Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 19

 

                                          

   2022          05           17                                      2022/ДШМ/19

 

Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: З.Алтансолонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр/цахимаар/

Нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов. 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Ерөнхий шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн 1937000140051 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1963 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул урхайн цахилгааны инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэл РД:ПА63092913,

2.Монгол улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын сантехникийн инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Дорж овогт Даржаагийн Баатарсүрэн РД:ПЮ61100872,

3. Даржаагийн Баатарсүрэн, Булдаагийн Алтангэрэл нар нь бүлэглэн Засгийн газрын 2006 оны 137 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.5-д заасан “Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана” гэсэн заалтыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль тогтоомжоор албан тушаалын байдалтай холбогдуулан олгосон өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу “Танай нөхөрлөл Майхан уулын орчин дахь эвдэрсэн талбайн нөхөн сэргээлтийн ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж сумын Засаг даргад хүлээлгэн өгөхийг мэдэгдье” гэж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 3/96 дугаартай албан бичигт гарын үсэг зурж, албаны тамгаар баталгаажуулан шийдвэр гаргаж, сумын Засаг даргын орлогч Булдаагийн Алтангэрэлийн төрсөн дүү нар болох Булдаагийн Амаржаргал, Булдаагийн Амарсайхан нарын байгаль орчны асуудал эрхэлсэн сайдаас газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх олгогдоогүй буюу эрхгүй “Алтай хишиг говь” нөхөрлөлд олгон, тус нөхөрлөлд хууль бусаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх давуу байдлыг бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

4.Ховд аймгийн Прокурорын Булган сум сум дундын прокурорын газраас: Даржаагийн Баатарсүрэн, Булдаагийн Алтангэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Дорж овогт Даржаагийн Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Эмчийнхэн овогт Булдаагийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарсүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэлийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 02/хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Алтангэрэлд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт тус бүр оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтангэрэл нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарсүрэнд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж,

Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Баатарсүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногорр тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгч Б.Алтангэрэл түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нөхөрлөл нь ямар нэгэн төрлийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтаар тогтоогоогүй атлаа мэргэжлийн байгууллагын эрх олгох журам зөрчсөн гэж дүгнжэ байгаа нь ойлгомжгүй байна.

Тухайлбал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаар аргачлал батлах тухай тушаалын 4-д нөхөн сэргээлтийн ажлыг техникийн, биологийн гэсэн 2 үе шаттайгаар гүйцэтгэх бөгөөд техникийн нөхөн сэргээлтийг  төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь өөрсдийн хүч, хөрөнгөөр хариуцан гүйцэтгэдэг бол  биологийн нөхөн сэргээлтийг төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Алтайн хишиг говь нөхөрлөл нь тухайн үед нөхөн сэргээлт хийх эрх авсан Хавтаг Богд ХХК-ний гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар Б.Алтангэрэлийн мэдүүлэгт дурдагдсан байдаг ба дээрх аж ахуйн нэгжүүд нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтын 11.2-д зааснаар нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээх юм.

Улсын яллагчийн яллаж буй үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Д.Баатарсүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасныг журамлан ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Баатарсүрэнгийн хувьд албан тушаалын хүрээнд хуулийн дагуу эрх хэмжээгээ эдэлж, хэвэлмэл хуудас хэрэглэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлснээс биш гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор урьдчилан амлаж албан бичиг үйлдсэн зүйл байхгүй. Шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий үйлдсэн гэж үзэж байх тул шүүгдэгч давж заалдах гомдол гаргасан гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн зөрчилгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн байдал нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.Алтангэрэлийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарын үйлдэлд 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч 6 сарын хугацаанд мөрдөн байцаалт явуулж дуусгасан ба 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх хэргийг хүлээн авснаас хойш 4 удаа хэргийг хянан шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргажээ. Шийтгэх тогтоолоор 2 удаа шүүгдэгч Д.Баатарсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 удаа түүнийг гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан бол шүүгдэгч Б.Алтангэрэлийг 4 удаа гэм буруутайд тооцож, 4 удаа ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүхээс 4 удаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа “Б.Амаржаргал, Б.Амарсайхан нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, шүүгдэгч Д.Баатарсүрэнгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгч Б.Алтангэрэл нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байхад түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна” гэх агуулгатай дүгнэлт хийсэн байна.

            2. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэм буруутайд тооцож, шүүдэгч Д.Баатарсүрэнгийн нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнсэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Алтангэрэлийн  нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч” гэснийг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, хохирол, хор уршиг, өөрийн үйлдлийн хууль зүйн үр дагавар буюу хэргийн зүйлчлэл зэргийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

            Гэтэл шүүгдэгч Б.Алтангэрэл нь анхан шатны шүүх хуралдаанд /3хх-н 230х/ эцсийн үг болгож хэлсэн үгэндээ “...Байгаль орчны сайдын зөвшөөрөлтэй нөхөн сэргээлт хийх нь биологийн нөхөн сэргээлт хийхэд хамаарна. Техникийн нөхөн сэргээлт хийх эрх нь тухайн газрын хэвлийтэй оролдож байгаа аж ахуйн нэгж хүлээдэг гэдгийг Байгаль орчны сайдын 137 дугаар тушаалаар баталсан нөхөн сэргээлт явуулах журамд тодорхой заасан байгаа” гэж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүдэгч нь “өөрийн хийсэн үйлдлийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг биш харин хууль ёсны, хуулийн дагуу үйлдэл юм” гэх агуулгатай тайлбар хэлж, гэм буруугийн талаар маргаж байхад шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно”,  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэжээ.

Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 26 дугаартай магадлалд “Мөн шүүгдэгч Б.Алтангэрэл нь болсон үйл баримтын талаар маргаагүй боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтангэрэлд ...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийсэн байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй шүүгдэгч Б.Алтангэрэлд дахин ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны” зарчимд нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчид хэт хөнгөн ял шийтгэл оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг цээрлүүлэх” эрүүгийн хариуцлагын зорилготой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой тус тус нийцэхгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

4. Шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй байх тул шүүгдэгч Б.Алтангэрэлийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт холбогдох эрүүгийн 1937000140051 дугаартай хэргийг мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл Б.Алтангэрэл, Д.Баатарсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                              

                             

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                 ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                  

                                                  ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР