Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 182/2023/02872/И |
Дугаар | 182/ШШ2024/01632 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/01632
2024 04 16 182/ШШ2024/01632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Г‑ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ҮЦТХТд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э,
Хариуцагчийн төлөөлөгч Х.Ө,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие ******* *******ны ******* ******* ******* ХХК /цаашид ҮЦТХТ ХХК гэх/‑д ******* *******ны өмчлөх эрх бүртгэлийн албаны хүлээн авах теллер 3 гэсэн ажлыг хийж байгаад гүйцэтгэх захирлын 2023.05.10-ны өдрийн Б/45 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.6‑д заасныг баримтлан эрх бүхий алба тушаалтан шаардсан, эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн гэдэг үндэслэлийг заасан. Бидний зүгээс тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаалд зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Сангийн яамны 2023.03.22-ны өдрийн 03/1627 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.17-ны өдрийн 3/01198 тоот албан бичгээр *******ийг ажлаас чөлөөлөхөөр эрх бүхий этгээд шаардсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Сангийн яам болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгүүд нь зөвлөсөн шинжтэй, анх ажилд томилогдоход шаардлага хангаагүй хүмүүс байвал олж тогтоож, хариу өгөх тухай байгаа.
Миний бие ҮЦТХТ ХХК‑нд худалдан авалт хариуцсан ажилтан байхдаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Одоо торгуулийн мөнгийг төлөөд явж байгаа бөгөөд 2 жилийн хугацаанаас 1 жил гаруй хугацаа нь дуусчихсан байна. Улмаар миний бие хавсран гүйцэтгэж байсан эрх бүхий албан тушаалтны ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.17-ны өдрийн 3/01198 тоот албан бичгийн хариуд тухайн үед байгууллагын гүйцэтгэх захирал нь эрх бүхий албан тушаалтан биш учраас үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой гэсэн хариу өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл миний бие ажлаас чөлөөлөгдөх үед эрх бүхий албан тушаалтан байгаагүй бөгөөд теллер 3‑ын ажил бол гүйцэтгэх ажилтанд хамаарна. Тиймээс миний хувьд хөдөлмөрийн харилцаагаа үргэлжлүүлээд явах боломжтой байсан. Мөн дээрээс нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар намайг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд хамаарахгүй, тушаал дээр энэ талаар үг, үсэг байхгүй. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул теллер 3‑ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын гүйцэтгэх захирлын гаргасан 2023.05.10ны өдрийн Б/45 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, Сангийн яамны 2023.03.22-ны өдрийн 03/1627 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.17-ны өдрийн 3/01198 тоот албан бичгээр *******ийг ажлаас чөлөөлөхөөр эрх бүхий этгээд шаардсан гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь манай байгууллагын худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тухайн үеийн гүйцэтгэх захирал *******, ТУЗ‑ийн гишүүн *******, ерөнхий нягтлан бодогч нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг комьпютерийг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ТУЗ‑ийн дарга *******ийн эзэмшлийн Титан софтвейр ХХК‑ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг *******гийн үүрэг даалгавраар бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018.12.26‑ны өдөр 25,350,000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж, бусдад давуу байдал олгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож, торгуулийн ялаар, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаар шийтгүүлсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ шийтгэх тогтоолд *******ийн ажил, албан тушаалыг нийтийн албан тушаал болохыг дүгнэсэн. *******ийн одоогийн ажил, албан тушаал ч нийтийн албан тушаал мөн гэж үзсэн.
*******ийн хувьд тухайн үедээ ажлаас чөлөөлөгдөх байтал өнөөдрийг хүртэл ажиллаад явж байна, эрүүгийн ял шийтгэл нь нийтийн албанд 2 жил ажиллах эрхийг хассан, энэ хугацаа дуусаагүй байна, торгуулийн мөнгийг төлөөд явж байгаагаа нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Нэхэмжлэгч ******* ял шийтгүүлэхдээ ажил олгогчийн эсрэг үйлдэл гаргасан, тендерийн үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилтэй ажилласан, үүний улмаас байгууллагад хохирол учруулсан байгаа, тухайн үедээ ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан этгээд өнөөдөр байгууллагад ажилласаар байх нь зохимжгүй юм. Сангийн яам ҮЦТХТ ХХК‑ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд тэрээр ЗГХЭГ‑ын албан бичгийн дагуу холбогдох ажиллагаа явуулж, хариу мэдэгдэхийг үүрэг болгох эрхтэй, эрх бүхий этгээд мөн. ЗГХЭГ‑ын албан бичигт зааснаар шүүр ажиллагааны дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтны илрүүлж, түүнээс салах, чөлөөлөх ажиллагааг эхлүүлж байгааг тодотгосон байгаа. Тийм учраас ҮЦТХТ ХХК нь ЗГХЭГ‑ын албан бичиг, Сангийн яамны албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүдийг тус тус үндэслэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.6‑д зааснаар эрх бүхий албан тушаалтан шаардсан, ял шийтгүүлсэн нь тогтоогдсон үндэслэлээр *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,
Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023.06.06‑ны өдрийн 02/444 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.06.26‑ны өдрийн 49 тоот хуралдааны шийдвэр, гүйцэтгэх захирлын 2023.05.10‑ны өдрийн Б/45 тоот тушаал зэргийг, 2024.02.22‑ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар,
2023.04.07‑ны өдрийн 01/656 тоот албан бичиг, 2023.04.06‑ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 дугаар тоотын дагуу хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.17‑ны өдрийн 3/01198 тоот албан бичиг, Монгол улсын Сангийн яамны 2023.03.22‑ны өдрийн 03/1627 тоот албан бичиг, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17‑ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирлын 2021.03.15‑ны өдрийн Б/12 тоот ажилд томилох тухай тушаал, 2023.04.06‑ны өдрийн мэдэгдэх хуудас, гүйцэтгэх захирлын 2021.06.30‑ны өдрийн Б/59 тоот тушаал, 2023.03.09‑ний өдрийн Б/18 тоот тушаал, 2023.03.06‑ны өдрийн *******ийн хүсэлт, 2022.04.14‑ний өдрийн Б/31 тоот тушаал, хавсралт, компанийн дотоод журам, хавсралт, компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30‑ны өдрийн 483 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.20‑ны өдрийн 915 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.23‑ны өдрийн 787 дугаар тогтоол, ҮЦТХТ ХХК‑ийн 2023.01.31‑ний өдрийн 01/168 тоот албан бичиг гэсэн баримтуудыг,
2024.03.07‑ны өдрийн 4430 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.17‑ны өдрийн 3/01198 тоот албан бичиг, ҮЦТХТ ХХК‑ийн 2024.03.22‑ны өдрийн 01/445 тоот албан бичиг, 2023.06.08‑ны өдрийн 01/1127 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******ны ******* ******* ******* ХХК /цаашид ҮЦТХТ ХХК гэх/‑нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...миний бие ҮЦТХТ ХХК‑нд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн байх үедээ тендерийн үйл ажиллагаанд бусдад дэмжлэг үзүүлж оролцсон гэж буруутгагдан ял шийтгүүлсэн хэдий ч теллер 3-ын ажлыг хийж байсан, мөн хавсран гүйцэтгэж байсан эрх бүхий албан тушаалтны ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн, теллер 3‑ийн ажил нь эрх бүхий албан тушаал биш, Сангийн яамны албан бичиг, ЗГХЭГ‑ын албан бичиг нь эрх бүхий этгээд ажлаас чөлөөлөхийг шаардсан шийдвэр биш, иймд намайг эрх бүхий албан тушаалтан байхдаа ял шийтгүүлсэн үндэслэлээр одоогийн ажлаас чөлөөлж байгааг зөвшөөрөхгүй, иймд ажилдаа эргэн орох, цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...нэхэмжлэгч ******* нь манай байгууллагад худалдан авах ажиллагааны мэргэжилтэн байх үедээ ял шийтгүүлсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, байгууллагын эсрэг ашиг сонирхол хэрэгжүүлж, байгууллагад хохирол учруулсан этгээд, түүний үндсэн болон нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй байна, тийм учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулахаар манай байгууллагад албан бичиг ирүүлсэн, тийм учраас эрх бүхий этгээдэд хамаарна, мөн Сангийн яам нь манай байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч учраас ЗГХЭГ‑ын ХЭГ/595 тоот албан бичгийн дагуу зохих шалгалтыг явуулж, хариу мэдэгдэхийг шаардах эрхтэй этгээд, ******* нь нийтийн албанд 2 жилийн хугацаанд ажиллах эрхгүй байхад тус байгууллагад теллер 3‑ын ажлыг хийх нь зохимжгүй, тийм учраас эрх бүхий этгээд шаардсан, ял шийтгүүлсэн үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Хариуцагч ҮЦТХТ ХХК‑ийн гүйцэтгэх захирлын 2021.03.15‑ны өдрийн Б/12 тоот тушаалаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ҮЦТХТ ХХК‑ийн Захиргаа санхүүгийн албанд захирлын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэх захирлын 2021.06.30‑ны өдрийн Б/59 тоот тушаалаар компанийн Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.
Улмаар нэхэмжлэгч ******* нь гүйцэтгэх захирлын 2022.04.14‑ний өдрийн Б/31 тоот тушаал, хавсралтаар компанийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ******* *******ны өмчлөх эрх бүртгэлийн албаны харилцагч хүлээн авах, теллер 3‑ын ажилд томилогдсон байх ба, зохигчдын хооронд 2022.06.15‑ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, албан тушаалын тодорхойлолтод зааснаар өмчлөх эрх бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой журам, бусад холбогдох журам зааврыг мөрдөж ажиллах, мэдээ тайлан, судалгаа, гүйлгээг цаг тухай бүр үнэн зөв хийж албаны үйл ажиллагааг шуурхай явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
Харин нэхэмжлэгч ******* нь 2023.03.06‑ны өдөр хүсэлт гаргаснаар гүйцэтгэх захирлын 2023.03.09‑ний өдрийн Б/18 тоот тушаалаар хавсран гүйцэтгэж байсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба, ******* *******ны өмчлөх эрх бүртгэлийн албаны теллер 3‑ын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад 2023.04.06‑ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээн авч танилцсан, гүйцэтгэх захирлын 2023.05.10‑ны өдрийн Б/45 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Хариуцагч ҮЦТХТ ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 83.6-д зааснаар дээрх тушаалын нэг хувийг нэхэмжлэгч *******д танилцуулж хүлээлгэн өгсөн, түүнтэй эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичиг, цалин хөлсний талаар холбогдох тооцоог хийсэн талаар зохигчид маргаангүй.
4.Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг зөвшөөрөхгүй Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт гомдол гаргасан байх ба, тус байгууллагаас ...нэхэмжлэгч *******ийн ******* *******ны өмчлөх эрхийн бүртгэлийн албанд харилцагч хүлээн авах теллер 3 гэсэн албан тушаал нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т зааснаар гүйцэтгэх ажилтны ангилалд хамаарахаар байна. ...Иймд тушаалаа дахин хянан үзэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, мэдээллээ ирүүлнэ үү... гэсэн агуулга бүхий 2023.06.06-ны өдрийн 02/444 тоот албан бичгийг хариуцагч ҮЦТХТ ХХК-нд хүргүүлсэн байна. Хариуцагч ҮЦТХТ ХХК нь 2023.06.08-ны өдрийн 01/1127 тоот албан бичгээр ... нь ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо эсхүл шүүхийн байгууллагад хандах эрхтэй... гэсэн агуулга бүхий хариуг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлж байжээ.
Хариуцагч ҮЦТХТ ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч *******ийг ажлаас чөлөөлсөн 2023.05.10‑ны өдрийн Б/45 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.6, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, компанийн дүрмийн 8.10.9, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.4.13 дахь заалтыг удирдлага болгож,
нэхэмжлэгч ******* нь компанийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30‑ны өдрийн 483 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.20‑ны өдрийн 915 дугаар магадлалаар тус тус тогтоогдож, шийтгэх тогтоол нь 2023.01.12‑ны өдөр хүчин төгөлдөр болсныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.17‑ны өдрийн 3/01198 тоот албан бичгээр ирүүлсэн, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17‑ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичиг, Сангийн яамны 2023.03.22‑ны өдрийн 03/1627 тоот албан бичгүүдээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигатай тэмцэх, авлигыг таслах зогсоох, нийтийн алба, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зорилтыг өөрийн эрхэлсэн салбар, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд авлига, албан тушаалын гэм хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүдийг олж тогтоон, хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллага шаардсан... гэсэн үндэслэлийг заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.4, 78.1.6‑д зааснаар эрх бүхий байгууллага шаардсан, ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох, ажилтныг ажлаас чөлөөлсөн үйл баримт, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хууль зүйн үндэслэл хоорондоо тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.
5.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгээс үзвэл, Монгол улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбоотой авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байх ба, үүний нэг болох авлигатай тэмцэх Шүүр ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангах үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн алба, төрийн өмчийг шимэгчид-ээс салгах ажлыг эхлүүлэх зорилготой, тус албан бичигт дурдсан ...хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ...Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэрэг 11 тохиолдлыг зөрчиж томилогдсон этгээдийг шалган тогтоож, 2023.04.06-ны өдрийн дотор ажлаас нь чөлөөлж, 2023.04.10-ны өдрийн дотор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариу ирүүлэх чиглэлийг ҮЦТХТ ХХК-нд өгсөн байна.
Дээрх албан бичгийн дагуу Монгол улсын Сангийн яам нь 2023.03.22-ны өдрийн 03/1627 тоот Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичгийн талаар байгууллага дотроо уг ажлыг зохион байгуулж, авсан арга хэмжээний талаар 2023.04.06-ны өдөр хариу мэдэгдэх агуулга бүхий албан бичгийг ҮЦТХТ ХХК-нд хүргүүлсэн байх ба, компанийн дүрмийн 1.8, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Сангийн яам нь ҮЦТХТ ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч байна.
Сангийн яамны энэхүү чиглэлийн хүрээнд хариуцагч ҮЦТХТ ХХК нь 2023.04.06-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байх ба, энэхүү тайланд дурдсанаар гүйцэтгэх захирлын 2023.03.27-ны өдрийн А/08 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан ажилласан, компанийн нийт ажилтнуудын дунд хурал хийж, ХЭГ/595 тоот албан бичгийг танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг ажилчдын зөвшөөрлийг үндэслэн авсан, эрх бүхий байгууллагуудаас лавлагаа авсан, лавлагаа өгөхөөс татгалзсан ажилтан ******* нь эрүүгийн ял шийтгүүлсэн болох нь тогтоогдсон, түүнд ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн гэжээ.
6.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.20-ны өдрийн 915 дугаар магадлалаар,
******* нь ҮЦТХТ ХХК-ийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу гүйцэтгэх захирал *******, ТУЗ-ийн гишүүн *******, ерөнхий нягтлан бодогч нартай бүлэглэн байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсан албан ажлын хэрэгцээнд ашиглагдах 13 ширхэг компьютерийг худалдан авах үйл ажиллагааг 2018 оны 11 сард зохион байгуулахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, ...Саммит компьютер технологи ХХК-ийг шалгаруулсан байхад үнийн саналыг хугацаа хоцруулж ирүүлсэн, шалгаруулалтад оролцоогүй, шалгаруулалтын шаардлага хангаагүй, тус компанийн ТУЗ-ийн гишүүн Ганзоригийн эзэмшлийн компани болох Титан софтвейр ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан баримтыг *******гийн үүрэг даалгавраар бүрдүүлж, гэрээ байгуулалгүйгээр 2018.12.26-ны өдөр 25,350,000 төгрөгийн санхүүжилтийг олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран гүйцэтгэсэн буруутай болох нь тогтоогдож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүхийн шүүгчийн хуралдааны 2022.11.23-ны өдрийн 787 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, шийтгэх тогтоолд дурдсан нэхэмжлэгч *******ийн гэм буруутай үйлдлийн талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023.01.17-ны өдрийн 3/01198 дугаартай албан бичгийг ҮЦТХТ ХХК-нд хүргүүлсэн байх ба, уг албан бичиг нь ...эрх хасах ялтай *******д холбогдох шийтгэх тогтоол нь 2023.01.12-ны өдөр хүчин төгөлдөр болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааны дагуу мэдэгдлийг хүргүүлж байна, хуульд заасан арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү... гэсэн агуулгатай.
Хариуцагч ҮЦТХТ ХХК нь энэхүү албан бичгийн хариуд ...******* нь ҮЦТХТ ХХК-нд харилцагч хүлээн авах теллерийн ажил гүйцэтгэдэг учраас ...компанийн эрх бүхий албан тушаалтны ангилалд хамаарахгүй байна. Иймд *******ийг гүйцэтгэх ангиллын алба тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байна... гэсэн агуулга бүхий 2023.01.31-ний өдрийн 01/168 тоот албан бичгийг хүргүүлж байжээ.
8.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч ******* нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.30-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон, энэхүү шийтгэх тогтоол нь 2023.01.12-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байна.
Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь дурдсан шийтгэх тогтоолын талаар хариуцагч ҮЦТХТ ХХК-нд мэдэгдсэн ба, тус байгууллага нь хуулийн 177.2-т зааснаар эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байхад, уг үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******д оногдуулсан 6,000,000 төгрөгийн торгуулийн ял, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацаа дуусаагүй байхад түүнийг хавсран гүйцэтгэж байсан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, тайлагнах эрх бүхий албан тушаалтны ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, тухайн байгууллагад буюу ******* *******ны өмчлөх эрх бүртгэлийн албаны теллер 3-ын ажилд томилон ажиллуулж байсан нь дурдсан хуулийн зохицуулалтуудад нийцэхгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, хариуцагч ҮЦТХТ ХХК нь 100% төрийн өмчит компани байх бөгөөд тэрээр үнэт *******ны зах зээлд оролцогчдын хадгалагдаж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон үнэт *******ны төлбөр тооцооны үүргийн биелэлтийг шуурхай, тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллах үндсэн чиг үүрэгтэй, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үнэт *******ны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, үнэт *******ны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа, үнэт *******ны ******* ******* үйл ажиллагаа, кастодианы үйл ажиллагаа, үнэт *******ны төлбөрийн үйл ажиллагаа буюу төрийн үйлчилгээг нийт иргэдэд үзүүлдэг нийтийн алба гэж үзэхээр байх ба, нэхэмжлэгч ******* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хариуцагч ҮЦТХТ ХХК-нд ажиллах боломжгүй, 2 жилийн хугацаанд нийтийн албанд эргэн томилогдох эрхээ хязгаарлуулсан этгээд байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн хэрэгжилтийг хангах, байгууллага дотроо холбогдох ажиллагаа явуулж, хариу мэдэгдэхийг шаардах эрх бүхий этгээд болох Сангийн яам, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулах эрх бүхий этгээд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, шаардлагын дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд болох *******ийг ажлаас нь чөлөөлсөн хариуцагч ҮЦТХТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.05.10-ны өдрийн Б/45 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.6-д заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд *******ийг урьд эрхэлж байсан ******* *******ны өмчлөх эрх бүртгэлийн албаны харилцагч хүлээн авах, теллер 3‑ын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар болсон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудад ытухайлан дүгнэлт хийх шаардлагагүй, үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7‑д зааснаар ******* *******ны ******* ******* ******* ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5‑д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА