Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 12

 

Ц.Энхжаргалын хүсэлттэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2020/00102/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                Нэхэмжлэгч                           Ц.Энхжаргал

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Ц.Энхжаргалын хүсэлттэй “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч /хүсэлт гаргагч/ Ц.Энхжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн төрсөн дүү Ц.Октябриас  охин О.Энхжинг 3 сартай байхаас нь өөр дээрээ өсгөж байгаад аав, ээжтэй нь ярилцан хүсэлт гаргаснаар  Сүхбаатар сумын Засаг даргын О.Энхжинг үрчлэх тухай 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай захирамж гарсны дагуу 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №3 дугаартай Үрчлэлтийн гэрчилгээг олгосон юм. Гэтэл тухайн үед Сүхбаатар сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хариуцсан ажилтан улсын бүртгэлийн мэдээллийг хийгээгүй сүүлд  2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар сумын үрчилсний бүртгэлийн 16-д хуучин үрчлэлт гэж бүртгэсэн байна.

Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл нийгмийн даатгалын байцаагч энэ зөрүүтэй байдлаа арилга гэсэн тул О.Энхжинг үрчилсэн тухай бүртгэлийг анх бүртгэсэн буюу 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэснээр улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай болсон. Иймд охин Б.Энхжинг 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үрчилсэн үрчлэлтийг Улсын бүртгэлд бүртгүүлснийг тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийдвэрээр:

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай захирамжийг үндэслэн 2004 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Э.Энхжингийн 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдийн 03 дугаартай Үрчлэлтийн гэрчилгээ-г /үрчлэлтийг/ 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тус сумын үрчилсний бүртгэлийн 16-д бүртгэсэнийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие охин Э.Энхжинг 2005 оны 01 сарын 11-нд үрчилж авсан боловч Улсын бүртгэлд ажилтан Оюунбилэг тэмдэглэл тухайн үед хөтлөөгүйн улмаас 2010.08.24-ний өдөр үрчлэлтийг нөхөн бүртгэсэн тул үүнийг 2005 оны 01 сарын 11-ний өдрөөр засаж залруулахаар шүүхэд өргөдөл гаргасан боловч 2020.02.03-ны шийдвэр нь миний нэхэмжлэлийн дагуу гараагүй, миний нэхэмжлэлийг буруу ойлгож шийдвэр гарсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Охин Э.Энхжинг 2005.01.11-ний өдрийн 03 дугаартай үрчлэлтийг Улсын бүртгэлд 2010.08.24-ний үрчилсэний бүртгэлийн 16-д бүртгэснийг хүчингүй болгож 2005.01.11-ний өдрийн 03 дугаартай үрчлэлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн санд өөрчлөлт оруулах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Одоо би охины хамт амьдардаг бөгөөд охин маань Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч  Ц.Энхжаргал нь  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу  үрчлэлтийн огноог улсын бүртгэлд буруу бүртгэснийг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэснийг хүсэлт гаргагч анхан шатны шүүх хүсэлтийг агуулгыг буруу ойлгож шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.  

Хэргийг судлан үзвэл: Хүсэлт гаргагч Ц.Энхжаргал нь өөрийн төрсөн дүү Ц.Октябрь, эхнэр П.Мөнхцэцэг нараас 2004 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин О.Энхжинг үрчлэн авах хүсэлт гаргаснаар түүний хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга хүлээн авч  2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаартай О.Энхжинг үрчлэх тухай захирамж гаргасан байна.

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын засаг даргын захирамжийг үндэслэн  Иргэний бүртгэлийн ажилтан нь Ц.Энхжаргалд хүүхэд үрчилсэн тухай 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №3 дугаартай Үрчлэлтийн гэрчилгээ олгожээ.

Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.” гэж заасан.

 Гэтэл Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хариуцсан ажилтан нь  Сүхбаатар овгийн Цагаачийн Энхжаргалд  О.Энхжинг өргөж авсан тухай 2005 оны 01 сарын 11-ний өдөр  “Хүүхэд үрчилсний бүртгэлийн 03 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн тэмдэглэл бүхий  03 тоот гэрчилгээг олгосон атлаа энэ тухай мэдээлэлийг улсын бүртгэлийн санд тухай үед бүртгээгүй бөгөөд 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  О.Энхжинг үрчлэгдсэн тухай мэдээллийн санд нөхөн  бүртгэл хийсэн болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын 2005 оны 01 сарын 11-ний өдрийн 17 дугаартай О.Энхжинг үрчлэх тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай албан бичиг,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Ц.Энхжаргал нь  иргэний үрчлэлтийн бүртгэлийг буруу бүртгэсэн тухай зөрчлийг аргилгуулахаар шүүхэд хандсан бөгөөд Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.-т “Энэ хуулийн 21.3-т заасны дагуу хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй бол иргэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан тул иргэний тухайн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хуулийн  үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин О.Энхжинг  иргэн Ц.Энхжаргалд үрчилсэн тухай 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн бүртгэлийг өөрчилж, 2005 оны 01 сарын 11-ний өдрийн 03 тоот гэрчилгээ олгосон өдрөөр нь иргэний бүртгэлд өөрчлөлт хийхийг эрх бүхий байгууллагад даалгаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 03-ны өдрийн 89 дугаартай шийдвэрийн  “Тогтоох” хэсгийн 

1 дэх заалтыг:

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3, Улсын иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин О.Энхжинг 2010 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.Энхжаргалд үрчилсэн тухай бүртгэлийн огноог эрх бүхий байгууллагаас 2005 оны 01 сарын 11-ний өдрийн 03 тоот гэрчилгээ олгосон өдрөөр нь өөрчлөн бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН