Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д ,

түүний өмгөөлөгч О.Мөнхболд, О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан- Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч, ам бүл ганцаараа, оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д . Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр: Шүүгдэгч Д  2016 оноос 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлхи хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 2 тоотод байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл болох 14 ширхэг 9 мм-ийн ПС маркийн сум болон магазин, сүмбэ, кабур гэсэн галт зэвсгийн дагалдах хэрэгслийг хууль бусаар олж авч хадгалан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д  шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2010 онд эхнэр Б.Халиунаатай танилцаад 2013 оноос хойш хамт амьдарч эхэлсэн. Халиунаа аав, ээж хоёроосоо тусдаа амьдардаг байсан. Халиунаагийн дүү Билгүүн бид гурав байр түрээслээд хамт амьдарч байх үед түүний аавын авдар, эд зүйлс нь байдаг байсан. Би тухайн үед уран бүтээл хийх боломжгүй байсан. Гэрт байсан хэрэглэдэггүй эд зүйлсээ бид нар цаасан хайрцагт бөөгнүүлээд хийдэг байсан. Би 2016 оны 6 дугаар сарын үед эхнэрээсээ салах үед манай эхнэр өөрт хэрэгтэй зүйлсээ аваад би үлдсэн хайрцагтай юмнуудаа аваад салсан. Би эхнэрээсээ салаад барилга дээр хэсэг ажиллаж байгаад уран бүтээлийн ажилдаа орох гээд “Урлан” түрээсэлж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын үед урлангаасаа гарах болоод эд юмнуудаа цэгцэлж байгаад тухайн эд зүйлсийг олсон. Халиунаа болон түүний аав нь тухайн эд юмсыг асууж сураглахгүй болохоор нь би зарах гээд фейсбүүкийн анчдын группт зар тавьсан. Нэг хүн Улаанбаатар банкны хажууд үзье гэхээр нь очиж үзүүлэхэд тагнуулын ажилтан байсан. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна гэв. Хавтаст хэргээс: Гэрч Б.Халиунаа мөрдөн байцаалтанд: “Д  байлдааны зориулалттай гар буу хувийн хэрэгцээнд хэрэглэж байгаагүй. Д гийн зарахаар авч явсан зүйл нь бид хоёрыг хамт амьдарч байхад манай гэрт байдаг байсан. Тэдгээр зүйл нь манай аав ээж хоёр салахад манай гэрт үлдсэн зүйлийнх нь нэг байгаа юм. Манай аав хилийн цэргийн байгууллагад ажилладаг байсан одоо тэтгэвэртээ гарсан. Д гийн зарахаар авч явсан зүйл нь манай аавын эд зүйл мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/ Гэрч Х.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “миний эзэмшил миний нэр дээр Вентов буу байдаг байсан. 2006 онд тагнуулын төв газар хурааж авсан. Өөр ямар нэг галт зэвсэг тусгай хэрэгсэл байхгүй. 1991-2002 оныг хүртэл би өөрөө Хилийн цэрэгт ажиллаж байхдаа хэрэглэж байсан эд зүйл манай гэрийн авдарт байдаг байсан. 2007 онд эхнэрээсээ салахдаа гэртээ үлдээсэн. Тэрнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй байж байхад манай охин Халиунаа дээрх эд зүйлийг Д д өгсөн юм шиг байна. Д гийн зарахаар авч явсан бууны кабур, сүмбэ, магазин зэргийг Хиагтын хилийн отръядын штабын дарга надад бэлэглэж байсан. 14 ширхэг сумыг би ажил хийж байхдаа хээрийн сургуулилтын үеэр үлдсэн зүйлийг гэртээ хадгалж байсан юм. Би хууль бусаар байлдааны сум хадгалах хориотой байдаг талаар мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн галт зэвсгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №3924 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн 14 ширхэг сум нь ЗХУ-д /ОХУ/ үйлдвэрлэгдсэн 9х18 мм-ийн байлдааны зориулалтын, ПС маркийн сум мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 9х18мм- ийн сумаар бууддаг буунд зориулагдсан. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд үйлдвэрийн хийцийнх байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд ажиллагаатай” гэх дүгнэлт /хх-ийн 10/ Шинжээчийн 3924 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11/ Галт зэвсгийн шинжээч Ч.Соронзонболдын мөрдөн байцаалтанд: “Дээрх шинжилгээнд ирүүлсэн 14 ширхэг ЗХУ-д үйлдвэрлэгдсэн ПС маркын сумнууд нь ган зүрхэвчтэй учраас Галт зэвсгийн хуулийн 3.1.2-т заасан байлдааны зориулалттай сум тул дээрхи сумнууд галт хэрэгслийн ангилалд хамаарна. Сумны хүчийг тодорхойлох нэгжийг жоуль гэнэ. Жоуль нь 7-оос дээш байвал амьд ба амьгүй биетэд хөнөөл учруулах чадалтай. Дээрх 17 ширхэг сум нь 7 жоулиас дээшхи ангилалд хамаарна. Гар бууны кабур, сүмбэ, магазин зэрэг нь галт зэвсгийн дагалдах хэрэгсэлд хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/ сэжигтнээр Д гийн мөрдөн байцаалтанд: “Би өмнө нь Халиунаа гэх охинтой 2013 онд хамт байр түрээсэлж амьдарч байгаад 2016 онд салцгаасан. Тэр үед байрнаасаа гарахдаа илүү дутуу зүйлээ хаяхыг нь хаяад үлдсэн зүйлийг нь авсан. Тэгэхэд гар бууны кабур, сум, сүмбэ, магазин зэрэг нь надад үлдсэн. Надад мөнгөний хэрэг болоод байхаар нь Фэйсбүүк дээр “Буу нь байхгүй, зарна” гэж бичээд зар тавьсан чинь “үзье” гээд нэг хүн утасдаад уулзсан чинь тагнуулын ажилтан байсан. Тэдгээр зүйлс Халиунаагийн аавын юмнууд байсан. Би галт зэвсгийн сум, бууны хэрэгсэл хууль бусаар хадгалах, борлуулах хуулиар хориотой талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/ ...би дээрх эд зүйлийг хууль бусаар олж аваагүй, манай гэрт хамт амьдарч байсан эхнэрийн төрсөн аав нь цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан юм. Тэгээд аавынх нь эд зүйл манайд үлдсэн байсан. Тэр эд зүйл нь хэрэглэж байгаагүй гэрт хогон дотор үлдсэн байхаар нь би зарж болох юм гэж бодсон. Тэрнээс байлдааны зориулалттай зүйлийг зарж борлуулж болохгүй гэдгийг мэдсэн бол ийм асуудалд орохгүй байх байсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/ Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22, 23-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 24-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, бакалаврын дипломын хуулбар /26-27-р хуудас/, залуу зохион бүтээгчийн үнэмлэхийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-р хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д  2016 оноос 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлхи хугацаанд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 2 тоотод байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл болох 14 ширхэг 9 мм-ийн ПС маркийн сум болон магазин, сүмбэ, кабур гэсэн галт зэвсгийн дагалдах хэрэгслийг хууль бусаар олж авч хадгалан галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшсэн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь: гэрч Х.Баярсайханы Д гийн зарахаар авч явсан бууны кабур, сүмбэ, магазин зэргийг Хиагтын хилийн отръядын штабын дарга надад бэлэглэж байсан. 14 ширхэг сумыг би ажил хийж байхдаа хээрийн сургуулилтын үеэр үлдсэн зүйлийг гэртээ хадгалж байсан юм. Би хууль бусаар байлдааны сум хадгалах хориотой байдаг талаар мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/, Шинжээч Ч.Соронзонболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/, Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Шүүгдэгч Д гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан, эзэмшсэн” гэх гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шүүх хэлэлцсэн болно. Иймд шүүхээс шүүгдэгч Д г байлдааны зориулалттай галт хэрэгсэл хууль бусаар олж авч, хадгалсан, эзэмшсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг шүүгдэгч Д  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Мөн шүүхээс Д г байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл, галт зэвсэг өмчлөх, эзэмших эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Д гийн өмгөөлөгч нараас “галт зэвсгийг хууль бусаар олж авсан, борлуулсан зүйл байхгүй, харин хадгалсан зүйл байгаа ч хууль бус гэдгийг өөрөө мэдээгүй учир гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан нь гэмт хэрэгт тооцохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн онолын тайлбар гаргав. Д гийн хууль мэдэхгүй гэх байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Түүнчлэн дээрхи 14 ширхэг сум болон галт зэвсгийн дагалдах хэрэгсэл магазин, сүмбэ, кабур зэргийг өөрийн хамтран амьдарч байсан Б.Халиунаагийн эцэг Х.Баярсайханых гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Д  өөрийн амьдарч буй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар байрны 2 тоотод зохих зөвшөөрөлгүй байлгасныг хууль бусаар олж авч, хадгалсан, эзэмшсэн гэх үндэслэлтэй бөгөөд улмаар эдгээр байлдааны галт зэвсэг болох сумнуудыг шүүгдэгч Д  борлуулах зорилгоор олон нийтийн сүлжээ Фэйсбүүкээр зарна гэж зар тавьсан түүний идэвхитэй үйлдлийн илрэлээр хууль сахиулах байгууллагын ажилтан илрүүлсэн байна. Иймд түүний үйлдлийг гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Д  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д г байлдааны зориулалт бүхий галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан, эзэмших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Д г нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 3. Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар галт зэвсэг ашиглах, эзэмших эрхийг хоёр жилээр хасах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай. 4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9х18мм-ийн байлдааны зориулалттай бууны сум 14 ширхэг, 2 ширхэг магазин, гар бууны кабур, сүмбийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ