| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2105008090996 |
| Дугаар | 2021/ДШМ/1001 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/1001
Р.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Зориг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
шүүгдэгч Р.Д, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Р.Д-д холбогдох эрүүгийн 2105 00809 0996 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Р-н Д, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ...............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: ............./,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;
Р.Д нь 2020 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон бюльдинг” төвийн гадна хохирогч Г.Б-н өмчлөлийн ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч яван улмаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 58.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Р.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Р.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “Inverscore” ББСБ-ын эзэмшлийн “Тоёота 86” загварын, ..-.. УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай прокурорын зөвшөөрөл, Р.Д-н эзэмшлийн арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарласан тухай 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 112 дугаартай прокурорын зөвшөөрөл зэргийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх “бусдын эд хөрөнгө, өмчлөх, эзэмших эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үгээр итгүүлэн үнэмшүүлэх аргаар шунахайн сэдэлт, идэвхитэй үг үйлдлээр халдаж, эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, захиран зарцуулах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Р.Д, Г.Б нар анх харилцан тохиролцож өөрсдийн эзэмшлийн авто машинаа мөнгөний зөрүүгүйгээр солихоор тохиролцсон ингэхдээ Р.Д нь өөрийн авто машиныг ББСБ-н зээлийн барьцаанд байгааг хэлж Г.Б-н авто машиныг өөрийн эзэмшилд шилжүүлээд зарж борлуулан мөнгөөр нь барьцаанд байгаа машинаа чөлөөлж Б-н нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Ингээд Р.Д нь авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч худалдан борлуулах үйлдэл хийсэн боловч зарагдахгүй удсан тул өөрийн эрхгүй авто машины ченжид хямдхан үнээр тухайлбал 58.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн авто машиныг 15.000.000 төгрөгөөр худалдсан байдаг. Энэ мөнгө нь зээлийн үлдэгдэлд хүрэхгүй байсан тул уг мөнгөө өсгөхийн тулд эргэлтэнд оруулсан энэ үйлдэл нь туйлын буруу болж залуу хүний гэнэн итгэмтгий зангаас болж алдахад хүргэсэн. Түүнээс бус бусдын эд хөрөнгийг залилан авах сэдэл анхнаасаа байгаагүй, дээрх үйл ажиллагаагаар өрнөөсөө л салах бодолтой байсан. Бусдыг залилан мэхэлж юу ч буцааж өгөхгүй гэсэн бодолтой байсан бол 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр авто машиныг Б-н эзэмшилд шилжүүлэн өгөхгүй байсан байх. Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг байна. Ийм шинжийн үйлдлийг Р.Д хийгээгүй бөгөөд харин өөрийн хариуцлагагүйн үүднээс цаг хугацаа ихээр алдаж хэлцлийн үүргийн биелэлт удаашрахад хүргэсэн байна. Иймд Р.Д-д холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байх тул иргэд хоорондын байгуулсан иргэний хэлцэл гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Р.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Inverscore” ББСБ-д хохирлыг төлж барагдуулсан. Би анхнаасаа залилах гэмт хэрэг үйлдэх бодол байгаагүй. Хугацаа алдсан нь буруу болсон. ...” гэв.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Р.Д-н үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинж болох “хуурч” гэсэн шинжийг хангасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Мөн шүүгдэгч Р.Д нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Р.Д нь хуурч өмчлөх эрхийг шилжүүлж авсан атлаа хохирогчийн машиныг ББСБ-д 14.000.000 төгрөгийн барьцаанд тавиад хохирогчид тохирсон ёсоор мөнгийг нь өгөлгүй мөрийтэй тоглоом тоглосон болох нь Р.Д-н өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон. Хохирогчид бодит байдлыг нууж, удаа дараа худал хэлж байсан. Шүүгдэгч Р.Д-н үйлдэл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч, хохирогчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийнх нь эрхийг шилжүүлэн аваад захиран, зарцуулж хохирол учруулсан нь залилах гэмт хэрэг мөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Р.Д нь 2020 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон бюльдинг” төвийн гадна хохирогч Г.Б-н өмчлөлийн ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын тээврийн хэрэгслийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч яван улмаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр худалдах худалдан авах гэрээ хийж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад 58.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Б-н “... Р.Д гэх хүнтэй танилцаж, түүний зарна гэсэн ..-.. УАВ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота 86” спорт загварын автомашиныг үзсэн. Ингээд уг автомашиныг худалдаж авахаар тохирч түүний ..-.. УАВ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота 86” загварын машиныг өөрийн ..-.. УАА улсын дугаартай саарал өнгийн “Rеnualt Talisman” загварын суудлын автомашинаар сольж авахаар тохиролцсон. Ямар нэг мөнгөний зөрүү авах талаар ярилцаагүй. Р.Д-с авч байгаа автомашин нь “Инвес кор” ББСБ-д 20.000.000 төгрөгийн барьцаанд байгаа “чамаас авч байгаа ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын автомашиныг зарж борлуулах, эсвэл ББСБ-ын барьцаагаа солиод ..-.. УАВ улсын дугаартай “Тоёота 86” спорт загварын автомашины бичиг баримтыг чамд шилжүүлж өгнө, харин чи өөрийн ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын автомашиныг надад шилжүүлээд өгчих, тэгэж байж ..-.. УАВ улсын дугаартай автомашиныг ББСБ-аас чөлөөлж чамд бичиг баримтыг шилжүүлж өгнө” гэсэн учир би ..-.. УАА улсын дугаартай автомашины бичиг баримтыг Д гэх залууд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж өгөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Рокмон бюльдинг төвийн гадна 2 автомашинаа солилцсон. Би ..-.. УАВ улсын дугаартай автомашиныг жолоодоод явж байсан бөгөөд “бичиг баримтаа нэр дээрээ авмаар байна” гэхэд “удахгүй, одоохон” гэж байсан. Сүүлдээ ковид гэж шалтаглаж хойшлуулсаар байгаад сүүлдээ сураггүй алга болсон. 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Инвес кор” ББСБ-аас ..-.. УАВ улсын дугаартай автомашиныг ачаад явахаар нь яагаад авч явж байгаа талаар тодруулахад Р.Д гэх хүн нь зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй учраас барьцаа хөрөнгөө авч байгаа гэсэн. Тэгээд би Д гэх хүнд залилуулснаа мэдсэн. ...” /хх 7-8/,
гэрч Т.Х-н “... Р.Д нь энэ үедээ надад ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын суудлын автомашиныг зармаар байна гэсэн. ... Удалгүй над руу залгаж нөгөө автомашинаа авахгүй юм уу гээд байхаар нь уулзсан чинь “одоо ББСБ-д 18.000.000 төгрөгийн барьцаанд байгаа, чи шууд зээлийг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих тэр болтол зээлийн хүүг нь өгөх шаардлагатай байна, надад хэдэн төгрөг өгөөч, тэгэхгүй бол хүү нь өсөөд байна” гэхээр нь нийт 7.000.000 төгрөгийг Д гэх залууд дансаар өгсөн. ... Ингээд би “Нэт капитал” ББСБ-д очиж зээлийн талаар судлахад 18.000.000 төгрөгийн барьцаанд байсан учраас “зээлийг би төлье” гээд ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын суудлын автомашиныг унаад замын хөдөлгөөнд оролцож, “зарна” гэсэн зар тавьсан боловч зарагдахгүй, мөн тухайн зээл нь маш хурдан хүү нь өсөөд байхаар нь болих талаар өөрт нь хэлсэн чинь “чи автомашины ченж юм чинь зараад өг, тэгээд надад өгсөн 7.000.000 төгрөгөө авчих гэхээр нь би зарах гээд замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. ... Үүнээс хойш Д нь олдохгүй болсон. ...” /хх 14-15/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн Р.Д-н “... Би өөрийн машиныг “Инвес кор” ББСБ-аас чөлөөлөх гэхэд мөнгө нь хүрэхгүй дутаад байхаар нь “Нэт капитал” ББСБ-аас зээлж авсан 14.000.000 төгрөгөөр онлайн покер тоглоод алдчихсан. ...Би ..-.. УАА улсын дугаартай “Rеnualt Talisman” загварын тээврийн хэрэгслийг “Нэт капитал” ББСБ-д 14.000.000 төгрөгийн барьцаанд тавиад зээлийн эргэн төлөлтөө төлж чадахгүй байсан учраас бусдад зараад зөрүү мөнгийг нь гарган авъя гэж бодож байсан. Улмаар машин зардаг ченж гэх залуу Х-д болсон асуудлаа хэлээд тус машиныг зарахаар болсон. Урьдчилгаа 7.000.000 орчим төгрөгийг цувуулж дансаар авсан. ...” /хх 17-18, 133-134/ гэх мэдүүлгүүд,
“Кости-эстимэйт” ХХК-ийн “... 2017 онд үйлдвэрлэгдсэн “Rеnualt Talisman” загварын автомашины зах зээлийн дундаж үнийг 58.000.000 төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-22/,
Л.Б, Р.Д нарын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх 33-34/,
Р.Д-н Хаан банкны дансны хуулга /хх 50-58, 92/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 127-128/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Р.Д-г хуурч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Д-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяраас “... Р.Д нь бусдын эд хөрөнгийг залилан авах сэдэл байгаагүй, түүнд холбогдох хэрэг нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд иргэд хоорондын иргэний хэлцэл байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд гэмт хэргийн шинжид тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд хуульд заасан тохирох зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Дэлгэрням нь хохирогч Л.Б-н ..-.. УАА улсын дугаартай, “Renault talisman” загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, хариуд нь ”Инвес кор” ХХК-ийн барьцаанд байсан 88-86 УАВ улсын дугаартай “Тоёота 86” спорт загварын тээврийн хэрэгслийг барьцаанаас гаргаад Л.Б-н нэр дээр шилжүүлэн өгнө гэж, бусдын эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд авчээ.
Гэтэл өөрийн өмчлөлд авсан Л.Б-н ..-.. УАА улсын дугаартай, “Renault talisman” загварын тээврийн хэрэгслийг “Нэт капитал” ББСБ-д 14.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан атлаа ”Инвес кор” ХХК-ийн барьцаанд байсан ..-.. УАВ улсын дугаартай “Тоёота 86” спорт загварын тээврийн хэрэгслийг барьцаанаас суллаж хохирогчийн нэр дээр шилжүүлэн өгөх талаарх үүргээ биелүүлэлгүй уг мөнгийг өөр зүйлд буюу мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ.
Р.Д нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байх ба түүний үйлдлийн улмаас өмчлөгчид бодит хохирол учирсан байна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд худал үгээр итгүүлэн, идэвхтэй үйлдлээр өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүнийг зөвшөөрүүлэн, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа Р.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримт, шүүгдэгчийг ямар үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1044 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Д-н өмгөөлөгч Ч.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР