Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00667

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр

 ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00331 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 644 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч СИМ ХХК-д холбогдох,

36.912.292 төгрөг гаргуулах үндсэн,

31.736.251 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Тулгын гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь “СИМ” компанитай 2014.8.26-ны өдөр 2014010/1 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2014010/2 тоот “Засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр тээврийн хэрэгсэлд хяналтын системийн суурилуулалт, программ хангамж, үүнд GPS, түлш, даац хэмжигч, цахилгаан холболтын ажил гүйцэтгэхээр болсон. Гэрээний 2.3-т зааснаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гэрээний урьдчилгаа 20 хувь болох 34.912.292 төгрөгийг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь гэрээний 2.4-т зааснаар 70 ширхэг тээврийн хэрэгсэлд 2014.10.15-ны дотор GPS, түлш болон даац хэмжигч төхөөрөмж суурилуулах үүрэгтэй байсан ч ажилдаа хариуцлагагүй хандах, хугацаа алдах, төхөөрөмж нь тоо хэмжээнээсээ дутах зэргээр хариуцлагагүй хандсан тул хугацаандаа үүргээ биелүүлж ажиллахыг удаа дараа шаардсан. Гэрээнд заасан ажлыг чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгөх хугацаа болоход ямар ч үр дүн гараагүй тул захиалагч тал Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцлах шаардлагыг гүйцэтгэгч хүлээн авсан, гэрээ цуцлахтай холбогдуулан ямар ч тайлбар хийгээгүй. Нэгэнт үүргээ гүйцэтгээгүй тул захиалагч нь “СИМ” ХХК-д шилжүүлсэн 34.724.640 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс үүссэн хоногийн 0.2 хувийн алданги тооцож 2014.10.15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны алданги 2.187.632 төгрөг нийт 36.912.292 төгрөгийг “СИМ” компаниас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани машинд тоног төхөөрөмж суурилуулсан, түлш хэмжигчийг суурилуулсан. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд манай компанийн зүгээс маш их хэмжээний зардал гарсан. Захиалагч талын санаачлагаар гэрээ цуцлах болсон ч захиалагч удаа дараа тодорхойгүй байдлаар ажлыг хойшлуулах, тээврийн хэрэгслүүдийг бэлэн бус байлгах, ажилд явуулах зэргээр бидний ажилд байнга саад болж байсан. 2015.9.19-ний байдлаар нийт 19 машинд түлш, байршил заагч төхөөрөмжүүдийг суулгасан. 2014.9.19-ний өдөр цуцалж байна гэж мэдэгдсэн атлаа 2014.9.22-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээч гэсэн албан бичиг явуулсан байсан. Эдгээр байдлаас үзвэл Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь хэсэгт захиалагчийн буруугаас ажлыг хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон бол гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заасны дагуу манай компани гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зардлаа “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас нэхэмжлэх эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч тал нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан тул гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Учир нь аливаа гэрээг цуцалснаар гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, харилцан шилжүүлсэн эд хөрөнгө, төлбөрийн гүйцэтгэл нь буцаагдахгүй бөгөөд энэ хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын эрх зүйн үндэс нь хэвээрээ байдаг. Тийм ч учраас ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. Түүнчлэн захиалагч тал нь ажил үүргийн тогтсон хувиар, ажлыг хариуцсан тодорхой эзэнгүй зэрэг байдлаас бий болсон үр дагаврыг бидэнд тохож, гүйцэтгэсэн ажлыг үл тоож гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Захиалагч тал нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмж суурилуулах машиныг гаргаж өгөхгүй байх зэргээр ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөхгүй байсан ба манай компанийг дахиж ирэх хэрэггүй гэх зэргээр тодорхойгүй байдал үүсгэсэн. Бид энэ гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардагдах бараа, тоног төхөөрөмжийг “Чиноском” ХХК-тай гэрээ байгуулж зээлээр авсан, БНХАУ-с GPS төхөөрөмжийг захиалгаар оруулж ирсэн, 120 ширхэг түлшний датчикийг өөрийн үйлдвэрт хөгжүүлж үйлдвэрлэсэн, мөн программ хангамжийг боловсруулж, захиалагчийн шаардлагын дагуу хөгжүүлэлт хийсэн, үүнээс гадна 28 тээврийн хэрэгсэлд GPS болон түлшний датчик суурилуулсан, 72 ширхэг байршил тогтоогчийг суурилуултад бэлтгэж захиалагчид хадгалуулсан болно. Ажилчдын цалин, хоол, хүнс бусад зардал гэх мэт ажил гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардал тул Иргэний хуулийн 346 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах хүртэл хугацааны гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. СИМ ХХК нь эдгээр ажлыг гүйцэтгэхэд GPS-н захиалга, татан авалтын зардал 39.000.000 төгрөг, түлшний датчик үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн зардалд 16.402.000 төгрөг, бусад зардалд 5.445.755 төгрөг, ажилчдын цалин хөлс 5.080.000 төгрөг нийт 66.460.891 төгрөгийн зардал гаргасан бөгөөд манай компанид шилжүүлсэн гэрээний үнийн 20 хувь 34.725.640 төгрөгийг хасч үлдэгдэл 31.736.250 төгрөгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь заалтад захиалагч өөрийн буруугаас ажлын үр дүнг хүлээж аваагүй байх харилцааг зохицуулсан. Манай зүгээс гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгөхийг шаардсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд талуудын аль нэг нь гэрээний үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд захиалагч гэрээгээ цуцалсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00331 дүгээр шийдвэр гаргаж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “СИМ” ХХК-иас 17.994.640 төгрөг гаргуулж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 18.917.652 төгрөгийн нэхэмжлэл болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 31.736.251 төгрөг гаргуулахыг хүссэн “СИМ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.511 төгрөг, хариуцагчаас төлсөн 316.700 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “СИМ” ХХК-иас 247.923 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 644 дүгээр магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д зааснаар гэрээний үүрэг биелэгдсэнээр, эсхүл талууд гэрээг цуцалсаар дуусгавар болгохоор тохирсон байсан. Гэтэл захиалагч тал ажиллах боломж гаргаагүй бөгөөд шат шатандаа тодорхойгүй байдал үүсгэж, гэрээ ёсоор ажил гүйцэтгэхэд саад болж ирсэн. Бид энэ ажилд шаардлагатай бараа, тоног төхөөрөмжийг зээлээр авч 120 ширхэг түлшний датчикийг өөрийн үйлдвэрт хөгжүүлж, үйлдвэрлэсэн, мөн программ хангамжийг боловсруулж, захиалагчийн шаардлагын дагуу хөгжүүлэлт хийсэн, үүнээс гадна тус үйлдвэр дээр очиж 28 тээврийн хэрэгсэлд GPS болон түлшний датчикийг суурилуулах ажил хийсэн бөгөөд эдгээрийг гүйцэтгэхтэй холбогдуулан зэрэг ажил үйлчилгээг хийсэн бөгөөд эдгээрийг гүйцэтгэхтэй холбогдуулан ажилчдын цалин хөлс, үйлдвэрийн байр ашиглалттай холбогдох зардал, томилолт буудал, хоол хүнс, унааны зардал, уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бараа материал буюу багаж хэрэгсэл, холболтын кабль утас, хамгаалалтын хоолой гэх мэт бодит зардлуудыг зөвхөн уг ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан гаргасан. Түүнчлэн, захиалагч талаас Иргэний хуулийн 355.1, 355.2-т заасны дагуу гэрээг цуцалсан мөртлөө урьдчилгаа төлбөр болох 34.724.640 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь аливаа гэрээг цуцалснаар тухайн гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, харилцан шилжүүлсэн эд хөрөнгө, төлбөрийн гүйцэтгэл нь үгүйсгэгдэхгүй буюу буцаагдахгүй бөгөөд энэ хүртэл хугацаанд гүйцэтгэгдсэн ажлын эрх зүйн үндэс нь уг гэрээ хэвээр байдаг. Тийм ч учраас гэрээг цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. Дараах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: GPS-ийн захиалга, татан авалтын зардалд 39.533.136 төгрөг, түлшний датчик үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн зардалд 16.402.000 төгрөг, суурилалтын ажлын зардал, үүнд багаж төхөөрөмж, түлш, засвар үйлчилгээ, холболтын кабль утас, хамгаалалтын хоолой, мэдээлэл хамжуулах сим картуудын үнэ өртөг гэх мэт зардал 5.445.755 төгрөг, ажилчдын цалин хөлсний зардалд 5.080.000 төгрөг, нийтдээ 66.460.891 төгрөгийн  зардал гаргасан болно. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний  урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34.724.640 төгрөг, алданги 2.187.652 төгрөг, нийт 36.912.292 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын зардалд 31.736.250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг СИМ ХХК тус тус шүүхэд гаргасан байна. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, СИМ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

130 ширхэг тээврийн хэрэгсэлд хяналтын системийн суурилуулалт, программ хангамж, үүнд GPS, түлш, даац хэмжигч, цахилгаан холболтын ажлыг СИМ ХХК хийж гүйцэтгэх, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх талаар зохигчид бичгээр тохиролцсон зэргээс үзвэл талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан үүсээгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй  тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр тул уг гэрээний биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж нэхэмжлэлээс  хийсэн ажлын хөлс 16.730.000 төгрөг, алданги 2.187.652 төгрөг нийт 18.917.652 төгрөгийг хасаж, хариуцагчаас 17.994.640 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий байх бөгөөд хоёр шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байна.

Хяналтын шатны шүүхэд хариуцагч гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч компани бидэнд ажиллах боломж гаргаж өгөөгүй, гэрээ ёсоор ажил гүйцэтгэхэд саад болж, хугацаа алдуулсан байдал үүсгэхэд хүргэсэн...” гэж дурдсан боловч энэ нь хэрэгт буй баримтаар  тогтоогдоогүй  тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/00331 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 644 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 248.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ