Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ц  түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, хохирогч А.Жангар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17050005520095 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, Ц  Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Эко Гидрогио ХХК-нд инженер ажилтай, оршин суух, урьд ял шийтгэлгүй. Шүүгдэгч Ц  нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 38а байрны 12 дугаар давхарт хохирогч А.Жангарыг сүлжээний холболт хийж байхад нь “лифт рүү орж гарахад саад боллоо” хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц  мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр хүүхдийн хамт хүүхдийнхээ даахийг үргээх гээд хүнсний зүйл аваад гэртээ ирсэн. Тэгээд би эхлээд лифтнээс буусан. Надтай зөрөөд Жангар гэх залуу лифт рүү орох гээд манай эхнэр, хүүхдийг буулгахгүй байсан. Би эхнэр, хүүхдээ буулгах гээд түүнийг холдож бай гэхэд үүдэнд саад болоод зогсоод байсан. Би тортой юмнуудаа авахдаа түүнийг түлхсэн. Энэ явдлаас болоод маргалдсан. Надтай хамт лифтнээс буусан хоёр хөгшин хүмүүс хүртэл Жангарт хүүхэдтэй хүн тортой юмаа аваад гарах гэж байхад боль гэж хэлж байсан. Тухайн үед Жангар гартаа барьсан шатаараа манай хүүхдийн толгойг цохисон байсан. Мөн нөгөө гартаа үзүүртэй юм барьсан байсан. Би Жангарын цүнхний оосроос зууралдаад түүнийг хана руу шахсан. Би түүнийг зодоогүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Жангар мэдүүлэхдээ: “Би Скайтел ХХК-ийн сүлжээний суурилуулалтын инженерээр ажилладаг ба 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 706 тоот айлын захиалгын дагуу ажлаа хийж байсан. Би тухайн үед лифтний урд шатан дээр зогсоод холболт хийж байсан. Лифт ирэхээр нь холдох гэтэл Ц  маш ууртай бууж ирээд миний үүрч байсан цүнхний оосроор намайг боосон. Надад боолт ороод юу болсныг мэдээгүй. Толгой доргихыг мэдэрсэн. Тэгээд баахан уйлалдаж байгаад гэр лүүгээ орсон. Би тэндээс гараад хорооны цагдаад мэдэгдсэн. Миний толгой өвдсөн, хүзүү боосноос болоод өвддөг болсон. Би эмчилгээний төлбөрт 269.806 төгрөг, ажлаа хийж чадаагүй өдрийн цалин болох 600.000 төгрөг болон өмсөж явсан футболкны 50.000 төгрөг, сүлжээний багажийн 70.000 төгрөг зэргийг нэхэмжилж байна” гэв. Шүүгдэгч Ц  нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 38а байрны 12 дугаар давхарт хохирогч А.Жангарыг сүлжээний холболт хийж байхад нь “лифт рүү орж гарахад саад боллоо” хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд болох: Хохирогч А.Жангарын “Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо 38А байрны орцонд айлын захиалгын дагуу шугам татах холболт хийж лифтний хажууд төхөөрөмж рүү шат тавьж дээр нь зогсоод ажлаа хийж байсан чинь танихгүй сүүлд нэрийг нь мэдсэн Ц  гэх хүн лифтнээс баахан тортой зүйл барьчихсан гарч ирээд нилээн ууртайгаар лифт рүү орж гарахад садаа боллоо гэхээр нь би зай тавьж өгөх гээд шатнаасаа буусан чинь намайг угзраад уурлаад заамдаад миний үүрсэн цүнхний оосроор намайг боож толгой руу цохиод байсан. Тэгэхэд надад боолт ороод миний толгой манарсан. Тэгэхэд та нар шиг бацаанууд гай болно гээд байсан. Тэгээд би арай гэж гарыг нь тавиулсан чинь нөгөө ах над руу загнаж байгаад гэртээ орсон. Лифтнээс бууж ирэхдээ л ууртай байсан. Тэгээд тэр уурандаа над руу садаа боллоо гээд орилж чарлаж загнаж зодсон. ... Тус дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг миний биед Ц  гэх залуу ганцаараа гараараа цохиж зодож учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө болон ажлаа хийж чадаагүй өдрийнхөө мөнгийг нэхэмжилж байна. Би баримтуудаа гаргаж өгнө. Мөн тэр үед миний гартаа барьж байсан сүлжээний мэдрэгч багаж газар унаж эвдэрсэн. Гэхдээ тэр ах тэр багажийг санаатай эвдлээгүй. Гэхдээ тэр ахын буруутай үйлдлээс болсон болохоор тус багажны үнийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/ Гэрч А.Дөлгөөний “Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед нөхөр Ц  2 настай хүү Хасуй нарын хамт гадуур дэлгүүрээр явж хүүхдийн үсний найранд юм бэлтгэж нилээн олон тортой зүйл бэлдээд манай гэр 12 давхарт болохоор бид 3 лифтээр дээш гарсан. ... би тэр залууд хандаж холдож байгаач бид нар эхлээд буучихъя гэсэнд тэр залуу миний үгийг тоохгүй зогсоод байсан. Тэгээд 2 дахиа хэлсэнд юу гэнээ гээд тоохгүй байсанд хажуугаар нь зөрье гэсэнд лифтнээс гарсан. ...нөхөртэй эвгүй харьцаад тэр хоёр хоорондоо зууралдаад авсан. Тэгээд тэр хоёр ноцолдож байсан. Тэгээд юмнуудаа аваад буух гэж байхад хүүхэд биеэрээ лифтний хаалганд хавчуулаад гарах гэсэнд тэр залуугийн барьж байсан шатны үзүүр хэсэгт хүүхэд толгойгоо цохиулсан. Тэгээд хүү зөндөө уйлаад би тортой юмнуудаа буулгачихаад лифт хоосорсонд нөгөө залуу явахгүй нөхөртэй маргалдаад чамайг сонин болгоно пизда минь гэх мэтээр маргалдаад байсан. Тэр залуу гартаа нэг үзүүртэй юм барьчихсан нөхрийн гар луу хатгаад байсан. Тэгээд нилээн маргалдаж байгаад салаад бид 3 гэртээ ороод байж байсанд нөгөө залуу цагдаа нар дагуулж ирээд нөхрийг өөрийг нь зодсон гэж уулзаад явсан. Миний нөхөр Ц  тэр залууг цохиж зодсон зүйлгүй. Тэр залуутай ноцолдоод зууралдаад л байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11463 дугаартай актын: “1. А.Жангарын биед тархи доргилт, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун далны цус хуралт, зүүн шууны зулгаралт, баруун шуу, хэвлийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Иймд шүүгдэгч Ц гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ц гийн энэ үйлдэл нь хохирогч А.Жангартай маргалдсан шалтгаанаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шууд санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч А.Жангараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт эмчилгээний төлбөрт 269.806 төгрөг, 12 хоног ажлаа хийж чадаагүй тул ажлын хөлс 600.000 төгрөг, урагдсан футболкны төлбөр 50.000 төгрөг, сүлжээний багаж эвдэрсэн 70.000 төгрөг нэхэмжилжээ. Эдгээр хохирол болон хор уршигийн нэхэмжлэлээс шүүгдэгч Ц  нь хохирогч А.Жангарт эмчилгээний төлбөрт 199.800 төгрөг төлсөн бөгөөд бусад нэхэмжилсэн хор уршигийн баримт байхгүй тул тооцоо гаргах боломжгүй байна. Харин хохирогч А.Жангар өөрт учирсан хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Ц  хууль зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц  нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц  цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч А.Жангар нь бусад болон цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Ц д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ