Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 15

 

“Чингисийн хар алт” ХХК-н нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00705/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэмүүлэн

                               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ванчигмаа

                               Хариуцагчийн өмгөөлөгч       Л.Доржпүрэв

                               

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор “Чингисийн хар алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазарт холбогдох “нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 164.490.200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Чингисийн хар алт” ХХК анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Чингисийн хар алт” ХХК-тай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж 3,5-4,2 к.кал/кг илчлэгтэй нүүрсийг, нэг тонн нүүрсийн 48,000 төгрөгөөр нийт 30,000 тонн нүүрсийг худалдан авахаар тохирсон. Манай “Чингисийн хар алт” ХХК-ийн зүгээс нийт 1,094,313,800.0 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг “Сэлэнгэ энерго”ОНӨААТҮГ-т худалдаж, нүүрсний төлбөрт 919,832,600.0 төгрөгийг хүлээн авсан бөгөөд одоогоор 164,490,200.0 төгрөгийн төлбөрийг хүлээн аваагүй байгаа болно. Худалдах, худалдан авах гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар манай компани нь “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-аас 164,490,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ванчигмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...тус компанитай манай байгууллага нь 2015 оны 9 дүгээр сард 1 жилийн хугацаатай нийт 1,103,120,800 төгрөгийн нүүрсний худалдан авалт хийсэн. “Чингисийн хар алт” ХХК нь 785,239,543.22 төгрөгний худалдан авалтын НӨАТ-ын 78,523,954.22 төгрөгийн буцаан олголтыг тайландаа тусгаж өгөөгүй байгаа. Иймд нэхэмжилсэн 164,490,200 төгрөгнөөс НӨАТ-ын тайланд тусгаагүй буцаан олголтын 78,523,954.22 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 85,966,245.78 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаар манайх тайландаа тусгаж явдаг. Сая манайд татварын шалгалт орж шалгасан дүнд мөн энэ НӨАТ-ын буцаан олголтын талаар тусгаж өгсөн. Иймд “Чингисийн хар алт” ХХК-ийн нэхэмжилсэн нүүрсний үлдэгдэл төлбөрийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн НӨАТ-ын буцаан олголтыг нийт нэхэмжилсэн 164,490,200 төгрөгнөөс хасаж тооцож өгнө үү. Тээврийн зардлын талаар манай байгууллага нь маргаангүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийдвэрээр:

“1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-аас 164,490,200 төгрөг гаргуулан Чингисийн хар алт ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 980,401 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 980,401 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийг баримтлаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Манай “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-нь “Чингисийн хар алт” ХХК-иас 1.103.120.800 төгрөгийн нүүрсний худалдан авалт хийсэн. Гэтэл “Чингисийн хар алт” ХХК нь 785.239.543.22 төгрөгийн нүүрсний худалдан авалтын НӨАТ 78.523.954.22 төгрөгийн буцаан олголтыг тайландаа тусгаагүй байгаа юм. Иймд нэхэмжилсэн 164.490.200 төгрөгөөс НӨАТ-н тайланд тусгаагүй НӨАТ-н буцаан олголтын 78.523.954.22 төгрөгийг хасаж тооцоход 85.966.245.78 төгрөгийг манай байгууллага төлөх үндэслэлтэй байгаа юм. “Чингисийн хар алт” ХХК нь шүүх хурал дээр НӨАТ төлсөн тухай Татварын байгууллагаас ямар нэгэн тодорхойлолт авчраагүй юм. Энэ байдал нь “Чингисийн хар алт” ХХК нь улсад төлөх татвараас зайлсхийж байгаа, орлогоо нуун дарагдуулж байгаа хууль бус үйлдэл гаргаж байна гэж үзэж байна.

Иймд Татварын байгууллагын шалгалтыг “Чингисийн хар алт” ХХК-д оруулж шалгуулахаар өргөдөл гаргахаар болж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ заахдаа: Зохигчдын аль аль нь Нэмэгдсэн өртгийн албан татвараа тайландаа тусгаагүй, зохих баримтуудад тусгасан эсэх нь тодорхойгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй буцаан олголтын 78.523.954,22 төгрөгийг хасаж тооцох боломжгүй гэж үзлээ гэж заасан байна. Шүүхийн шийдвэрийн энэ заалтаас харахад: шүүх “Чингисийн хар алт” ХХК-ийг төлвөл зохих татварыг тайландаа тусгаагүй гэдгийг тодорхойлж заасан байна. Үүнээс харахад: шүүх зохигчдын аль аль нь татварын талаар баримт гаргаж өгөөгүй гэж байгаа бол шүүхийн шийдвэр гарахад чухал ач холбогдол бүхий баримт тодорхойлолтыг Татварын албанаас авчрахыг зохигчдод зөвлөж нотлох баримт бүрдсэний дараа хэргийг шийдвэрлэсэн бол зөв байх байсан гэж үзэж байна. Улсад төлөх ёстой татварыг хууль ёсны дагуу төлж байна уу, үгүй юу гэдэг асуудал бол чухал анхаарах зүйл юм. Шүүх өөрөө нэгэнт “Чингисийн хар алт” ХХК нь татварыг тайланд тусгаагүй байна гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн үнийн дүнгээс 78.523.954.22 төгрөгийг хасаж тооцох байсан гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 20-ний өдрийн 46 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч 'Чингисийн хар алт”ХХК-ний нэхэмжлэлээс 78.523.954. 22 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...шүүх зохигчдын аль аль нь татварын талаар баримт гаргаж өгөөгүй гэж байгаа бол шүүхийн шийдвэр гарахад чухал ач холбогдол бүхий баримт тодорхойлолтыг Татварын албанаас авчрахыг зохигчдод зөвлөж...” гэж дурдсан байгаа нь шүүхийг хараат бус байх зарчмыг зөрчин хэргийн оролцогч нарт хэрэг болон нотлох баримтын талаар зөвлөх ёстой байсан мэтээр бичиж байгаа нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл байна.

Иргэний хэргийн маргаанд оролцогч талууд өөрсдийн тайлбар болон үндэслэлээ нотлохын тулд өөрсдөө нотлох баримтуудыг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж шүүхэд бүрдүүлж өгөх зарчимтай байдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүхэд хэрэг үүссэнээс хойш шийдвэр гаргах хүртэл ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй үйлдэл нь шүүх болон нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс үүсээгүй, зөвхөн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн буруутгаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм.

“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-аас “Чингисийн хар алт”ХХК нь НӨАТ-ын тайлангаа шивээгүй, НӨАТ-ын шимтгэл төлөөгүй гээд НӨАТ-д тусгах ёстой мөнгийг “Чингисийн хар алт”ХХК-д төлөх ёстой мөнгөөс хасаж тооцно гэж байгаа нь Татварын байгууллагын өмнөөс ажил хийж байгаа юм шиг, НӨАТ-ын тайланг “Чингисийн хар алт” ХХК-ийн өмнөөс шивж оруулах юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй билээ. Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын тайлан болон аливаа татвартай холбоотой асуудал, маргаан гарсан тохиолдолд гагцхүү Татварын ерөнхий газрын харьяаны газар, нэгжүүд Татварын ерөнхий хуульд заасан арга хэмжээг авч ажиллан хариуцлагыг тооцдог. “Чингисийн хар алт” XXК нь татварын ямар нэгэн асуудал байгаа бол Татварын албаны шалгалтаар нотлогдож, зөвхөн “Чингисийн хар алт” ХХК нь хариуцлага үүрэх байтал “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ нь төлбөр, тооцонд унаж “Чингисийн хар алт” ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээх мэт маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ванчигмаагийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гзж үзэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Чингисийн хар алт” ХХК нь “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазарт холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний үүрэг  164.490.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч заримыг зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба  анхан шатны шүүх  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15/10-11 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар  Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасан  худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигчид нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15/10-11 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр  худалдагч тал болох “Чингисын хар алт” ХХК нь  технологи дамжлагаар бутлагдаагүй 3,5-4,2 к/кал/кг илчлэгтэй 1тн нүүрсийг 48,000 төгрөгөөр тооцож нийт 30,000тн нүүрс худалдан авагчид нийлүүлж  худалдан авагч  “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазар нь  нүүрсний үнийг  2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр, мөн нүүрсний үнэнд НӨАТ болон тээврийн зардал орсон талаар  тодорхой тусгаж гэрээг байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч “Чингисийн хар алт” ХХК нь гэрээний заасны дагуу  30,000 тн нүүрсийг худалдан авагч талд нийлүүлсэн, худалдан авагч тал болох “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазар нь худалдан авсан нүүрсний үнээс 164,490,200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Хариуцагч нь  гэрээний дагуу үнийг төлөөгүй байгаа талаар маргадаггүй боловч худалдагчаас нийлүүлсэн нүүрсний үнэд нийт 1.103.120.800 төгрөгийн нүүрсний худалдан авалт  буюу төлөлт хийсэн. “Чингисийн хар алт” ХХК нь 785.239.54322 төгрөгний худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын 78.523.95422 төгрөгийн буцаан олголтыг тайландаа тусгаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага 164.490.200 төгрөгнөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй буцаан олголтын 78.523.95422 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 85.966.24578 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр худалдаж байгаа 1 тонн нүүрсний үнэд нэмэгдсэн өртгийн татвар болон тээврийн зардлыг худалдагч тал оруулан 48.000 төгрөгөөр тооцсоноос үзэхэд талууд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх талаар  тохиролцсон гэж үзэхээр байна.

 Мөн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн татвар төлөх талаар талуудын хооронд маргаан гарч байсан эсэх нь тодорхойгүй  байгаа бөгөөд  хариуцагч “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГазар нь  нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд  гаргаж өгөх, татгалзалаа нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул шүүх  хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо шүүх зохигчдын аль аль нь татварын талаар баримт гаргаж өгөөгүй гэж байгаа бол шүүхийн шийдвэр гарахад чухал ач холбогдол бүхий баримт тодорхойлолтыг татварын албанаас авчрахыг зохигчдод зөвлөж нотлох баримт бүрдсэний дараа хэргийг шийдвэрлэх байсан гэж тайлбарлажээ.

Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлзэх зарчмын үндсэн дээр явуулдаг бөгөөд иргэний хэргийн зохигч өөрийн шаардлага, нэхэмжлэлийн  шаардлагаас татгалзах үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ба цуглуулах үүрэгтэй тул шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх үүрэггүй.

 Харин хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх бүрдүүлэх тохиолдол байж болно.  Энэ нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, зохигч өөрөө авах боломжгүй бол шүүх бүрдүүлнэ.  Нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хэргийн оролцогч гаргах бөгөөд гагцхүү хэргийн оролцогчийн хүсэлтээр  шүүх нотлох баримтыг бүрдүүлдэг.  Гэтэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзал түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй, мөн нотлох баримтыг  буюу хариуцагчийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх тухай баримтыг хариуцагчаас албадан гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийн “...шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар зөвлөж нотлох баримт бүрдүүлэлгүй  хэргийг шийдвэрлэсэн” гэсэн гомдол  үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 550.570 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН