Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/1000

 

    2021             11             23                                     2021/ДШМ/1000                                             

                                                 Э.Э, Т.Б  нарт холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч, хохирогч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,    

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Даарийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Т.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Э, Т.Б  нарт холбогдох эрүүгийн 2005 00719 0144 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Э-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

2. А овгийн Т-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... аймгийн ............ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .............-н Техник засварын төвд ахлах ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

 Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна талд хохирогч Э.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, дотор салстад язрал, зүүн мөрний урд хэсэг, баруун бугалганы ар дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна талд хохирогч Т.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор гадаргуун язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, дээд уруулын цус хуралт, язарсан шарх, доод уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Э, Т.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Э, Т.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Т.Б  нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Т.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, хэргийн хамт ирүүлсэн Т.Б-н эзэмшлийн Freetel гар утас 1 ширхэгийг өөрт нь буцааж олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Т.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2020 оны 2 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд 2 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Мөрдөгчийн зүгээс нийт есөн удаа хэрэг бүртгэлийн хугацаа сунгасан бөгөөд мөрдөгч прокурорын зүгээс дээрх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоож чадаагүй. Тухайлбал, тус гэмт хэрэг нь олон нийтийн үйлчилгээний газар зам талбайд болсон байхад эд мөрийн баримтаар камерийн бичлэгийг хурааж аваагүй. Хойшлуулашгүй ажиллагаа явуулж хэргийн газар үзлэг хийж шаардлагатай гэрчүүдээс цаг хугацаанд нь мэдүүлэг аваагүй нөхцөл байдлаас болж өнөөдөр Т.Б нь буруутгах үндэслэл болоод байна. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон тус дүүргийн шүүхээс гэм буруутайд тооцох гол үндэслэл нь яллагдагч, хохирогч Э.Э-н мэдүүлэг байдаг. Гэрч Э.Э нь мөрдөн байцаалтын явцад анх мэдүүлэг өгөхдөө “Би тэр 3 ахыг цохисон, намайг зодож цохисон зүйл байхгүй”, Б нь “нүүр хэсэгт цохисон чинь “яагаад байгаа юм бэ, ах нараа” гээд зам хөндлөн гараад зугтаачихсан”, “Би айсандаа баруун гарын тохойгоороо нилээн хүчтэй нэг удаа хамар нүдний орчим цохисон, тэр үед Т.Б шууд газарт унасан, Т.Б босох гээд өндийж байхад нь баруун хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газар нь хөшиглөсөн тэгэхэд Т.Б унаагүй гэхдээ толгойгоороо хойшоо хүчтэй савж унаж харагдсан, тэр үед араас Т.Б-н найз нарын нэг нь куртикний малгайнаас бариад толгой давуулан татаж намайг доош тонгойлгосон. Тэгсэн чинь Т.Б хүрч ирээд ямар “овоо бацаан бэ” гэж хэлээд би түүний хоолойг сайн таньж байсан. Т.Б миний урд сууж байсан учраас намайг цохисон гэж бодоод байгаа юм” гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогч Э.Э нь “Т.Б намайг яг цохисныг бол хараагүй” гэх мэдүүлэг зэргээс харахад тус гэмтлийг Т.Б Э.Э-д учруулсан хэсэг нь эргэлзээтэй байна. Т.Б нь мөрдөн байцаалтын шатанд бусдад бүлэглэн зодуулсан талаараа удаа дараа мэдүүлж, цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгч зодуулсан гэх Э-ыг өөрийн биеэр цагдаад хүлээлгэн өгч хохирогчийн биед халдаагүй талаараа тогтвортой мэдүүлэг өгсөн. Гэрч М шүүх хуралдааны хэлэлцүүлгийн болон мөрдөн байцаалтын шатанд 10 гаруй залуучууд байсан талаар мэдүүлэг өгдөг. Мөн тухайн газар дуудлагаар очсон хэв журмын байцаагч Балжиннямын мэдүүлэгт “нэмж хэлэхэд тухайн 3 эрэгтэйгээс срочкин цамцтай нэг эрэгтэй нь 20 гаруй насны залууг заагаад “энэ залуу найз нартайгаа нийлж манай найзыг зодсон шүү” гэж хэлж байсан гэх мэдүүлэг, гэрч Ц би хүнд зодуулчихлаа нэг хүнийг нь бариад, “Цэ” баарны гадаа танихгүй нөхдүүдэд нүдүүлчихлээ” гэх мэдүүлэг, гэрч Д-н “намайг цохисон хүмүүс найз нартайгаа нийлээд манай 2 найзтай зодолдсон” зэргээс харахад Т.Б нь бусдад бүлэглэж зодуулсан эсхүл өөр этгээдүүд хэргийн газар байсан байхыг шаардаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан байна. Хохирогч Э-н хувьд Т.Б-д зодуулсан талаараа тодорхой мэдүүлдэггүй бөгөөд дуу хоолойгоор нь таньсан, миний урд сууж байсан болохоор цохисон гэж бодож байна гэх зэрэг нөхцөл байдал нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Т.Б-н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн өдөр хоёр найзтайгаа пабд сууж байгаад би түрүүлж гараад зогсож байтал Э.Э нь нэлээн олон хүмүүстэй явж байсан. Ямар ч үгийн зөрүүгүй намайг цохисон. Манай хоёр найз миний араас гарч ирээд бид гурав олон залуучуудад зодуулсан. Эхний цохилтыг аваад л би газар унасан. Босох ямар ч чадваргүй байсан. Э.Э хаанаас авсан гэмтэл болох нь мэдэгдэхгүй гэмтлээ намайг учруулсан гэж яриад байдаг. ... Э.Э-н худал мэдүүлгийг үндэслэж намайг яллаж байгаад гомдолтой байх тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч, хохирогч Э.Э-н биед гэмтэл учирсан гэх дүгнэлт гарснаас хойш Т.Б цагдаагийн байгууллагад ирээгүй. Энэ байдал нь Т.Б-н эх Х, түүний эхнэр Н нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайн үед Ковид-19 вирусийн улмаас паб, баар гэх мэт үйлчилгээний газрууд хаагдсан. Үүнтэй холбоотой камерын бичлэгийг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар мөрдөгч Мөнх-Оргил мэдүүлсэн. ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэг гарах үед байсан гэрч нараас бүгдээс нь мэдүүлэг авсан. Т.Б яллагдагчаар татагдсанаас хойш Э.Э-г зодсон гэм буруу дээрээ маргасан. 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол иргэн Т.Б-с ирсэн. Уг гомдолд “БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Tse” гэх нэртэй рестораны гадна талд үл таних хүнд зодуулсан” гэсэн байдаг. Олон хүнд зодуулсан гэх утга бүхий мэдээлэл өгөөгүй. Т.Б-н найз гэрч Энхтүвшин мэдүүлэхдээ “баарнаас гараад ирэхэд Т.Б газар унасан зодуулж байсан. ... дараа Э-г харахад Т.Б-г дээрээс нь цохиж байсан залуу мөн байх шиг байсан” гэсэн. ... Э.Э-н биед учирсан гэмтлийг Т.Б учруулаагүй гэдэг боловч хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч Э.Э-г эрүүлжүүлэх байранд аваачихад “нүүр хэсэгтээ шархтай” гэсэн тэмдэглэл авагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна талд хохирогч Э.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, дотор салстад язрал, зүүн мөрний урд хэсэг, баруун бугалганы ар дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” пабын гадна талд хохирогч Т.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор гадаргуун язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, дээд уруулын цус хуралт, язарсан шарх, доод уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Т.Б-н хохирогчоор өгсөн “...  Тухайн өдөр М бид хоёр Э-тэй уулзаад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “Цэ” паб руу орж нэг шил 0.75 граммын архи хувааж уугаад гарсан. Пабаас гарч ирээд үүдэнд нь тамхи татаад байж байтал 20-25 насны согтуу залуу “би хорооллын эцсийн атаман байна” гэж орилж гарч ирээд надтай юу ч яриагүй шууд миний хамар хэсэгт гараараа цохисон. Тэр үед би газар унасан. Намайг газар унасны дараа дээрээс дахин хэд хэдэн удаа өшиглөж байсан. ...” /1 хх 21/,

Э.Э-н хохирогчоор өгсөн “... Би ганцаараа баарнаас гараад баарны хажууд байх “Цэ” баарны гадаа зогсож байтал үл таних хоёр эрэгтэй хүн “дүү зүгээр үү” гэж асуусан. Би тэр хоёрт хандаж “гайтай байна, дотор муухай оргиод байна, би таньдаг билүү, таньдаггүй билүү” гэж асуусан чинь тэр хоёр хүн дээр үл таних эрэгтэй хүн ирээд “наад бацааныг чинь харанхуй газар аваачаад алчихъя” гэж хэлсэн чинь үл таних эрэгтэй хүн хүрч ирээд гараа далайхаар нь би нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд 4 залуу намайг хэл амаар доромжилж над руу дайрсан чинь надад цохиулсан үл таних залуу /Б/ миний өмсөж явсан хувцасны малгайнаас доош дараад миний толгой, гуя, биеийн хэсэгт хөл гараараа цохисон. ...” /1 хх 26/,

гэрч Б.Э-н “... Майнбаяр бид хоёр тооцоогоо хийгээд үүдэнд гараад иртэл манай найз Б газарт уначихсан зодуулж байсан. Бид хоёр “хөөе юу болов” гээд очтол манай найзыг нэг нөхөр цохиод унагаачихсан байсан. ... Би Э гэх хүнийг танихгүй, Б-г цохиж хамрыг нь хугалсан залуу гэж байсан. Хэрэг гарсны дараа Э-тай Б уулзах үед би тэр залууг харсан. Намайг пабаас гарч ирэхэд найз Б-г дээрээс нь цохиж байсан залуу Э гэх залуу мөн байх шиг байсан. ...” /1 хх 29-30/,

гэрч У.Д-н “... Э “толгой өвдөөд байна, гарчихаад ирье” гэж хэлээд гараад явсан. Түүнийг гарснаас хойш 5 минутын дараа тамхи татахаар баарнаас гарсан чинь манай найзыг 4-5 орчим байсан байх залуучууд тойроод зогсчихсон үл таних нэг залуу /Б/ найз Э-г малгайтай цамцнаас нь доош дарж байгаад толгой, гуя хэсэгт нь хөл гараараа цохисон. ...” /1 хх 35/,

гэрч Д.М-н “... Намайг харахад Э.Э Т.Б-г газар унагаачихсан зодож байсан. ...”

шинжээч Н.Энхцолмонгийн “... Б-н биед учирсан хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхины язарсан шарх, цус хуралт, дээд доод уруулын уруулын язарсан шарх, цус хуралт гэмтлүүд нь бүгд нийлээд болон дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. ...” /1 хх 181/,

шинжээч Ц.Н-н “... Энхтулгын биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1 хх183-184/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Т.Б-н хамар ясны хугарал, биед хамрын нуруу, зүүн нүдний зовхины дотор гадаргуун язарсан шарх, баруун, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт, дээд уруулын цус хуралт, язарсан шарх, доод уруулын язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2476 дугаартай дүгнэлт /1 хх 43-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Э.Э-н биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын зүүн хэсэгт зулгаралт, дотор салстад язралт, зүүн мөрний урд хэсэг, баруун бугалганы ар дунд хэсэг, баруун гуяны гадна дунд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2549 дугаартай дүгнэлт /1 хх 50-51/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 113, 129-130/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э, Т.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин шүүх Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тухайлбал, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан бөгөөд хуулийн гол үзэл баримтлал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх явдал юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч, хохирогч Э.Э нь Т.Б-г цохисон талаараа, гэм буруутай үйлдэлдээ маргахгүй байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул түүнд холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь энэ хуулийг хэрэглэх журам буюу 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж зохицуулсан хуулийн заалтад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч Т.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “... Хохирогч Э.Э-н хувьд Т.Б-д зодуулсан талаараа тодорхой мэдүүлдэггүй, түүний мэдүүлгүүд нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул Т.Б-н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч, хохирогч Э.Э нь тухайн үед хэнд хэрхэн яаж цохиулснаа болон хэргийн бусад нөхцөл байдлын талаар хөдөлбөргүй мэдүүлсээр иржээ.

Хэрэгт авагдсан гэрч У.Д, Б.Э, Д.М нарын мэдүүлгүүд нь Э.Э-н биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор түүний биеийг үзэж дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “... Э-н биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд байсан. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1 хх 183-184/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх ба тухайн цаг хугацаанд Э.Э-н биед учирсан гэмтлийг Т.Б учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-н гэм буруугийн талаар болон хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч, хохирогч Т.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/564 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч Э.Э-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “... Э.Э...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч, хохирогч Т.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ 

 

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР