Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/63

 

 

 

 

 

    2020          01            09                                         2020/ДШМ/63                           

           

Д.Г-т холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Б-, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Г-,

            хохирогч Б.Б-,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1768 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох 1906027962294 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Д-гийн Г-, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1973 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 12; эхнэр, хүүхдүүд, хүргэний хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Өлгийн 0-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000/

Д.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 14 дүгээр гудамжны орчим иргэн Б.Б-тай “миний нутаг дэвсгэрт шээлээ” гэж маргалдан улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-оос 555,743 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх иргэн миний хүсэл, зоригт нийцээгүй шийдвэр гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн №5443 дугаар шинжээчийн дүгнэлт буруу гарсан тул хоёр дахь шинжээчийн дүгнэлтийг гаргуулж хэргийн материалд хавсаргасан болно. Сүүлийн гарсан шинжээчийн дүгнэлтээр “гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж гарсан ч хэргийн материалд өөр дүгнэлт хавсаргасан байна. Дээрх дүгнэлтэд “... уруул хамрын нуруу, нурууны зулгаралт, баруун шанаанд цус хуралт, зүүн тавхайн үеийн суналт ...” гэж тогтоогдсон нь миний гэмтлээс өөр байсан. Миний гэмтэл толгойн зүүн талдаа 2-2.5 см хагархай, баруун гарын сарвууны ар тал, зүүн гарын мөр гэмтэлтэй байсан нь Зэвсэгт хүчний дугаар ангийн эмчийн анхан шатны 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр үзүүлсэн үзлэгт тодорхой байгаа. Хоёр дахь дүгнэлт эдгэж байгаа үеийн үзлэг хийгдэж хөнгөн гэмтэлтэй гэж дүгнэсэн байсан. Миний 2019 оны 5 дугаар сарын 2-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны ус урсдаг байгалийн жалганд бие зассан гэсэн мэдүүлгийг хашааны завсар гэж өөрчлөн бичсэн байна. Жалганы ирмэг дээр амьдрах Б.Хуягбаатар гэх айлд 4 хүн архидан согтуурч байсан. Д.Г- нь 0,75 литр шилтэй архи 1 ширхэг, ундаа 2 ширхэг авч явж байсан. Ингэхдээ миний цамцны энгэрийн халаасанд байсан утас, мөнгө зэргийг харж шээлээ гэж хэрүүл өдсөн. Д.Г- нь 160-170 см өндөртэй, 70-80 кг жинтэй бөгөөд 0,75 литрийн шилтэй архи нь шилтэйгээ 1 кг 250 грамм жинтэй болж байгаа. Ийм хэмжээний жинтэй зүйлээр миний толгойн тус газарт цохиход зуны нимгэн материалтай малгай цоо цохигдож урагдан ухаан алдан газар унасан. Энэ нь хүний хамгийн эмзэг эрхтэнд, түүний дотоод бүтэц, үйл ажиллагаанд маш их хохирлыг учруулах билээ. Энэхүү гэмтлийн улмаас одоог хүртэл сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээг тасралтгүй хийсэн боловч үргэлж толгой өвдөх, ядрах, сульдах, өвчлөмтгий болсноор эм, тариа байнга хэрэглэж эдийн засгийн хохирол үргэлж гарч байна. Үүнээс үүсэлтэй эрхтэн системийн өвчлөлийг таамаглашгүй гэж иргэн би үзэж байна. Миний бие нь одоо амьд байгаадаа баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт, тэр дотор амьдардаг хороо, дүүргийн газар нутагт цаг хугацаа харгалзахгүй явж, ажиллаж, амьдрах эрхтэй билээ. Гэтэл энэ иргэн ганцаараа мэт аашилж, архидан согтуурч, хэн нэгнийг эд зүйлсээр шийтгэх мэт санаатайгаар тархи толгойгүй нүдэж зодох нь хуульд нийцэх үү. Энэ удаа би азаар амьд үлдлээ. Дараагийн удаа өөр хэн нэгэн энэ хүний бусармаг үйлдлийн улмаас амьд гарах боломж алга байна. Миний сэтгэл санаа, бие эрхтэнд учирсан хохирол нөхөгдөшгүй. Архидан согтуурсан, санаатай хүнийг алахаар завдсан энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд зааснаар амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн эрх чөлөө гэх мэт хуулиуд зөрчигдөж байгаа бөгөөд баримтад тулгуурлан явж эмчлүүлсэн шатахуун, эм, эмчилгээний зардал 8,082,636 төгрөгийг гаргуулж хохирлоо нөхөн төлүүлэх саналаа дахин гаргаж байна. Энэ зардал нь миний гаргасан л зардал юм. Хүнийг хохироох гэсэн санаа агуулаагүй болно. Өөрийн ярианаас Д.Г- нь хэрэг үйлдээд маргааш нь Ховд, Говь-Алтай аймагт алт ухахаар 3 хүний хамт явсан ба мөрдөн шалгах явцыг удаашируулсан, 4 сар гаруй олдоогүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаж байсан дөрвөн долоон хоногийн дотор эдгэрэх гэмтэл биш. Шийдвэр гартал эмчилгээгээ явуулж байсан, одоо ч хийсээр байна. Тархи толгойн гэмтлийн улмаас бие, эрхтэн, системд гарах өөрчлөлтүүдийг давж гарах бэрхшээлийг цохисон согтуу хүн, шүүгч та таны дотны хайртай ээж, аав, үр хүүхэд, хань хэн нэгэн чинь байсан бол яах вэ, цохилтын хүчийг дахин нэг тооцоод үз ... Ингэж Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрх, хэн ч халдашгүй, хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн эрх чөлөөг зөрчсөнийг яах вэ? хуулийн заалт тайлбар хэрэггүй мэт. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд “хохирогчийн эмийн сангаас эм худалдан авсан баримтууд нь эмчийн жоргүй, хохирогчид учирсан гэмтэлтэй холбоогүй, хоолойн өвдөлтөд уудаг эм зэрэг байсныг дурдаж байна” гэжээ. Энэ цохилт гэмтлээс болж үүсэх өвчнийг хэн ч мэдэшгүй, тааварлашгүй, хоолой байтугай ... өвчилж болно гэж үзэж байна. Хүн өөрийн эрүүл мэндэд эм, эмнэлэг, уламжлалт эмчилгээ, рашаан ус, бариа засал, нөхөн сэргээх эмчилгээнүүдийг хил хязгаар харгалзахгүйгээр хийлгэх эрхтэй. Явсан шатахуун, Хятадад эмчлүүлсэн зардал нь эрүүл мэнддээ анхаарч, илэрч буй өвчнийг эдгээхийн тулд хэрэглэсэн, гаргасан зардал юм ...” гэв.

Шүүгдэгч Д.Г- тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... миний хашаа руу Б.Б- согтуугаар шээснээс болж маргалдсан. Улмаар над руу ойртон гараа сунгаж халдах үйлдэл хийж, дайрч давшилаад байхаар нь бухимдсандаа энгэртээ байсан 0,75 литрийн шилтэй архиар толгойн зүүн хэсэгт нь нэг удаа цохисон ... Энэ хүн хүнтэй учираа олж эв зүйгээр ярилцах боломжгүй, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хажууд болон хэний ч хажууд элдэв үгээр дайрч давшилан доромжилно. Хуурамч эмчилгээний баримт бүрдүүлэн хохирол нэхэмжилнэ. Тухайн хэрэг явдлаас хойш дахин гэмтэл авч, уг гэмтлээ намайг учруулсан мэтээр гүтгэж элдэв үгээр дайрч давшилж Монгол Улсын шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгааг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Б- нь ... үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа тул анхан шатны шүүх хурлаар гарсан торгууль төлбөрөө төлөх хүсэлтэй байна...” гэжээ. 

Шүүгдэгч Д.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шинжээчийн дүгнэлт 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гарсан. Гэхдээ энэ хэргийн дүгнэлт биш байсан тул зөвтгүүлж 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №10069 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтээр хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гарсан. Хохирлын талаарх баримтуудыг үзэхэд  Хятадын Эрээн хотод эмчилгээ хийлгэсэн тухай баримтуудыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 14 дүгээр гудамжинд Б.Б-тай “миний нутаг дэвсгэрт шээлээ” гэж маргалдан толгойн тус газар нь архины шилээр цохиж зүүн чамархайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвууны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ы “... 2019 оны 5 дугаар сарын 2-ны орой 22 цагийн үед гэртээ харих замдаа Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар гудамж, 14 дүгээр гудамжны завсар бие засаад зогсч байтал үл таних залуу ирээд “миний нутаг дэвсгэр дээр шээлээ” гээд барьж явсан 0,75 литрийн архитай шилээр толгой руу 1 удаа цохисон ...” /хх 10-11/,

гэрч Б.Хуягбаатарын “... Нямбаярын төрсөн өдөр болоод би гэртээ дуудсан ... архи дуусаад Г- гэрээс гарч яваад удалгүй эргэж орж ирэхэд араас нь толгойноос нь цус гарчихсан залуу дагаад ороод ирсэн. Би гайхаад учрыг асуухад Г-ийг цохисон гэж хэлсэн ...” гэх /хх 21-22/ мэдүүлгүүд,

шүүгдэгч Д.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 19, 74/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн эмнэлгийн үзлэгийн №1069 дугаартай дүгнэлт /хх 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсний зэрэгцээ шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэсэн байна.

Хохирогч Б.Б-аас “... БНХАУ-д эмчлүүлсэн эмчилгээний төлбөр болон шатахууны зардлыг гаргуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн 56-58 дугаар талд хохирогч Б.Б- нь БНХАУ-ын Эрээн хотын Фулин эмнэлэгт эмчлүүлсэн талаарх баримтууд авагджээ. Тус эмнэлгийн баримтаас үзэхэд хохирогч тархины хүнд гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэх боловч ямар гэмтлийг хэрхэн эмчилсэн нь тодорхойгүй, хохирогчид зүүн чамархайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, сарвууны цус хуралтаас өөр гэмтэл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул гадаад улсад эмчлүүлсэн гэх нийт 16,200 юань, замын зардал 23,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн шүүх “... шатахууны зардал, тамганы захиалгын үнэ зэргийг гэм хорын хохиролтой холбоогүй ...” гэж үзсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-д учирсан гэмтлийг тогтоохдоо зөвхөн гадна үзлэг, эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэмтлийн гадна шинж байдлыг харуулсан гэрэл зураг зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн /5443, 1069 тоот шинжээчийн дүгнэлтүүд/-ээс бус гавлын хөндийд гэмтэл учирсан эсэх талаар шинжилгээ хийгээгүй орхигдуулсан байна. Гэвч хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой баримтуудад шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаас өөр гэмтлийн талаар дурьдагдаагүй учраас шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаарын хүрээнд уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр гэм хорын хохирлын талаар гарсан хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч Б.Б- гэм хорын хохирлын талаар маргаантай байгаа тул шүүхийн шийдвэрт зааснаас бусад хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн 2019/ШЦТ/1768 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ          

 

ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН

 

  ШҮҮГЧ                                                          М.ПҮРЭВСҮРЭН