Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Г  түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, хохирогч Д.Алтанцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705005250099 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Т Г , Увс аймаг Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгчин мэргэжилтэй, оршин суух, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Г  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын орчим таксины төлбөр тооцооноос болж маргалдан иргэн Д.Алтанцогийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г  мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 24- ний өдөр Модны хоёроос такси үйлчилгээнд явж байгаад 2 залуу аваад Бичил хороололд хүлээж байгаад 10 дугаар хороолол орсон. Би таксины мөнгөнд 4000 төгрөг нэхсэн. Тэгтэл Алтанцог “чи нэг км-ийг 1000 төгрөгөөр явж байгаа юм уу” гэхээр нь “чи намайг хүлээлгэсэн биз дээ” гээд маргалдсан. Гэтэл Алтанцог мөнгөө өгөлгүй буугаад явахаар нь түүний араас бууж очоод барьж авахад түүнтэй хамт явж байсан найз нь “би таксины мөнгийг аваад өгье” гэсэн. Тэр 2 над руу уурлаад намайг түц рүү шахсан. Тэгэхээр нь би Алтанцогийг нэг удаа цохисон. Тэгээд Алтанцогийн ах дээр нь очиж уулзаад загнуулж байгаад цагдаагийн газар очоод, дараа нь шүүх эмнэлэг орсон” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанцог мэдүүлэхдээ: “Модны хоёроос такси бариад 10 дугаар хороололд утсаа ломбарданд тавьсныгаа авах гэж явсан. Бичил хороололд байдаг ломбарднаас гар утсаа авсан. Тэгээд 10 дугаар хороолол ороод тооцоогоо хийх гэтэл 4000 “дуугай өгөөд зайл банди минь” гэхээр нь би “чамайг ингэж ярьвал мөнгө өгөхгүй” гээд буусан. Тэгтэл араас бууж ирээд толгойгоо тулаад байсан. Би тэр өдөр энгэрийн халааснаасаа түрийвчээ гаргаад мөнгөө өгөх гэтэл шууд ам руу цохисон. Тэгэхэд шүд маань мултраад унасан. Би шүд унагаачихлаа гэхэд найз маань цагдаагийн газар оръё гэсэн. Замаараа манай ах дээр очиж уулзсан. Тухайн үедээ надтай зохицъё би 3 настай хүүхэдтэй гэж байсан. Ахтай уулзаад цагдаагийн газар очихоор болоод цагдаагийн газар очсны дараа эмнэлэг рүү явсан. Би шүдээ авахуулаад онгорхой шүдтэй явсан. Миний буйл 146.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба шүүх хуралдааны өмнө энэ мөнгийг өгсөн” гэв. Шүүгдэгч Г  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлын орчим таксины төлбөр тооцооноос болж маргалдан иргэн Д.Алтанцогийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд болох: Хохирогч Д.Алтанцогийн “Би өнөөдөр 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд найз Алтангэрэлийн хамт модны 2 замаас такси бариад Хорооллын бичил орчоод тэндээсээ шууд 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудлаас очиж төлбөрөө хийх гээд хэд гарсан бэ гээд асуусан чинь 4000 гарсан гэсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ км нь 1000 төгрөг болсон юм уу өдрийн цагаар 800 төгрөгөөр явдаг биз дээ 3000 төгрөг гаран гарна гэж хэлсэн чинь жолооч шууд над руу зайл банди минь мөнгөө өгөөд зайл гэж хэлсэн чинь би урдаас нь юу гэнээ гээд бас урдаас нь хэрэлдсэн юм. Тэгсэн чинь таксины жолооч шууд бууж ирээд машиныхаа зүүн талын хаалгыг онгойлгоод буугаад ир гэсэн. Тэгсэн манай найз Алтангэрэл буусан би араас нь буусан чинь над руу дайраад ална шүү гээд орилоод байсан. Манай найз Алтангэрэл бид хоёрыг салгаад дундуур байж байсан. Тэгэхээр нь би та надтай ингэж харьцаад байвал мөнгийг чинь өгөхгүй шүү гэж хэлээд эргэж хараад алхсан чинь тэр таксины жолооч шууд намайг татаад миний үүдэн шүд рүү цохисон чинь нэг үүдэн шүд маань унасан. Тэгээд би яаж байгаа юм бэ гээд хэлж байхад манай найз Алтангэрэл салгах гээд дундуур ороод байж байтал дахин миний зүүн шанаа руу цохисон. Би тэр хүнийг цохиогүй гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дугаар хуудас/ “... Миний хувьд 2 шүд хийлгэх эмчилгээний төлбөр болон одоо гарсан зардал зэрэгтээ нийт 3.600.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/ Гэрч Алтангэрэлийн “2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед байх найз Алтанцогийн хамт би модны хоёрын зам дээрээс такси бариад Приус 11 байхаа нэг машин зогссон. Жолооч нь бид нарын үеийн залуу байсан. Тэгээд бичил хороолол орчихоод буцаад 10 дугаар хороололын хойд талын автобусны буудал дээр хүргүүлсэн. Тэгээд км харсан чинь 3 км хагастай гарсан байсан. Тэгээд хэд гарсан гэхэд 4000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ өдрийн цагаар 1000 төгрөгөөр явж байгаа юм уу гэж би хэлсэн. Тэгсэн жолооч нь 4000 төгрөг өгөөд зайл гэж хэлсэн. Манай найз Алтанцог таксины мөнгөнөөс болж жолоочтой маргалдаад би за за боль боль мөнгийг нь өгчих гээд хэлж байсан чинь жолооч нь бууж ирээд жолоочийн арын хаалгыг онгойлгоод машинаас буугаад ир гараад ир гээд байсан. Би мөнгийг чинь өгчихье гэхэд Алтанцог чи яасан омогтой юм мөнгийг чинь өгөхгүй гээд хэрэлдээд маргалдаж байхаар нь би дундуур нь ороод болиулах гэж байсан чинь тэр жолооч Алтанцогийн шүд рүү нь гараараа цохичихсон. Таксины жолооч та нарыг цагдаад өгнө гээд бид хоёр машинд нь суугаад хамт цагдаа руу явж байх замд Алтанцог чи миний шүдийг унагаачихлаа ш дээ гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 10935 дугаартай актын: “1. Д.Алтанцогийн биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний булгарал, үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний хугарал, үүдэн дээд баруун 2, зүүн 2 дугаар шүд, үүдэн доод баруун 1, зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Хоёр шүдний хугарал, булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 10% нөлөөлнө” гэсэн дүгнэлт. /хэргийн 136 дугаар хуудас/ Г ийн яллагдагчаар өгсөн “2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би хувийнхаа 36-72 УНО улсын дугаартай Приус 11 машинаараа таксинд явж байгаад модны хоёрын тэндээс 2 залуу гар өргөхөөр нь аваад эхлээд бичил рүү яваад тэнд хүлээлгэж байгаад буцаад 10 дугаар хорооллын замын хойд талын автобусны буудал дээр ирээд би 4000 төгрөг гарсан гэж хэлсэн чинь ийм өндөр гарахгүй өгөхгүй гэхээр нь би хүлээгээ биз дээ 4 км гарсан гэж хэлэхэд Алтанцог нь өгөхгүй чаддаг юм бол аваарай гэж хэлээд буусан. Би араас нь буугаад барьж авсан. Тэгсэн цуг явж байсан залуу нь тавьчих би аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би Алтанцог үгүй гээд эсэргүүцээд явах гээд байхаар нь би Алтанцогийг хувцаснаас нь бариад авсан. Тэгсэн тэр 2 намайг Түц рүү шахаад тэгээд би Алтанцогийн нүүр лүү гараараа нэг л цохисон. Тэгсэн Алтанцог миний шүд уначих шиг боллоо гэж хэлэхээр нь би эмнэлэг явъя гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү авч яваад гэмтлийн эмнэлэг үзээгүй. Цагдаа руугаа явсан. Дараа нь Алтанцог шүүх эмнэлэгт үзүүлсэн. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлын мөнгийг би чадлынхаа хэрээр барагдуулна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г ийн үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэрэгт цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлсэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Г ийн үйлдсэн гэмт хэрэг нь шууд санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Хохирогч Д.Алтанцогоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигт нийт 3.600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 146.400 төгрөг эмчилгээний зардалд тогтоогдсоныг шүүгдэгч Г  төлж барагдуулсан тухай баримтыг шүүх хуралдаанд гарган өгсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж дүгнэв. Харин хохирогч Д.Алтанцогт гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Г  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Г т гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.

Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г ийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаатай хийлгэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Д.Алтанцог нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ