Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/533

 

Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг  даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2206 00000 0228 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шангас овгийн Цэнгэнбаярын Бат-Эрдэнэ, 1999 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 46 дугаар гудамжны 17 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, 64-2063 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ОЮ99061257/;

             Ц.Бат-Эрдэнэ нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын орчимд П.Төгөлдөрийг дуудан ирүүлж, түүний нүүр лүү мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Ц.Бат-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байж чадахаа амласан, хохирогч П.Төгөлдөрт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тэрээр “Лант-Уул” ХХК-д засалчинаар ажилладаг ба сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг, энэхүү ажил нь улирлын чанартай, төлөвлөсөн цаг хугацаандаа барилгыг ашиглалтад өгөхийн тулд тасалдуулж болохгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломж багатай нөхцөл байдлыг харгалзан өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсье. ...” гэв.

            Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх  шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ц.Бат-Эрдэнэ нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцсийн автобусны буудлын орчимд П.Төгөлдөрийг дуудан ирүүлж, түүний нүүр лүү мөргөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч П.Төгөлдөр нь “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай салсан найз охины найз банди Бат-Эрдэнэ гэх залуу над руу залгаад “Бадамгарав хаана байна, надтай уулзалгүй 5 хонолоо, чамтай цуг байгаа юм шиг байна” гэж асуухаар нь би “Бадамгараваас салснаас хойш ганц ч уулзаагүй, харьцаагүй” гэж хэлэхэд “Чамд итгэхгүй байна, байгаа газарт чинь яваад очъё” гэж хэлэхээр нь байгаа газраа зааж өгсөн ... над руу дахин залгаад “Би ирсэн байна гараад ир, хэдэн үг сольчихоод явна, зодоон цохион хийхгүй” гэж хэлэхээр нь удалгүй гэрээсээ гараад Улиастайн хуучин эцэс дээр очиход Бат-Эрдэнэ нь ахтайгаа нийлээд нэг танихгүй хүнийг “Чи Төгөлдөр мөн байна” гээд зодож байхаар нь би очоод “Наад хүн чинь Төгөлдөр биш, хайгаад байгаа хүн чинь би байна” гэж хэлэхэд ямар нэгэн шалтгаангүйгээр ахтайгаа нийлж намайг зодсон. ... /хх 8, 15-17/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийг тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- Б.Билгүүний хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улиастайн хуучин эцэс дээр Энхбат ахтай юм яриад байж байхад 35-15 УАВ улсын дугаартай, цагаан өнгийн “Toyota Prius 30” загварын автомашинаас нүдний шилтэй, том биетэй залуу бууж ирээд “Билгүүн үү” гэх шиг болохоор нь “Тийм байна” гэхэд намайг шууд зодож эхэлсэн. Тэр залуутай хамт явж байсан нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нь салгах гэж оролдож байсан. Тэгтэл хаанаас ч юм нэг залуу гарч ирээд “Би Төгөлдөр байна, та нар буруу хүн зодоод байна” гэж хэлэх шиг болсон. Тэгээд нөгөө залуу Төгөлдөр гэх залуугийн нүүр лүү мөргөөд цохиод байсан. Тухайн үед миний эрүү жоохон өвдөөд байсан. Удалгүй цагдаа нар ирсэн байсан. ... надад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол удаа дараа хийж өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 24-25, 28-29/

- гэрч Г.Гаадамбын хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед найз Төгөлдөр манайд ирээд “Хуучин найз охины найз залуу нь надтай уулзана гээд ирж байгаа, хоёулаа хамт хуучин эцэс ороод уулзчихаад ирье” гэхээр нь би “Чи зодолдох гээд байгаа юм уу” гэхэд “Хэл амаараа учраа олчихъё гэсэн, гайгүй байх, хамт очоод ирье” гээд ... Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд нэг том биетэй, нүдний шилтэй залуу нэг эрэгтэйг газар унагаагаад зодож байсан. Тэгэхэд нь Төгөлдөр “Би Төгөлдөр байна, чи буруу хүн зодоод байна” гэхэд Бат-Эрдэнэ /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу шууд хүрч ирээд Төгөлдөрийн нүүр лүү гараараа цохиж аваад, үсдээд зодоод байсан. Тэгтэл Бат-Эрдэнэтэй хамт явж байсан ах нь хажуунаас нь Төгөлдөрийн үснээс зулгаагаад байсан. Тэр үед Бат-Эрдэнэ бас Төгөлдөрийг зодсон. Би ахыг нь салгаад цааш авч явж байхад Бат-Эрдэнийн ах нь гэх залуу миний толгой хэсэгт цохисон. Тухайн үед хамт явж байсан хоёр эмэгтэй нь ирж тэднийг салгаж аваад автомашиндаа суулгаад авч явсан. ...” /хх 43/,

- гэрч Э.Төрболдын “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед ажлаасаа гараад гэртээ ирэхэд манай эхнэр болон эхнэрийн эгч Ариун-Эрдэнэ, дүү Бат-Эрдэнэ нар пиво уугаад сууж байсан. Тэгтэл Бат-Эрдэнэ “Улиастай орж хүнтэй уулзчихаад ирье, та автомашин бариад яваад өгөөч” гэхээр нь “За тэгье” гээд явахаар болсон. Тэгтэл манай эхнэр болон эгч Ариун-Эрдэнэ нар хамт явъя гээд явсан. Сансар хавьцаа явж байхад манай дүү Бат-Эрдэнэ утсаар залгаад яриад байх шиг байсан. Төгөлдөр гэж хүүхэдтэй уулзана гээд байх шиг байсан. Тэгээд Улиастайн хуучин эцэс дээр ирэхэд хоёр танихгүй залуу явж байхаар манай дүү бууж очоод “Чи Төгөлдөр мөн үү” гэхэд “Тийм мөн байна” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Бат-Эрдэнэ тэр залуутай маргалдаад зодож байхад цаанаас гэнэт “Наадах чинь Төгөлдөр биш ээ, би байна, та нар буруу хүн зодсон байна.” гэж хэлсэн. Тэгтэл манай дүү Бат-Эрдэнэ Төгөлдөрийг барьж аваад нүүр лүү нь мөргөөд байсан. Би Төгөлдөрийг салгатал найз нь гээд хамт явж байсан шар үстэй залуу нь над руу дайраад байсан. Тэгээд би дүүгээ салгаад автомашиндаа суулгаад аваад явсан. ...” /хх 49/,

- гэрч Ц.Оюун-Эрдэнийн “...манай дүү Бат-Эрдэнэ бие засах гэж буухаар нь бид гурав араас нь буутал Улиастайн хуучин эцэс дээр хоёр залуу автомашин халаагаад зогсож байхад нь Бат-Эрдэнэ очоод “Чи Төгөлдөр мөн үү” гэхэд нөгөө залуу нь “Мөн” гэх шиг болсон. Тэгтэл манай дүү Бат-Эрдэнэ нөгөө залуугийн нүүр лүү гараараа 2 удаа цохиод газар унагаагаад байж байтал цаанаас нь хоёр залуу гарч ирээд “Наадах чинь Төгөлдөр биш, би байна, чи буруу хүн зодоод байна” гээд гараад ирсэн. Тэр сүүлд гарч ирсэн Төгөлдөр гэх залуугийн нүүр лүү манай дүү Бат-Эрдэнэ 2 удаа мөргөсөн. ...” /хх 54/,

- гэрч Ц.Ариун-Эрдэнийн: “...Улиастайн хуучин эцэс дээр ирээд Бат-Эрдэнэ бууж бие засаад буцаж байхад хоёр залуу автомашинаа халаагаад зогсож байх шиг байсан. Бат- Эрдэнэ тэр хоёр залуу дээр очоод маргалдаж байгаад хар нэхийтэй залууг нь барьж аваад нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод газар унагаасан. Тэгтэл цаанаас бас хоёр залуу гарч ирээд “Та нар хүн андуураад байна, би Төгөлдөр байна” гэхээр нь Бат-Эрдэнэ очоод Төгөлдөр гэх залууг нүүр лүү нь 2 удаа мөргөсөн. Тухайн үед би учрыг нь олохгүй Бат-Эрдэнийг салгаад “Чи ямар учиртай юм, юун Төгөлдөрийг хайгаад хүн зодоод байгаа юм” гэхэд “Найз охиноосоо болсон” гэж байсан. Би Бат-Эрдэнийг салгаад автомашинд суулгаад буцаад иртэл Оюун-Эрдэнийн нүүр лүү нөгөө Төгөлдөр гэх хүүхэд нь цусаа цацсан байсан. ...” /хх 60/,

- шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Төгөлдөрийн нүүр лүү нь 2 удаа мөргөөд зууралдаж байгаад ахиад нүүр лүү нь 1 удаа алгадаад салсан. Тухайн үед хамт явсан манай хүргэн ах намайг салгах гэж байхад Төгөлдөртэй хамт ирсэн залуу нь ах руу дайраад байсан. Тэрнээс хойш зодоон болоогүй манай эгч, ах нар намайг автомашинд суулгаад явцгаасан. ...” /хх 79/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогч П.Төгөлдөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 854 дугаартай “П.Төгөлдөрийн биед зулайн хуйх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. П.Төгөлдөрийн хамрын яс хугаралтай байх ба хугарлын шинэ хуучныг тогтоох боломжгүй байна.” /хх 66-67/ гэх дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь П.Төгөлдөр бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Ц.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээнд ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

            Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганцэцэг давж заалдсан гомдолдоо: “...тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөхийг...” хүссэн ба ингэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, улирлын шинжтэй ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад “...хувиараа барилгын ажил эрхэлдэг, сардаа 2.000.000 хүртэл төгрөгийн цалин авдаг...” хэмээн өөрийн биеийн байцаалт, цалин хөлс, орлогын талаарх мэдээллээ өгч байсан бөгөөд давж заалдсан гомдолдоо “Лант Уул” ХХК-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 04/07 дугаартай “Тодорхойлолт” гэх баримтыг хавсаргажээ.

Гэвч дан ганц энэхүү баримтаар түүний цалин, орлогын байдлыг тодорхойлох боломжгүй бөгөөд хууль болон гэрээний үндсэн дээр ажил олгогчоос тодорхой цалин, хөлс авч байгаа байдлыг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаа, бусад баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч П.Төгөлдөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан мөнгөн төлбөрийг огт төлөгдөөгүйн гадна, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн хувьд торгох ялыг биелүүлэх бодитой үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан “тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрлийг солих тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН