Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0891

 

 

   

                                                             "Т ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                             захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Должинсүрэн, И.Хорлоо нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан “Т ф” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч “Т ф” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Цэцэгт-Олхонод” ХХК-аас 59090909 төгрөгийн үнэ бүхий сум нэвтэрдэггүй шилэн хорго худалдан авсан бөгөөд тухайн худалдан авалтыг хийхдээ “Цэцэгт-Олхонод” ХХК-д 5909090 төгрөгийн төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 65000000 төгрөгийг төлж нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр шилэн хорго худалдан авсан. 

Энэхүү үйл баримтыг нотолсон 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0013255923 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, “Т ф” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, “Цэцэгт-Олхонод” ХХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орлогын ордер, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орлогын ордер зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

            Гэтэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            “Т ф” ХХК нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу татвараа үнэн зөв тайлагнасан, татвараа хуулийн дагуу төлснийхөө төлөө төлсөн татвараа дахин төлөх болж байгаад гомдолтой байна.

Баянгол дүүргийн татварын улсын байцаагчийн акт, анхан шатны шүүхийн шийдвэр нь татварын хуулийн дагуу татвараа тайлагнаагүй “Цэцэгт-Олхонод” ХХК-д боломж олгосон, цаашилбал, бусад хуулийн этгээдийг татвараас зайлсхийх боломжийг олгосон шийдвэр боллоо.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “Т ф” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Должинсүрэн, И.Хорлоо нар нь “Т ф” ХХК-ийн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 дүгээр актаар “тус компанийг 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Цэцэгт-Олхонод” ХХК-иас 013259223 дугаартай падаанаар 59,090,909.00 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх зөрчил тогтоон, 5,909,090.9 төгрөгийн нөхөн татвар, 1,772,727.2 төгрөгийн торгууль, 1,084,909.0 төгрөгийн алданги, нийт 8,766,714.2 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Т ф” ХХК-аас “манай компани 59,090,909.00 төгрөгийн бодит худалдан авалт хийж, дээр нь 5,909,090.9 төгрөг /нэмэгдсэн өртгийн албан татварын 10%/-ийг бэлтгэн нийлүүлэгч талд төлсөн байтал дахин 10% төлөх ёстой гэж акт тавьсан нь хууль бус” гэх үндэслэлээр дээрх татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ““Цэцэгт-Олхонод” ХХК нь 2012 оноос хойш татварын тайлан гаргаагүй, нэхэмжлэгчийн худалдан авалт бодитой биш тул акт үндэслэлтэй” гэж маргаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д ““нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт /ажил үйлчилгээг дансны дебет, кредит зэрэг бичилт/-ийг хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

Түүнчлэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Нэхэмжлэгч “Т ф” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тус компани “2013 онд 59,090,909.00 төгрөгийн шилэн хоргыг 100 айлын барилгын захаас “Цэцэгт-Олхонод” ХХК-аас бэлэн мөнгөөр худалдан авсан” гэх боловч хэрэгт авагдсан Цэцэгт-Олхонод” ХХК-аас 59,090,909.00 төгрөгийн үнэ бүхий шилэн хорго борлуулсан гэж “Т ф” ХХК-д бичиж олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын 013259223 дугаартай падаан, “Цэцэгт-Олхонод” ХХК-ийн дугааргүй кассын орлогын ордер болон бэлэн мөнгө олгосон байгууллагын нэр бичигдээгүй зарлагын баримтууд нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь “Т ф” ХХК-ийг татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болох тул хариуцагч татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудын холбогдох заалтыг баримтлан тус компанийн худалдан авалтыг “баримтаар нотлогдоогүй” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч “Т ф” ХХК-ийн 2013 онд хийсэн гэх 59,090,909.00 төгрөгийн худалдан авалт нь тус компанийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “.../баримтаар нотлогдоогүй бол/ ... албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг баримталсан хариуцагч татварын улсын байцаагч нарын маргаан бүхий 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 дүгээр акт хууль зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т ф” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН