Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2015/0952/З |
Дугаар | 0442 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 0442
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ММНС” ХХК
Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Гуравдагч этгээд: “Хүлэгт монгол транс” ХХК, “Лүтайрөүд констракшн” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийн “ММНС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Толгод” нэртэй талбайд гаргасан ХА-019467-001-NE /NE-026471/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус тул “ММНС” ХХК-д “Толгод” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг үргэлжүүлэн явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах, 3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1093 тоот “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээс NE-0266493 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр нэртэй 407,59 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Лүтайрөүд констракшн” ХХК-д олгосон хэсгээс “ММНС” компанийн түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаж байгаа хэсэгт холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, 4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-027231 дугаарт бүртгэгдсэн “Хүлэгт монгол транс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг “ММНС” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хэсэгт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээд “Хүлэгт монгол транс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Толгод нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар ХА-019467-001-NE /NE-026471/ дугаартай өргөдлийг зохих журмын дагуу цахимаар дугаар аван 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай өргөдлийг хянан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэгт заасныг үндэслэн өргөдөлд дурдсан талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 849 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газарт гомдол гаргахад танай компани Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Толгод нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр хүсч өргөдөл гаргахдаа Засгийн газраас тогтоож, нийтэд мэдээлсэн талбайн солбицлоор гаргаагүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 849 тоот шийдвэрээр хайгуулын талбай олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэсэн хариу өгсөн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын энэхүү 849 тоот шийдвэр болон Ашигт малтмалын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9/9112 тоот нь хуулийн үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Толгод нэртэй газарт тусгай зөвшөөрөл хүсэн гаргасан өргөдөлд дурдсан талбайн хэлбэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.1 болон 17.3-т заасан шаардлага хангасан, Засгийн газраас тогтоосон талбайн солбицлоор гаргасан гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тавигдах шаардлагыг хуульчилсан. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан Толгод нэртэй талбай нь дөрвөн өнцөг хэлбэртэй, уртраг өргөргийн дагуух чиглэлтэй, шулуун шугамаар хүрээлэгдсэн бөгөөд тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгодсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай ямар ч давхцалгүй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 17.3-т мөн хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцлыг гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбай нь улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй хиллэж байгаа болон нуур цөөрөм, байгалийн тогтоц бүхий хэсэгтээ шулуун шугам биш байж болох тухай заасан байгаа. Өөрөөр хэлбэл хуулиар дээрх талбайтай хиллэсэн хэсэгтээ заавал шулуун шугам биш байж болох тухай заасан байгаа. Өөрөөр хэлбэл хуулиар дээрх талбайтай хиллэсэн хэсэгтээ заавал шулуун биш байж болно гэж зөвшөөрсөн заалт байгаа болохоос хориглосон ямар ч заалт энд байхгүй байна. Мөн манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан талбай нь Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан солбицол дотор гаргасан. Иймээс манай компанийн тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан “Толгод” талбайн солбицол нь Ашигт малтмалын 17.2, 17.3 зүйлүүдэд заасан өргөдлийн талбайн хэлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй, Засгийн газраас нийтэд мэдээлсэн талбайн солбицлоор гаргаагүй гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 849 тоот шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1093 тоот “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээс NE-0266493 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр нэртэй 407,59 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Лүтайрөүд констракшн” ХХК-д олгосон хэсгээс “ММНС” компанийн түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаж байгаа хэсэгт холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, 4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-027231 дугаарт бүртгэгдсэн “Хүлэгт монгол транс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг “ММНС” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хэсэгт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ММНС ХХК 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Тал нэртэй 200.00 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасан. Уг өргөдөл нь NЕ-026471 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд мөн өдрийн 11.26 цагт өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд танай гаргасан өргөдлийн талбай нь мөн хуулийн 17.2.1 дэх хэсэгт заасан дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх шаардлага болон 17.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаагүй байсан нь тогтоогдсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж заасныг үндэслэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Тал нэртэй 200.00 гектар талбайд “ММНС” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 680 дугаартай шийдвэр гарсан нь үндэслэлтэй байна. Энэ шийдвэрийн талаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/7994 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “ММНС ХХК 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Тал нэртэй 200.00 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргасан. Өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг тавьж үзэхэд 17.2.1-т дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй. Тухайн компани шулуун шугамтай биш олон өнцөгтэй зураг гаргасан. Нэгэнт шаардлага хангаагүй учраас боломжгүй гэж үзээд 2015 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 680 тоот шийдвэрээр татгалзсан хариу өгсөн. Энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул хүчингүй болгох боломжгүй юм. Мөн өргөдлийн эрхийг сэргээх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанид Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт 200 Га талбайд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан өдрөөс хойш “Лүтайрөүд констракшн” 10 дугаар сарын 20-ны өдөр тухайн 200 Га талбайтай давхцуулан нийт 400 Га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн. Өргөдлийг хүлээж аваад мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдсан. Энэ өргөдөл нь хуульд заасан шаардлагыг хангаж байсан тул тухайн аймгийн засаг даргад 68463 тоот мэдэгдэл хүргүүлсэн. Хэнтий аймгийн засаг дарга мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацаанд ирүүлсэн. Засаг дарга дэмжсэн тохиолдолд олгох заалттай тул 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр олгосон. Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт Хөндий нэртэй 80 м/кв талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Хүлэгт Монгол Транс” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Өргөдлийг хүлээж авахад хуульд заасан шаардлагуудыг мөн хангасан байсан. Хэнтий аймгийн засаг даргад санал хүргүүлсэн. Хэнтий аймгийн засаг дарга саналыг хүлээж авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасны дагуу дэмжсэн эсэх талаар хариу ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6-д хариугаа ирүүлээгүй бол дэмжсэнд тооцно гэж заасан тул 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Тал нэртэй 200 гектар талбайд ММНС ХХК-д ашигт малтмалын хайгуулйн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 680 дугаартай шийдвэр гарсны дараа тухайн талбайтай давхцуулан дараах 2 хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэж байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Бор нэртэй 408 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Лүтайрөүд констракшн ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Лүтайрөүд констракшн ХХК-ийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2,18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, эрэх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайшуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон буюу түрүүлж олгогдсон өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.
Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6/8463 тоот албан бичгээр мэдэгдлийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Хэнтий аймгийн Засаг дарга мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход дэмжсэн хариуг 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 9-1661 тоот албан бичгээр Кадастрын хэлтэст ирүүлсэн тул 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-019661 дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1093 дугаартай шийдвэрээр Лүтайрөүд констракшн ХХК-д олгосон.
Хэнтий аймгийн Бор-Өндөр нутаг дахь хөндий нэртэй 80.00 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “Хүлэгт монгол транс” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2,18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, эрэх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайшуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон буюу түрүүлж олгогдсон өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.
Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/9808 тоот албан бичгээр мэдэгдлийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч мөн хуулийн 19.4 дэх хэсэгт заасан хугацаанд саналыг ирүүлээгүй тул уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн гэж үзэж Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Хүлэгт монгол транс ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Тал нэртэй 200.0 геотар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дээрх нэгэнт олгогдсон 2 тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрүүлж гаргасан тул эдгээр тусгай зөвшөөрлүүдийн давхцаагүй хэсэгт өргөдөл гаргах эрхтэй бөгөөд хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн хэсэг бүрт актын биелэлтийг түдгэлзүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь хэсэгт хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах гэж заасан заалт нь нэхэмжлэгчид хамааралгүй заалт юм.
Нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь Тал нэртэй 200 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-026471 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 19.2.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нв хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Хүлэгт монгол транс” ХХК-ийн захирал Б.Эрдэнэболор нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай “Хүсэлт монгол транс” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын цахимаар өргөдөл хүлээж авах ажиллагаанд оролцож, дээрх ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгсөн.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр манай компанид Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөндий нэртэй газарт 80.34 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компани албан ёсоор эзэмших болсон.
Гэтэл хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан уг газарт маргаан үүсч шүүхээр асуудал шийдвэрлүүлэх хэрэг үүссэн явдалд манай компанийн зүгээс доорх тайлбарыг хүргүүлж байна.
Манай компанийн өргөдлөө өгөх үед тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, мөн тусгай зөвшөөрөл хүссэн ямар нэгэн аж ахуйн нэгж байгаагүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай компанийн хүсэлт гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд холбогдох зураг зүйн шүүлт хийсэн тэмдэглэлд тодорхой байгаа тул Ашигт малтмалын газраас холбогдох баримтуудыг гарган өгнө хэмээн итгэж байна.
Мөн шүүхэд нэхэмжлэл гаргагч “ММНС” ХХК нь манай компанийн Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш уг асуудлаар ямар нэгэн маргаан үүсгээгүй байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа маргаан үүсгэж байгаа нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд энэ маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Лүтайрөүд констракшн” ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Манай компани нь XV-019661 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг бүрдүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийг өгөхдөө Ашигт малтмалын газраас тогтоосон журмын дагуу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бид VPN төхөөрөмж ашиглан оролцож 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15:30-15:45 минутын дугаар авсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 15:30 минутад авсан дугаарын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өгөн бүртгүүлсэн. Кадастрын хэлтэст өргөдлийг хүлээж аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.3-ийн дагуу бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.4-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрхэ, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг материалыг хуулийн дагуу шалган үзэн зөрчилгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.2-т заасны дагуу манай өргөдлийг бүртгэж тэмдэглэн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэнд аймгийн Засаг даргаас дэмжих санал ирсэн. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай компанид Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл ирсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр XV-019661 тоот дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу хүлээж авсан. Иймд “Лүтайрөүд констракшн” ХХК-ийн зүгээс “ММНС” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад, нэхэмжлэгч “ММНС” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
“ММНС” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дахь 200 га хэмжээ бүхий “Толгод” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасаныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 849 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүсэлтэд дурдсан талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Хариуцагч “ММНС” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн “Толгод” нэртэй 200 га хэмжээ бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийхэд тухайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т заасан уртраг өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байна, 17.3-т ...өргөдөлд дурдсан талбайн дараах газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэх хуулийн зүйл заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх талаар харилцан тайлбар, үндэслэл гарган маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараах шаардлагыг хангасан байна, 17.2.1-т дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, 17.2.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, 17.2.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, мөн хуулийн 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэж тус тус заажээ.
“ММНС” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайн кадастрын зураг нь 17 дугаар зүйлийн 17.2.3-т заасан талбайтай хиллээгүй, 3 м зөрж байгаа нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан кадастрын зураг зэргээр тогтоогдож байх бөгөөд Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0.1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасанд нийцээгүй байх тул тухайн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-т заасан дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байна гэх шаардлага тавигдах нь үндэслэлтэй байна.
2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1093 тоот “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээс NE-0266493 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр нэртэй 407,59 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Лүтайрөүд констракшн” ХХК-д олгосон хэсгээс “ММНС” компанийн түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаж байгаа хэсэгт холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-027231 дугаарт бүртгэгдсэн “Хүлэгт монгол транс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг “ММНС” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хэсэгт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл “ММНС” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож, Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, ашиг сонирхол бий болоогүй байхад шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1093 тоот шийдвэрийн “Лүтайрөүд констракшн” ХХК-д олгосон хэсгээс “ММНС” компанийн түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаж байгаа хэсэгт холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, “Хүлэгт монгол транс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг “ММНС” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хэсэгт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь үндэслэлгүй юм.
Иймд “ММНС” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 849 дүгээр шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.1, 17.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “ММНС” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийн “ММНС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт орших “Толгод” нэртэй талбайд гаргасан ХА-019467-001-NE /NE-026471/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус тул “ММНС” ХХК-д “Толгод” талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг үргэлжүүлэн явуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1093 тоот “Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрээс NE-0266493 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр нэртэй 407,59 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Лүтайрөүд констракшн” ХХК-д олгосон хэсгээс “ММНС” компанийн түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаж байгаа хэсэгт холбогдох шийдвэрийг хүчингүй болгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн NE-027231 дугаарт бүртгэгдсэн “Хүлэгт монгол транс” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг “ММНС” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хэсэгт илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ