Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 18

 

Хаан банк ХХК-ийн Зүүнхараа

салбарын нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 149/2019/00393/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                             Оролцогчид

                                

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Хаан банк ХХК-ийн Зүүн хараа салбарын нэхэмжлэлтэй Ц.Чимгээд холбогдох “Тэтгэврийн зээлийн төлбөр 3.517.609,63 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цасчимэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны Зүүнхараа салбараас иргэн Цэдэнгийн Чимгээ нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 4866955 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гээрээний 3-р зүйлийн 3.2.1-т заасны дагуу зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу үндсэн зээлд 1652142 төгрөг, зээлийн хүүд 368132 төгрөг нийт 2020275 төгрөгийг төлж барагдуулсан байна. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргийн даруу төлбөл зохих төлбөрүүдээ хугацаандаа төлөөгүй 84 хоног хугацаа хэтэрсэн тул 2019 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар үндсэн зээлд 3214812 төгрөг зээлийн хүүд 293296 төгрөг, нотоариатын үйлчилгээнд 9500 нийт 3517609.63 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 71232 төгрөгийн хамт тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Чимгээ анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 3 дугаар багийн Баянсуудлын Хараагийн №08 тоотод үр хүүхдүүд, ач, зээ нарын хамт өрх толгойлон амьдардаг. Тэтгэвэрт гарсан боловч тэтгэвэрийн зээлээ аван оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, байрны төлбөрийг хийж өгсөн. Миний ах Ц.Зоригт нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хэрх тосгонд айлын хашаанд өөрийн хамтран амьдарч байсан эмэгтэй, түүний хүүхэд, зээ нартаа нь амьдардаг байсан. Ах Ц.Зоригт нь тэтгэвэрийн зээл авсан гэж ярьдаг байсан. Хэнээр, хэдийг, хэдэн удаа авч байсныг би сайн мэдэхгүй байна. Миний мэдэхгүй байгаа зээлийг төлүүлэх гээд байгааг би ойлгохгүй байна. Би Ц.Зоригт ахад тэтгэвэрийн зээл авъя гэхэд нь 3 сарын зайтай 2 удаа зээл авч өгсөн. Би тэр мөнгийг нь авч хэрэглээгүй юм шүү. Ц.Зоригт ах өөрөө мөнгөө аваад явдаг байсан. Миний ахыг мэдэх хүн олон байгаа. Би Ц.Зоригт ахын тэтгэвэрийн зээлийн зохих ёсны мөнгөн төлбөрийг Хаан банкинд төлсөн. Миний мэдэхгүй тэтгэвэрийн зээлийг төлүүлэх гээд тулган шаардаад байгааг ойлгохгүй байна. Та бүхэн үнэн зөвөөр шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ц.Чимгээгээс 1328542 төгрөгийг гаргуулж Хаан банкны Зүүнхараа салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2189067.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 71232 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чимгээгээс 36207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цасчимэг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Ц.Чимгээд холбогдуулан холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3.517.609,63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Тухайн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талаас хариуцагчийн тэтгэвэрийн зээл нь Улсын Их Хурлаас иргэдийн 6 сая төгрөг хүртэлх тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан ба Ц.Чимгээгийн зээлийн төлбөр төлөгдсөн гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хуульд заасан эрхийхээ дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ц.Чимгээд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж болон  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Хаан банк ХХК-ийн Зүүн хараа салбар нь хариуцагч Ц.Чимгээд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 71.232 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 49.975 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар нэхэмжлэгч  нь  хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН