Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/64

 

 

 

 

 

     2020          01            09                                        2020/ДШМ/64                        

           

А.О-т холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1740 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.О-т холбогдох 1803010230055 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Амгалангийн О-, Улаанбаатар хотод 1989 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Сонгино 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

А.О- нь 2018 оны 12 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн  орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоyota prius 11” загварын 46-60 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд замд явахдаа мөн дүрмийн 10.1 дүгээр зүйлд “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэхдээ ... аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 10.4 дүгээр зүйлд “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Toyota pruis 20” загварын 83-70 УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч А.Мөнхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүгдэгч А.О-т холбогдох хэрэгт осол гаргахад Ч.Г-ын үйлдэл, оролцоо байсан эсэхийг шалгах шаардлагатай. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “... Ганбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй нь зөрчлийн шинжтэй үйлдэл, харин осол гарахад шууд нөлөөлсөн шалтгаан биш ...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “... Шинжээч Цэвэгжав “жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд осол, гаргахад нөлөөлнө” гэсэн бол шинжээч Базаррагчаа “осол гарч болно, гарахгүй ч байж болно” гэж зөрүүтэй тайлбар гаргасан. Гэрч Ганбаатар миний машиныг гүйцэж түрүүлж байгаад мөргөсөн гэж мэдүүлсэн байдаг. Ганбаатар худал мэдүүлэг өгч байна. Хэрэв 40-70 км/цаг хурдтай явж байсан бол мөрдөгч дарамталж байгаад мэдүүлэг авсан болно. Хажуу талаас нь мөргөөгүй. 2-3 метрийн зайнд яг аль хэсгээс орж ирсэн талаар Ганбаатараас асуух байсан юм. Миний үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Зөрчлийн арга хэмжээ авсан бол мөрдөгч 14 хоног, прокурор 14 хоног нийт 58 хоног өнгөрсөн байна. Ганбаатарт зөрчлийн арга хэмжээ авсан бол Ганбаатарын буруутай үйлдлийн улмаас хохирсон хохирогчийн асуудал гарах ёстой байсан ... Улсын яллагч Ганбаатарыг зогсоох арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлсэн, гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж хэллээ...” гэсэн, Шинжээч эмч И.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... Хэрэв жолооч Ганбаатар нь согтууруулах ундаа хэрэглээгүй бол уг зам тээврийн осол гарахгүй ч байж болно. Энэ нь тухайн нөхцөл байдлаас хамаарна. Хүний дундаж реакци 0,8 секунд, автомашины механизм ажиллах дундаж хугацаа 0,2 секунд байдаг...” гэсэн, гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбарт “... бид хоёр нэг шил архи хувааж уугаад өөрийнхөө машиныг унаад Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэсийн харалдаа явж байтал гэнэт миний зүүн гар талын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан “Тoyota prius загварын автомашин миний урдуур ороод ирсэн, би тоормос гишгэж амжилгүй уг автомашины араас нь мөргөсөн, уг автомашин нь автобусны буудлын хашлага давсан, би мөн хашлага давж хажуугаар нь гараад замын хойд талын модны төмөр хашлагыг мөргөөд зогссон юм... 70-80 км/цаг хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-26/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч фото зураг, эвдрэлийн үнэлгээ /хх 187-190/ зэргийг харгалзан дүгнэн үзэхэд Ч.Г-ын үйлдэл, оролцоо, энэ хэрэгт гэм буруу байгаа эсэхийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж, А.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгчийн захирамжаас харахад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн, оролцогчийн эрхийг яаж хязгаарласан талаар заагаагүй байна. Мөн хэрэгт нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэх гэсэн боловч яг ямар мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэх нь тодорхойгүй. Ч.Г-ын үйлдэл оролцоо байсан эсэхийг шалгах гэсэн байх боловч энэ талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч Н.Болдбаатарын мэдүүлэг, шинжээчийн 12/56 дугаартай дүгнэлт, шинжээч С.Мөнхдалай, Ц.Цэвэгжав нарын мэдүүлэг зэргийг үндэслэн гэм буруутай эсэхийг дүгнэх боломжтой гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1740 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч А.О-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яллагдагч А.О- тухайн үед согтолттой явснаа хүлээн зөвшөөрсөн. Үүнд маргах зүйл байхгүй. Тээврийн хэрэгслийн араас нь эгц мөргөсөн байдаг. Ташуу байрлалтай байхад нь мөргөсөн гэж прокурор худлаа хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээч машины эвдрэлийг тогтоосон. Машины яг араас нь таллаж мөргөсөн. Ар талаас нь мөргөсөн учраас түрээд самбар мөргүүлсэн байдаг. Осол болсон газрын наад талд явган хүний, зохицуулдаггүй гарц байсан. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасч, зогсоох арга хэмжээ авах боломжит хурдтай явах үүргийг Ч.Г- зөрчсөн. Ганбаатарын мэдүүлгээр О- 3 дугаар эгнээнээс 2 дугаар эгнээ рүү ороод явж байгаад, 2 дугаар эгнээнээсээ 1 дүгээр эгнээ рүү шилжиж орсны дараа ар талаас нь мөргөсөн харагддаг. Хажуу талаасаа яаж мөргүүлсэн болохыг тогтоох шаардлагатай. Машины баруун талд ямар нэгэн эвдрэл үүсээгүй байдаг. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч А.О-т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг дахин шалгах шаардлагатай гэснийг дэмжиж байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч А.О-ын гэм буруугийн асуудлаар шүүх дүгнэлт хийх боломжтой байхад анхан шатны шүүх “... зам тээврийн осол гарахад жолооч Ч.Г-ын гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгуулах ...”-аар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч А.О-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1740 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.О-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН