Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/104

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж 

нарийн бичгийн дарга Ц.С

улсын яллагч Б.Б 

шүүгдэгчийн өмгөөлөгч А

орчуулагч Е

шүүгдэгч К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-гийн К-д холбогдох 1713001090057 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр хүүхдийн хамт Б аймгийн У сумын 06 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт С-гийн К РД:*****.

Шүүгдэгч К-гийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч К нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн У сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Х” гэдэг газарт хаваржааны маргааны улмаас дүү К-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч К нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б аймгийн У сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Даянгийн “Х” гэх газарт хаваржааны газрын маргааны улмаас дүү Кийн толгой, нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь 

- Шүүгдэгч С.Кн шүүх хуралдааны хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/

- Гэрч С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

- Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 378 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Кн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Кийн шүд хугарч, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Кд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч С.Кгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, хуульд заасан ялын  бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй тэнцэх юм.

Шүүх шүүгдэгчийн ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов. 

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Кнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч С.Кд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х овогт С-гийн К-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.К-г 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Кд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Кнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Кн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ