| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2015/0464/З |
| Дугаар | 128/ШШ2016/0194 |
| Огноо | 2016-03-17 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2016/0194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г******л-А********х” ХХК /РД: 52*******7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст
Нэхэмжлэлийн шаардлага: “... Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т****с-Э*****э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ба*******л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Да*******н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Т***с-Э****нийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“..."Г****л ар*****х" ХХК нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Бор цахир нэртэй газарт 1841.3 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 11367Х дугаар тусгай зөвшөөрлийг 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эзэмшиж, Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль бусад журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, 300 шахам сая төгрөгийн хайгуулын ажил хийсэн.
Хайгуулын 11367Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл байсан. Тус компаниас хайгуулын ХV-011367 тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор "Ашигт малтмалын тухай" хуулинд заасны дагуу "Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг дахь 11367Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Бор цахир нэртэй хайгуулын талбайн 2015-2017 онуудад хийх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг” Баян-Өндөр сумын Засаг дарга Б.И*******хөд 2014 оны 12 дугаар сард, 2015 оны 01 дүгээр сард тус тус хүргүүлсэн боловч сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөхгүй байсаар 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр баталж өгсөн.
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Н.Э*****э-О***р 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан баталгаажуулсан.
Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус компаниас Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг бусад шаардлагатай материал /хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлсөн болон ажил гүйцэтгэсэн тухай баримт тайлан, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт, сумын Засаг даргаар баталгаажаагүй байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хамт/ өгсөн боловч “Засаг даргын зөвшөөрөл байхгүй байна" гэдэг үндэслэлээр материал авах цонхоор хүлээж аваагүй болно.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсны дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2015/4-7 тоот албан бичгээр хайгуулын ХV-011367 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын газарт хандахад 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6/2434 тоот албан бичгээр тус газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч********р хайгуулын XV-11367 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан хугацаанд гаргаагүй тул хүчин төгөлдөр байх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дууссаныг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн байна" гэсэн хариуг өгсөн.
Мөн уг асуудлаар Ашигт малтмалын газарт дахин хандахад Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү*********а 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6/2434 тоот албан бичгээр Ашигт малтмалын хайгуулын 11367Х тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна" гэсэн хариуг өгсөн болно.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг сунгуулахад Засаг даргын зөвшөөрлийг авч хавсаргах ямар ч зохицуулалт байхгүй байна.
Иймд "Г****л А****х" ХХК-ийн ашигт малтмал хайгуулын 11367Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Да*******н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... “Г****л А****х" ХХК-ийн эзэмшлийн Ашигт малтмалын хайгуулын 11367Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл бүртгэлтэй байсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2015/4-7 албан бичгээр хайгуулын 11367Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 "... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг ..." бусад материалын хамт бүрэн хавсаргаж ирүүлсэн тохиолдолд уг тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээр хуульчилсан тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6/2434 дугаартай албан бичгээр ашигт малтмалын хайгуулын 11367Х тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Ашигт маптмалын хайгуулын 11367Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус үйлдэхүй болохыг тогтоолгож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст буюу хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 11367Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч********р түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Да*******н нар нь “Г******л-А********х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ашигт малтмалын хайгуулын 11367Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т "... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтыг ..." бусад материалын хамт бүрэн хавсаргаж ирүүлсэн тохиолдолд уг тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээр хуульчилсан тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6/2434 дугаартай албан бичгээр ашигт малтмалын хайгуулын 11367Х тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж мэтгэлцсэн байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анх 2007 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Бор цахир нэртэй газарт 1842 rектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын XV-11367 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2007 оны 293 дугаар шийдвэрээр “Б******ь” ХХК-д олгож, тус компаниас “Г******л-А********х” ХХК-д 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын 11367Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл худалдах ба тусгай зөвшөөрлийн эзэмших эрхийг шилжүүлэх 11/02 тоот гэрээг байгуулан шилжүүлсний дагуу Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтэст хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 246 дугаар шийдвэрээр “Г******л-А********х” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэсэн байна.
Ийнхүү нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК-д маргаан бүхий тусгай зөвшөөрлийг олгосноос хойш Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 159 дүгээр шийдвэрээр 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тус тус 3 жилийн хугацаатайгаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
Нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-г өргөдөл гаргахдаа хавсаргана, 40 дүгээр зүйлийн 40.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт дахь 11367Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Бор цахир нэртэй хайгуулын талбайн 2015-2017 онуудад хийх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-гөө батлуулахаар 2015 оны ны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга хүргүүлсэн байх бөгөөд түүнд сумын Засаг дарга хуульд заасан хугацаанд батлаж өгөөгүй зэрэг нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 50 тоот албан бичиг, тус сумын Байгаль орчны улсын хяналтын улсын байцаагч Н.Э*****э-О****р, Засаг дарга Б.И*******х нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 11367Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан боловч Засаг даргын зөвшөөрөл байхгүй гэсэн үндэслэлээр материалыг хүлээж аваагүй болох нь Ашигт малтмалын газрын Геологийн албанаас Кадастрын хэлтэст хаягласан 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тодорхойлолтоор тогтоогдож байна.
Түүнчлэн “Г******л-А********х” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүсэлт гаргаж шинэчлэн найруулсан “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргаж, Байгаль орчиныг хамгаалах төлөвлөгөөгөө бүрэн баталгаажуулаагүй бөгөөд бусад хавсаргах материал бүрэн тул материалаа хүргүүлж байгаа талаарх албан бичиг хүргүүлснийг хариуцагч нь хүлээн авч, ирсэн бичгийн бүртгэлийн 908 дугаарт бүртгэн, “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд өргөдлийн материалыг бүрэн болгож ирүүлэх ёстойг мэдэгдэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Хэ*********гээс буцаасан болох нь ирсэн бичгийн бүртгэлийн картаар нотлогдож байна.
Энэхүү шаардлагын дагуу нэхэмжлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх төлөвлөгөөг батлуулан 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2015/4-7 тоот албан бичгээр хайгуулын ХV-11367 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын газарт хандсан байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын ирсэн бичгийн бүртгэлийн картны 2655 дугаарт бүртгэгдэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6/2434 тоот албан бичгээр “...хайгуулын XV-11367 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т заасан хугацаанд гаргаагүй тул хүчин төгөлдөр байх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дууссаныг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн байна" гэсэн хариуг өгчээ.
Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг бүртгэлийн системд бүртгэж, нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах өргөдлийг “...хуульд заасан сунгуулах өргөдлөө гаргах хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй боловч нэхэмжлэгчээс Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”-г өргөдөл гаргахдаа хавсаргана, 40 дүгээр зүйлийн 40.1-т “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад “Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт дахь 11367Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Бор цахир нэртэй хайгуулын талбайн 2015-2017 онуудад хийх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлуулахаар болон хариуцагчид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд хандсан болох нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байхын зэрэгцээ гагцхүү уг төлөвлөгөөг хянаж, батлах талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйн улмаас хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасныг сумын Засаг дарга зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө шаардлагатай баримтуудын хамт бүрэн бүрдүүлэн хандаж чадаагүй байх боловч нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК нь тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хүсэл, сонирхлоо илэрхийлж, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хандаж байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн өргөдлөө гаргасан боловч хуульд зааснаар хавсаргах шаардлагатай баримт бичгийг хугацаандаа бүрдүүлж чадаагүй нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас буюу нэхэмжлэгчээс хамаарахгүй шалтгаанаас болсон байх тул нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК-ийг хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.
Эдгээр нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч “Г******л-А********х” ХХК нь маргаан бүхий 11367Х дугаар тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд өргөдөл, хүсэлтүүдээ гаргаж байсан боловч хавсаргах шаардлагатай “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-гөө өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас хуульд заасан хугацаандаа батлуулж чадаагүйн улмаас хугацаандаа батлуулж, бүрэн бүрдэл бүхий өргөдлөө хариуцагчид гаргаж чадаагүй байхад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж заасныг үндэслэн тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Г******л-А********х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өргөдлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын 11367Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА