| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маруушийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 2115001860050 |
| Дугаар | 2022/ДШМ/22 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/22
Ч.Пүрэвсүрэнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор М.Сайнзаяа
Шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнд холбогдох 2115001860050 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Жонгоор овогт Чойжингийн Пүрэвсүрэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1965 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 56 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Ч.Пүрэвсүрэн нь 2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Өндөр улаан гэх газраас 11.5 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.939.533 төгрөгийн шууд, 5.818.599 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн прокурорын газраас Б.Энхзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Жонгоор овогт Чойжингийн Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнгээс байгаль экологид учруулсан хохирол 5.818.599 /таван сая найман зуун арван найман мянга таван зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 10-33 БУА улсын дугаартай, Бонго портер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 112 ширхэг буюу 11.5 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 /наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн улаан өнгөтэй, цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож,
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөдөгч М.Даваасүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын талаар дурдахдаа шүүгдэгч Пүрэвсүрэнг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1-р зүйлийн 1 -дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гээд тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн хүнд хэлбэр болох зорчих эрх хязгаарлах ялыг хэрэглэснийг эс зөвшөөрч байгаа болно.
Ч.Пүрэвсүрэнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэжээ. Пүрэвсүрэн нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар өөрийн өвлийн түлшээ бэлтгэх зорилгоор түлээ бэлтгэхдээ сум орон нутгаас малын тоо гэх мэт нийтийг хамарсан ажлын үеэр түлээний гоожинг шинэчилсэн журмаар бичдэг гэж ойлгож бэлтгэсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.1, 1.6-д заасан хөнгөрүүлэх /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг андуурсан/ нөхцөлд тооцохоор байгааг анхаарч үзээгүй нь эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлжээ.
Пүрэвсүрэн нь насаараа мал маллаж амьдарсан, хийсэн хэрэгт хүлээж буй ял шийтгэлийнхээ учир холбогдлыг ойлголгүй өмгөөлөгчгүй оролцсон нь эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэх боломжгүй байдалтай байжээ. Хэдийгээр хэргийн учраас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй ч төлөхөө илэрхийлсэн, төлөх чадвартай болох нь түүний хувьд байгаа мал хөрөнгө, тэтгэврийн орлого зэргээр тодорхойлогдож байна. Малчин хүн нь малынхаа аяыг дагаж нутагладгаас тэр бүр сүлжээ байнга барьдаг газар байгаад байх боломжгүй тул заавал төв суурин газар амьдрах шаардлагатай болдог. Гэтэл эхнэр нь эрүүл мэндийн шалтгаанаас малаа байнга хариулаад байх боломжгүй, хүү нь ам бүл нэг боловч хамт амьдардаггүй, өөрийнх насны байдал, хэргийн нөхцөл байдал гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн, торгох ял оногдуулахад төлөх чадвартай нь тэтгэврийн болон малаасаа орлого олдог зэргээр нотлогдож байх тул зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж гомдол гаргаж байна гэв.
Шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Пүрэвсүрэнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
Шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн нь 2021 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Өндөр улаан гэх газраас 11.5 м3 шинэс төрлийн түлшний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн гэм буруутай болох нь:
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээгээр шинэс төрлийн мод 1,939,533 төгрөг болохыг тогтоосон дүгнэлт, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ОРА:1000943 дугаартай, ТХҮ-821/2240 дугаартай тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөний үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Я.Амгалан-Од, гэрч Б.Лхагвасайхан, П.Батсайхан, З.Соёлмаа нарын мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнгийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд учруулсан хохиролд тооцно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1,939,533 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдсоноос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт буюу дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэнийг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар хуульчилсан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Дээрх заалтыг үндэслэн анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи - эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,818,599 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн “...Малчин хүн нь малынхаа аяыг дагаж нутагладгаас тэр бүр сүлжээ байнга барьдаг газар байгаад байх боломжгүй тул заавал төв суурин газар амьдрах шаардлагатай болдог. Гэтэл эхнэр нь эрүүл мэндийн шалтгаанаас малаа байнга хариулаад байх боломжгүй, хүү нь ам бүл нэг боловч хамт амьдардаггүй, өөрийнх насны байдал, хэргийн нөхцөл байдал гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн, торгох ял оногдуулахад төлөх чадвартай нь тэтгэврийн болон малаасаа орлого олдог зэргээр нотлогдож байх тул зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү “ гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ч.Пүрэвсүрэн эхнэр хүүхдийн хамт мал маллан амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шат шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл Ч.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг зүйлчилсэн хэргийн зүйл, заалт үндэслэлтэй, оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
М.ХҮРЭЛБААТАР