Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Э , түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр /2413/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э д холбогдох 201726020671 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг эх ах эгч дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, Э   Үйлдсэн хэргийн яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Э  нь Б.Батзаяатай 2014 оны 3 дугаар сараас 2015 онд хамтран амьдрах хугацаандаа 6 удаа зодож 2 удаа /буюу 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр/ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба дахин 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 103 дугаар байрны 100 тоотод согтуугаар хамтран амьдрагч байсан Б.Батзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар удаа дараа үнэн зөвөөр ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв. Хохирогч Б.Батзаяа мэдүүлэхдээ : “...2017 оны 02 дугаар сарын 20-ноос 21- ний хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 103 дугаар байрны 100 тоотод хуучин үерхэж байсан найз залуу Э тай хамт гэртээ 00 цаг өнгөрч байхад ирж хамт хонохоор болсон. Учир нь би таксинаас буухдаа Э г гэр хол учир хоноод яв гэж хэлсэн. Гэртээ ороод би Э д тусад нь ор засч өгөх гээд “чи газар унтана шүү” гэхэд Э  “би орон дээр унтана” гээд намайг тусад нь унтуулж доромжиллоо гээд маргалдаж байгаад ариун цэврийн өрөө рүү орчихоод гараад ирэхэд над руу пивор сандал аваад шидсэн. Тэгээд миний нүүр лүү оноод миний зүүн талын хөмсөгний дор онож миний зүүн талын хөмсөг сэтэрч цус гарсан. Тэгээд би гэмтэл согогын үндэсний төвд очиж үзүүлж 4 оёдол тавиулсан. Бид хоёр пиво уусан байсан. ..Э  гуйвж дайваагүй, халамцуу, байдалтай байсан. Тэгээд тэр үед гомдолгүй гээд эвлэрч хэрэгсэхгүй болгуулж байсан. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2 хамтдаа 2014 оны 03 сараас 2015 оны өвлийг дуустал хамт амьдарсан, тэгээд салж байсан...надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би өөрөө ямар нэгэн байдлаар өргөдөл гомдол гаргаагүй..” гэжээ. /хх 25 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3167 тоот дүгнэлтэнд: “Б.Батзаяагийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, шуунд цус хуралт, зүүн хөмсгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх 12 хуу/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 48 хуу/ Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 13 хуу/ зэрэг бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Э  нь Б.Батзаяатай 2014 оны 3 дугаар сараас 2015 онд хамтран амьдрах хугацаандаа 6 удаа зодож 2 удаа /буюу 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр/ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба дахин 2017 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 103 дугаар байрны 100 тоотод согтуугаар хамтран амьдрагч байсан Б.Батзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Батзаяагийн мэдүүлэг /хх 25 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3167 тоот дүгнэлт /хх 12 хуу/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 48 хуу/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 13 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Батзаяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй зэргийг тус тус дурдлаа.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ