Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0197

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц********н г*****д” ХХК /РД: 5*********7/-ийн нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст  

   Нэхэмжлэлийн шаардлага: “...Ц********н г*****д” ХХК-ийн Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг, Саарал толгой /1484 га/, Бор толгой /188 га/, Баян-Өндөр сумын нутаг, Хар толгой /1488 га/ нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийн дагуу дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: НэхэмжлэгчЦ********н г*****д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц********н г*****д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б*******н шүүхэд болон нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнээс газар чөлөөлөх, ашиглуулах журмын дагуу тус аймгийн Баянговь сумын нутаг, Саарал толгой /1484 га/, Бор толгой /188 га/, Баян-Өндөр сумын нутаг, Хар толгой /1488 га/ нэртэй газруудыг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст зөвшөөрсөн мэдэгдлийг 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 16/233 дугаар албан бичгээр өгсөн.

Манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлийн дагуу дээрх тогтоол болон шийдвэрийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын газарт хандаж, тус газраас мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан зохих ажиллагааг хийж, улмаар авахад бэлэн болсон тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2009 оны 9 дүгээр сард тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоосон.

Улмаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулиуд гарч, 2015 онд тусгай зөвшөөрөл олголт дахин хийгдэж эхэлсэн бөгөөд уг хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай зөвшөөрөл олгохыг хориглох шийдвэр гарахаас өмнө хуульд заасан болзол шаардлагуудыг манай компани бүрэн хангасан байсан тул дээрх талбайнуудад гаргасан өргөдлийнхөө дагуу манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүсч, Ашигт малтмалын газар болон Уул уурхайн яаманд хандсан боловч "...өргөдөл бүртгэгдээгүй" гэх хариу өгсөн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-т заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ", 19.8-д "Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-т заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ" гэж тус тус зааснаар манай компанид дээрх үйл явдлаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байхад төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн байна.

Иймд "Ц********н г*****д" ХХК-ийн Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг, Саарал толгой /1484 га/, Бор толгой /188 га/, Баян-Өндөр сумын нутаг, Хар толгой /1488 га/ нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийн дагуу дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******р нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц********н г*****д ХХК-аас "Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг, Саарал толгой/1484 га/, Бор толгой/188 га/, Баян-Өндөр сумын нутаг, Хар толгой /1488 га/ нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийн дагуу дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хуулиар хориглох" тухай хууль батлагдсантай холбогдуулан 2009 оноос мөрдөгдөж, улмаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хууль батлагдах хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоосон байсан.

Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажлыг эхлүүлсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар Ц********н г*****д ХХК нь тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж бүртгүүлээгүй болно.

Энэ тухай нэхэмжлэгчид Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албан тоотоор хариу өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Ц********н г*****д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Баянговь сумын нутагт орших “Саарал толгой” нэртэй газарт 1480 га талбай, “Бортолгой” нэртэй газарт 188 га талбай, “Хар толгой” нэртэй газарт 1488 га талбайг аймгийн тусгай хэрэгцээнээс чөлөөлж, чөлөөлөгдөж буй 3156 га талбайг “Ц********н г*****д” ХХК-д ашиглуулж, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга Д.А*******ад даалгаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1б/233 тоот албан бичгээр 140 дүгээр тогтоолыг Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлсэн байна.

Энэхүү тогтоолын дагуу “Ц********н г*****д” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтэст хандаж байсан байх бөгөөд 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль батлагдсаны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж аваагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.  

Гэвч 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажлыг эхлүүлснээс хойш “Ц********н г*****д” ХХК нь Ашигт малтмалын газарт Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсч хандаж байгаагүй бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хандсан байна.

Мөн тус шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/1889 тоот албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргад “... “Ц********н г*****д” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байсан эсэх”-ийг тодруулахаар албан бичиг хүргүүлсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 7/202 тоот албан бичгээр “....“Ц********н г*****д” ХХК нь 2009 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой болон бусад асуудлаар хандаж байгаагүй” гэх хариуг ирүүлсэн байна.

Түүнчлэн тус шүүхээс Ашигт малтмалын газарт 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/1807 тоот албан бичгээр “... “Ц********н г*****д” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байсан эсэх”-ийг тодруулахад Ашигт малтмалын газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/1263 тоот албан бичгээр “... “Ц********н г*****д” ХХК нь 2009 оноос 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн хүсэлт өргөдөл ирүүлж байгаагүй бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газрыг Кадастрын хэлтсийн даргад хандаж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “А” гэсэн дугаартай “Хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлт ирүүлснийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6/9109 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна” гэх хариу ирүүлснээс үзэхэд “Ц********н г*****д” ХХК нь  2009-2015 он хүртэл Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр тогтоолын дагуу солбилцол бүхий талбайнуудад Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаагүй нь нотлогдож байна. 

Мөн “Ц********н г*****д” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Уул уурхайн сайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газраас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 6/7547 дугаар албан бичгээр “...Ц********н г*****д ХХК-аас Ашигт малтмалын газарт хандан хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт гаргахаар бэлтгэгдсэн солбилцол бүхий Бор толгой, Хар толгой, Саарал толгой нэртэй талбайнууд нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд ороогүй байна.” гэх хариуг хүргүүлжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газарт өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хандаагүй байж хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-т “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” үүрэгтэй байхад нэхэмжлэгч “Ц********н г*****д” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйл “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам, 18.2-т “Энэ хуулийн 18.1-д заасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох нотлох баримтыг хавсарган Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст албан ёсоор хандаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц********н г*****д” ХХК-ийн “... Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг, Саарал толгой /1484 га/, Бор толгой /188 га/, Баян-Өндөр сумын нутаг, Хар толгой /1488 га/ нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн өргөдлийн дагуу дээрх талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ОДМАА