Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2024/01348

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 04 181/ШШ2024/01348

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: ПЭ ХХК  хүсэлттэй,

 

ПЭ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ПЭ ХХК-ийн өмгөөлөгч М.Ц, нэхэмжлэгч В.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Д.Б, хэрэг гүйцэтгэгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ПЭ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551.1, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу тус компани нь 63,759,751 төгрөгийн үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг гаргаж байна.

Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: ПЭ ХХК нь 2007 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 гишүүнтэйгээр үндсэн үйл ажиллагаа нь тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх, мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр олгосон Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан.

Одоо байгаа хувьцаа эзэмшигч компанийн эрхийг шилжүүлэн авахдаа тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан боловч тусгай зөвшөөрөл сунгагдаагүй цаашид үйл ажиллагаа явуулах, компанийг удирдан ажиллах чадвар, чадамжгүй болсон. Тэгээд ч Монгол Улсын өнөөгийн нийгэмд үйл ажиллагаа явуулах эдийн засгийн нөхцөл байхгүй, Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал, түүнчлэн Монгол Улсын хилийн боомт хаалттай зэрэг нөхцөл байдлууд нь нөлөөлж байна.

Улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй 5122414 регистрийн дугаартай ПЭ ХХК-ийн хувьд Тэсэлгээний ажил үйл ажиллагаа явуулж байх явцад ПЭ ХХК-ийн тэсэлгээний мэргэжилтэн тухайн үед гүйцэтгэх захирал н.М нь 2020  оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан. Нас барсан өдрийн маргааш нь ПЭ ХХК-ийн тэсэлгээний агуулахад тэсрэх бодис дэлбэрч,  тэсэлгээний агуулах,  дээрээс нь  тэсэлгээний агуулахын үүдэнд байсан машин тэрэг гээд бүхэлдээ тэсэлгээнд өртсөн. Үүнтэй холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагаас шалгаад тус тус дүгнэлтүүд гарсан. ПЭ ХХК-ийн тэсэлгээний ажлыг гүйцэтгэж байх явцдаа санхүүгийн тайлан тооцооллоор идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Үйлдвэрлэлийн осолтой холбоотой байгууллагын хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагаа буюу тэсэлгээний үйл ажиллагаа нь хийгдэх боломжгүй болсон. Тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт, цагдаагийн байгууллагын нотлох баримтад үндэслэн цаашид тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэдэг үүднээс ПЭ ХХК-ийн үйл ажиллагаа  зогссон.  2021 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Энэ компани төлбөрийн чадваргүй болох гол нөхцөл нь үйлдвэрлэлийн осолтой холбоотой  мөн корона вирус буюу ковидын нөхцөл байдал үүссэн. Тэсэлгээний холбогдох хэрэгсэл, үйлчилгээний материалууд бүгд  урдаас орж ирдэг, гаднаас авдаг  учраас хил гааль, боомтын үйл ажиллагаа хаасантай холбоотой цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй болсон байгаа. Тийм учраас ПЭ ХХК-ийг татан буулгаж, төлбөрийн чадваргүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. Бусдад төлөх төлбөр ПЭ ХХК-ийг 62,875,751.17 төгрөгийн төлбөрийн чадвараар гүйцэтгэх чадваргүй болохыг тооцуулах хүсэлтэй байна. Задаргааг нь хэлэх юм бол Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 13,186,413.17 төгрөг.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэгч В.Гд 49,639,338 төгрөг тус тус төлбөрийн чадварын үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон тул хуулийн этгээдийг татан буулгасанд тооцож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг нийтэд мэдээлсэний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус хэлтсийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ПЭХХК-ийн хүсэлттэй танай шүүхэд хянагдаж байгаа дампуурлын хэрэгт холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна. ПЭ ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2019 оноос 2020 оны хооронд дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын 13,186,413.170 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 29.2-т татвар ногдох орлогыг төлж, тайлагнах хугацааг заасан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2, 7.1.1 албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг төрлөөр нь зааж өгсөн байгаа. ПЭ ХХК-ийн тайлагнасан нэмэгдүүлсэн албан татварын тайландаа нийт борлуулалтын орлого нь 167,002,019 төгрөг, 2019 оны тайлан дээр 167,399,897 төгрөг гэж тайлагнасны дагуу НӨАТ дээр үүссэн өр төлбөр нь 13,186,413.17 төгрөг. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн тайлангийн үзүүлэлтийг харахад баланс нь 2019 оны 4 дүгээр улиралд борлуулалтын орлого нь 1,301,000,000 төгрөг дээр бараа бүтээгдэхүүний өртөг нь 1,288,000,000 төгрөг,  ашиг нь 12,000,00 төгрөг гэж  үзүүлэлт гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган татварын өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэв. 

 

3. Нэхэмжлэгч Д.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Гантулга нь 1992 онд төрсөн. Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Би 2017 онд "ПЭ" ХХК-д "Тэсэлгээний удирдлагын инженер"-ээр ажилд орсон. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байдаг "Наранмандал интерпрайкес" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 84 хувь алдсан. Тус ослоос болж нэг нүд сохорсон, нөгөө нүд гэгээ төдийг хардаг бөгөөд хүний царай ч ялгаж харж чаддаггүй болсон. Баруун гарын 4 хуруугаа тайруулсан, зүүн гарын хоёр 2 хуруу хугарсан, 2 чихний хэнгэрэг цоорсон, өрөөсөн төмсөг дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болж авхуулсан, өвдөг, 2 гар, цээж, нүүр, гавлын ясандаа тултал төмрийн үртэс шигсэн, өрөөсөн талд уйланхай үүссэн гэх мэт бэртэл гэмтэл, өвчинтэй насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Одоо тархи толгой байнга өвддөг, өвчин намдаадаг, эм болон үрэвслийн эсрэг тариа байнга хэрэглэдэг болсон. Гэгээ муу харж байгаа өрөөсөн нүд минь улам муудаж, энэ байдлаасаа болж санаа, сэтгэлээр маш их унаж байна. Энэ ослын талаар Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 онын 08 сарын 06-ны өдрийн 05-06-017/17 дугаартай "Нөхөн төлбөр олгуулах" тухай акт гарсан, тус актаар "ПЭ ХХК-иас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу 18 сарын дундажтай тэнцэх нөхөн төлбөр 19 246 446 төгрөгийг нэг ба түүнээс дээш удаа олгохыг даалгасан боловч одоог хүртэл өгөөгүй. Би цаашид хэзээ ч хэвийн байдалдаа эргэж орохгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ны Өдрийн дугаар 182/ШШ2021/02547 тоот шийдвэрээр 50 573 338 төгрөг гаргуулахаар,

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ны өдрийн дугаар 386 Магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 49 639 338 төгрөгийг эцсийн байдлаар Шүүхийн шийдвэрээр /49 639 338 дөчин есөн сая зургаан зуун гучин есөн мянга гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тус байгууллага энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад компанийн хувьцаа эзэмшигчээ ямар ч төлбөрийн чадваргүй Чүлтэмийн Чимэд гэх хүний нэр дээр 2022 оны 03 сарын 18 ны өдөр буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шилжүүлж, улмаар бидэн мэдэгдэхгүйгээр шүүхэд ПЭ гэх компанийг дампууруулахаар шүүхэд хандсан байгаа нь үнэхээр хүний үнэргүй, миний хувь заяа болон, миний гэр бүл гурван хүүхдийн хувь заяагаар тоглосон, бидэнд төлбөрөө өгөхгүйн тулд зохиомлоор дампууруулсан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна. Нэгэнт шүүхээс тус хэрэгт дампуурлын хэрэг үүсгэн шалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор өмнө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд "ПЭ ХХК-ийн гаргасан Төлбөрийн чадваргүй болохыг тогтоолгож, дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй хэрэгт нэхэмжлэгчээр оролцуулах, Шүүхээр шийдвэрлэгдсэн гэм хорын хохирол /49 639 338 дөчин есөн сая зургаан зуун гучин есөн мянга гурван зуун гучин найман мянга/ төгрөгийг "ПЭ" ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

4. Хэрэг гүйцэтгэгч Ж.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэгчийн дүгнэлтээ гаргасан. Нэхэмжлэлийн анхны магадлан санал болгосноор  би  хэрэг гүйцэтгэгчээр ажилласан. Энэ дунд ПЭ ХХК-ийг судлаад үзэхээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 7 дугаар дүүрэг, Оргил старын 58.22 тоотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Цаашдаа Сүхбаатар дүүрэг рүү шилжин ирээд үйл ажиллагаагаа явуулж байсан. Ц.Майнболд гэдэг хүн 2020 оны 01 дүгээр сарын 18-нд нас барж, өвлөх эрхээр энхэрт нь шилжсэн боловч хувьцаа эзэмшигчээр 2022 оны 03 дугар сарын 18-нд Ч.Чимэдэд шилжүүлсэн байна.  Дүрмийн сан 1 сая төгрөг байдаг. Санхүүгийн тайланг үзэхэд санхүүгийн тайланд мөнгө гарч ирээгүй. Саяны 16,272.20 төгрөг Голомт банканд  гарч ирсэн. Ингээд бүх албан газруудаас лавлагаануудыг авсан. Авто тээврийн үндэсний төв дээр тээврийн хэрэгсэл гарч ирсэн.

Үүнд үндэслээд хөдөлмөрийн чадварын талаарх дүгнэлт нь Санхүүгийн үзүүлэлтийн Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доош хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг энэ үүргийг 2019 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон юм байна. Өр төлбөр нь 16,783,000 төгрөг болж алдагдалтай ажилласнаас болж өөрийн хөрөнгийн 933%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна гэсэн дүгнэлт гарч ирсэн. Бид нар шинээр 19 байгууллага, 11 банкнаас лавлагаа авч бүх зүйлийг гаргаж үзсэн. Эндээс урьд нь байсан машин техник хэрэгслүүдийг нь бүгдийг нь шалгаж үзсэн. Шалгаж үзсэн машин техник хэрэгслүүд дээр 5 техник хэрэгсэл гарч ирсэн. Дампуурлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл дээр байсан хүчин төгөлдөр бус хэлцлүүд байна уу гэж шалгаж үзсэн 5 машины 3 нь тэр хугацаанд хамаарч байна. Өөрийн хамаатан саданд шилжүүлж үү гэдгийг шалгаж үзсэн. Үүнийг нь шүүхийн лавлагаагаар удаа дараа явуулаад шүүхийн лавлагаагаар үзэхэд өөрийнхөө нэр дээр хувьцаа эзэмшигчийн ямар нэгэн хамаарал бүхий этгээд биш юм байна гэсэн хариу гарч ирсэн. Садан төрлийн холбоотой хүмүүс биш байна гэсэн. Тийм учраас хөрөнгө мөнгө байхгүй байна. Түрүүн нэхэмжлэгчийн асууж байсан Дампуурлын тухай хуулийн 19 дэх зүйлийг бүгдийг нь шалгасан. Тэр нь юугаар нотлогдож байна гэвэл Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэр гарсан. Энэ нь Нийслэлийн шүүхээр баталгаажаад  В.Г асуудал нь шийдвэр гүйцэтгэл дээр 2022 оноос хойш өдий хүртэл явсан байна. Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага түрүүний хэлдэг иргэдийн бүх дансыг болон энэ компанитай холбоотой бүх хөрөнгүүдийг нь бүгдийг нь авч шийдвэрлээд  В.Г өр төлбөрт барагдуулж, төлөх ёстой. Гэтэл энэ хугацаанд ажиллаж нэхэмжлэлд төлөх мөнгө, хөрөнгө гарч ирсэнгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шалгаж үзсэн байдаг.  Нэхэмжлэгчийн хувьд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн газарт 13,2 сая төгрөг буюу 21 хувийг эзэмшдэг, В.Г орж ирснээрээ 49,6 сая төгрөг буюу 79%-ийн эзэмшдэг. Нийлээд 62,8 сая төгрөгийн нэхэмжлэлтэй. Энэ хугацаанд янз бүрийн хөрөнгүүд гээд бусад зүйлийг нь шалгаж үзэхэд хөрөнгө, мөнгө гарч ирээгүй тул Дампуурлын тухай хуулийн 22.3.1 дэх хэсэгт  заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул Дампуурлын тухай хуулийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэлтэй болсон байна гэж үзэн хариуцагчийг татан буулгах санал гаргаж байна гэв.

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн болон хэргийн оролцогч нараас гаргасан нотлох баримтын тухайд:

5.1 Хүсэлт гаргагч ПЭХХК-иас гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх4/, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх5-7/, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 115 дугаар Уул уурхайн яамны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /хх-8/, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 159 дугаар Уул уурхайн яамны Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл /хх9/, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2021/0001 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх10-12/, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 386 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх13-15/, хуулийн этгээдийн 2019 оны 4 дүгээр улирлын тайлан /хх16-35/, хуулийн этгээдийн 2020 оны 4 дүгээр улирлын тайлан /хх36-75/, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн аж ахуйн нэгж орлогын албан татварын тайлан /хх76-79/, 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн аж ахуйн нэгж орлогын албан татварын тайлан /хх80-83/, Монголын татварын албаны аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт /хх84-85/, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ПЭ ХХК-ийн М.Цд олгосон итгэмжлэл /хх93/, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ПЭ ХХК-ийн А.Оюун-Эрдэнэд олгосон итгэмжлэл /хх106/, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны 93 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа /хх107/,

 

5.2 Нэхэмжлэгч В.Гас гаргасан баримтууд: 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Н.Эд олгосон итгэмжлэл /хх210/, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны өргөдөлд хариу өгөх тухай мэдэгдэл /хх211/, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвийн лавлагаа /хх212/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хавсралт зураг /хх 213-220/

5.3 Хэрэг гүйцэтгэгч Ж.Эээс гаргасан баримтууд: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /Хх-88-92/, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ПЭ ХХК-ийн дампуурлын хэргийн үйл ажиллагааны хүрээнд Хэрэг гүйцэтгэгчтэй хийсэн хурлын уулзалтын тэмдэглэл /Хх191-192/, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт дугаар 02/хх193-199/, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 03 дугаартай дүгнэлт /Хх241-247/, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар Нэхэмжлэгчдийн хуралдааны тэмдэглэл /хх109-112/, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг гүйцэтгэгчийг санал болгох тухай хүсэлт /хх115/

 

5.4 Нийслэлийн Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргасан баримтууд: 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.П, Д.Б нарт олгосон итгэмжлэл /хх103/, Монголын татварын албаны 1200202154931 дугаар нэхэмжлэх /Хх-104/, Монголын татварын албаны 1191000357604 дугаар нэхэмжлэх /хх-105/, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4530 дугаар Б.П, Д.Б нарт олгосон итгэмжлэл /хх44/, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1406 дугаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэл /хх237/,

 

5.5 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /Хх 148-152/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 18/701 дугаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4-124/17883 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа /Хх154/, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14/501 дугаар лавлагаа /Хх156/, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/03-7860 дугаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны мэдэгдэл /Хх157/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Төрийн банкны мэдэгдэл /Хх158/, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15/1558 дугаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны лавлагаа /Хх159/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6/8074 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдэгдэл /Хх160/, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 8370 дугаар Ариг банкны мэдэгдэл /Хх161/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны 10/8012 дугаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /Хх162-164/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 01/1675 дугаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа, архивын мэдээлэл /Хх165-166/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 23/763 дугаар Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаа /Хх167/, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 24/479 дугаар Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаа /Хх168/, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 01-1/2574 дугаар Гаалийн ерөнхий газрын мэдэгдэл, хавсралт /Хх169-170/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн м/552 дугаар Транс банкны тодорхойлолт /Хх171/, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2/2846 дугаар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны лавлагаа /Хх172/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Д/540 дугаар Капитрон банкны мэдэгдэл /Хх173/, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 29/6812 дугаар Хаан банкны мэдэгдэл /Хх179/, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн БХ/1070 дугаар Чингис хаан банкны мэдэгдэл /Хх175/, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2/1344 дугаар Монгол Улсын Хөгжлийн банкны мэдэгдэл /Хх176/, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 5в/4513 дугаар Хас банкны мэдэгдэл /Хх177/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14/хх/03-2415 дугаар Голомт банкны мэдэгдэл /Хх178-179/, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 20/1872 дугаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны лавлагаа /Хх180/, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 05/7996 дугаар Богд банкны мэдэгдэл /Хх181/, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17/1222 дугаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаа /Хх182/, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 24/385 дугаар Нийслэлийн Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл /Хх183/, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/4824 дугаар Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэгдэл /Хх184-186/, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 19/1137 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл /Хх187/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 6/9205 дугаар Худалдаа хөгжлийн банкны мэдэгдэл /Хх188/, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01-08/5076 дугаар Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл /Хх189/, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/1679 дугаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдэгдэл /Хх206/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/494 дугаар Дундговь аймгийн газрын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэдэгдэл /Хх221/, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 5/5961 дугаар Улсын бүртгэлийн мэдэгдэл /Хх26/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /Хх31-33/, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /Хх63-128/, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /Хх134-155/, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /Хх159/, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 4/152 дугаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн лавлагаа /Хх175-224/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

6. Хүсэлт гаргагч ПЭ ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг гаргажээ. Шүүх дараах үндэслэлээр ПЭ ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзэв.

 

6.1 ПЭ ХХК нь 2007 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэг гишүүнтэйгээр, тэсэлгээний үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

6.2 Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар шүүх ПЭ ХХК-ийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эийг томилжээ. /1-р хх-ийн 86-87-р тал/

 

6.3 Түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ПЭ ХХК-ийг 2019 оноос төлбөрийн чадваргүй болсон тухай 01 дугаартай дүгнэлт гаргаж, дүгнэлтээ шүүхэд ирүүлсэн. /1-р хх-ийн 88-92-р тал/

 

6.4 Тус дүгнэлтэд ПЭ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2019-2020 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 16,783,8 мянган төгрөг болж, алдагдалтай ажилласны улмаас өөрийн хөрөнгийн 933 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Думпуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт...заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү ПЭ ХХК нь 2019 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэжээ. /1-р хх-ийн 90-р тал/

 

6.5 Иймд шүүхээс хэрэгт цугларсан баримтууд болон Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь заалт, түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд үндэслэн ПЭ ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон.

 

7. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10150 дугаартай шүүгчийн захирамжаар ПЭ ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон талаар 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор нийтэд мэдээлэх, ийнхүү нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ирүүлэх хугацаа зааж, нэхэмжлэлд тусгах зүйлсийн талаар дурдан, холбогдох арга хэмжээг авсан байх бөгөөд энэ тухай Өнөөдөр сонины 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №154 (7456) дугаарт нийтлүүлсэн.

 

8. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, В.Г нараас нэхэмжлэл ирүүлсэн.

 

8.1 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь ...нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2019 оноос 2020 оны хооронд дотоодын бараа, үйлчилгээний суутгасан Нэмэгдсэн өртгийн албан татварын 13,186,413.170 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар,

 

8.2 В.Г нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу гэм хорын хохирол 49,639,338 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

9. Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхт, үүрэгтэй гэж тус тус зааснаар ПЭ ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуралдаж, уг хурлаас Ж.Эийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчдийн хурлын 01 дугаартай тэмдэглэлээр нотлогдсон ба нэхэмжлэгчийн анхны хурал нь Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /1-р хх-ийн 109-112, 115-р тал/

 

10. Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 8.2-т заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11484 дугаартай шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгч Ж.Эийг хэрэг гүйцэтгэгчээр томилон, түүнд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар ПЭ ХХК-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дүгнэлтээ хэрэг гүйцэтгэгчийг шүүхээс баталснаас хойш 20 хоногийн дотор шүүхэд ирүүлэхийг даалгасан байна./1-р хх-ийн 113-114-р тал/

 

11. Хэрэг гүйцэтгэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 02 дугаартай дүгнэлтийг, нэхэмжлэгч В.Г нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, нэхэмжлэлийг шүүх хүлээн авсантай холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтүүдийг тус тус гарган шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцжээ.

 

12. Хариуцагч буюу хүсэлт гаргагч нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2019-2020 оны хооронд дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын 13,186,413.170 төгрөгийн өр төлбөртэй, нэхэмжлэгч В.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 84 хувь алдсан, уг гэм хорын хохиролд шүүхийн шийдвэрийн дагуу авах 49,639,338 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, уг өр төлбөрүүдийг төлөөгүй байгаа талаар хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

13.1 Хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтдээ ПЭ ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2019-2020 онуудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 16,783,8 мянган төгрөг болж өөрийн хөрөнгийн 933 %-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү ПЭ ХХК нь 2019 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна гэж,

 

13.2 Хэргийн материалд ПЭ ХХК-ийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус компани нь 2019 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

14. Хэрэгт цугларсан эд хөрөнгийн болон арилжааны банкнуудаас ирүүлсэн лавлагаа, тодорхойлолт, баримтууд, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр ПЭ ХХК-ийн нэр эд хөрөнгө бүртгэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

15. Иймд ПЭ ХХК нь 2019 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар ПЭ ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж үзэв.

 

16. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт 14.1.Хэрэв хариуцагч энэ хуулиар тогтоосон хугацаанд дахин хөрөнгөжүүлэх хүсэлтээ гаргаагүй, төлөвлөгөөг шүүхэд өгөөгүй буюу уг төлөвлөгөөг шүүх батлаагүй, эсхүл хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг шүүхийн шийдвэрээр хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж зааснаар ПЭ ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, ПЭ ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.10, 1551.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ПЭ ХХК / РД:5122414/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

3. Хариуцагч ПЭ ХХК-ийг татан буулгах ажиллагааг хийж дуусгавар болгож, холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ПЭ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оролцогч этгээдүүд дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА