Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 18

 

 

                                     

   2022          05           17                                      2022/ДШМ/18

 

Д.Гантулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Ууганзаяа

нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов. 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Гантулгад холбогдох эрүүгийн 2237000000001 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1976 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 45 настай бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр 4 хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харуулчин овогт Дашнямын Гантулга /ПМ76051313/ регистрийн дугаартай,

2. Харуулчин овогт Дашнямын Гантулга нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Ж.Энхээтэй маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас: Д.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Харуулчин овогт Дашнямын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван мянга/ төгрөгийн ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан торгох ялыг 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,

Шүүгдэгч Д.Гантулга нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих байгууллагыг дурдаж өгөөгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэх заалтыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус зөрчсөн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт оршин суух хаягтай ялтан Д.Гантулгын торгох шийдвэрийн биелэлтэнд хаанахын, ямар байгууллага хяналт тавих нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу тогтоолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасныг тусгаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт ороуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

2. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй,        хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.Шүүгдэгч Д.Гантулгад холбогдох хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон  тул нотлох баримтуудыг цуглуулах бэхжүүлэх үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж  давж заалдах шатны шүүх  бүрэлдэхүүн дүгнэлээ.Үүнд:

            Хохирогч Ж.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд...манай нөхөр их согтсон унтаж өгөхгүй янз бүрийн юм яриад байхаар нь би дуугүй унтаач эрүү чинь чилдэггүй юм уу, гээд цагдаа дуудна шүү гээд хэлчихсэн чинь босож ирээд хутга хаана байна 4 өндөр хавирга руу чинь хутга зооно гээд байсан. Би гэрээс гарах гэхэд хаалганы уянаас татахад хаалга хааж байгаад баганад ивээс хийдэг мод аваад толгой руу 1 удаа цохисон, миний толгойноос их хэмжээний цус гараад байхаар би орилоод чи намайг алчихлаа гэсэн цус хараад орон дээр хөнжил нөмрөөд хэвтсэн. Би 9 дүгээр ангийн охин руугаа яриад аав чинь намайг зодлоо толгойноос цус алдаад байна эмнэлэг дуудаад өгөөрэй гэсэн 2 цагийн дараа сумаас Л.Тодбаяр эмч ирж үзээд намайг эмнэлэг дээр авч ирээд толгойд боолт хийж шингэн хийж эмчилгээ бичиж өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 30-33)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Ж.Энхээгийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. (хх-ийн 26-27)

Ж.Энхээгийн 2021 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогчийн зодуулсан үеийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 3-5,7)

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 9-10)

            Гэрч Л.Тодбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим Энхээгийн толгойноос цус гоожоод тогтохгүй байна гэсэн дуудлага ирсэн Дуудлагын дагуу очиход зулай орчимд 4-5 см орчим арьс нь язарсан цус тогтсон оёдол тавих шаардлагагүй байсан, манай нөхөр надтай маргаж байгаад баганад залгасан модоор намайг цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хх-ийн 11)

Аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 56-58) зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Прокуророос шүүгдэгч Д.Гантулгыг Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багийн нутаг дэвсгэрт оршин суух өөрийн гэртээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Энхээтэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хэрийг шүүхэд ирүүлжээ.

5.Шүүгдэгч Д.Гантулгын үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд зүйлчлэл тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь “гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувьд зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан  түүнд торгох ял оногдуулж   шийдвэрлэсэн нь тухайн этгээдийн үйлдсэн  гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 7.Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Гантулгад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавих   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар тодорхойлон тусгаж тайлбарлаж өгөөгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

8.Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1.Ховд  аймгийн Булган  сум дахь  сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  Д.Гантулгад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.” гэсэн заалт нэмж оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.НЯМБАЯР

 

                                        ШҮҮГЧ                                           Д.КӨБЕШ

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА