| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2024/00185/И |
| Дугаар | 148/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 148/ШШ2024/00360
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 148/ШШ2024/00360 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 10 дугаар баг 380 байр А ******* байрлах ******* хаан банкны ******* салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг ******* сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг 1-р байр 06 тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД: /
Хариуцагч: ******* аймаг ******* сумын 5 дугаар баг, Бор гүвээ 3-р хэсэг гудамж 163 тоотод оршин суух, овогт /РД: / нарт холбогдох
Зээлийн гэрээний дагуу 112,364,860 төгрөгийн өр төлбөр төлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийн хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч М.*******, Ш., хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хаан банкны ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
... "******* хаан банк" ХХК нь зээлдэгч М.*******той байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/97 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний (Зээлийн гэрээ)-ний дагуу 62,000,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.******* эрхийн улсын бүртгэлийн дугаартай, ******* аймаг, ******* сум 7-р багийн ардчилал 1-60-06 тоот хаягтай 29.0 м.кв талбай 2 өрөө бүхий орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БГ/01 тоот Барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.
М.******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2020 оны 02 дугаар сарын 25-наас эхлэн зөрчсөн бөгөөд нийт 8 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 6,000,000 төгрөг, зээлийн хүүнд 8,791,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,100 төгрөг, нийт 14,793,492 төгрөгийг төлсөн бөгөөд, 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна.
Тус банк нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хүргүүлэх бүрт тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодиттой төлөлт огт хийгдээгүй юм.
Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 56,000,000 төгрөг, зээлийн хүүнд 50,094,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,270,510 төгрөг, нийт 112,364,860 төгрөгийг тус банкинд төлөх үүргээ гүйцэтгэхгүй хохироож байх тул Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 24, 26-р зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41-р зүйлийн 41.1-ийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 1. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/97 тоот Зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 56,000,000 төгрөг, зээлийн хүүнд 50,094,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,270,510 төгрөг, нийт 112,364,860 төгрөгийг төлүүлэх,
2. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БГ/01 тоот Барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Нэхэмжлэгч ******* хаан банкны тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Миний хувьд тус банкнаас 2019.05.29-ний өдөр ЗГ/97 тоот бизнест хэрэглэх зорилгоор зээлийн гэрээ байгуулж 62,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлээд эхний үед эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч ковид цар тахлын улмаас хил, гааль хаагдаж миний хийж байсан бизнес маань зогссон юм. Би уг нь тухайн үед ОХУ-ын Улаан-Үдэ хотод Дагестан улсын иргэн Алектай хамтран бүх төрлийн машины дугуй зардаг бизнес эрхэлдэг байсан боловч Алек маань ковид өвчнөөр нас барсан, мөн хил гааль хаагдсанаар бизнес маань үргэлжлэн явагдах боломжгүй болсон.
Би энэ байдлаа хэлж банкнаас хүүгээ зогсоож өгөхийг хүссэн мөн бичгээр удаа дараа өргөдөл хүсэлт өгч, утсаар холбогдсон боловч банкны талаас ямар нэгэн хариу өгөөгүй өдий хүрсэн. Би энэ зээлээс үндсэн зээл 6,000,000 төгрөг зээлийн хүүд 8,791,392 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2100 төгрөг, нийт 14,793,492 төгрөг төлсөн.
Банк надаас үндсэн зээлд 56,000,000 төгрөг, зээлийн хүүд 50,094,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,270,510 төгрөг, нийт 112,364,860 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал гараад олон улс хилээ хааж, хөл хорио тогтоосон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлтэй хүн төрөлхтөн тулгарсан хэцүү цаг үед банк зээлдэгчийнхээ аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээр дарамталж байгаад гомдолтой байна. Миний хувьд банкийг хохироохгүйн тулд үлдэгдэл мөнгө төлж болно.
Би барьцаа үл хөдлөх хөрөнгөөр зээлээ төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн төлбөрийг тухай бүр төлж чадаагүй нь надаас шалтгаалаагүй., ковид 19 цар тахал үүссэнээс болж хил гааль хаагдсан тул орлого зогссон учраас төлж чадаагүй. Зээлийн хүү төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлээс гадна тодорхой хэмжээний хүү төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн зээлийн төлбөр болох 56,000,000 төгрөг дээр нэхэмжилж буй хүүгийн тал хувийг нэмж нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн тал хувиар нь төлөх саналтай байна. Би 70,000,000 төгрөг төлнө гэжээ.
Хариуцагч Ш. нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би энэ зээлийг аваагүй. Зээл авсан хүн маань эрүүл саруул, хэвийн ажил төрөл нь явагдаж байгаа учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хаан банк нь хариуцагч М.*******, Ш. нарт холбогдох зээлийн төлбөрт 112,364,860 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.******* нь Дэлхий нийтийг хамарсан цар тахал гараад олон улс хилээ хааж, хөл хорио тогтоосон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлтэй хүн төрөлхтөн тулгарсан хэцүү цаг үед банк зээлдэгчийнхээ аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээр дарамталж байгаад гомдолтой байна гэж,
Хариуцагч Ш. нь зээл авсан хүн маань эрүүл саруул , хэвийн ажил төрөл нь явагдаж байгаа учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Зээлдэгч нар нь ******* хаан банктай 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/97 тоот зээлийн гэрээ байгуулан 62,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлж авсан байна.
Уг зээлийн барьцаанд дугаартай, ******* аймаг, ******* сум 7-р баг Ардчилал 1 дүгээр гудамж 1-60-06 тоот байрлах 29 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалуулахаар талууд тохиролцсон байна.
Зээлдэгч үндсэн зээл 56,000,000 төгрөг, хүүнд 50,094,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,270,510 төгрөг нийт 112,364,860 төгрөгийг төлөөгүй болох нь зээл хүүг буцаан төлөх хуваарь, дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх боловч коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь доголдож зогссоны улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн үндэслэлгүйгээр хүү хуримтлагдсан гэх татгалзлыг гарган мэтгэлцсэн.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 10 дугаар зүйлд төв банк болон арилжааны банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан бөгөөд тус зүйлийн 10.7-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заажээ.
Хариуцагчийн зээл нь дээр дурдсан хуульд заасан дээрх зээлд хамаарахгүй боловч ковид -19 цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй болсон тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар нийтэд ил бодит нөхцөл байдал тул нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.*******ын зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 56,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 50,094,350 төгрөг, нийт 106,064,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* хаан банканд олгож, үлдэх нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 6,300,510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох ******* аймаг, ******* сум 7-р баг Ардчилал 1 дүгээр гудамж 1-60-06 тоот байрлах 29 мкв талбай бүхий дугаартай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
Харин уг гэрээнд зээлдэгч Ш. гэж тусгагдсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тухайлбал Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээрх гэрээгээр М.*******од эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгогдсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний тодорхой нөхцөлүүд, дансны хуулга зэрэгт тодорхой тусгагдаж М.*******ын ******* хаан банк дахь 2304000351 дугаартай дансны хуулгад ...2019 оны 5 дугаар сарын 30-ны ГХШ-ын дагуу зээл олгов ******* ... гэж тэмдэглэсэн зэргээр тогтоогдож байна./хх-ийн 10 ху/
Өөрөөр хэлбэл ******* хаан банкны ******* салбар болон М.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Ш.г зээлдэгч гэж зааж, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Ш.г хамтран зээлдэгч гэж тайлбарлаж байгаа ч Ш. хаана ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй байх ба дээрх гэрээгээр уг зээлийн үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэг үүссэн гэх байдал гэрээний агуулга, зээлийн мөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Ш.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн хэргийн 18 дугаар талд авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000173496 дугаартай гэрчилгээний хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэлд овогттой гүйцэтгэх захирлаар томилсон.
Хэргийн 16 дугаар талд авагдсан ******* хаан банкны гүйцэтгэх захирал 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ/511 дугаар албан бичгээр Гансуурийн /РД:/-т ...банкийг төлөөлж нэхэмжлэл, ...гомдол гаргах, банкийг бүрэн төлөөлөх..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, үүргийг олгосон байх ба энэхүү итгэмжлэлийг мөн 3 жилийн хугацаагаар олгосон байх тул ******* хаан банкийг төлөөлөх эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452.2.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан М.*******оос 106,064,350 төгрөг гаргуулан ******* хаан банканд олгож, үлдэх 6,300,510 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон Ш.д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ******* аймаг, ******* сум 7-р баг Ардчилал 1 дүгээр гудамж 1-60-06 тоот байрлах 29 мкв талбай бүхий дугаартай орон сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангахыг ******* аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 789,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос 688,272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ