Гүйлгээний утгаас хамаарч гэмт хэргийн шинжийг тогтоохгүй. Залилах гэмт хэргийн шинжийн онцлог нь хохирогч сайн дураараа хөрөнгөө шилжүүлдэг. Мөнгөн шилжүүлгүүдийн хоорондох цаг хугацааны байдал болон хохирогчийн мэдүүлгийг анхаарч үзнэ үү.

Гүйлгээний утгын дагуу дүгнэлт хийж байгаа бол гэмт хэргийн шинжтэй байдал байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Хохирогчийн хувьд мэдүүлэг өгөхөд мөнгө асуудлыг ялгаж тайлбарлаж өгсөн гэх асуудлыг тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хохирогч, яллагдагчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээр залилах гэмт хэргийн хор уршгийн хэмжээ эцэслэн тогтоогдоогүй.

 Прокурор нь 3,000,000 гэмт хэргийн шинжтэй, бусад үндэслэлийг иргэд хоорондын зээлийн гэрээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Яллагдагчийн өгч байгаа мэдүүлгийн эх сурвалжийг нотлох ёстой. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журам хангагдсан эсэхэд нэг мөр дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.Батмягмарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

 1.Шүүгдэгч Х.Батмягмарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ”яллагдагчид ял оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, шүүгдэгч Х.Батмягмарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй”, гэх  үндэслэлээр Х.Батмягмарт холбогдох   хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.Алтантуяа 22 удаагийн үйлдлээр шүүгдэгч Х.Батмягмарын дансаар нийт 6.600.000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож хохирлын үнийн дүн зөрүүтэй байдал үүсэж байна.

 Хэрэгт хохирогч Б.Алтантуяа “Х.Батмягмар надаас цувуулж авсаар байгаад 4.800.000 төгрөг болгосон одоо энэ мөнгөө нэхэмжилж байна” гэж мэдүүлсээр байхад мөрдөгч энэ талаар шалгахгүй орхигдуулсан, хохирогч Б.Алтантуяагаас хэдэн төгрөгийг залилсан, хэдэн төгрөгийг зээлээр авсан эсэхийг тодруулаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч Х.Батмягмарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа түүнд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ.” гэх  заалттай нийцээгүй байна.

            5.Анхан шатны шүүх Х.Батмягмарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ховд аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд   Х.Батмягмарт холбогдох хэргийг хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүгчийн захирамжаар, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй  болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 6.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 7.Хэрэг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл Х.Батмягмарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож

ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/120 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Батмягмарт холбогдох эрүүгийн 2136000000028 дугаартай хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл М Х.Батмягмарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                               

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                         ШҮҮГЧ                                       Д.КӨБЕШ

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА