Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 6

 

Б.Б- холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хохирогч З.С-, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 927 дугаар магадлалтай, Б.Б- холбогдох 1705003510489 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч З.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Халх боржигон овогт Б-н Б- .

Б.Б-  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г- тамгын газрын байрны нэгдүгээр давхарт иргэн З.С- хэрүүл маргаан үүсгэлээ гэж маргалдан зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.С-ийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор А.Намдагийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч З.С- гаргасан гомдолдоо  “... Цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд.

1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл буюу шүүхийн шийтгэх тогтоолд удирдлага болгодог зүйл заалтыг хэрэглэж Б.Б- холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

2. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотолгооны баримтуудыг шүүх хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй.

3. Шүүгдэгч Б.Б-  намайг С.Д- өрөөнд заамдан авч нүүрэн тус газар цохисон, түлхэж унагаасан, мөн коридорын цонхны дэргэд миний нүүрэн тус газар зүүн гараараа цохисон үйлдлүүдийн улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Өөр хэн нэгний үйлдэл, эс үйлдлээс болж надад гэмтэл учраагүй. Цагдаа Э.О-ын мэдүүлэгт ...намайг газар унасан тухай гэрчилдэг боловч Б.Б-  бид хоёрын хэн нь доор нь орж унасныг сайн санахгүй байна гэдэг. Мөрдөн байцаалтын явцад Б.Б-  газар унасан тухай огт мэдүүлдэггүй нь тухайн үед надаас өөр газар унасан хүн байхгүй болохыг хангалттай нотолж байна. Мөн түүнчлэн Б.Б-  болон гэрчээр байцаагдсан лам нарын тухайн үед гаргаж байсан үйлдэл шалтгаант холбоо нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдсэнд маш их гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож Б.Б- гийн гэм буруугийн асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаатар хэлсэн саналдаа “Хохирогч З.С-ийн гомдол үндэслэлтэй байна. Хэрэг бүртгэлтийн явцад хохирогч үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Цагаатгах тогтоол гарсанд гомдолтой байна. Камерын бичлэгт лам Б.Б-  нь зууралдаж, хохирогчийг цохисон болох нь бичигдсэн байдаг. Хэргийг хяналтын журмаар дахин хянаж үзнэ үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч нотлох баримтуудыг шүүх хэрхэн яаж няцааж, үгүйсгэсэн тодорхойгүй гэдэг энэ нь камерийн бичлэг болон 5 гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогддог. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 3 удаа, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 1  удаа нийт 4 удаагийн мэдүүлэгтээ 4 өөр янзаар мэдүүлдэг. Камерийн бичлэгт Б.Б-  нь хохирогчийг цохисон үйлдэл бичигддэггүй. Тиймээс цохилтын улмаас гэмтэл үүсээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Б-  нь хохирогч З.С- хэрүүл маргаан үүсгэлээ гэж маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь тухайн үед байсан гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Б.Б- г хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болжээ. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч З.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б- холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б-  нь хохирогч З.С-ийг зодож тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдоогүй гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Б- холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг,  камерийн дүрс бичлэгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж Б.Б- г цагаатгасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.

Гэрч Э.О, С.Д, Д.Э, Б.Д, Д.А нарын Б.Б-  хохирогчийн “нүүр рүү цохиогүй талаар” мэдүүлсэн мэдүүлгүүд болон 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн агуулга нь бодит бичлэгийн дүрслэлээс зөрүүтэй зэрэг яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр Б.Б-  нь З.С-ийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл хөдөлбөргүй тогтоогдоогүй байна гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Б.Б- холбогдох хэргийг цагаатган шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн талаарх хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангасны зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлийг удирдлага болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул зөвхөн уг хуулийн 36.8 зүйлийг баримтлан хэргийг цагаатгасан гэх гомдол үндэслэлгүй байна.      

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогч З.С-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 655 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 927 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч З.С-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН