Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0195

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б****л овгийн Цэ********жийн Пү*******мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үед тодруулж: “...Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг бүрэн гаргуулах” тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Пү*******м, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Э********н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*****л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Пү*******м, түүний өмгөөлөгч Р.Э********н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Ц.Пү*******м миний бие Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаартай тушаал, Нийслэлийн Төрийн Албаны салбар зөвлөлд хандсан өргөдлийн хариуг эс зөвшөөрч, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтуудыг баримтлалгүй гаргасан үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие 2009 онд төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэн тус дүүргийн 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байсан.Энэ жил Налайх дүүргийг хот болгох санал асуулга явуулан, хотын захирагчийг сонгох сонгууль болж өнгөрсөн билээ. Дүүргийн удирдлагууд бүгд Ардчилсан намын хүмүүс байдаг бөгөөд миний ойлгосноор эсрэг намын хүмүүс, өрсөлдөгч нараас нь шударга бус болж байгаа талаар шүүхэд хандсан байгаа юм. Түүнд миний ажиллаж байсан хорооны Засаг даргын оршин суугчийн тодорхойлолт хавсаргасан байснаар энэ бүхэн эхлэлтэй.

2015 оны 6 дугаар сарын 21-нд хорооны Засаг дарга С.Ме*******к захиргааны хэргийн шүүхэд Налайх хотын захирагчийн сонгуулийн талаар хандсан өргөдөлд танай хорооны тодорхойлолт байна чи мэдэх үү гэж асуусан.

Би ажлын үедээ өдөрт 10-15 хүнд оршин суудаг гэх тодорхойлолтыг өгдөг, өгсөн тодорхойлолт бүр бүртгэлийн дэвтэрт бүртгэлтэй хэдий ч би мэдэхгүй өгсөн байхаа юу болсон юм бэ гэсэнд Налайх хотын захирагчийн сонгуулиар манай хорооноос өөр намын хүн ялаад эвгүй байдалд ороод байгаа сэтгэлээр унаад хэцүү байгаа, чадлаараа л явсан ядаж байхад энэ тодорхойлолт гарч ирээд гэж ярьж байснаа утсаар яриад байсан, казахаар яриад байсан болохоор юу яриад байгааг ойлгоогүй, одоо бодоход Тамгын дарга О.М*********ктай яриад байсан байгаа юм. Тэгж байснаа Засаг дарга С.Ме*******к гарч яваад Тамгын газар очиж ирснээ чи хүнд тодорхойлолт хийж өгсөн гээд тайлбар хурдан бичээд Тамгын дарга О.М*********кт нөгөөдөх, уучлалт сайн гуйгаарай гэсэн. Өөрийнхөө гарын үсэг нэртэй тодорхойлолт байсан талаараа хэлээгүй. Миний өгдөг тодорхойлолт нь Зохион байгуулагч Ц.Пү*******м А5 цаасан дээр хэвлэж гаргадаг, албан хэвлэмэл бланк биш.

Засаг дарга маань зөндөө загнуулж байгаагаа ярьж байсан болохоор нь эсэргүүцээгүй, очихоор чинь загнах байх уучлалт гуйгаарай гэхээр нь за гээд явсан. Хурдан аваачиж өг, яг одоо гээд шавдуулаад байсан.

Хэлсний дагуу иртэл ажлын цаг дууссан байсан тул Засаг даргын Тамгын газрын дарга О.М*********к гэртэй харьсан байсан.

Маргааш өглөө нь буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өглөө Засаг даргын Тамгын газрын дарга О.М*********кийн өрөөнд орж уулзахад миний тайлбарыг авахдаа шүүхээс хуулбарлан авчирсан тодорхойлолтыг үзүүлсэн. Хорооны Засаг даргын нэр гарын үсэгтэй, минийхээс өөр бичигтэй би харсан даруйдаа энэ миний бичиг биш байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд Тамгын дарга О.М*********к, Хороо хариуцсан мэргэжилтэн М.Ба********т, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Бо******а, хуулийн зөвлөх н.Ба*****а нар бүгд байсан.

Тамгын дарга О.М*********к Хороо хариуцсан мэргэжилтэн М.Ба********т, Захиргаа хуулийн хэлтсийн дарга Л.Бо******а, хуулийн зөвлөх н.Ба*****а нарыг дуудан энэ Ц.Пү*******мын хүнд өгсөн тодорхойлолт шүүхэд явж байгаа, ямар арга хэмжээ авах талаар ярилцаад шийд, халах тушаал гарга гэж хэлсэн.

Би миний бичиг биш байна миний тайлбартай харьцуулаад хар даа гэсэнд Засаг даргын Тамгын газрын дарга О.М*********к юу яриад байгаа юм бэ бичсэн гэж тайлбар өгчихөөд одоо бичээгүй гэж гээд загнахаар нь нөгөө тайлбараа буцаан авах, булаах гэмээр юм уу тийм ухаан төрөөгүй, угаасаа эдгээр хүмүүсийг миний тайлбар аварч байгаа гэж бодсоных байх, нөгөө талаар хорооныхоо Засаг дарга С.Ме*******кийг намайг юу руу явуулчихваа гээд гайхаад, уучлалт гуйгаарай гээд байсан болохоор даргаас намайг халахаас өөр арга хэмжээ авч өгөөч, ажилд орох хүн гэхээр иь өгсөн гэж хэлсэн. Тэгээд Тамгын дарга О.М*********к Пү*******м минь ухаантай бай, чи өөрөө хайр даахгүй юм гэхээр нь дарга халахаас өөр арга хэмжээ авах юм байна даа тэгээд ч би 2015 оны 04 дүгээр сарын 9-нд дүүргүүдийн спорт тэмцээний үеэр хөлийн улаа хугалаад ажлын 10 хоногийн дараанаас л гипстэй суга таягтай ажилдаа яваад байсан болохоороо намайг өвчтэй гэлтгүй ажлаа хийж явааг минь мэдэж байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод ажил дээрээ ирсэн. 

Би хөлөндөө гипстэй гишгэхгүй болохоор мэдэхгүй байсан 2 сарын дараа гипсээ аваад гишгэтэл өвдөг, шагайгаар өвдөөд маш зовиуртай байсан. Одоо ч хөлний нарийвчилсан зураг авахуулах, цаашид оношоо тогтоох шаардлагатай багагүй мөнгө хэрэг болно гээд байгаа.

Байгууллагын тэмцээнд оролцож яваад хөлөө хугалсныг Тамгын дарга М*********к мэдсээр байж бүрэн эдгэрээгүй байхад нь ажлаас халсанд харамсалтай байгаа талаараа байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Б********х, бусад ажилтнуудад энэ тухайгаа мэдэгдсэн.

Гэтэл 17 цаг 30 минут болж байхад хороо хариуцсан мэргэжилтэн М.Ба********т утасдан одоо ажлаа хүлээлгэж өг, засаг дарга, нийгмийн ажилтнаа дууд гэсэн. Ингээд 18 цаг 20 минутын үед ажлаа хорооныхоо нийгмийн ажилтанд хүлээлгэж өгөөд гэр лүүгээ харьсан.

2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр буюу тав дахь өдөр нь Засаг даргын Тамгын газрын дарга О.М*********кт миний өгсөн тодорхойлолт биш байсан гэж би хэлсэн боловч хүлээж аваагүй. Би гомдолтой байна.

Намайг халагдахын өмнөх 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бүх ажилчдын шуурхай дээр хорооны зарим нэг хүнийг бүр явуулна, зарим нэгнийхэн ажлыг өөрчилнө гэж байсан нь надаар нотлогдож байгаа мэт санагдаж байна.

Шуурхайн үеэр хална солино гэж олон удаа ярьдаг, ярьж байгаа нь загнаж байгаа юм шиг ширүүн хүн болохоор би намайг арга хэмжээ аваад хатуу сануулах байх гэж бодож байсан. Тэгэад намайг нийгмийн ажилтнаар ажиллаж байхад зохион байгуулагч болгон шилжүүлэхдээ миний оронд Калибек гэдэг залууг халаад мөн Катира гэдэг хүнийг томилсон болохоор үндсэрхэг нутаг нугын үзэл гаргаад байгаа юм байна даа ч гэж бодмоор, Тэгээд ч хайр даагаагүйн төлөө халагдсан шалтгаанаа бодоход ажлаас халтал хайрлах хайрын учрыг олохгүй явна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээр Налайх хотын захирагчийн сонуулийн талаар өргөдөлд хавсаргасан тодорхойлолт, тайлбарыг миний өргөдөлтэй харьцуулан шалгаж бичгийн хэлбэрээр шаардлагатай гэж үзэж байна.

Харамсалтай нь нэг талаараа даргыгаа бодож нөгөө талаараа Тамгын дарга, сонгуулийн үйл ажиллагаа нь хэцүүдэх вий гэж тусласан миний тайлбарыг миний эсрэг нотолгоо болгон ашиглаад байгаа бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан гэж намайг ажлаас халсанд байгаа юм.

Миний бие улсад 13 жил, Засаг даргын Тамгын газарт сүүлийн 6 жил ажиллахдаа үр дүнгийн жил бүр амжилттай А, В дүгнүүлж, удаа дараа шагнуулж цалингийн шатлал нэмэгдүүлж, мөнгөн шагналаар шагнуулж байсан. 

Спортын олон тэмцээнд оролцож цом, медалиар энгэрээ мялааж байсан.

2015 оны 06 дугаар сарын 23-ны өглөө Засаг даргын Тамгын газрын дарга О.М*********кийн Засаг даргын Тамгын газрын даргын хуулийн зөвлөх н.Ба*****а хэлэхдээ: ямар хохирол учруулсанаас шалтгаалж арга хэмжээ авах шаардлагатай гэж байсан боловч хохирлын хэмжээ одоо болтол тогтоогдоогүй. Налайх хотын захирагчийн бүрэн  эрхийг хэлэлцэн, өнөөдөр тангараг  өргөж, ажлын албаа байгуулан ажиллаж байгаа нь энэ үйл явдалд миний буруутай үйлдэл нөлөөлөөгүй нь тодорхой харагдаж байхад ажлаас халсанд гомдолтой байгаа бөгөөд цаашид эгүүлэн тогтоох,  Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны 2,450.800 төгрөгийг бүрэн гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга О.М*********к, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*****л нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Ц.Пү*******м нь 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байхдаа Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийн үеэр тухайн хороонд оршин суух бүртгэлгүй, харьяаллын бус иргэнд хорооны Засаг даргын өмнөөс төрийн тамга, тэмдэг, албаны хэвлэмэл хуудсыг ашиглан хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн учир ажлаас халагдсан юм.

Тэрбээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасныг хянаж үзээд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Ц.Пү*******мд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан шийдвэрийг эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.

Ц.Пү*******маар Р.Жа********н гэгчид тодорхойлолт гаргуулахаар зуучилсан С.Батжаргал нь дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга бөгөөд "Р.Жа********ныг зориуд 4 дүгээр хорооны иргэн болгож", Налайх хотын Захирагчийн сонгуулийг будлиантуулах гэсэн улс төрийн зорилго агуулсан байх магадлалтай. "4 дүгээр хорооны иргэн" Р.Жа********ны сонгуулийг болиулах талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрх асуудалтай холбоотой байж мэднэ.

Бас нэг ноцтой үйлдэл нь өөр айл, өрх амьдарч байгаа (Туулын 14-ийн 1-ийн 1 тоотод Хөхөөдэйн Батаагийн ам бүл амьдардаг.) хаягаар тодорхойлолт гаргаж өгсөнд байгаа юм. Дээрх үйлдэл нь Төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ... тангарагласан төрийн жинхэнэ албан хаагч өөрөө өргөсөн тангарагаа умартаж, аль нэг намын эрх ашигт үйлчилж (улс төрийн намын нөлөөнд автаж) байна гэж үзэх үндэслэлтэй.

Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "...Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж заасан байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.3-т эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 13.1.8-д "албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих ...", 13.1.9-д албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх гэсэн хуулийн заалт, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээлгэсэн үүргийг хэлбэрэлтгүй, ягштал биелүүлэх ёстой.

Гэтэл Ц.Пү*******м нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн төрийн байгууллагын дотоод дэг, журмыг бүдүүлгээр зөрчсөнөөр барахгүй улс төрийн нөлөөлөлд ч автсан байж болзошгүй.

Засаг даргын Тамгын газрын "Хөдөлмөрийн дотоод журам"-ын "Арван нэг"-ийн 11.4-т "Албан хаагч нь албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, албан ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд... хариуцлага тооцно" гэж заасан байдаг.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам бол тухайн байгууллагад мөрдөх хөдөлмөрийн бага хууль юм. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт "...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно" гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм"-д төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зарчим, ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс, ёс зүйн хэм хэмжээг тогтоохдоо "Дөрөв"- ийн 4.1.1-д "... ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах", 4.1.4-т "... хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх", "Тав"- ын 5.1.4-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, 5.1.5-д "... аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх. , 5.2.1-д Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, зааврыг чанд баримтлах, 5.3.3-т танил тал, найз нөхөд, .... тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх, 5.3.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах..." гэх мэтээр тодорхой нарийн шалгуур, болзолтойгоор хязгаарлан зааж өгсөн байдаг. Энэ бүхнийг нэг бүрчлэн нуршин тайлбарлах нь илүүц юм. Дээр дурдсан хууль тогтоомж, заавар журмыг ноцтой зөрчсөн учир 4 дүгээр хорооны зохион байгуулагч Ц.Пү*******мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ц.Пү*******м нь Менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг "А" буюу "Маш сайн", "В" буюу "Сайн" үнэлгээтэй дүгнүүлж, удаа дараа шагнуулж байсан гэж худал бичсэн байна. Ц.Пү*******м нь ажилдаа идэвхгүй, өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа хөгжүүлэх талаар санаачилга гаргаж ажилладаггүй болох нь 2013, 2014 оны үр дүнгийн гэрээний үнэлгээнээс харагдаж байна.                                                                                     

Ц.Пү*******м нь аль эрт (4-р сарын эхний хагаст) хөлөө гэмтээсэн боловч, 7-8 хоноод ажилдаа орсон бөгөөд байгууллагын санхүүд эмнэлгийн хуудас битгий хэл эмчийн магадлагаа ч авчирч өгөөгүй байна. Тэгсэн мөртлөө харин 4-р сараас хойш ажлаас халагдах хүртлээ цалингаа бүтэн авсан байна.

Амбулатори болон больницоор удаан хугацаанд (3-аас дээш хоног) эмчлүүлсэн тохиолдолд эмнэлгийн магадлагаа олгож, тэр нь тодорхой хугацаагаар сунгагдаж, цаашид эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэгддэг журамтай.

Эмнэлгийн хуудас нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг өвчтэй гэдгийг нотлох баримт болж хадгалагддаг гэдгийг хэн хүнгүй мэднэ шүү дээ. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэргүйгээр эмнэлгийн тодорхойлолтыг хэн дуртай эмч гаргагддаггүй бөгөөд улмаар шүүхэд нотлох баримт болгон өгч болохгүй шүү дээ.

Ц.Пү*******м "... тэр өдөр ч би таягтайгаа явсан,... бүрэн эдгэрээгүй байхад нь ажлаас халсан" гэх мэтээр худлаа ярьж, гүтгэн мөн л сурсан зангаараа шүүхэд хүртэл хуурамч нотлох баримт бүрдүүлж өгөхийг оролдож байгааг шүүх анхааралдаа авна уу. Энэ байдал нь Ц.Пү*******мын ямар хүн болохыг аяндаа гэрчилж байгаа юм биш үү.

Ц.Пү*******мын дээрх үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд боловч бид хуулийн байгууллагад хандахгүйгээр харин хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.    Маргаан бүхий актын талаар

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр “Ц.Пү*******мд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар тус дүүргийн 4 дүгээр хорооны зохион байгуулагч Ц.Пү*******мыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан байна.

2.    Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар

Ц.Пү*******м нь Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсаныг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15/268 дугаар албан бичгээр “...Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийн үеэр 4 дүгээр хороонд оршин суух бүртгэлгүй харъяаллын бус иргэнд хорооны Засаг даргын өмнөөс төрийн тамга, тэмдэг, албаны хэвлэмэл хуудсыг ашиглан оршин суудаг тодорхойлолтыг хуурамчаар бичиж өгсөн бөгөөд энэ тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргасан...тус дүүргийн Тамгын газраас ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар Ц.Пү*******мыг ажлаас халсан шийдвэрийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзлээ” гэх хариуг авсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1321 тоот албан бичгээр ” ...өргөдлөө шүүхэд гаргах нь зүйтэй...” гэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд хандсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.”, 6.4-т “Энэ хуулийн 6.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байна.

3.    Маргаан бүхий актын үндэслэлийн талаар

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч “...Хариуцсан хорооны харьяаллын бус иргэнд тодорхойлолт гаргаж өгөөгүй, намайг бичиж өгсөн гэх тодорхойлолтыг хараагүй байхдаа дээд шатны албан тушаалтан хэлсний дагуу тайлбар бичиж өгч, уучлалт гуйсан бөгөөд сүүлд би өөрөө бичээгүйг мэдээд хэлэхэд хүлээж авалгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...”, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...Ц.Пү*******м нь 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар ажиллаж байхдаа Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийн үеэр тухайн хороонд оршин суух бүртгэлгүй харьяаллын бус иргэнд хорооны Засаг даргын өмнөөс төрийн тамга, тэмдэг, албаны хэвлэмэл хуудсыг ашиглан оршин суудаг тодорхойлолтыг хуурамчаар бичиж өгсөн үйлдэл нь Төрийн жинхэнэ албаны тангараг, ёс зүй зөрчсөн үйлдэл тул сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан нь үндэслэлтэй ...” гэж тайлбарлан маргаж байна.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 109 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.Пү*******мыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар хорооны нийгмийн ажилтнаар туршилтын хугацаагаар, 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар 4 дүгээр хорооны зохион байгуулагчаар шилжүүлэн томилжээ.

Улмаар Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр “Ц.Пү*******мд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйл “55.1.Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно. 55.2.Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.” Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т “Мэргэшлийн өндөр ур чадвар, идэвх санаачлагатай ажиллаж, албан үүргээ чанартай сайн биелүүлж байгаа албан хаагчийг дараах шагналаар шагнаж урамшуулах, ажлын сахилга алдсан тохиолдолд хариуцлага тооцно” гэж заасныг тус тус үндэслэн гаргажээ.

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр баталсан Хорооны зохион байгуулагчийн албан тушаалын ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд “Иргэдэд итгэмжлэх, тодорхойлолт өгөх” үүрэгтэйг заасан боловч маргаан бүхий захиргааны акт гарах үндэслэл болсон “...Р******а овогтой Жа********н нь 4 дүгээр хорооны Туул 14-1 тоотод оршин суудаг... ” гэх тодорхойлолт нь тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан бланк дээр, Засаг дарга С.Ме*******кийн гарын үсгийг хорооны Засаг даргын тамгаар баталгаажуулсан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6121 тоот дүгнэлтээр “Шинжилгээнд нэмэлтээр ирүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 678 дугаартай “Нийслэлийн налайх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт” гэх баримтад бичсэн шинжилж буй гар бичмэл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Пү*******мын гэх бичгийн хэвийн загвартай тохирч байна” гэсэн дүгнэлтийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч хүсэлт гаргасныг хариуцагчид танилцуулан шүүхээс дахин шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 953 тоот дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 678 дугаартай “Нийслэлийн налайх дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт” гэх баримтад бичсэн шинжилж буй гар бичмэл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Пү*******мын гэх бичгийн хэвийн загвартай тохирохгүй” гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Мөн Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан “Тамга, тэмдэг түших болон хэвлэмэл хуудас хариуцсан ажилтан томилох тухай” тушаалд “...хорооны Засаг даргын тамгыг Хороодын Засаг даргаар түшүүлсүгэй..., тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгаалалт, хэрэглэх журмыг чанд мөрдөн ажиллахыг холбогдох ажилтнуудад үүрэг болгосугай...” гэж зааснаас үзэхэд уг тодорхойлолтыг нэхэмжлэгч Ц.Пү*******м бичиж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан гэх үндэслэлгүй байх бөгөөд тус хорооны Засаг дарга тодорхойлолтод гарын үсэг зурж, тамга дараагүй гэж үзэж байгаа бол тамга, тэмдэг түших болон хуулиар хүлээлгэсэн үүргээ Засаг дарга нь биелүүлээгүй гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Пү*******мыг “Харьяаллын бус хүнд тодорхойлолт бичиж өгснөө өөрөө хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн” гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийн бичиж өгсөн дээрх тайлбар нь “Р******а овогтой Жа********ны оршин суудаг тодорхойлолт”-ыг хараагүй байхдаа урьдчилан бичиж өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно.

Түүнчлэн уг тодорхойлолтыг бичсэн гэх өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 4 дүгээр хорооны Засаг даргыг эзгүй байхад нэхэмжлэгч Ц.Пү*******м дээрх тодорхойлолтыг хэвлэмэл хуудас ашиглан бичиж өгсөн гэх хариуцагчийн тайлбар нь шүүхэд ирүүлсэн С.Ме*******кийн 2015 оны 6 дугаар сарын цалингийн тодорхойлолт болон гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэнэ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “…албан үүргээ биелүүлээгүй…” гэж хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг хэлнэ.” гэж заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдлийг үйлдсэн бол сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “...нэхэмжлэгч Ц.Пү*******мыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл болон Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулсан... ” гэж тайлбарлах боловч Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах журам”-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Пү*******мын 2014 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг хариуцагч 2014 оны 12 дугаар сард “С буюу хангалттай” үнэлгээгээр дүгнэн 2015 оны үр дүнгийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх, хуульд зааснаас бусад үндэслэлээр халагдахгүй, чөлөөлөгдөхгүй байх төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хууль бус шийдвэр гэдэг нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ: өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;”, 27 дугаар зүйлийн 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна.”, 28 дугаар зүйлийн 28.2.2-т “Төрийн албан хаагчийн цалин хөлс нь: төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэнэ” Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Пү*******мын ажилгүй байсан хугацааны 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх нийт 8 сар 23 /ажлын 15/ хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /491444+зэрэг дэв 12%+ажилласан жил 5%/ нийт 5006748 /таван сая зургаан мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4, 70.2.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Пү*******мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр “Ц.Пү*******мд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ажилгүй байсан 8 сар 23 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 5006748 /таван сая зургаан мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн  81.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА