Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 11

 

Б.Бямбаренчингийн нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 149/2019/00291/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Батсайхан

                                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Цэцэгмаа

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Б.Бямбаренчингийн нэхэмжлэлтэй “Майнд Тэч” ХХК-д холбогдох “нөхөн төлбөр 3.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Бямбаренчин анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Бямбаренчин нь Сэлэнгэ аймаг Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг “Майнд Тэч” ХХК-ний ургамлын тосны үйлдвэрт ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэрээт өргөгч буюу ачигч жижиг оврын өөрөө явагч техникийг ажиллуулж байгаад зүүн гарын сарвууны 2-5-р хурууны 3-р шивнүүр ясны ил хугарал гэмтэл авч одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвараа алдан байнгын эмчилгээтэй хийлгэх шаардлагатай болоод байна. Энэ үйлдвэрлэлийн осолд компани буруутай гэж шүүхээр тогтоосон.  Намайг осолд орсны дараа ерөнхий захирал Мөнхжаргал нь манай ээж, аавд өргөдөл гомдлоо хуулийн байгууллагаас авчих би хүүгийн чинь бүрэн эмчилж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой тусламж эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй хагалгаанд ороход 1000000 төгрөг өгсөн. Би одоо 20 настай залуу хүн, ид ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсрох үедээ ийм гэмтэл авсан ба энэ гэмтлийн улмаас хөдөлмөрлөх чадваргүй болсон. Мөн гар маань байнга өвдөж хатангаршиж байгаа, цаашид би эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч мөнгө төгрөг эдийн засгийн хувьд маш хүнд байна. Иймд “Майнд Тэч” ХХК-иас буюу ерөнхий захирал Мөнхжаргалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөр 6 сарын цалин буюу 3600000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Бямбаренчин нь “Майнд Тэч” ХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дадлагажигч операторчноор ажилд орж 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлж ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажиллаж байх явцдаа үйлдвэрийн осолд орж холбогдох хүмүүс нь энэ шүүхээр шийдвэрлүүлсэн. “Майнд Тэч” ХХК-иас Б.Бямбаренчинг эмнэлэгт хүргэх зэрэг шаардлагатай бүх ажиллагааг хийсэн байдаг. “Майнд Тэч” ХХК-ний зүгээс Бямбаренчингийн гарын зургийг Герман улсын эмнэлэгт хандаж үзүүлж харуулахад гэмтэл нь нөхөн сэргээгдэх боломжтой гэсэн байсан. Тийм учраас бид компьютер бичиг хэрэг юм уу бичиг хэргийн туслахаар ажилд авъя гэж санал болгоход өөдөөс баахан мөнгөн төлбөр нэхдэг. Шүүхээр орж шийдвэрлүүлээд гарсан бүх зардлыг төлсөн байгаа. Нийт 4.256.606 төгрөгийг Бямбаренчинд байгууллагын зүгээс олгосон. Бямбаренчин нь энэ хугацаанд буюу гэмтэл авсныхаа дараа токарын курст суралцаж байсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-ийг 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №33 дугаар тогтоолоор тайлбарласан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Майнд Тэч ХХК-иас 3600000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бямбаренчинд олгож,  

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  

- Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч “Майнд Тэч” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 72550 төгрөгийг гаргуулж орон нутгийн төрийн сангийн 100130400953 тоот дансанд оруулахаар, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бямбаренчингийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Майнд Тэч” ХХК нь Б.Бямбаренчинд 1.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин гэж 1.200.000 төгрөгийг нийт 2.200.000 төгрөгийг олгосон. Гэтэл шүүх цалин олгосон байхад түүнийг тооцохгүйгээр  шууд 3.600.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:   Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчийн буруугаас осол гарч манай хүүхэд өнөөдөр  хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Хариуцагч компаниас хүүг хагалгаанд ороход эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг,  1.200.000 төгрөгийг  2019 оны 5, 6-р сарын цалин гэж өгсөн.  Энэ өгсөн мөнгө нь  хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжинд хамаарагдахгүй гэж үзэж байгаа тул  Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гэж хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 1.1-д заасны дагуу “Майнд Тэч” ХХК-аас 3.600.000 төгрөг гаргуулахаар гаргасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бямбаренчин нь хариуцагч “Майнд Тэч” ХХК-нд холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол 3.600.000 төгрөгийг нөхөн гаргуулах   тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Хариуцагч  “Майнд Тэч” ХХКомпани нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хэргийг шийдвэрлэхдээ компаниас ажилтан Б.Бямбаренчинд урьд олгосон мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцолгүй шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарласан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Б.Бямбаренчин нь “Майнд Тэч” ХХК-д туслах ажилтан операторчноор ажиллаж байсан бөгөөд ажил олгогч нь  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулж ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас ажилтан нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орсны улмаас түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, үйлдвэрлэлийн осол гарахад ажил олгогч буруутай болох нь шүүхээр тогтоогдсон байна.

Тус үйлдвэрлэлийн ослын улмаас Б.Бямбаренчин нь  хөдөлмөрийн  чадвараа 50 хувь алдсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон №0181824 дугаартай актаар тогтоогдсон бөгөөд тухайн актыг үндэслэн ажилтан Б.Бямбаренчин нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар ажил олгогчоос нөхөн төлбөр гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Ажил олгогчоос нь ажилтан Б.Бямбаренчинд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг, цалин 1.200.000 төгрөг  нийт 2.200.000 төгрөг олгосон талаар талууд маргаагүй боловч энэхүү мөнгийг ажил олгогч нь  нэхэмжилж буй нөхөн төлбөрт тооцуулна гэж маргасан байна.

 

Иргэний хуулийн  505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар  бусдын эрүүл мэндэд  гэм хор учруулсан  этгээд нь хохирогчийн  хөдөлмөрийн чадвараа  алдсанаас  дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах  орлого,  ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч /ажил олгогчоос/ 2.200.000 төгрөгийг ажилтаны эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүргийнхээ дагуу  шилжүүлсэн гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчийн одоо гаргаж буй шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т заасан үйлдвэрлэлийн ослын улмаас  хөдөлмөрийн  чадвараа алдсан ажилтанд ажил олгогчоос олгож буй нөхөн  төлбөр гэж ойлгох тул нэхэмжлэгч Б.Бямбаренчингийн  нэхэмжлэлийн шаардлагаас ажил олгогчоос урьд шилжүүлсэн гэм хорын төлбөрийг хасаж тооцох боломжгүй юм.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэж заасан бөгөөд нөхөн төлбөрийг ажил олгогч нэгээс дээш удаа олгосон тохиолдолд түүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 72.250 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН