Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0396/з |
Дугаар | 119 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 119
Д.П-гийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.Пд холбогдох хэсгийн “Х б” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0020 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баясгалан
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Дэлгэрцэцэг
Гуравдагч этгээд: Ц.Дэнсмаа нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.П-гийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дугаар тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.Пд холбогдох хэсгийн “Х б” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0020 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.П-гийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.Пд холбогдох хэсгийн “Х б” ХХК-ийн ашиглаж буй газартай давхардсан хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж гомдолдоо ... давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг тус тус зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хэвээр үлдээсэн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасныг зөрчсөн.
4. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж, хэвээр үлдээхдээ:
5. Шүүхээс “...хамгаалалтын захиргаа “Х б” ХХК-д газар ашиглуулах тухай шийдвэр ирүүлсээр байхад шийдвэрлээгүй атлаа цаг хугацааны хувьд сүүлд ирсэн буюу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн саналыг үндэслэн Д.Пд газар ашиглуулахаар төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэсэн нь тэгш байдлын зарчимд нийцээгүй гэж үзнэ...” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
6. Газар ашиглах, эрх олгох харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрыы тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам зэргээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.П нь уг хууль тогтоомж, журмын дагуу газар ашиглах эрхтэй болсон.
7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хамгаалалтын захиргааны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар саналын үндэслэл болгоод буй “Х б” ХХК-ийн хүсэлт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд бүртгэлгүй болох нь харагддаг.
8. Түүнчлэн дээр дурдсан хуулиуд, журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах өргөдөл, хүсэлтийг үндэслэн хамгаалалтын захиргаа санал гаргадаг бөгөөд уг санал нь гаргасан хүсэлтийн хамт Байгаль орчин аялал жуучлалын яамны Тусгай хамгаапалттай газар нутгийн удирдлагын хэлтэсд хүргэгддэг.
9. Өөрөөр хэлбэл Хамгаалалтын захиргааны санал нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, өргөдлийн үндсэн дээр гарах бөгөөд хүсэлт, өргөдөлгүйгээр тус саналыг гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэл, боломж байхгүй.
10. Шүүхээс “...Мөн “Д.П нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, “Х б” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг тус тус авсан байдаг. Дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн эрх түрүүлж үүссэн болох нь тодорхой харагдана” гэж давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан бөгөөд зөвхөн гэрчилгээ авсан цаг хугацаагаар эрх нь түрүүлж үүссэн гэж үзэхгүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд “Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах” тухай зохицуулсан бөгөөд 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан.
12. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Д.Пд газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын шийдвэр нь 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, “Х б” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин аялал жуучлалын сайдын шийдвэр нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус гарсан байдаг. Өөрөөр хэлбэл газар ашиглах эрх дээр дурдсан хуульд заасны дагуу иргэн Д.Пд түрүүлж үүссэн.
13. Нэгэнт эрх нь түрүүлж үүссэн тохиодолд БОАЖ-ын сайд нь “Х б” ХХК-д давхцсан газарт газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргасан газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэсэн хуулийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.
14. Шүүхээс “... үзвэл тухайн ашиглуулахаар олгосон газар нь орц, гарцын асуудлыг шийдвэрлээгүй, Д.П нь гэр мөн ил бие засах газрыг барин амьдарч байгаа болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж дүгнэх үндэслэлгүй юм... “ гэж дүгнэжээ.
15. Д.П нь тухайн газрыг ашиглах эрхтэй болоод зохих ёсоор газраа ашиглах гэсэн боловч “Х б” ХХК нь хууль бусаар хашаагаа сунгаж, Д.П-гийн орц, гарцыг тагласан байсан.
16. Уг захиргааны хэргийн маргаан эхлэхээс өмнө Д.П нь орц, гарцны асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд энэхүү захиргааны хэрэг үүссэнээр тус иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байдалтай байгаа.
17. Өнөөдрийн байдлаар иргэн Д.П нь өөрийн ашиглах эрх бүхий газартаа орж, гарах боломжгүй, өөр этгээдийн газраар дамжин нэвтэрч байна. Мөн иргэн Д.Пд хуульд зааснаар олгогдсон газар ашиглах эрхийг Байгаль орчин аялал жуучлалын сайд хууль бусаар хөндсөн нь тэгш байдлын зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.
18. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хүлээн авч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
19. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
20. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын (хуучин нэрээр) сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалаар “... тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны 34 иргэн”-д газар ашиглах эрх олгосны дотор тус дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Дайчдын хөшөө, 1-16 тоот хаягт байршуулан 501.07 м.кв газрыг иргэн Д.Пд “бичил эко аялал жуулчлал”-ын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар, мөн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар “... газар ашиглах хүсэлт гаргасан ... 9 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага”-д газар ашиглах зөвшөөрөл олгосны дотор Зайсангийн ам хаягт байршуулан 0.12 га газрыг “Х б” ХХК-нд “аялал жуулчлал”-ын зориулалтаар, 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар тус тус шийдвэрлэсэн, иргэн Д.П болон “Х б” ХХК-нд тус тус ашиглуулахаар олгосон газар нь нэг байршилд буюу хоорондоо 418 м.кв хэмжээгээр давхцалтай, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
21. Нэхэмжлэгч Д.Пгээс “... /миний/ ашиглах эрхтэй газарт давхцуулан “Х б” ХХК-нд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь ... хууль бус” гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х б” ХХК-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхцсан хэсгийг хүчингүй болгуулахаар, гуравдагч этгээд “Х б” ХХК-иас “.../манай/ компанийн хүсэлт гаргасан газарт иргэн Д.Пд давхцуулан газар ашиглуулах шийдвэр гаргасан ... нь сонгуулийн жилийг далимдуулж, ... ашиг сонирхол, улс төрийн зорилготой хууль бус” гэх үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын (хуучин нэрээр) сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж, маргааны үйл баримтуудад бүрэн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
22. Тухайлбал, маргаан бүхий газрын талаар нэхэмжлэгчээс “... 2011 оноос гэр барин амьдарч ... /бодитой ашиглаж/ байгаа газар” гэж, гуравдагч этгээдээс “... /манай компанийн/ ... бохирын цооног, усан сангийн газар, цэвэр усны худаг, 40 тонны махны зоорь, дулааны шугам хоолой явсан газруудыг кадастрын зурагт /оруулаагүйгээс/ ... газрын хэмжээ /багассан/, ... манай хашаа баригдаагүй, тохижилт хийх ёстой газарт дураараа буусан” гэж маргасан, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхийн тулд, уг газар нь хэний эзэмшил, ашиглалтад бодитой байсан талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай, ингэснээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг хэн нь хэрхэн хангасан, хариуцагчийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын холбогдох хэсгүүдийн аль нь хууль бус болох талаар эцэслэн дүгнэлт хийх байжээ.
23. Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар, мөн зүйлийн 2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийх”-ээр тус тус заасан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь уг газрыг ашиглах хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргасан байхад хариуцагч шийдвэр гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.
24. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэг газар дээр давхардуулж ашиглах эрх олгосон байна, ... /шүүхээс/ маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж, шинээр эрх зүйн акт гаргах замаар шийдвэрлүүлэх санал”-ыг бичгээр болон анхан шатны шүүх хуралдаан дээр амаар гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн уг “санал” нь ямар агуулгатай болох, маргаан бүхий актуудын “зөрчилтэй байдал”-ыг хүлээн зөвшөөрч, уг зөрчлийг өөрөө засаж, залруулах боломжтой эсэхийг хариуцагчаас тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзлээ.
25. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн, ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргасан газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэсэн хуулийн заалтуудыг /хариуцагч/ хэрхэн хэрэгжүүлсэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт /хийгээгүй/” гэх гомдол үндэслэлтэй, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/773 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2018/0020 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА