Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2020/ДШМ/65

 

 

 

 

 

  2020             01            09                                        2020/ДШМ/65                         

           

 Ц.О-, Ц.Х- нарт                                                                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ц.О-,

            шүүгдэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч Б.Дамба,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1670 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг, Б.Дамба, шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.О-, Ц.Х- нарт холбогдох 1906039702024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн Ц-ий О-, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1994 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайжийн 00-00 тоотод орших суух бүртгэлтэй. /регистрийн дугаар: 0000000000/

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

 

2. Б овгийн Ц-ийн Х-, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2000 оны 3 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; нөхрийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Буянзүрх 2 дугаар багийн Хангалын 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/ 

Ц.О-, Ц.Х- нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн голын орчимд  Б.Д-гийн гар утсыг гуйн түр хэрэглэж байхдаа интернэт банкны үйлчилгээнд нууцаар, хууль бусаар нэвтэрч ХААН банкны 5064876919 дугаартай данснаас Ц.О-ийн 5749829815 дугаартай данс руу 600,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Эрхэс” зочид буудлаас гарахдаа А.Б-гийн ХААН банкны виза карт, “Samsung” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картыг АМТ-д уншуулан 3,200,000 төгрөг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.О-,  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Х-, Ц.О- нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ийг 1 жилийн хугацаагаар, Ц.Х-ийг 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-т оногдуулсан хорих ял дээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийн хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 62 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.Ариунтуяа нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-, Ц.Х- нараас 3,805,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Д-д 600,000 төгрөг, хохирогч А.Б-д 3,205,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Одоо 2 сартай жирэмсэн. Иймд хорих ялыг сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Х-ий өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэх нөхцөлийг бүрэн хангасан байтал анхан шатны шүүх хохирол төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр Эрүүгийн хуулиар ял хариуцлага оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүний ялыг хөнгөрүүлэх, тэнсэх нөхцөл боломжийг олгосон нь төрөөс хүндээ үзүүлж буй энэрэнгүй бодлого, зарчим юм. Иймд дээрх Ц.Х-ийн хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Одоо 2 сартай жирэмсэн. Иймд хорих ялыг сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Х-ий өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Ц.Х- нь бусдад учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан. Одоо гэр бүлтэй, жирэмсэн болсон. Ц.Х- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нар түүнд гомдолгүй болсон. Иймд шүүгдэгч Ц.Х-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү ...” гэв.

 Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо: “... Ц.О-ийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг юм. Ц.О- нь иргэний нэхэмжлэгч М.Ариунтуяагийн гар утсыг буцааж өгч гомдол саналгүй болгосон. Хохирогч Б.Д-, А.Б- нарын хохирол 1,902,500 төгрөгийг төлж чадаагүй байгаа. Учир нь Ц.О- нь хорих ялаар шийтгүүлсэн, ар гэрийн амьдрал хүнд, ээж, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Мөн шүүх өмнөх тогтоолуудаар оногдуулсан ялыг эдэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, ялын гүйцэтгэлийг тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр ялуудыг бүрэн нэмж нэгтгэсэн. Гэтэл Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ял эдэлсэн болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн х/113 дугаар тогтоолоор нотлогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 27 цагийн ажлыг эдэлж, 473 цагийн ажил хийх ялын үлдэгдэлтэй байгаа нь Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/589 дугаар албан бичгээр нотлогдож байх тул ялын гүйцэтгэлийг тооцож, шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хасч өгнө үү.

Ц.О- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч Б.Д-, А.Б- нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлыг нөхөн төлөхөө заавал бодитоор илэрхийлнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй, бусад хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэжээ.

Хохирогч А.Б- тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... Х- өөрт ногдох 1,600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, одоо 19 настай, жирэмсэн болохыг шийтгэх тогтоолтой танилцах үедээ  мэдлээ. Ц.Х- нь хэвлий дэх хүүхдээ шоронд биш, эрүүл агаар, эрх чөлөөтэй орчинд өсгөж бойжуулах нь ялангуяа хүүхдийн эрүүл мэнд, эрх ашигт нэн чухал юм. Иймд Ц.Х-д оногдуулсан хорих ялыг тэнсэх, эсхүл шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэргээр хөнгөрүүлж өгнө үү. Миний хувьд Ц.Х-эс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдолгүй болсон.

Ц.О-ээс 1,600,000 төгрөгийн хохирлыг бүрэн гүйцэт хүлээн авлаа. Одоо гомдол, санал байхгүй. Тэрээр өрх толгойлсон, хоёр хүүхдийн эх тул ял шийтгэлд нь хөнгөн хандана уу” гэжээ.

Хохирогч Б.Д- тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хишиг-Эрдэнийн учруулсан 300,000 төгрөгийн хохирлыг бүрэн хүлээн авсан. Одоо нэмэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Шийтгэх тогтоолоос харахад Х- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 19 настай, жирэмсэн эмэгтэй байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, Х-д оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгөхийг хүсч байна.

Ц.О-ээс 300,000 төгрөгийн хохирлоо бүрэн гүйцэт хүлээн авлаа. Одоо гомдол, саналгүй болсон. Ц.О- нь өрх толгойлсон, хоёр хүүхдийн эх учир ялыг нь хөнгөлж өгнө үү”  гэжээ.  

Шүүгдэгч Ц.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Дахин алдаа гаргахгүй. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Миний хоёр хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй тул надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.О-, Ц.Х-, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдолд тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.О-, Ц.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Ц.О-, Ц.Х- нар бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Улиастайн голын орчимд  Б.Д-гийн гар утсыг гуйн түр хэрэглэж байхдаа интернэт банкны үйлчилгээнд нууцаар, хууль бусаар нэвтэрч ХААН банкны 5064876919 дугаартай данснаас Ц.О-ийн 5749829815 дугаартай данс руу 600,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг,

2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 11 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Эрхэс” зочид буудлаас гарахдаа А.Б-гийн ХААН банкны виза карт, “Samsung” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картыг АМТ-д уншуулан 3,200,000 төгрөг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Д-гийн “... 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр О-, Нандиа гэх хоёр хүүхэнтэй уулзаж Налайх хүргэж өгөхөөр болсон. Замдаа Улиастайн гол орохоор болсон... О- нь миний гар утсыг “Фэйсбүүкэд ороод өгье” гээд гуйж авсан. Гол дээр пиво хувааж уугаад хоёр цаг орчим болсон. Нандиа “эгч ирсэн, явъя” гээд явахаар болж би О-ээс гар утсаа авсан ... тэр хоёр Ботаникийн автобусны буудал дээр буусан ... цаг орчмын дараа гар утсаа шалгахад миний данснаас 600,000 төгрөг хасагдсан байсан ... ХААН банк руу залгаж асуухад 300,000 төгрөгөөр хоёр удаа О-ийн 5749829815 дугаарын данс руу шилжүүлсэн байсан...” /хх 7-8/,

хохирогч А.Б-гийн “... 2019 оны 9 дүгээр сарын 6-ны шөнө найз Ариунтуяагийн хамт хороолол явж байхдаа хоёр эмэгтэйтэй танилцаад буудалд орсон ... замдаа би өөрийн банкны картаа Ариунтуяад өгч, нууц кодоо хэлээд архи, буудлын мөнгө авхуулсан. “Эрхэс” зочид буудалд орсон. Архинаасаа ууж байгаад унтаад өгсөн. Өглөө сэрэхэд танилцсан хоёр хүүхэн байгаагүй ... гар утсаа асаахад ХААН банкнаас 3 удаагийн гүйлгээгээр 3,200,000 төгрөг гарсан мэдээлэл ирсэн ... карт байхгүй байсан ...” /хх 83/,

хохирогч М.Ариунтуяагийн “... АТМ дээр зогсоод Баасансүрэн нууц кодоо хэлж, картаа өгөөд 80,000 төгрөгийг надаар авхуулсан ... өглөө сэрэхэд Баасансүрэн “миний  карт алга болсон байна” гэхээр нь би эд зүйлээ шалгатал гар утас байхгүй байсан ...” /хх 88-90/ гэх мэдүүлгүүд,

Ц.О-ийн ХААН банкны дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14, 15/, эд зүйлийн үнэлгээ /хх 103-150/, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 20-21, 27-28, 93-94, 95-96, 113-114, 123-124, 125-126/ зэргээр нотлогдон, тогтоогдсон байна.  

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.О-, Ц.Х- нар бүлэглэн бусдын гар утас, картыг ашиглан банкны дансны мэдээлэлд нууцаар, хууль бусаар нэвтэрч өөрсдийн данс руу мөнгө шилжүүлэн авсан, мөн бусдын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Ц.О-ийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.О- нь өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг хэрхэн эдэлсэн талаарх баримтыг цуглуулаагүйгээс ялын биелэлтийг тооцох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхад шүүх хэргийг буцааж нэмэлт ажиллагаа хийлгэхийн оронд “... ялуудыг эдлээгүй ...” гэж дүгнэн өмнөх тогтоолоор оногдуулсан ялуудыг бүрэн хэмжээгээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан шийдвэр гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялын талаар гарсан зохих шийдвэрүүдийг хавсаргаж ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасны дагуу хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгохгүйгээр тухайн баримтад үндэслэн шүүгдэгч Ц.О-ийн ялын тооцоог гаргаж анхан шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.О- нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 209 дугаартай шийтэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг бүрэн эдэлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 654 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 27 цагийн ажлыг биеэр эдэлсэн болох нь Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад А.Сугарнацагийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн х/113 тоот “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол /хх 227/, Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 1/589 тоот албан бичиг /хх 225/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон учир үлдэх 473 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялд шилжүүлэн хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.О-ийн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 29 хоног хорих ялаар тогтоов.  

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Ц.О-, Ц.Х- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Д-, А.Б- нар тэдэнд гомдол, саналгүй болж ялыг хөнгөрүүлэхийг хүссэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, одоо 19 настай, жирэмсэн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.

Харин шүүгдэгч Ц.О-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан, хохирогч нар түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн хэдий боловч нэг жилийн дотор гурван удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хулгайлах гэмт хэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийсний эцэст хорих ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч болон өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын дагуу шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлоос “... ял хөнгөрүүлэх ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/1670 дугаартай шийтгэх тогтоолд:

а/ Тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Ц.Х-д холбогдох хэсгийг “Шүүгдэгч Ц.Х-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.3 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

б/ Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.О-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 654 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 473 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон нэмж нэтгэж, түүний нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 29 хоног хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаас шүүгдэгч Ц.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Ц.Х- нь энэ хэрэгт нийт 65 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Ц.Х- нь хохирогч А.Б-д 1,602,000 төгрөгийн, хохирогч Б.Д-д 300,000 төгрөгийн, шүүгдэгч Ц.О- нь хохирогч А.Б-д 1,600,000 төгрөгийн, хохирогч Б.Д-д 300,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.О-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлоос “... ялыг хөнгөрүүлэх ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН