Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00668

 

Ц.Отгончимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01005 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 678 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Искорка ХХК-ийн “Бөмбөлөг” цэцэрлэгт холбогдох,

2.717.982 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Отгончимэг, нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Бөмбөлөг” цэцэрлэгт ахлах багшаар 2013 оны 9 дүгээр сараас эхлэн 2015 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонжаргал нь 2 жилийн хугацаанд ээлжийн амралтын олговрыг олгоогүй бөгөөд уг байдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас2015.5.26-ны өдөр шалгаад надад олгуулахаар акт тавьсан. Актаар өгөөгүй тул гаргуулж өгнө үү. Мөн уг цэцэрлэг нь миний 2014 оны 6-8 дугаар сарын, 2015 оны 6-8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас бэлэн, банкны дансаар шилжүүлсэн мөнгөний тооцоо нийлээд үлдэгдэл төлбөр дээр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01005 дугаар шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 55 дугаар зүйлийн 55.1дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “Искорка” ХХК-ийн Бөмбөлөг цэцэрлэгээс ээлжийн амралтын олговорт 2.217.982 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгончимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн болон хариуцагч “Искорка” ХХК-ийн Бөмбөлөг цэцэрлэгийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Искорка” ХХК-ийн Бөмбөлөг цэцэрлэгт даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 678 дугаартай магадлал гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Учир нь тус цэцэрлэгийн н.Бумдарь нь тус цэцэрлэгт тогоочоор 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасан “холбогдох ажилтан” гэдэгт хамаарна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцаад 2016.01.18-ны өдөрт хариу тайлбараа гаргаж өгсөн. Тиймээс хэргийн материалтай танилцаагүй гэх үндэслэлгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д заасан маргаанд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Мөн нэхэмжлэгчээс цалин хөлсний талаар ямар нэгэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй байхад энэ талаар маргаан үүссэн, шаардлага гаргасан гэж үзсэн нь буруу байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ээлжийн амралтын олговор болон нийгмийн даатгалын асуудлаар шаардлага гаргасан бөгөөд үүний дагуу шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Отгончимэг нь 2013-2014 оны ээлжийн амралтын нөхөх олговор 2.717.982 төгрөгийг  “Искорка” ХХК-ийн Бөмбөлөг цэцэрлэгээс гаргуулах нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хх 1, 14/

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Искорка ХХК-ийн “Бөмбөлөг” цэцэрлэгийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийг албадан ирүүлэх тухай 40881 дүгээр захирамжийг шүүгч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр /хх 13/ гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Отгончимэгийн нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “...нэхэмжлэлийн шаардлагаас бэлэн болон шилжүүлсэн мөнгийг тооцоо нийлээд үлдэгдэл төлбөр дээр эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна... зохигчдыг эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү...” гэснээс /хх 23/ өөр тайлбар өгөөгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг үгүйсгээгүй, хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн /хх 25/ боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 77, 100 дугаар зүйлд нийцээгүй байна.

Ц.Отгончимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг 789.282 төгрөгөөр нэмэгдүүлсэн /хх 14 / гэх боловч шүүх анхны буюу 2.717.982 төгрөгийн шаардлагын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, үүнд нэхэмжлэгч гомдоогүй, улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168-т хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно. 

Анхан шатны шүүх Ц.Отгончимэгийн нэхэмжлэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн дүгнэлт хийснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

“Искорка” ХХК-ийн Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.Отгонжаргалд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хяналтын шатны шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 678 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ