Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч С , түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705002470027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, +25 бааранд хамгаалагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С . Шүүгдэгч С  нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Н.Ариунтэмүүжинг тус бааранд согтуугаар агсам тавилаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохих, цээжин дээр нь дарж суух зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С гийн шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 7 дугаар 13-ний шөнө 00 цагийн үед Ариунтэмүүжин манай бааранд орж ирсэн. Бааранд орж ирээд манай зөөгч Ариунболдыг 2 удаа цохиод ширээн дээр сууж байсан 2 залуутай маргалдаж эхэлсэн. Хамгаалагч Мөнхтулга бид хоёр салгах гээд очих үед Ариунтэмүүжин намайг цохисон. Ариунтэмүүжингийн найз охин нь ирээд түүнийг дагуулаад хойд талын зааланд орох үед Ариунтэмүүжин заалны толийг хага цохисон. Ариунтэмүүжин удалгүй ариун цэврийн өрөөний хажуугаар гарсан хүмүүстэй маргалдаад байхаар нь дахин очиж салгах гэтэл намайг цохиод над руу дайраад байхаар нь газарт унагасан. Ариунтэмүүжинг гаргах гээд босгох үед над руу пивоны шил бариад дайрах үед нь би бултаад барьж аваад гарыг нь ард нь хүлсэн. Манай зохион байгуулагч Өсөхбаяр орж ирсэн. Ариунтэмүүжингийн дүү нь орж ирээд цагдаа дуудсан гэв. Хавтаст хэргээс: Хохирогч Н.Ариунтэмүүжин мөрдөн байцаалтад“...Манай найз охин Мичидмаа нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд бармен хийдэг юм. Найз охин бид хоёр жаахан муудалцаад 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр би найз нартайгаа хамт гадуур нэг шил 0,75-тай архи хувааж уучихаад найз охиныхоо ажил руу ганцаараа очсон. Баар руу ороод баарны зөөгчийг таньдаг болохоор юу байна гээд хацарлуу нь алгадаад өнгөрсөн. Тэгээд ширээн дээр манай Чойр аймгийн 2 найз сууж байхаар нь юу байна гээд яриад зогсож байгаад тэр хоёртой маргалдтал баарны хоёр хамгаалагч орж ирээд салгасан. Түүнээс болж хамгаалагчтай муудалцаад 2 хамгаалагч намайг дагуулаад заал руу оруулсан. Тэгээд Со гэдэг залуу намайг эхлээд шанаа руу цохисон. Тэгээд намайг хоёулаа барьж аваад гар хөлнөөс өчөөд ариун цэврийн өрөө рүү явсан. Манай найз охин боль гээд байсан. Со намайг цохиод бид хоёр харилцан зодолдоод байсан. Тэгтэл нөгөө хамгаалагч нь хажуунаас орж ирээд намайг нүүрлүү цохиод гарнаас өчөөд элгэдээд байсан. Тэгж байтал дижи Тулга ирээд намайг нүүрлүү цохиод байсан. Газарт мөн намайг хавирч унагаагаад өшиглөөд байсан. Тэгж байтал зохион байгуулагч Өсөхбаяр ирээд наадах чинь ямар овоо пизда вэ оруулаад ир” гээд өөр ажилчдын өрөөрүү оруулаад нэг хамгаалагч дижитай хамт гарнаас бариад Со гэдэг хамгаалагч, Өсөхбаяр нар намайг өшиглөж цохиод байсан. Тухайн үед манай найз охин өрөөнд байгаагүй юм. Тэгж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13/ Гэрч Ц.Баттулга мөрдөн байцаалтад өгсөн:”... Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд дижи хийдэг юм. 2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө М2 салбар бааранд дуу суулгаж байгаад шөнө 00 цагийн орчим өөрийн +25 баар луугаа ортол манай баарны бармены нөхөр Ариунтэмүүжин согтуу ганцаараа ороод ирчихсэн байсан. Би 00-д орчихоод гараад иртэл манай хамгаалагч Бөхтулгатай Ариунтэмүүжин випийн хаалганы үүдэнд заамдалцаад зогсож байхад нь би очиж салгахад намайг заамдсан. Би гарыг нь татаж салгасан. Тэгээд би яваад өгсөн. Би түүний дараа зохион байгуулагч Өсөхбаяр руу залгаад “энд бармены нөхөр Ариунтэмүүжин ирээд манай хамгаалагч нартай маргалдаад зодоон хийгээд байна гэж хэлсэн. Удалгүй Өсөхбаяр ирсэн. Өсөхбаяр ирсэний дараа цагдаа нар мөн ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/ Гэрч Б.Өсөхбаяр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 баарны зохион байгуулагч ажилтай бөгөөд баярын өдрүүдээр манай баар ажилласан. 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би гадуур ажилтай явж байтал 00 цаг өнгөрч байх үеэр манай баарны дижи Баттулга над руу залгаад “бармены найз залуу нь ирээд агсам согтуу тавиад хамгаалагч нартай маргалдаад байна” гэж хэлэхэд та нар ганц бацаан дийлэхгүй нь үү бариад хүлчихээч гэхэд дийлэхгүй байна гэж хэлсэн. Би шөнө 01 цаг 40 минутын орчим бааран дээрээ очиход Ариунтэмүүжин 00-н урд талын вип өрөөнд найз охин Мичидмаатайгаа хамт байсан ба хажууд нь манай баарны хоёр хамгаалагч байсан. Би очоод Мичидмааг ажлаа хий гээд гаргасан. Нөгөө Ариунтэмүүжинг “чи юу болоод байна, яагаад агсам согтуу тавиад хамгаалагч руу дайраад байна” гэхэд “найз охинтойгоо ийм зүйл болчихлоо, хамгаалагч нараа гаргачих, хоёулаа юм яръя” гэж хэлэхээр нь хоёр хамгаалагчаа гаргаад түүнтэй юм яриад сууж байтал Ариунтэмүүжин “би шоронд суугаад гарч ирсэн, хутга шаана шүү гэхээр нь би ”бацаан минь зүгээр байгаарай гээд гараараа хоёр удаа түлхээд шилэн хүзүүг нь дарж байтал хоёр хамгаалагч орж ирээд түүнийг нийлээд хүлсэн. Тэгж байтал цагдаа нар орж ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/ Гэрч М.Мичидмаа мөрдөн байцаалтад“...Би +25 нэртэй бааранд бармен хийдэг. Ариунтэмүүжинтэй хамт амьдарч байгаа. Бид 2 муудалцчихсан байсан юм. 2017 оны 7 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчим ажил дээрээ байж байтал Н.Ариунтэмүүжин орж ирээд үүдэн дээр танидаг хоёр залуу сууж байхлаар нь тэр хоёртой юм ярьж байгаад муудалцаад түүнээс болж баарны хамгаалагч Бөхтулга, С  нар хүрч ирээд Ариунтэмүүжинг аваад вип өрөө рүү явсан. Тухайн үед хоёр хамгаалагч Ариунтэмүүжинг өчөөд авч явсан. Авч явж байх үедээ С  Ариунтэмүүжинг гараараа нүүр рүү нь нэг удаа цохих шиг болсон. Би битгий цохиод бай гэж хэлсэн. Ариунтэмүүжин мөн С тэй харилцан маргалдаад байсан. Тэгээд вип өрөө рүү Ариунтэмүүжинг оруулсан. Тэгээд хоёр хамгаалагч гарч явсан. Би Ариунтэмүүжинтэй хамт байж байгаад буцаад ажил дээрээ очиж байж байгаад буцаад вип өрөөрүү очиход Ариунтэмүүжин С , Бөхтулга нартай маргалдаж байсан. 00-н орчим С  Ариунтэмүүжинг нүүр рүү нь нэг удаа цохисон. Би очиж салгаад Ариунтэмүүжинг вип өрөөрүү буцаж оруулаад байж байтал Өсөхбаяр ирсэн. Тэгээд гарч ажлаа хий гээд гаргасан. Би өөрийн хариуцсан ажил дээрээ сууж байтал Ариунтэмүүжингийн төрсөн дүү нь ирсэн ба дүүтэй нь хамт Ариунтэмүүжинг авах гээд вип өрөөрүү очиход Өсөхбаяр бид хоёрыг оруулахгүй байсан. Дүү нь цагдаа дуудах шиг болсон. Цагдаа удалгүй ирсэн ба би випрүү ороход Ариунтэмүүжингийн нүүр нүд нь цус болчихсон байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/ Гэрч С.Бөхтулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би +25 нэртэй баарны хамгаалагчаар ажилладаг бөгөөд тэр шөнө бааранд ажиллаж байтал бармены найз залуу Ариунтэмүүжин орж ирээд явган ширээн дээр сууж байсан хоёр хүнтэй маргалдахаар нь хамгаалагч С тэй очиж Ариунтэмүүжинг баарны хойд талруу авч явж байтал Ариунтэмүүжин намайг тавь гэхээр нь тавьсан чинь намайг хоолойноос боогоод намайг заамдаад нүүрлүү нэг цохисон. Ариунтэмүүжин бармен Мичидмаатай явж байгаад заалны толийг цохисон. Тэгээд цааш нь Мичидмаатай вип өрөө рүү хамт ороод сууж байгаад гарч ирсэн. Ариунтэмүүжин нилээн согтуу байсан. Гарч ирээд надтай маргалдаад надруу болон С  рүү дайрсан. Ариунтэмүүжинг С  нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгээд түүнтэй бид хоёр зууралдаад буцаагаад тэр ширээн дээр байсан пивоны шил аваад цохих гэхлээр нь шилийг нь авч унагаагаад гарыг нь ард нь тэлээгээр хүлсэн. Тэгээд вип өрөөрүү оруулсан. Тэгж байтал зохион байгуулагч Өсөхбаяр ирсэн. Мөн дижи Тулга бас байсан. Би тэгээд өрөөнөөс гарсан Өсөхбаяр Ариунтэмүүжинтэй өрөөнд хамт үлдсэн тэгж байтал цагдаа нар ирсэн ” гэх мэдүүлэг/ хх-ийн 22-23/ Яллагдагчаар С  мөрдөн байцаалтанд өгсөн“...Би тухайн үед 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах +25 бааранд хамгаалагчаар ажиллаж байхад манай барменээр ажилладаг байсан Мичидмааг найз залуу нь утсаар хардаад байсан тэгээд удалгүй найз залуу /Ариунтэмүүжин/ нь орж ирээд манай зөөгчөөр ажиллаж байсан залууг ямар нэгэн үг хэлэхгүй цохиод авсан, тэгээд Ариунтэмүүжин нь текэн дээр байсан 2 залуу руу дайраад байхаар нь би очоод болиулаад тэвэрч авахад эргэж хараад миний зүүн шанаа руу цохисон, тэгээд найз охин Мичидмаа нь ирээд хойд талын заал руу аваад явсан, тэгээд Ариунтэмүүжин нь хойд талын өрөөний сандал өшиглөөд толь хагалаад байхаар нь Мичидмаа цаад талын өрөө рүү оруулаад их удаан байсан. Тэгээд Ариунтэмүүжин нь гарч ирээд 00-ийн өрөө рүү орж байсан хүмүүстэй муудалцаад байхаар нь би очиход болихгүй байхаар нь газарт унагаагаад дарж байгаад босгоход Ариунтэмүүжин нь над руу дайраад болихгүй байхаар нь би шанаан тус газарт нь нэг удаа цохисон, тэгээд болихгүй надруу дайраад байхаар нь дахин нүүр шанааруу нь цохисон, тэгээд гадаа гаргая гээд гаргахад манай баарны зохион байгуулагч Өсөхбаяр болиулсан”гэх мэдүүлэг /хх-ийн 34/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9179 дугаартай дүгнэлтэнд: Н.Ариунтэмүүжингийн биед хамар ясны хугарал, таславч мурийлт, баруун дээд зовхинд шарх, цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 24/ болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, ял шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч С  нь 2017 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус бааранд иргэн Н.Ариунтэмүүжингийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Ариунтэмүүжингийн“...Со гэдэг залуу намайг эхлээд шанаа руу цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мичидмаагийн“...С  Ариунтэмүүжинг гараараа нүүр рүү нь нэг удаа цохих шиг болсон... С  Ариунтэмүүжинг нүүр рүү нь нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч С.Бөхтулгын “...Ариунтэмүүжинг С  нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9179 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Прокуророос С г холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С г гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Н.Ариунтэмүүжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч С д шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно. Хохирол төлбөрийн талаар хохирогч Н.Ариунтэмүүжин нь “С тэй бид хоёр тохиролцож гомдол саналгүй болсон тул хэргийг хялбараар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч С г бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгч С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “хохирогчийн хууль бус үйлдлийн эсрэг шүүгдэгч С  аргагүй хамгаалалт хийсэн учир хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн тайлбар гаргасныг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч С  хуулиар хамгаалагдсан аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар торгох ялыг нийт таван сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ