Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2017/0724/З |
Дугаар | 128/ШШ2018/0080 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2018/0080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц**** овогт Ни****** М********* /РД: УХ********/
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ц*****т овогт Ба******** Хор********* /РД:ХК*********/,
Гуравдагч этгээд: Х.Ня*****/РД:ХК*************/,
Гуравдагч этгээд: Н.Сэ*******(Б.Хо******** Ми********* гэж овог, нэрээ өөрчлөн бүртгүүлсэн) /РД:УХ*************/
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны дугаар 495 тоот захирамжийн Б.Хор*********, Н.Сэрсмаа, Х.Ня*****нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01********* дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах,
3. Газар ашиглах, гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 09 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
4. Б.Хор*********гийн нэр дээр бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Г-22*********дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.М*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цэрэнчимэд, хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэл ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзийбаяр, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганжаргал, гуравдагч этгээд Б.Хор*********, түүний өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М********* 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний эцэг Чэ**** Ж* С*** 1990 онд Сүхбаатар дүүрэг, 1* дугаар хороо, Хангайн *-2**** тоот 3 тал хашааг байшингийн хамт худалдаж аваад, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ.
Гэтэл манай хашаанд байгаа жижиг байшинг худалдаж авсан Б.Хор********* гэгч 1999 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар захирамжийг гаргуулан 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 00********дугаартай бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байна.
Чухамхүү энэ газрыг Б.Хор********* бидний зөвшөөрөлгүй хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан байна. Ингэж хэлж байгаа маань манай хашааг хувьчилж авч байгаа юм бол бидний албан ёсны зөвшөөрөл авсан байх ёстой. Гэтэл биднээс ямар ч зөвшөөрөл авалгүй, бидэнд мэдэгдэлгүй өмчилж авч байгаа нь Газрын тухай хууль зөрчиж, бидний эрх ашгийг хохироож байна гэж үзэж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.
Нэгэнт Б.Хор********* бидэнд хэлж бидний зөвшөөрөл аваагүй болохоор бид 2016 оны 10 дугаар сард хашааны зохих хувийг хувьчилж авсныг нь мэдсэн. Энэ тухай Б.Хор*********д хэлж, учраа ололцох гэсэн боловч манай аав Монгол хэл сайн мэдэхгүйг нь далимдуулан чи битгий хуцаж бай, улс надад үнэгүй өгсөн, чаддаг юм бол шүүхдээд аваарай хужаа минь май гээд салаавч гарган загнан уурласан.
Одоо Б.Хор********* нь энэ байшинд амьдрахгүй байгаа. Газрын маргаан гараад, хэл ам болсноос хойш нүүгээд явсан. Энэ тухай газрын албанд удаа дараа хандсан боловч хууль хяналтын байгууллагаар явж шийдүүл гэдэг хариу өгсөн.
Миний бие нь 1999 оноос 2011 он хүртэлх хугацаанд нөхрийн хамт тусдаа амьдрагч амьдралаа хөөн явсаар, 2013 онд аавын минь хөл муудаж, явж чадахгүй болсноор би аавынхаа хажууд ирэн асрахаар болж, өнөөдрийг хүртэл сүүлийн хэдэн жил хамт амьдарч байгаа болно. Ийм учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор танайд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1990 онд Ji*** Y*****/Ж**** Ёо****/, Б.Хор*********гийн нөхөр, манай аав C**** Zh****** /Чэ*** Ж* Сэ**/ нар сууж байгаад манай аавд 3 тал хашаа, байшинг зарсан. Б.Хор********* нь аавыг тухайн газрын худалдаж авахад хөлсөөр эсэхийг мэдэхгүй ч хашаанд тариа тарьж суудаг гэж Ji*** Y*****/Ж**** Ёо****/ хэлсэн. Аав маань өөрөө Монголд ах дүү, хамаатангүй учраас адилхан Хятад хүмүүс учраас тэгэлгүй яахав, сууг сууг гэж хэлсэн байдаг. 1990 оны эхээр манайх жижиг тохиролцооны дэлгүүр нээсэн. Тухайн үед дэлгүүрээс болж Б.Хор*********гийн сууж байсан байшинг зааглаж түр торон хашаа барьсан. Аав маань Б.Хор*********гийн нөхөр манайхыг худалдаж авсан гэдгийг мэдэж байсан учраас итгэлцлийн үндсэн дээр байшингаа үлдээсэн. Дэлгүүр байшинг тусгаарласан торон хашааг аав маань өөрөө татаж, маргаан үүсэж эхлэхэд өөрөө буулгасан. Би 1998-2010 он гартал аавтайгаа байгаагүй. Хашаан айлтай учраас аавыгаа ганцааранг нь үлдээсэн. 2002 онд аав маань миний биед хашаа байшингаа өвлүүлсэн. Тухайн үед шинэ хууль гарсан. Би юугаа ч мэдэхгүй өргөдөл бичиж, хүмүүсээс асууж материалаа бүрдүүлж өгсөн. 2004 онд хашаагаа хэмжихэд Б.Хор*********, түүний нөхөр хоёулаа хамт хэмжилцэж байсан. Бичиг баримт бүрдүүлэхдээ хүмүүсээс асууж материалаа өгч байсан. 2 жилийн дараа гэрчилгээн дээр Б гэж гарч ирсэн. Тухайн үед нь би манайх нэг хашаа шүү дээ гэхэд Б.Хор********* гуайг авсан гэсэн гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө*******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжны 227 А тоот хаягт орших 162 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэн Б.Хор********* /ХК46012902/, Х.Ня*****/ХК*********/, Н.Сэ*******/УХ**********/ нарын 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан мэдүүлэг болон бусад нотлох баримт болох өмчлөлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 тоот захирамжаар олгосон шийдвэр, газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-22*********дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 00********тоот гэрчилгээг 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр олгосон байна.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 13.5.1 дэх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртэл хөтлөх журмын 4.1 дэх хэсэг заалтуудыг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн, тус хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид Улсын бүртгэлийн гэрчилгээ гэх/-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасны дагуу иргэн Б.Хор********* /ХК46012902/, Х.Ня*****/ХК*********/, Н.Сэ*******/УХ**********/ нарт 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 495 тоот захирамжаар олгосон шийдвэрийг баталгаажуулж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна гэжээ.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө*******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар өмчлүүлэх шийдвэр гэж гардаг. Шийдвэр дээр Б.Хор*********, Х.Нямхүү, Х.Сэ********нарт 162 м.кв газрыг олгов байгаа. Энэ шийдвэрийг үндэслэж манай байгууллага бүртгэл хийдэг. Манайд захирамж ирдэггүй. Кадастрын зураг, шийдвэрийг үндэслэж өмчлөх эрхийг нь баталгаажуулдаг. Газрын тухай хуулийн 22 зүйлд заасаар шийдвэр дээр нь Б.Хор*********, Х.Н*******, Х.Сэ********нар гэж байсан тул өмчлөх эрхийг нь 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталгаажуулсан гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 63 дугаар захирамжаар иргэн Б.Хор*********д эзэмшүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжаар иргэн Б.Хор*********, Х.Нямхүү, Н.Сэ*******нарт өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж 00********дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Иймд дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, бусдын эрх ашгийг зөрчөөгүй, хуульд заасны дагуу эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд 1977 оны 63 дугаар Ардын депутатын хурлын шийдвэрийг үндэслэж газар эзэмших гэрчилгээ олгосон байдаг. Газрын харилцааг зохицуулсан Газрын тухай хууль 2002 онд батлагдаж 2003 оноос хэрэгжсэн. Үүнээс өмнө Ардын депутатын хурлаас иргэдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах зэрэг харилцааг зохицуулдаг байсан. 1977 оны 63 хурлын шийдвэрээр иргэн C**** Zh****** /Чэ*** Ж* Сэ**/-нд 1990 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас 300 м.кв газрыг амины хэрэгцээнд эдлүүлэхээр олгосон байдаг. Энэ нь хэргийн материалд иргэнд газар эзэмшүүлсэн хувийн хэрэгт байгаа. Б.Хор********* гуайд олгосон дүүргийн Засаг даргын Тамгын газраар олгосон 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн газар ашиглуулах 01********* дугаар гэрчилгээнд 162 м.кв газрыг мөн 1977 оны 63 дугаар Ардын депутатын шийдвэрээр олгохоор шийдсэн байдаг. Тухайн үед газрын тухай хууль үйлчлээгүй байсан. Маргаан бүхий 1977 оны 63 дугаар шийдвэр дүүргийн Газрын албаны архивд хадгалагдаж үлдээгүй байдаг. Газрын мэдээллийн санд өнөөдөр байгаа кадастрын зураг дээр 227-а, 227-б гэж байгаа. 227-а дээр иргэн Б.Хор*********д 162 м.кв хэмжээтэй байна. 227-б дээр иргэн Н.М*********д 350 м.кв хэмжээтэй газар байгаа. C**** Zh****** /Чэ*** Ж* Сэ**/-д газар эзэмшүүлэх үнэмлэхийн ар талд Сүхбаатар дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч тэмдэглэгээ хийсэн. 00472 дугаар гэрчилгээг C**** Zh****** /Чэ*** Ж* Сэ**/-ээс Н.М********* гэдэг хүн өвлүүлсэн байдаг. 2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэлээ хийсэн байдаг. Иймээс дүүргийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргаагүй гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Иргэн Б.Хор********* болон түүний хамтран өмчлөгч болох Х.Ня*****болон Н.Сэ*******нарт Нийслэлийн Засаг даргын 2003 оны 495 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Хангайн 6 дугаар гудамжны 227 тоотод 301 м.кв газрыг тус иргэдэд өмчлүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасан байх тул Нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээрх газрыг өмчлүүлсэн байна.
Маргаан бүхий газрын зарим хэсгийг шилжүүлэн өгөхөөр иргэний хэлцэл хийж хуваан шилжүүлсэн байх магадлалтай.
Мөн нэхэмжлэл гаргагч этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т зааснаар Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан бөгөөд 2003 оноос хойших шийдвэрт нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан мөн нэхэмжлэгч иргэн болон Н.М********* тус захирамжтай маргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Шүүхэд гаргасан бичгэн хариу тайлбараа дэмжиж байна. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэгт заасны дагуу бичиг баримт болон дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээг үндэслэж газар өмчлүүлэх шийдвэр гаргасан гэжээ.
Гуравдагч этгээд Б.Хор********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 1988 онд Жа* Яа* В* гэдэг хүнээс түүний хашааны урт байшингийн зүүн хэсгээс 2 өрөө байшин, түлээ нүүрс, хоолны 2 амбаар, хашааны хаалганы хамт тухайн үеийн 2000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр үед бид тохирохдоо: Жа* Яа* В* гуай манайх олон хүүхэдтэй, танай хаалгаар орж, гарч байя. Явцын дунд бид өөрсдийн байшингийнхаа харалдаа хаалга гаргая. Тэр хүртэл та нар манай жорлонд орцгоож бай гэж тохиролцоод эв найрамдалтай амьдарцгааж байсан юм.
Түүний найз хятад хүн Чингэлтэйд нас бараад тэдний ам бүл түүний хашаа байшинд амьдрахаар нүүгээд явсан.
Тэгээд их удалгүй 2000 онд М*********ийн аав, М********* болон түүний ахтай 3-уулаа нүүж ирж амьдрах болсон. Тэгээд 1-2 жилийн дараа М*********ийн аав торон хашаа татаж, өөртөө хаалга гаргаж орж, гарч байгаад гэнэт нэг өдөр манай гэрийн үүдээр явган хүний хаалга гаргасан.
Яагаад ингэж байгааг асуусан чинь Энэ миний газар, би газар дээгүүрээ явж тэр хаалгаар гарч орно гэж манай хаалга руу заасан. Тэгэхэд би Би хаагуур явах юм, газаргүй байшин авсан юм уу гэсэн маргаан үүсээд би Сүхбаатар дүүргийн Газрын албанд очиж учир байдлаа хэлэхэд Газрын алба намайг кадастрын зураглалаа гаргаад ир, байшингийн чинь харалдаа газрыг танайд өгнө гэж хэлсний дагуу намайг бичиг бүрдүүлж очиход газар эзэмших эрхийн бичгийг Газрын алба надад гаргаж өгсөн юм.
Би 2007 онд газраа өмчилж авсан. Тэгээд М*********ийн аав хашаагаа битүүлж авсан. Тэр цагаас хойш ямар ч маргаангүй 10-аад жил амьдарсан.
Өнгөрсөн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шуургатай өдөр байж торон хашаа налаад хазайсан. Маргааш нь гараад тэд янзалж байх шиг байснаа торон хашаагаа хураагаад авчихсан.
Тэгэхээр нь би гараад яаж байгаа юм бэ? гэсэн чинь Битгий хуц пизда, янхан , ална шүү, чи манай газар дээр хичнээн жил амьдардаг юм, энэ миний газар, зайлаарай, ална шүү гэж хашгичин бархирч дайрч давшилсан.
М********* нь байнга архи ууж согтуурдаг зантай эмэгтэй юм. Хашаагаа авчихаад хашхирч бархираад нялх хүүхдээ барьж цонхон дээр ирж хашхираад зайлаарай пизда, янхан пизда гэх мэтчилэн танхайрч, байшингийн дээвэр дээгүүр гүйсэн. Тэр үед бид их айсан. Зээ охины 1 нас 7 сартай 2 ихэр хүүхэд түүний балмад зангаас болж айж чарласан, цочмог байдалд орсон, бас дээр нь нөхөр маань уушигны хорт хавдартай, бие нь тааруу байсан тул бид дулаан газар өвөлжих зорилгоор тэтгэврийн зээлээ аваад байр түрээсэлж амьдарсан.
2016 оны хавар дулаан орохоор гэртээ нүүж ирэх гэсэн чинь хашааны хаалгыг дотроос нь цоожлоод оруулахгүй хорооны цагдаа авч ирэхээр цагдаад хүртэл дийлдэхгүй Та нар юу юм, хүний газар дээр хашаа хатгуулдаг хэн юм гэхчилэн хашхирч танхайрсан.
Миний нөхөр бие тааруу байсан, бас айж цочдог 2 ихэр хүүхдээс болоод арга ядаад дахин байр түрээслээд одоо хүртэл түрээсийн байранд амьдарч байна.
Миний нөхөр хөгшин хүн, хүнд өвчтэй, сэтгэл санааны дарамтнаас болж өвчин хүндэрч, ая тухгүй амьдарч байгаад 2017 оны 06 дугаар сарын 16-нд хавдрын эцсийн шатыг эмчилдэг Дамбадаржаад байрладаг Найдвар эмнэлэгт насан өөд болсон юм.
Би М********* болон түүний аавд маш их гомдолтой байна.
Цагдаа дагуулаад ирэхээр Та нар юу мэддэг юм, миний газар гэж хашгичаад тэд нарыг айлгаж явуулчхаад явсны дараа нь цагдаа чамайг тоохгүй байна, чи юу чаддаг юм, 10 сая төгрөг өгөөд газраа ав, чамайг нүүгээд ирвэл чадна, насаар чинь дарамтална, Цагдаа ирээд хашааг нь татуулаад энэ хүмүүсийг амьдруулаач, өвгөн нь нас бараад хүнд байна ш дээ гэсэн чинь хохь чинь болж, муу сайн юмнууд бүгд үхээсэй гэх мэтчилэн хэлсэн.
Миний 30 жилийн өмнө худалдаж авсан хувийн өмч бүхий 162 м.кв газарт шунахайран өөрийн болгох гэж улайрч, газрыг минь өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан Ни****** М*********д маш их гомдолтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэж бидэнд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.Хор********* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Гуравдагч этгээд Х.Ня*****шүүхэд гаргасан тайлбартаа: Миний ээж болох Хор********* 1988 онд Жа* Яа* В* гэдэг хүнээс уг хашааны урт байшингийн зүүн талын хэсгээс 2 өрөө өвлийн байшин, нүүрсний амбаар, зүүн талын хашаа хаалганы хамт тухайн үеийн 2000 төгрөгөөр худалдаж авч байсан.
Тэр үед хашааны хаалга манай байшингийн харалдаа байсан. Жа* Яа* В* нь явцын дундаа баруун талдаа хаалга гаргатал манай хаалгаар орж гарч байя нэж тохиролцоод 2 жил амьдарцгааж байсан.
Жау Яао Юэн 1990 онд гэнэт нүүж явсан. М********* аав, ахтайгаа нүүж ирсэн. Тэгээд М********* аавд зарсныг мэдсэн. М*********ийнх манай байшингийн нуруу дагуу торон хашаа татаж баруун талдаа хаалга гаргаж хийсэн. Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх хууль хэрэгжиж эхлэх үед М*********ийн аав газар нь минийх чи дан байшинг нь худалдаж авсан гэж маргаан үүсгэж байсан.
Манай ээж Хор********* Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж хуулийн дагуу өөрийн байшингийн нуруу дагуу өмчилж авсан. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр М********* аавын хамт тусгаарласан торон хашаагаа буулгаж газар нь манайх танай хаалгаар орж, гарах болно. Олон жил та нар майн газар дээр амьдарсан. Байшингаа аваад манай газраас зайлаарай гэх мэтчилэнгээр хэл амаар доромжилж, дарамталж эхэлсэн. Бид амар тайван байж чадахгүй аав манай өвчтэй, хоёр ихэр нялх хүүхэдтэй байсан улмаас бид нүүж түрээсийн байраар одоог хүртэл амьдарч байна.
Гэрээсээ юм авах болгонд М********* нь манай хашааны хаалгыг дотроос түгжиж хэл амаар байнга доромжилж дарамталдаг байсан.
Н.М********* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өргөдөлдөө манайхыг хөлсөлж сууж амьдарч байгаад хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрыг минь хууль бусаар авсан байсныг нь саяхан 2016 онд мэдлээ гэх мэтчилэн худал мэдүүлэг өгсөн байналээ. Иймд үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Нэхэмжлэгч Н.М********* нь анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот захирамжийн Б.Хор*********д холбогдох хэсгийг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Г-22*********тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Улмаар шүүх хуралдаанд:
1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны дугаар 495 тоот захирамжийн Б.Хор*********, Н.Сэрсмаа, Х.Ня*****нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01********* дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах,
3. Газар ашиглах, гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 09 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
4. Б.Хор*********гийн нэр дээр бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Г-22*********дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.
Шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны дугаар 495 тоот захирамжийн Б.Хор*********, Н.С********, Х.Ня*****нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны дугаар 495 тоот захирамжийн Б.Хор*********, Н.Сэрсмаа, Х.Ня*****нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Гуравдагч этгээд Б.Хор********* нь Сүхбаатар дүүргийн 1* дугаар хороо, Хангайн *-2**** тоотод байрлах 180 м.кв газрыг өмчлөхөөр 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай дугаар 495 тоот захирамжаар Б.Хор*********, Х.Нямхүү, Н.Сэ*******нарт 301 м.кв газрыг өмчлүүлсэн байна. /Ня******* С****** нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн овог, нэрээ Хор*********гийн М****** гэж өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна/
Б.Хор********* нь 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-227А тоотод байрлах газрын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба бүртгэлийн байгууллагаас 162 м.кв хэмжээтэй газарт 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн Г-22*********дугаарт бүртгэн, газар өмчлөх эрхийн 00********тоот гэрчилгээг олгосон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У********* нь шүүх хуралдаанд Б.Хор*********д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 495 дугаар захирамжид санамсаргүй, техникийн алдааны улмаас газрын хэмжээ 162 м.кв байхыг 301 м.кв алдаатай бичсэн, хожим энэ алдааг засаж, газар өмчлүүлэх шийдвэрийг 162 м.кв болгож өөрчилсөн гэсэн агуулгаар тайлбарласан болно.
Үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 495 дугаар захирамжийн Б.Хор*********, Х.Н********, Н.Сэ*******нарт холбогдох хэсэг илэрхий алдаатай захиргааны акт болох нь нотлогдож байна.
Мөн гуравдагч этгээд Б.Хор********* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа 301 м.кв-ыг биш, 162 м.кв хэмжээтэй газрыг эзэмших, өмчлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй ба энэ нь 162 м.кв хэмжээтэй газрыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22*********дугаарт бүртгүүлж, 00********тоот гэрчилгээг авсан байгаагаар нотлогдож байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан байна.
Гэрч Ж**** Ёо****гийн мэдүүлэг болон гуравдагч этгээд Б.Хор*********гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-227 тоот хаягт байрлах газрыг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр Че**** Ж** С** /C*** Z*****/, Б.Хор********* нарт 2 хувааж худалдсан болох нь нотлогдож байх тул уг газрыг анхнаасаа манайх бүхэлд нь өмчилж байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Б.Хор*********, Х.Н*****, Н.Сэ*******нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 495 дугаар захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчөөгүй байна.
Харин Нийслэлийн Засаг даргын 495 дугаар захирамжийн Б.Хор*********, Х.Нямхүү, Н.Сэ*******нарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу илэрхий алдаатай захиргааны акт байна.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 495 дугаар захирамжийн Б.Хор*********, Х.Н******, Н.Сэ*******нарт холбогдох хэсгийн 162 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгээс бусад хэсэг /301 м.кв -162 м.кв= 139 м.кв/-ийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Н.М********* нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-227 тоотод байрлах 700 м.кв газрыг өмчлөхөөр 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан ба Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 122 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1* дугаар хороо, Хангайн *-2***** тоотод байрлах 352.40 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-227-Б тоотод байрлах 352 м.кв газрыг 2006 оны 02 дугаар сарын 09-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2*******дугаарт бүртгүүлж, газар өмчлөх эрхийн 000038397 тоот гэрчилгээ авсан байна.
Мөн нэхэмжлэгч нь дээрх газарт байрлах 109 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203019963 дугаарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 00******** тоот гэрчилгээг авсан байна.
Дээрх газар өмчлөх эрх авсан, уг эрхээ 2006, 2010 онуудад улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн үед 700 м.кв газар биш 352 м.кв хэмжээтэй газар өмчлөх болсноо хүлээн зөвшөөрсөн, мэдсэн болох нь тодорхой нотлогдож байна.
Мөн дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.Хор********* 162 м.кв хэмжээтэй газрыг эзэмшиж байгааг нэхэмжлэгч тухайн үедээ мэдсэн, хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.
Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн үед 700 м.кв биш 352 м.кв газар өмчлөх болсноо мэдсэн атлаа тэр үед холбогдох байгууллага, шүүхэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Хэрвээ нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг бүхэлд нь буюу 700 м.кв газрыг эзэмших ёстой гэж үзсэн бол тухайн үедээ маргах эрх нь нээлттэй байсан.
Нэхэмжлэгч нь би хууль сайн мэдэхгүйгээс болж шүүхэд хандаагүй өдийг хүрсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01********* дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах, газар ашиглах, гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 09 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б.Хор*********гийн нэр дээр бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Г-22*********дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай дугаар 4*** тоот захирамжийн Б.Хор*********, Н.Сэрсмаа, Х.Ня*****нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай дугаар 4** тоот захирамжийн Б.Хор*********, Н.Сэрсмаа, Х.Ня*****нарт холбогдох хэсгийн 139 м.кв хэмжээтэй газарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01********* дугаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах, газар ашиглах гэрчилгээ олгох үндэслэл болсон АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1977 оны 09 дүгээр сарын 02-ны 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Б.Хор*********гийн нэр дээр бүртгэсэн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Г-22*********дугаартай бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М*********ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ