Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох 1705000010007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ: Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 4-11 насны 3 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 73 дугаар сургуулийн 3 давхарт хохирогч Ж.Цэрэндэлгэрийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг үнэн зөвөөр өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өгөх мэдүүлэг байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. Хохирогч Ж.Цэрэндэлгэр мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 15-нд 09 цаг өнгөрөөд өөрийн эгч Ж.Зандраасүрэнгийн хамт ажил дээрээ ирээд байж байтал манай хүргэн ах эгчийнхээ хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд манай эгч Ж.Зандраасүрэн хүрэн ах М.Түвшинбаяр нар хоорондоо маргалдаад хүргэн ах манай эгчийг алгадчихсан юм. Тэгэхээр нь би очоод салгаад байж байтал хүргэн ахын эгч Б  дүүгээ өмөөрөөд манай эгчийг доромжлоод түлхчихсэн юм. Тэгэхээр нь би эгчийгээ өмөөрөөд Б г түлхчихсэн юм. Тэгтэл Б  намайг доромжлоод намайг миний нүүрийг маажаад надруу толгойн хамгаалалт шидээд миний тохой хэсгийг оносон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би гомдолтой байна. Миний нүүрэнд маш их хумсны шарх үүссэн. Энийг хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэжээ. /хх 16-18 хуу/ Гэрч Ц.Сүнжидмаа мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо 73 дугаар сургууль дахь заслын ажил дээрээ өглөө 09 цаг гээд ирэхэд Зандраасүрэн, Цэрэндэлгэр ирсэн байсан. Бид хоёрт багажны өрөөний түлхүүр байхгүй Б , Түвшинбаяр хоёрыг хүлээгээд сууж байсан. Тэгээд 10 цаг 30 минутын үед Б , Түвшинбаяр хамт орж ирсэн. Тэгээд Зандраа нөхөр Түвшинбаяртайгаа оройтож ирлээ гэх хэрүүл маргаан болсон. Би гадна байж байгаад орж ирэхэд Б , Цэрэндэлгэр хоёр хоорондоо хэрэлдээд газар байсан гар утсыг Цэрэндэлгэр Б  руу шидсэн. Тэгээд хамгаалалтын малгай зөрүүлж шидэлцээд дахиж хэрэлдээд, Цэрэндэлгэр цонхны давцан дээр байсан дүүжин таазны төмөр аваад Б  руу шидсэн чинь Б  зөрүүлээд шидээд байсан. Тэгээд бид нар бүгдээрээ салгасан...” гэжээ. /хх 19 хуу/ Гэрч Ж.Зандраасүрэн мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би 09 цагт ажил дээрээ 08 цаг 50 минутын үед ирсэн бөгөөд Сүнжидмаа эгч 09 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд манай дүү тэрнээс 10 минутын дараа орж ирсэн. Тэгээд ажлаа эхлэх гэхэд манай нөхөр Түвшинбаяр багаж хийсэн өрөөний түлхүүр аваад явчихсан байсан бөгөөд утсаар ярихад очиж байна гээд 2 цагийн дараа эгч Б гын хамт орж ирсэн. Тэгэхээр нь би ажлын түлхүүр аваад явчихлаа цагтаа ирдэггүй юм уу гээд Түвшинбаяр бид хоёр маргалдсан бөгөөд тэр үед Б  ядаргаатай юм ааш муутай шулам шиг хүүхэн гэх зэргээр элдэв янзаар доромжилсон. Тэрнээс болоод Түвшинбаяр бид хоёр барилцаж аваад Түвшинбаярын хөл рүү нь өшиглөөд Түвшинбаяр намайг цохисон. Тэгсэн Б  хүрч ирээд намайг түлхсэн. Тэгтэл манай дүү гаднаас орж ирээд Б  эгчтэй барьцалдаж аваад цаашаа явсан бөгөөд дүү эргээд наашаа харсан чинь нүүр нь самардсан байсан. Тэгсэн Цэрэндэлгэр чи миний нүүрийг ийм болгочихлоо адилхан эмэгтэй хүн байж яагаад ингэж байгаа юм гээд уурлаад цонхон дээр байсан хамгаалалтын малгай авч шидсэн бөгөөд Болороо эгч буцаагаад малгайг нь шидсэн. Газарт байсан нарийн хананы төмрийг дүү аваад шидсэн тэгэхдээ оноогүй. Болороо эгч гар утсаа Цэрэндэлгэр рүү шидсэн чинь Цэрэндэлгэрийг оноогүй хана оноод газарт унасан бөгөөд тэрийг Цэрэндэлгэр аваад буцаагаад шидсэн. Тэгээд байж байтал гаднаас инженер орж ирээд больцгоо гээд салгасан...”гэжээ. /хх 20-21, 22-24 хуу/ Гэрч М.Түвшинбаяр мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 14-нд 19 цагийн үед ажлаа тараад машинтайгаа халтууранд явж байгаад эгчийндээ 23 цаг 40 минутын үед ороод кино үзэж байгаад унтсан. 2017 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн үед ажил дээрээ эгч Б гын хамт ирсэн. Тэгсэн манай эхнэр Зандраа ямар орой ирдэг юм цагаа бариач гэхээр нь би өнөөдөр амралтын өдөр шдээ гэхэд Зандраа чи зайл яв чамайг ажиллуулахгүй гэхээр нь би явах гэсэн чинь миний машины түлхүүр авах гээд булууцалдаад чангаагаад намайг цохиж аваад байсан. Тэгтэл цаанаас манай эгч Б  босч ирээд Цэрэндэлгэрийг боль гээд чангаасан чинь Цэрэндэлгэр хамгаалалтын малгайгаараа Б  эгчийг цохисон. Тэгсэн тэр хоёр зууралдаад Цэрэндэлгэрийн нүүр нь эрээн болсон байсан. Тэгээд Зандраа бид хоёр салгаад байж байтал эхлээд Цэрэндэлгэр хамгаалалтын малгай шидсэн чинь Б  эгч зөрүүлээд шидээд Б  эгч шпатл барьчихсан байхаар нь боль гээд болиулсан. Тэгээд нэг харсан Цэрэндэлгэр гартаа төмөр бариад Б  руу шидсэн. Б  эгчийн буланд унагаачихсан байсан гар утсыг Цэрэндэлгэр аваад хана руу шидээд савчихсан. Тэгээд больцгоо гээд салгасан..” гэжээ. /хх 25-26 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 9019 дугаартай дүгнэлт: “1. Ж.Цэрэндэлгэрийн биед хамар, хацар, хоолой, цээж, шанаанд цус хуралт, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. ШЭГЗТЖ- н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. 4 Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ. /хх 30 хуу/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9061 дугаартай дүгнэлт: “1. Б гын биед хэвлий, баруун, зүүн шууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4 дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх 34 хуу/ Эд зүйлийн үнэлгээ /хх 41/ Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42, 43 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно. Шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б  нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 73 дугаар сургуулийн 3 давхарт хохирогч Ж.Цэрэндэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Цэрэндэлгэр /хх 16-18 хуу/, гэрч Ц.Сүнжидмаа /хх 19 хуу/, Ж.Зандраасүрэн /хх 20-21,22-24 хуу/, М.Түвшинбаяр /хх 25-26/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 9019 дугаартай дүгнэлт /хх 30 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9061 дугаартай дүгнэлт /хх 34 хуу/, Эд зүйлийн үнэлгээ /хх 41/ Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42, 43 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч Ж.Цэрэндэлгэр нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  нь торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ