Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1504

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Б,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/1080 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2003 00386 0305 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн зам “Петровис” шатахуун түгээх станцын урд замд “Киа Рио” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөний улмаас Ж.А-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.А-ийн эмчилгээний зардалд 411.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-нд 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 4.009.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ж.А, иргэний хариуцагч “Н” ХХК-нд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-оос 4.103.600 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газарт олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би албан үүргээ гүйцэтгэж явахдаа жолоодож явсан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 20-01УНҮ улсын дугаартай “Киа Рио” загварын машины үнэлгээг 8.112.600 төгрөгөөр үнэлсэн нь элэгдэл, хорогдлыг тооцоогүй, шинэ сэлбэгийн хэт өндөр үнээр  үнэлсэн. Уг тээврийн хэрэгсэл нь “Монгол Даатгал”-д 100 хувийн даатгалтай боловч гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлийн 12.7-ийн 6 дахь хэсэгт заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан 01/1226 тоот албан бичгийг “Монгол Даатгал”-аас өгсөн. Энэ тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1204 тоот захирамжаар сэлбэг буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар худалдагдахаар актанд орж 200.000 төгрөгөөс эхлэн дуудлагаар худалдагдахаар болсон. Энэ тээврийн хэрэгсэлтэй хамт 2013 оноос албанд ашиглаж эхэлсэн “Киа Рио” загварын бүх тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусч, энэ захирамжаар данснаас хасагдаж байгаа тул уг машины үнэлгээг дахин бодитоор хийлгэж, хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхээр уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг зам тээврийн осол нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Осол гарснаас хойш хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, үнэлгээний байгууллагаар албаны эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 21-ний осолд орсон тээврийн хэрэгслийг акталсан байна. Зам тээврийн ослын улмаас уг тээврийн хэрэгсэл засаж, сэлбэгдэх боломжгүй болсон учраас дахин албаны үйл ажиллагаанд ашиглах боломжгүй гэж акталсан гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, осол гаргасан гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт цагдаа жолоочоор ажиллахдаа 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 08:30 цагаас эхлэн “Эрхэс-111” чиглэлд үүрэг гүйцэтгэхдээ тухайн өдөр нийт 35 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч ажилласан бөгөөд тухайн шөнийн дуудлагад явж байхдаа 04:50 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замд “Киа Рио” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа зорчин явсан замын голын тусгаарлах зурвас дээрх гэрлийн шонг мөргөсөн осол гаргасан байна.

Энэхүү ослын улмаас хамт үүрэг гүйцэтгэж явсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7879 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.

Тээврийн прокурорын газраас Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа”-г үндэслэн түүнийг “Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэжээ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг бөгөөд хүний субъектив хүчин зүйлийг зөв тогтоосны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийгдэх ёстой.

Хэрэг авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж үнэлсний үндсэн дээр Д.Б-д холбогдох хэргийг, дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгах нь шүүхийн шийдвэр "Хууль ёсны байх" шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв. Үүнд:

хохирогч Ж.А-ийн: “...гэнэт жолооч маань “Цоожоо” гэж нэг чанга хашхирах шиг болонгуут нь би урагшаа хартал манай машин урд талаараа нэг юм мөргөх шиг болоод би ухаан алдсан байсан. ...Тэр өдөр манай жолооч бид хоёр нийт 35 дуудлагад яваад байсан. Тэгээд 36 дахь дуудлагадаа үүрээр явж байгаад энэ осолд орсон байсан. ... ” /хх 23-24/,

иргэний нэхэмжлэгч Б.П-ын: “...2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20-01УНҮ улсын дугаартай автомашиныг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жолооч цагдаа Б нь унаж ажил үүрэг гүйцэтгэж яваад тусгаарлах зурвас дээр байрлах гэрлийн шонг мөргөж, эргүүлийн офицерын биед гэмтэл авсан ослыг гаргасан. ...” /хх 43/,

шүүгдэгч Д.Б-ийн: “...Сонсголонгийн замаар урдаас хойш чиглэлтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 60-70 км/цагийн хурдтай явж байгаад би хэсэгхэн хугацаанд үүрэглэх шиг болоод замын голд байсан гэрлийн шон мөргөж зогссон. ...Би тэр өдрийн шөнө огт амралгүй, дуудлагад явсан байсан. ...” /хх 45/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7879 дугаартай: “Ж.А-ийн биед зүүн талын 6, 7, 8 дугаар хавирганы далд хугарал, өвчүү ясны дотор ялтасны хугарал, тархи доргилт, баруун, зүүн хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, зүүн шуу, гуя, шилбэ, хэвлийд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаад үүсэх боломжтой шинж гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /хх 53/

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-19/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь ... улсын дугаартай “Киа Рио” загварын тээврийн хэрэгслийг ажил үүргээ гүйцэтгэн жолоодон явахдаа осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг үндсэн үүргийг Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчид хүлээлгэсэн бөгөөд албан хаагч нь хуулиар хүлээлгэсэн энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх, ажил үүргээ гүйцэтгэхдээ Цагдаагийн албаны тухай, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн тогтоосон хөдөлмөрийн нөхцөлөөр хангагдах учиртай.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны “Хөдөлмөрийн нөхцөл”, “Ажил, амралтын цаг”, “Амрах, хооллох завсарлага” гэх мэт хууль зүйн ойлголтуудыг хуульчилж тогтоосон бөгөөд хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг үндэслэн ажил олгогч нь ажилтны ажиллах нөхцөл, ажлын байрны тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэслэлтэй, тодорхой судалгаанд үндэслэсэн байдлаар зохицуулж журамласан байхыг шаардана.

Энэ талаар "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцийн 5 дугаар зүйлд "Ажлын материаллаг бүрэлдэхүүн хэсэг болон ажил гүйцэтгэгч, хянагч хоорондын холбоо, машин механизм, тоног төхөөрөмж, ажлын цаг, зохион байгуулалт, ажлын үйл ажиллагааны явцыг ажилчдын бие, сэтгэцийн байдалд тохируулахыг гишүүн улсууд анхааран үзэх" асуудлыг тусгасан байна. /Энэхүү конвенцид Монгол Улс 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэгдэн орсон/

Шүүгдэгч Д.Б-ийг прокуророос "Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж ялласан бөгөөд хэргийн нөхцөл байдал, ослын шалтгаан нөхцлийг судлахад тэрээр тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа түрхэн хугацаанд зүүрмэглэснээс болж замын хажуугийн гэрлийн шон мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдож байгаа хэдий ч энэхүү осолд түүний гэм буруу тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж хуульчилсан.

Ялангуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "...учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй..." гэх ойлголтын хууль зүйн хэрэглээний хувьд нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх зэрэг нөхцөлийг хамааруулан үзэхээс гадна гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол буюу гэмт хэргийн субъектив шинж болох гэмт хэрэг, хор уршигт хандсан хандлага үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгохоор байна. Гэмт хэргийн субъектив шинж нь нийгэмд аюултай хэрэг үйлдсэн гэмт хэрэгтний ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо, өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэргийн дотоод мөн чанарыг тусган илэрхийлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн шинжийг томъёолохдоо гэмт хэргийн объектив шинжид хамааруулсан бодит нөхцөл байдалд гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааг гэмт хэргийн субъектив шинжийн агуулга болгон тусгасан байдаг. Гэмт хэргийг зүйлчлэх явцад нийгэмд аюултай гэмт хэргийн бодит нөхцөл байдал ба тухайн гэмт хэргийн субъектив шинж хоорондоо нийцэж, тохирохгүй байвал тухайн төрлийн гэмт хэргийн шинж байна гэж үзэж, зүйлчилж болохгүйг анхаарах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, субъект ямар нэгэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдэж буйгаа оюун ухаандаа үнэн зөв төсөөлж, түүнийгээ удирдан жолоодох чадвартай байгаа үед түүний сэтгэхүйд ёс суртахуун болон хуулиар хориглосон зүй бус зүйл хийж байна гэдгээ танин мэдсэн оюун санааны шинж бий болдог.

Шүүгдэгч Д.Б-ийг буруутгасан Замын хөдөлгөөний дүрмийн заалт нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж, улмаар дээрх байдлаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, татгалзах үүргийг хүлээлгэсэн агуулга бүхий хэм хэмжээ юм.

Харин, шүүгдэгчийн хувьд тэрээр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, албан тушаалын тодорхойлолт, түүнд тавигдах шаардлага, чиг үүргийн дагуу тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодож, зайлшгүй хөдөлгөөнд оролцох үүрэг бүхий субъект байжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Б нь ... улсын дугаартай “Киа Рио” загварын тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгэн жолоодож явахдаа нэг талаас Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтад зааснаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх нийтлэг үүрэг хүлээсэн этгээд мөн боловч, нөгөө талаас, тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явах, ийнхүү явахдаа ядарч улмаар зүүрмэглэсэн байдал зэрэг нь шүүгдэгчээс өөрөөс нь шалтгаалахгүй, ажил байдлын хувьд тухайн тээврийн хэрэгслийг зайлшгүй жолоодон явах үүрэг хүлээсэн этгээд тул тэрээр зайлшгүй зогсолт хийхээс бусад тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодохоос татгалзах, хөдөлгөөнийг зогсоох, цааш үргэлжлүүлэхгүй байх эрхгүй юм.

Аливаа этгээд хууль, дүрэм журамд заасан хэм хэмжээг сахин биелүүлсэн, түүний үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан хор уршиг, үр дагавар бий болсон бол түүнд тэрхүү үр дагаврыг объектив байдлаар хамааруулан үзэж болохгүй бөгөөд энэ нь гэм буруугүйн зарчмын илрэл болно.

Иймд өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй үедээ албан үүргийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодож явсан шүүгдэгч Д.Б-ийн хувьд уг зам тээврийн осолд гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үзнэ. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/1080 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахаар шийдвэрлэлээ.

Цагдаагийн ажилтан, алба хаагчдын ажиллах нөхцөл, тэдний тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байдал, гүйцэтгэж буй үүрэг, түүний онцлогийг харгалзан  шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж ажилтны /ялангуяа тээврийн хэрэгслийн жолооч зэрэг/ ажиллах цагийг боломжит богино хэмжээнд тогтоох, хөдөлмөрийн нөхцөл, журам, ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн журамлах талаар холбогдох байгууллагын удирдлагын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй болохыг энэхүү магадлалд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/1080 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газраас Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Б-ийг цагаатгасугай.
  2. Д.Б нь хохирогч Ж.А-ийн эмчилгээний зардалд 411.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-д 100.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 4.009.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ