Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0098

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц******р овгийн Ш**фийн Ш********нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ал*******гийн Ч****тад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн "Тушаал хүчингүй болгох тухай" 2015 оны Б/59 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ш********нэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дэ*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ш********нэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ш**фийн Ш********нэ миний бие Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн захиргааны албаны салбар зөвлөлийн 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар дүгнэлт гаргуулж, 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, Ахлах түшмэлийн Дэд зэрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагч.

Миний бие 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хэлтсийн даргын 2015 оны Б/12 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллах болсон бөгөөд Хөдөлмөрийн сайдын "Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, орон тоог батлах тухай" 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо шинээр нэмэгдэж, батлагдаж ирсэнтэй холбогдуулан хэлтсийн даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар намайг хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр томилсон.

Ийнхүү ажиллаж байтал 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч С.Э******нийн гаргасан Б/144 дүгээр тушаалаар Хэлтсийн дарга Ж.Г***н-Э******нийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан А.Ч****тыг буцаан ажилд нь томилсон бөгөөд Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ч****т нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/59 дүгээр тушаал гарган Төрийн албаны зөвлөл дээр маргаан үүссэн гэх үндэслэлээр намайг анх Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болгож, ажлаас халсан.

Энэхүү тушаалыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэн Хөдөлмөрийн яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах тухай гомдол гаргасан бөгөөд яамнаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 4/2622 дугаартай албан бичгээр надад хариу өгсөн.

Миний бие Баянгол Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ч****тын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/59 дүгээр тушаалыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүчингүй гэж үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно. Үүнд:

1. Тушаал хүчингүй болгох тухай" Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/59 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх заалтуудыг үндэслэн тушаал гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл нь бүхэлдээ Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах тухай харилцааг зохицуулсан зүйл, заалт болохоос тушаал хүчингүй болгох, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах харилцааг зохицуулсан зүйл, заалт огт байхгүй.

2. Мөн энэхүү Тушаалын үндэслэх хэсэгт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль"-ийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалтыг үндэслэсэн. Гэтэл энэ заалт нь "29.4. Сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтныг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга томилж, чөлөөлнө." гэсэн хуулийн заалт байх бөгөөд энэхүү тушаалыг гаргахад би Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Ийм байтал миний хашиж байсан ажил, албан тушаалтай огт хамааралгүй "сум, хорооны хөдөлмөр эрхлэлтийн ажилтныг... чөлөөлнө." гэсэн заалтыг үндэслэн тушаалаа гаргасан.

3. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр миний өмнө ажиллаж байсан Г.Тэ******н нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, маргаан үүсгэсэн нь намайг Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр анх томилсон Хэлтсийн даргын 2015 оны Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа мэтээр тушаалаа гаргасан. Г.Тэ******н нь ажлаас үндэслэлгүй халагдлаа гэсэн гомдлоо Төрийн албаны зөвлөлд анх гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөрийн яамны төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгч, салбар зөвлөлөөс Г.Тэ******нгийн гомдлоор ямарваа нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй байхад ийнхүү тушаалыг хүчингүй болгож байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй юм.

4. Г.Тэ******н нь Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан өргөдөлдөө Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээс үндэслэлгүйгээр халагдсан тул, буцаан ажил албан тушаалд тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байтал өмнөх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан намайг ажлаас халж байгаа нь мөн л ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй байна.

5. Одоо Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр буцаан томилогдон ажиллаж байгаа Г.Тэ******н нь олон хоногоор ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэлтсийн даргын тушаалаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл авсан. Гэтэл хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ч****т нь Г.Тэ******нгийн төрийн албанаас халагдах сахилгын шийтгэл авахаасаа өмнө Төрийн албаны зөвлөлд гаргаж байсан гомдол, маргааныг үндэслэл болгон 2015 оны Б/59 дүгээр тушаалаа гаргаж, Г.Тэ******нг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилсон нь мөн л хуульд нийцэхгүй байгаа юм.

Иймд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ч****тын гаргасан "Тушаал хүчингүй болгох тухай" 2015 оны Б/59 дүгээр тушаал нь утга агуулгын илэрхий алдаатай, хууль тогтоомжид нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй байгааг шалган, илт хууль бус болохыг тогтоож, тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Дэ*******а шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оны 12 дугаар сард Н.Ал*******г Ерөнхий сайдын Засгийн газар солигдож Ч.Са*******г Ерөнхий сайд Засгийн газрын танхимаа бүрдүүлэхдээ Хөдөлмөрийн Сайдаар С.Чи******гийг томилсон.

Шинэ сайд Нийслэлийн 9 дүүргийн болон 21 аймгийн бүх Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг бүгдийг 2015 оны 03 сард үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн оны 06 сард шинэ дарга нарыг томилсон.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар шинээр томилогдон ирсэн Ж.Г***н-Э******нэ гэгч нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл ажилласан. Тэрээр дөнгөж ажил аваад нийт 11 хүнийг хууль зүйн үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах, халах зэргээр зориудаар сул орон тоо гаргаад оронд нь өөрийн танил хүмүүсийг хууль бусаар ажилд авсан тушаал гаргасан. Ж.Г****н-Э******нэ гэгч даргын танил хүмүүс гэж хардах үндэслэл нь тэрээр сул орон тоо гаргаж ажилд авсан 4 хүнээ ажлын 22 хоног бүрэн ажиллаагүй шахам байхад тушаал дэвшүүлэх, албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн гэх үндэслэлээр цалин хөлс нэмэх зэргээр илт хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаануудыг хийсэн.

Ж.Ган-Э******нэ даргын 11 хүнийг албан тушаал бууруулах, халах замаар зориуд гаргасан сул орон тоон дээр шинээр ажилд авсан иргэдийн нэг нь энэхүү нэхэмжлэл гаргагч Ш.Ш********нэ гэгч юм.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдон ирсэн А.Ч****т Ш.Ш********нийг анх ажилд томилохдоо хууль бус томилсон тул түүнийг ажилд томилсон тушаалыг хүчингүйд тооцон Б/59 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь:

1. Ш.Ш********нийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар "Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан" мэргэжилтнээр томилохдоо өмнө нь ажиллаж байсан Г.Тэ******н гэдэг хүнийг 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б/10 дугаар тушаал гарган албан тушаал бууруулж сул орон тоо гаргасан.

Г.Тэ******нг албан тушаал бууруулсан тушаалын үндэслэх хэсгийг харвал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1, 4.2 дахь заалтыг үндэслэн тушаал гаргажээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх тухай, хөдөлмөрийн дотоод журмаас удирдлага болгосон заалт нь ажилтанг томилох зарчим, үнэмлэх олгох заалт буюу Г.Тэ******н гэдэг хүнийг ямар шалтгааны улмаас албан тушаал бууруулж буй үндэслэл   байхгүй,   өөрөөр   хэлбэл   Ш.Ш********нэ гэдэг хүнийг   ажилд   авах зорилгоор түүнийг ажлын байрыг зориуд сул болгон тэр өдөртөө нэхэмжлэл гаргасан Ш.Ш********нэ гэгчийг ажилд томилсон.

2. Төрийн албаны зөвлөлийн "Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай" 99 дүгээр тогтоолын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа энэхүү журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн байна" гэж заасан байна.

Ш.Ш********нийг ажилд томилохдоо мөн төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нэг байгууллага дотроосоо сонгон шалгаруулах замаар томилох эвсэл Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тоог нөөцөөс нөхүүлэхээр захиалга явуулах үүргээ биелүүлэхгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж томилсон. Тэрээр өмнө ажиллаж байсан байгууллагаасаа өвчний учир чөлөөлөгдөж төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд байсан хэдий ч нэгэнт сул орон тоо гаргаад томилохдоо ядаж Төрийн албаны салбар зөвлөлд ядаж нэг хүсэлт гаргаагүй, Ш.Ш********нийг нөөцөөс хасуулаагүй зэрэг зөрчилтэйгээр шууд томилсон.

3.Ш********нийг ажлаа хүлээж авснаас хойш ажлын 19 дэх өдөр нь түүнийг
шинээр ажлын орон тоо нэмэгдсэн шалтгаанаар ахлах мэргэжилтнээр томилсон. Тус
хэлтэст олон жил үр бүтээлтэй, сайн ажилласан мэргэжилтнүүд байсаар байтал
шинээр ажилд томилсон хүнийг ахлах мэргэжилтнээр тушаал дэвшүүлэн томилж
байгаа нь мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийн илрэл гэж харагдаж байна.

4. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангаагүй.

Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөрийн яамны гаргасан жишиг ажлын байрны тодорхойлолтыг дагаж мөрддөг байсныг Г**н-Э******нэ гэгч дарга тус хэлтсийн бараг бүх ажлын байрны тодорхойлолтыг 2015 оны 07 дугаар сарын 07-ны Б\36 гэдэг тушаалаар шинэчлэн баталсан. 

Шинээр баталсан Ажлын байрны тодорхойлолтод мэргэжил заасан чухал шаардлагатай хэсэгт Хөдөлмөрийн эдийн засагч, санхүү, эдийн засагч, эрх зүйч, төрийн удирдлага, нийгмийн ажилтан байхаар заасан гэтэл Ш********нэ энэ шаардлагыг хангаагүй.

Төрийн жинхэнэ албан хаагчийг энэ мэт улс төрийн хууль бус томилгооноос ангид байлгахын тулд мэргэшсэн тогтвортой байх ёстой, үйл ажиллагаа нь ил тод, сонгон шалгаруулах замаар тэгш шударгаар томилогдсон байх ёстой гэдэг үүднээсээ тусгайлан төрийн албаны харилцааг зохицуулсан, нийгмийн болон ажиллах баталгааг нь хуульчилсан хуультай. Энэ мэт хууль бус томилгоо, дарга таньдаг, танил талтай нь ажилд орж байдаг тийм шударга бус зүйлээс л ангид байлгах гэж тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг, мэргэшил, ур чадвар, дадлага туршлагыг нь тусгайлан зааж өгдөг.

Нэхэмжлэгчийн анх ажилд томилохдоо хууль, дүрэм, журмуудыг зөрчин албан тушаалд томилсон учир түүнийг томилсон тушаал хууль бус гэж үзэн түүнийг ажлын байрны тодорхойлтод заасан мэргэжлийг хангахгүй, төрийн албаны нөөцөд хүсэлт тавилгүй, байгууллага дотроос сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон нь хууль бус гэж үзэн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:

Ш.Ш********нэ нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хандсан боловч тус яамны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/2622 тоот албан бичгээр Таны 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ч****тын Б/59 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж гаргасан гомдолтой танилцлаа. Дээрх асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх хариуг авсны дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана., 6.4-т Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ., 12 дугаар зүйлийн 12.1.2-т Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

1.    Маргаан бүхий акт, түүний үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч Ш.Ш********нэ нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдөж, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр тус тус томилогдсон байх бөгөөд тус хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Тушаал хүчингүй болгох тухай Б/59 дүгээр тушаалаар дээрх тушаалуудыг тус тус хүчингүй болгосон байна.

Маргаан бүхий Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ыг тус тус үндэслэн Хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Ш.Ш********нийг ажилд шууд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас Төрийн албаны зөвлөлд маргаан үүссэн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон, тус хэлтсийн даргын 2015 оны Б/12, 2015 оны Б/28 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгосон байх бөгөөд энэ талаар хариуцагч нь шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Харин нэхэмжлэгчээс ...Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны Б/59 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалтуудыг удирдлага болгон гарсан нь эрх зүйн үндэслэлгүй, миний эрхэлж байсан Хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр өмнө ажиллаж байсан иргэний гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг гомдлыг тушаал гаргах гол үндэслэлээ болгосон... гэж маргаж байх бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг ...Ш.Ш********нийг анх ажилд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй... гэж тайлбарлан маргаж байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.Ш********нийг ажлаас халаагүй, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаалаа хүчингүй болгосон гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

Учир нь нэхэмжлэгч Ш.Ш********нэ нь 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын Харилцааны сургуулийг гадаад албаны ажилтан мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр төгсөж, 2003 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерийн дипломын зэргээр мэргэшлээ дээшлүүлсэн байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т  Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: ... тангараг өргөнө. гэж заасны дагуу 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий Аймгийн Бор-Өндөр хотын Захирагчийн ажлын албанд төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг өргөж, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 142 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр баталсан Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчийн ...ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй... гэх тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.Ш********нэ нь хариуцагч Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар тус хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр анх томилогдоход сонгон шалгаруулалт явуулаагүй болох нь маргаан бүхий захиргааны акт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байх хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасны дагуу сонгон шалгаруулалтыг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас явуулахаас бус нэхэмжлэгч иргэн дур мэдэн өөрөө сонгон шалгаруулалт явуулж, түүнд оролцох боломжгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Ш.Ш********нийг ажилд шууд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гарснаас Төрийн албаны зөвлөлд маргаан үүссэн гэж тайлбарласан боловч дээрх хуульд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар нөхөхөөр гэж заасан үүргээ төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийг албан тушаалд томилсон гэж үзэх боломжтой ба хэрэв ийнхүү томилсныхоо дараа уг томилгоогоо хуульд нийцүүлэх үүднээс сонгон шалгаруулалтыг зайлшгүй явуулах шаардлагатай гэж үзвэл бусдын эрхийг хөндөхгүйгээр уг ажиллагааг зохион байгуулж, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох боломжийг бусдын нэгэн адил олгох зэргээр шийдвэрлэх нь зүйтэй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс ...Маргаан бүхий захиргааны акт нь тус хэлтсийн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоон дээр өмнө ажиллаж байсан иргэний гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг гомдлыг тушаал гаргах гол үндэслэлээ болгосон... гэж маргаж байгаа боловч маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон хуулийн зүйл заалтууд нь уг асуудалтай холбоогүй байх бөгөөд хэн нэгний гомдлыг үндэслэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, ажлаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас үзэхэд маргаан бүхий акт нь дээр дурдсанаар хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч Ш.Ш********нийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх, хуульд зааснаас бусад үндэслэлээр халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хууль бус шийдвэр гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна., 28 дугаар зүйлийн 28.2.2-т төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс; Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш.Ш********нийн ажилгүй байсан хугацааны 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх нийт 5 сар 1 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /599237*5 сар/, + //зэрэг дэв 18%+удаан жил 10%/*5 сар/, + //523341,03+408288,92+143607,42/:49*ажлын 1 өдөр// нийт 3557442 /гурван сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай А/17 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор маргаан бүхий Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаал хасагдсан байх боловч нэхэмжлэгч нь түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэйг дурдаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 70.2.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ш********нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын Тушаал хүчингүй болгуулах тухай 2015 оны Б/59 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 5 сар 1 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 3557442 /гурван сая таван зуун тавин долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА