Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/01929

 

 

 

 

 

 

 

 

2024 04 30 182/ШШ2024/01929

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: В.Г-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,173,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж, барилгын бараа материал оруулж ирж худалддаг байгаа. ******* нь 2022 оны 06 сарын 02, 10, 17-ны өдрүүдэд надаас шаргал навчтай, хар будагтай, 1,20 см өргөнтэй, 2,40 см урттай, 1,5 см зузаан, 1 ширхэг нь 62,000 төгрөгийн үнэтэй, нийт 1000 ширхэг панерыг 62,000,000 төгрөгөөр, мөн барилгын тай буюу хэв хашмал 90 ширхэг, 5 шуудай хадаасыг 173,000 төгрөг, нийт 62,173,000 төгрөгөөр зээлээр худалдан авсан. Тухайн үедээ бид хоёр ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон юм. ******* нь 27,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Улмаар бид хоёр 2022.12.27-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 35,173,000 төгрөг болохыг баталгаажуулсан. Хариуцагч ******* нь үлдэгдэл төлбөрөө 2023.01.30-ны дотор төлж дуусгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлнө гэдэг боловч төлдөггүй, утсаар нь залгахаар авдаггүй, утсанд нь удаа дараа мессэж бичиж үлдээж байсан боловч хариу өгдөггүй. Тийм учраас хариуцагч *******ас гэрээний үлдэгдэл төлбөр 35,173,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Иргэний үнэмлэхний хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, ХААН банк ХК-ийн дансны хуулга, хариуцагчтай харилцаж байсан гар утасны захидал гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,173,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч ******* нь худалдан авсан барилгын бараа материалынхаа үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан, төлнө гэдэг боловч төлдөггүй учир үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч ******* нь 2022.06.02-ны өдөр нэхэмжлэгч *******гаас барилгын бараа материал зээлээр худалдан авч, төлбөр төлөхөөр амаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 189 дүгээр зүйлийн 189.1., 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг байна.

 

3.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 2022.06.02, 2022.06.10, 2022.06.17-ны өдрүүдэд, нийт 3 удаагийн үйлдлээр хариуцагч *******д шаргал навчтай, хар будагтай, 1,20 см өргөнтэй, 2,40 см урттай, 1,5 см зузаан, 1 ширхэг нь 62,000 төгрөгийн үнэтэй, нийт 1000 ширхэг панерыг 62,000,000 төгрөгөөр, мөн барилгын тай буюу хэв хашмал 90 ширхэг, 5 шуудай хадаасыг 173,000 төгрөгөөр, бүгд 62,173,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хариуцагч ******* нь 2022.12.19-ний өдөр 27,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, зохигчид 2022.12.27-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр 35,173,000 төгрөг болохыг баталгаажуулсан, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа утсаар шаардаж, захидал бичиж байсан болох нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн дансны хуулга, хариуцагчтай харилцаж байсан гар утасны захидал зэргээр тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар дээр дурдсан барилгын бараа материалыг ямар нэгэн эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хариуцагч В.*******ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ******* нь үлдэгдэл төлбөр 35,173,000 төгрөгийг төлөх үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй байна.

 

4.Шүүх 2024.04.02‑ны өдөр хариуцагч *******д нэхэмжлэлийг гардуулан, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан 2024.04.16‑ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, баримтжуулсан байх боловч хариуцагч ******* нь тайлбар болон холбогдох нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэргээр эрхээ хэрэгжүүлээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

 

Иймд шүүх хариуцагч В.*******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна гэж үзээд түүнээс үлдэгдэл төлбөр 35,173,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч *******гийн 2024.02.26-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 333,815 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ас 333,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.‑д зааснаар хариуцагч *******ас 35,173,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 333,815 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ас 333,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА