Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г ,

 түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г т холбогдох 201726020105 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ховд аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, Г , Үйлдсэн хэргийн яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Г  нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 15-347 тоотод Н.Алтанхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирогч Н.Алтанхуяг мэдүүлэхдээ: “...Би Мөнхтуяагийн гэрт нь очсон. Тухайн үед гэрт нь хоёр хүүхэд байхаар нь би утсаар нь Мөнххуягийн төрсөн дүү Мөнхчимэгтэй ярьж хэзээ ирэхийг нь асуутал харих болоогүй байна гэхээр нь би маргааш ирж уулзая” гээд байж байтал Мөнхчимэгийн нөхөр Г  гаднаас согтуу орж ирээд “ чи яагаад том хүн байхгүй гэрт юу хийж яваа юм” гээд намайг чирж үүдэндээ гаргаж байгаад толгой руу өшиглөж дэвсээд байсан. Тухайн үед галч хийдэг залуу салгах гээд байсан. Тэгээд манай эхнэр хүүхдүүд ирж салгасан. Цагдаа нар ирж Г ийг эрүүлжүүлэх рүү авч явсан” гэжээ. /хх 7-9, 33, 90 хуу/ Гэрч С.Мөнхчимэг мэдүүлэхдээ: “... 2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 19 цаг өнгөрч байхад Америк улсаас ирсэн эгч дуудаад хүүхдүүдээ гэртээ үлдээгээд нөхөр бид 2 Саммит буудалд очиж 1 шил архи гаргаж бид талыг нь ууж байхад охин Номундарь миний утас руу залгаж “нэг согтуу хүн гэрт оррд ирчихлээ. Мөнххуяг ах болон таныг асуугаад байна” гэхээр нь би наад согтуу хүнээ гаргаад хаалга үүдээ цоожло” гээд утсаа тасалсан. Тэгээд 5-10 минутын дараа охин дахид залгахаар нь ярьтал “Алтанхуяг ах нь байна” гэхээр нь би Мөнххуяг ахын найз Алтанхуягийг танихгүй” ямар Алтанхуяг вэ. Та маргааш ирээд уулзчих” гээд тасалсан. Тэгтэл охин дахин залгаж “Энэ согтуу хүн өвөөгийн хаалгыг тогшоод гаргахгүй байна” гэсэн. Тухайн үед Г  “би очоод ирье” гээд гарсан. Тэгээд ирэхгүй болохоор нь санаа зовоод Г ийн араас гэртээ ирэхэд Алтанхуягтай манай нөхөр зодолдчихсон цагдаа нар болон Алтанхуягийн эхнэр хүүхдүүд ирсэн байсан. Тэгээд нөгөөдөр нь манай нөхөр Алтанхуягтай гэрт нь очиж уулзахад... Мөнххуяг миний хувцасыг өмсөөд явчихсан, халаасанд нь миний бичиг баримтууд байгаа. Тухайн үед би танайд бичиг баримтаа авах гээд очсон юм гэж байсан. Алтанхуягийн эхнэр нь гэрээс зөөврийн компьютер алдагдсан гэдгийг хэлсэн. Тухайн үед Алтанхуяг ахын хамраас цус гарсан, дух хэсэгт нь шалбарсан, архи уусан согтуу байсан...” гэжээ. /хх 10-12 хуу/ Гэрч А.Анужин мэдүүлэхдээ: “... тухайн өдөр би нөхөр, охины хамьт байж байхад ... аав Алтанхуяг орж ирэхдээ нэг танихгүй ахтай хамт орж ирэхээр нь би хэн юм бэ гэхэд багын найз байгаа юмаа гэж байсан. Тэгээд нөхөр, охин бид 3 аавынхаас гараад явсан. Тэгээд орой 18 цагийн орчимд аав над руу ярид миний хувцаснуудыг нөгөө багын найз Хуягаа аваад явсан байна аав нь одоо Хуягаагийн гэр лүү явлаа гэхээр нь хамт явья гэсэн. Тэгээд би аавынхруу явж байхад нэг танихгүй дугаараас залгаад ярихад нэг эрэгтэй хүн аав чинь гэмтэл дээр үлдсэн гэсэн... тэгээд би аавын байгаа газрыг хайж байгаад тэр айлд орсон чинь аав гутал нь байхгүй, куртик нь урагдсан, хамар амнаас нь цус гарсан хажууд нь Г  гэх хүн зогсож байхаар нь юу болсон бэ гэхэд танай аав чинь хоёр хүүхдийг минь айлгаад байхаар нь хүрч ирээд зодсон юм гэж байсан. Удалгүй цагдаа ирээд Г ийг аваад явсан. Би сүүлд гэрт байсан 3 охиноос манай аав та нарыг айлгасан юм уу гэхэд үгүй орж ирээд утсааараа ээжтэйгээ яриулаач гээд миний утсаар ээжтэй ярьсан гэсэн. Тэгээд уг асуудлаас хойш 2-3 хоногийг дараа Г  аавын гэрт ирээд эхнэртэйгээ хардсан юм уучлаарай гэж хэлсэн” гэжээ. /хх 47 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16128 тоот дүгнэлтэнд: Алтанхуягийн биед баруун зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, зүүн хцарт зулгаралт баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 14/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 хуу/ зэрэг бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Г  нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 15-347 тоотод Н.Алтанхуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Алтанхуяг /7-9, 33, 91/, гэрч С.Мөнхчимэг /хх 10-12/, гэрч А.Анужин /хх 47/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 16128 дугаартай дүгнэлт /хх 14 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Н.Алтанхуяг нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх 91/, шүүгдэгч хохирогчид 120,000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г  нь торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь 120.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г т урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ