Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 442

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч О , түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг хохирогч Н.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705003090054 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух, ялгүй, О  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч О  2017 оны 8 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Нийслэл” зочид буудлын 403 тоот өрөөнд хохирогч Н.Ганбаатарыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн уншсан мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Ганбаатар бид нар найзууд. Тэгээд ажил олж хийхээр болж, энэ тухайгаа маргалдаад зодолдсон. Ганбаатараас дахин уучлалт гуйя гэв. Хохирогч Н.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 2-ны орой О  хамт хийх ажил байна гээд “Нийслэл” зочид буудалд намайг дуудсан юм. Очиход хоёр найзтайгаа хамт байсан. Тэгээд хамтдаа архи уусан. Оройхон тийш би тасарч ухаанаа алдсан байна лээ. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Гэхдээ О д зодуулсан гэдгээ мэдсэн. Намайг зодсон гэдгээ О  өөрөө надад хэлж, уучлалт гуйсан. Хохиролд гэж 6 сая төгрөг О оос авсан. О  бид нар цаашдаа хамтран ажиллах тул түүнд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Нэргүйн Ганбаатар “... би 2017 оны 8 дугаар сарын 2-ны орой “Нийслэл” нэртэй зочид буудлын 403 тоот өрөөнд ороход найз О , түүнтэй хамт хоёр залуу сууж байсантай танилцаад 4 шил архи, 5 литрийн айраг уугаад юм яриад инээлдээд сууж байсан. Харанхуй болох үед би нилээн согтсон ба өглөө нь 403 тоот буюу байрлаж байсан өрөөндөө сэртэл өрөөний шал болон орон дээгүүр цус болчихсон, би зодуулчихсан байсан. Буудлаас 07-08 үед гарахдаа 8000 төгрөгийн тооцоо хийгээд гарч гэртээ алхаж харьсан. Гэтэл орой 21 цагийн үед толгойн орой дээрээс улам таталт өгч бие муудаад гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлтэл, тархинд бага хэмжээний цус хуралттай, баруун шанааны яс хугарсан гэж хэлсэн. Эмч хагалгаанд орох магадлалтай гэж байсан. Буудлаас гарахын өмнө хальт архи ууж байсан Аагийтай /99052300/ дугаарын утсаар холбогдоход чи О той муудалцаад байсан, бие гайгүй юу гэж хэлсэн. Би хэнд юунаас болж зодуулснаа санахгүй байгаа. Миний 2 нүд хөхөрсөн, гарын шуу булчин хэсгээрээ хөхөрсөн, баруун чих сонсголгүй болсон. Цээж хоолой хөхөрсөн байна. 3 дугаар эмнэлэгт эмчлүүлнэ. Би О  гэх хүнтэй 2017 оны 4 дүгээр сараас Дорноговь аймгийн Хөвсгөл суманд уурхайд ажиллаж байхдаа танилцсан. Гэр нь үйлдвэр комбинатад байдаг гэсэн утасний дугаар нь / 99045169, 99741237 / Мост машин ХХК-нд ажиллаж байх ёстой. 2017.08.02-нд 403 тоотод танилцсан Аагий, Мөөгий мөн нэг настай эрэгтэй байсан. Өөр зүйл мэдэхгүй байсан. Гэрийг нь мэдэхгүй байна. Буудлын ресепшин хамт байсан хүмүүсийг бужигнаж байгаад явсан гэсэн. Зодоон болсонг мэдээгүй гэж хэлсэн. 2017.08.02-ны өдөр 12 цагийн орчим намайг урьд хамт Дорноговь аймгийн Хөвсгөл суманд нүүрсний уурхайд эксковаторчингаар хамт ажиллаж байсан О  гэх залуу БГД-ийн 5-р хороо Нийслэл гээд 10-р хороололд байдаг буудал дээр хүрээд ир гэсэн юм. Ингээд яваад очиход О  нь Аагий, Мөөгий гэх найз нартайгаа хамт архи уусан халамцуу байсан юм. Би баруун салаанаас ирсэн ба эрүүл байсан. О  надад эксковатарын жолоочийн ажил байна хамт хийх үү гэсэн бөгөөд би ажилгүй байсан болохоор очсон юм. Ингээд очоод тал шил архи байснаас уугаад дахин 4 шил архи аваад хамт уусан. Орой болж байхад бас Отгоо гээд ах ирсэн ба бид нар нийлээд архи ууж байгаад би согтсон байсан, түүнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа бөгөөд өглөө сэрэхэд би ганцаараа буудлын шалан дээр нил цус болчихсон хэвтэж байсан бөгөөд босоод архи гараагүй гэртээ харьсан. Тэр үед толгой өвдөөд байсан. Ингээд гэртээ очоод хэвтэж байхад эхнэр ирээд эмнэлэг орсон. Тэгээд үзүүлэхэд яаралтай хэвт гэсэн юм. Гэмтэлд хэвтэж байхад цагдаа ирсэн бөгөөд болсон явдлаа хэлсэн. О  хөдөө ажилд явсан байсан ба хагалгаанд орохын өмнө О  ирж уулзаад би чамайг зодчихсон харамсаж байна гээд уучлалт гуйсан. Би бол юу болсоноо санахгүй байгаа бөгөөд хэнтэй муудаж маргасан яаж зодуулсанаа санахгүй байна. О  эмчилгээний зардал гээд хагалгаанаас хойших эм тарианы мөнгө хагалгааны төлбөрийг бүгдийг нь төлсөн. Энэ халгалгаа хийхээс өмнө 767.901 төгрөгийг би өөрөө гаргасан юм. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тодорхойлсоныг танилцсан. Би О той маргаснаас болоод зодуулсан байсан бөгөөд одоо учир зүйгээ олсон. Мөн тэр эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хэрэг болдог өдөр би О ыг дуудахаар нь гэрээсээ шууд очсон юм. Ингээд О  болон түүнтэй хамт байсан 3 залуутай 5 шил архи уусан. Би бол 3 дахь шил архийг уугаад согтсон байсан. Мөн сэрэхэд нэг эмэгтэй ирчихсэн байсан. Тухайн үед О д зодуулаад 00-д орж нүүрээ угаах гэж ганцаараа орсон ба халитраад толгойгоороо банны ирмэг мөргөсөнг санаж байна. Тэгээд толгой их өвдсөн. Түүнээс хойш архи уугаагүй ба ам цангаад өөрийн авчирсан айргийг ууж байсан. Би согтчихоороо юу болсоныг сайн сандаггүй юм. Харин хамт архи уусан хүмүүс ямар байдалтай байсныг мэдэхгүй намайг ирэхэд архи уучихсан байсан ба нилээн согтсон байсан байх би болсон явдлыг орон гаран санаад байгаа юм юунаас болж О той маргаснаа санахгүй байгаа ба угаалгын өрөөнд нүүрээ угаах гэж ороод хальтарч унаснаа санаад байгаа юм. Тэгээд унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь ганцаараа буудлын өрөөнд хоносон байсан ба өрөөг нэг залуу хүлээж авахдаа мини бааранд байсан эд зүйлийг хүлээж авсан ба 8000 төгрөгийн эд зүйл байхгүй байна гээд би мөнгийг өгсөн юм. Тэгээд би шууд харьсан. Би тэр мини бааранд байсан эд зүйл, буудлын тооцоонд орсон гэж бодоод аваад гарах гэсэн чинь тооцоо нь тусдаа байдаг гэхээр нь буцааж тавьсан ба хэрэглэсэн юмны үнэ гээд 8.000 төгрөг өгч байсан. Тэр өрөөний шалан дээр хамраас цус гарсан юм шиг туссан байсан. Тэгэхээс тунасан цус болоогүй. Мөн орны даавуу, хөнжил, алчуур цус болоогүй байсан. Буудлын хүн өрөөг хүлээж авахдаа шалгаад байсан. Надад сануулж байгаа зүйл ангийг ойлгосон. Би санаж байгаа зүйлээ нэмж хэлж байна. Миний толгойд учирсан гэмтэл О д зодуулсанаас болсон юм уу угаалгын өрөөнд унаснаас болсон юм уу гэдгийг мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан угаалгын өрөөнд банн мөргөөд унахад их өвдсөн. Тэгэхээр намайг хэн нэгэн дарамт шахалт үзүүлж гуйсан зүйл байхгүй. Би О той учир зүйгээ олсон. Гомдол байхгүй. Согтуудаа л ийм юм болсон байна. Эмчилгээний зардал 6.000.000 төгрөгийг О  барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн нэмж ярих шалгуулах зүйл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна” /хх-5-7,18-19, 44-45/ гэж, гэрч Гэрэлийн Баасандаш “... би “Нийслэл hotel” зочид буудалд хамгаалагчаар ажилладаг. 2017 оны 8 дугаар сарын 01-ний 16 цагаас 02-ны өдрийн 12 цаг хүртэл зочид буудалд хамгаалагчаар ажилласан ба ресепшнээр Нандинчимэгтэй хамт 1-ний өдрийн 16.00 цаг гээд ирэхэд буудлын 4 давхарт чимээ гараад хүмүүс шуугилдаад байна гэхээр нь дээш гарахад 403 тоот өрөөнд орсон хүмүүс пижигнээд зодолдоод байгаа юм шиг байсан. Ингээд хаалгыг нь тогшиход хаалгаа хагас онгойлгочихоод махлагдуу царайтай залуу толгойгоо гаргаад одоо асуудал байхгүй, цагдаа сэргийлэх дуудаад хэрэггүй учир зүйгээ олчихлоо гэхээр нь би дотогш ороогүй. Тэр залууг харвал танихгүй. Ингээд тэр өрөөнөөс ямар нэг чимээ дахин гараагүй бөгөөд өрөөнд 3 эрэгтэй хүн орсон ба архи дарс авч орж харагдаагүй идэж уух юм авч байна л гэж байсан. Түүнээс хойш өрөөнөөс ямар нэг чимээ гараагүй ба шөнө 00:00 цагийн орчим 2 залуу нь гараад явчихсан. Шөнө нь тэр хаалганы завсараар яриад байсан залуу ирээд 403 тоот өрөөнд орчихоод гараад явсан. Маргааш өглөө нь 9 цагийн орчим үлдсэн нэг залуу нь өрөө хүлээлгэж өгье гэхээр нь би ганцаараа ороод өрөөг хүлээж авахад өрөө нь нилээн замбараагүй болчихсон, шал нь энд тэнд цус болчихсон байсан. Нөгөө өрөө хүлээлгэж өгсөн залуугийн уруул нь бага зэрэг хавдчихсан өөр гэмтэл харагдаагүй малгай өмссөн байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй ба өглөө бол эрүүл болчихсон байсан. Тэгээд ариун цэврийн өрөөг үзэхэд шал нь ус асгарчихсан, угаалтуур нь ганц нэг цус дуссан байсан ба угаалтуур, суултуур, банн зүгээр байсан. Алчуур, ор дэрний даавуу цус болсон зүйл ажиглагдаагүй, мини барыг үзэхэд тэнд байсан ус ундаа, 2 гоймон бүгд байхгүй байсан. Ингээд өрөөгөө хүлээлгэж өгөхдөө мини барны тооцоо 28.000 төгрөг болсон гэхэд мөнгө байхгүй гэсэн ба буцаад өрөөнд орохдоо цүнхнээсээ мини бааранд байсан зарим зүйлийг гаргаж өгсөн ба үлдэгдэл мөнгөө өгөөд ганцаараа гараад явсан. Тухайн үед бие хаа өвдөж байна гэж яриагүй зүгээр л гараад явсан. Үүнээс хойш энэ өрөөнд өөр хүн буусан манай буудалд давхар болгон коридорт нэг л камер байдаг ба өрөөнд камер байхгүй. Энэ камерын бичлэгийг 2-3 хоног хадгалдаг юм. Гэхдээ энэ хүмүүс коридорт шуугилдаагүй. 403 тоот өрөөнд эвдэрсэн зүйл байгаагүй. Том өрөөнд шалан дээр ганц нэг цус туссан, угаалгын өрөөний угаалтуур бага зэрэг цус болсоноос пилта шал нь цус болсон зүйл байхгүй ус асгасан байсан. Хамгийн сүүлд гарсан ахын уруул хавдаснаас өөр гайгүй байсан. Мөн мини барны юмыг цүнхэндээ хийгээд гарах гэж байсан гэхээр архи нь гарсан зүгээр л байсан. Өрөөнөөс архиний нэг шил гарсан санагдаж байна. Эвдэрсэн зүйл байгаагүй. Нүүр гарын алчуур цус болоогүй байсан. Хэрэв цус болсон бол бохирын мөнгө авдаг юм. Энэ өдрөөс хойш энэ зодооны талаар хэн ч асуугаагүй бөгөөд өнөөдөр л хүн асууж байна. Намайг байцаалт өгөхөд хэн нэгнээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Нандинчимэг бол шуугилдаад байна гэж хэлсэнээс өөрөө дээшээ гараагүй. Өрөөндөө л пижигнээд байсан ба доор чимээ нь сонсогдсон. Маргааш нь өрөөг хүлээж авахад ч би авсан юм. Тэр сүүлд гардаг ах гарахдаа ямар нэг зүйл асуугаагүй, яриагүй. Тэр өрөөнд байсан хүмүүсийг би урьд нь харж байгаагүй. Манай буудлын өрөөнд хүнийг цохихоор эд зүйл байхгүй. 2 ор, 2 диван, модон ширээ, телевизор, шкаф байдаг. Нэмж хэлэхэд тэд нарыг шуугилдаад байхад өдөр шахуу байсан учраас хүн ороогүй” /хх-н 46-47/ гэж, гэрч Равжирын Бямбадорж “... О  гэх хүнийг 2015 оноос таних болсон. Хамт нэг дор 2 жил орчим ажилласан. Одоо ажиллаж байгаа “Хос Хас” ХХК-нд жолооч хийдэг байсан. Найз нөхдийн харилцаатай. Ганбаатар гэх хүнийг танихгүй ба О ын найз гэсэн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим О , Амараа гээд манай найз “Нийслэл” нэртэй зочид буудалд байна, хүрээд ир уулзах хэрэг байна л гэсэн. Амараатай хамт байна гэсэн. Амараа нь бас хамт ажиллаж байсан залуу юм. Найз нөхдийн харьцаатай. Ингээд намайг очиход Нийслэл буудлын 4 давхарт байсан бөгөөд О , Амараа мөн Ганбаатар гэх залуу бас Мөөгий гэх залуу байсан. Тэд нар намайг очиход 2 шил 0.75 литрийн Соёрхол гээд архи авчихсан ууж байсан ба бүгд нилээн согтуу байсан. Ямарч байсан нэг шил архины талыг нь уучихсан нөгөө нь бүтэн байсан. Хоол унд авчихсан байсан. Ингээд орой ойр зуурын юм ажил төрөл яриад архи уусан. Би бас уусан. Тэгээд ууж байгаад О , Ганбаатар хоёр маргалдаж эхэлсэн ба Ганбаатар нь адилхан эксковаторийн жолооч гэсэн О ыг л чи чадвартай юм уу гэх зэргээр хэрүүл маягийн яриа эхэлсэн. О  юу яриад байгаа юм бэ гээд муудалцаад байхаар нь би тэр хоёрын хэрүүлийг зохицуулчихаад Мөөгий бид хоёр гараад явчихсан ба Амараа согтоод унтчихсан байсан бөгөөд Мөөгий бид хоёр гарч яваад би гэртээ харьсан. О , Ганбаатар хоёр намайг байж байхад зодолдсон зүйл байхгүй. О  Ганбаатар хоёр намайг өрөөнд байж байхад чанга хашгиралдаагүй. Буудлын хүн нь орж ирээгүй. Би тэр Мөөгий гээд залуутай нь тэр хоёрын хэрүүлийг намжаажчихаад гараад явсан ба тэр хоёр зүгээр л үлдсэн. Намайг байцаалт өгөхөд хэн нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Мөн би тэр өрөөнд ороод гарсан. Тэр өдрөөс хойш О той уулзаагүй ба утасаар ярихад зодоон болсон гэнэ яасан юм бэ гэж байсан. Би бол энэ өдрөөс хойш Төв аймгийн Заамар яваад сая ирж байна. Амараа бас хөдөө ажил руу яваад өгсөн байсан. Мөөгий гэдгийг би сайн мэдэхгүй. Ганбаатар гэмтсэн гэдгийг сүүлд О оос сонссон болохоос яг яасныг мэдэхгүй байна.” /хх-н 48-49/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч Н.Ганбаатарын гэмтэлтэй холбоотой “... Н.Ганбаатарын биед дух ясны баруун хэсэг, нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун духны хажуу, чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тенториумын аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, баруун мөр, эгэм, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10019 тоот дүгнэлт гарсан байх ба /хх-н 09/, шинжээч эмч О.Болороогийн мэдүүлэг /хх-н 53/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 42-43/ зэрэг бичгийн баримтууд шүүгдэгч О ын гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүхээс шүүгдэгч О д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Тухайлбал, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Н.Ганбаатараас ирүүлсэн хүсэлтэд /хх-н 37, 64/ тусгагджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг торгох болон хорих ялын санкцтай бөгөөд шүүгдэгч О ыг торгох ялаар шийтгэж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж шүүх дүгнэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч О  цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2. О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тогтоосугай. 4. О  тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. О  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Ганбаатар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, ялтан О  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ